Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т Е Г-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 414 156 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар шийдвэрээр Ж.Б- намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалаар хэвээр үлдсэн. Т Е Г- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2 удаа өргөдөл өгсөн. Би өргөдөлдөө 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгнө үү гэж хүссэн. Ингээд Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс томилсон. Уг тушаалд миний 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар заагаагүй байсан тул энэ талаар асуухад шүүхэд ханд гэж хариу хэлсэн. Би 2016 оны 4 дүгээр сарыг дуустал бүрэн ажилласан тул 2016 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингуудын нийлбэрээс бодож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1 069 026 төгрөгөөр тооцсон. Т Е Г- нь миний 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг надад олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой. Иймд Татварын ерөнхий газраас Ж.Б- надад 2018 оны 3 дугаар  сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 6 cap ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 414 156 төгрөг гаргуулж, уг 6 сарын хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т Е Г-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус газрыг хариуцагчаар татан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т е г-аас Ж.Б- надад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 6 cap ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 414 156 төгрөг гаргуулж, уг 6 сарын хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т Е Г-т даалгаж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэгч Ж.Б-гийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу 30 хоногт багтаан утсаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүйг мэдэгдсэн. Мэдэгдсэн тухай тэмдэглэлийг мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу тэмдэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгч хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүйг мэдсэн өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй тул маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхгүй болсон байна. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газраас 6 414 156 төгрөг гаргуулж Ж.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны Ж.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Т Е Г-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117 580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02513 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд :

Дээрх шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт ....”Нэхэмжлэгч Ж.Б- ... нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар шийдвэрээр Ж.Б- намайг ... албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалаар хэвээр үлдсэн.” гээд , ... Иймд Татварын ерөнхий газраас Ж.Б- надад 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс хойш мөн оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 6 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор ..., даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тайлбар: Нэхэмжлэгч Ж.Б- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно. 110.1.1-д энэ хуулийн 114.1-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй,” гэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Мөн уг гомдлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалыг гаргасан, энэхүү магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 110.1 анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хүчин төгөлдөр болно. 110.1.2-т давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй,” гэх заалтаар магадлалд хяналтын журмаар 119.5 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийн хугацаа дууссан өдрөөс хойш магадлал хүчин төгөлдөр болсон. Иймд магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрч, хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажилд нь эгүүлэн тогтоох 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02513 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон, өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Т Е Г-т холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 6 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 414 156 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ./хэргийн 1, 32 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ж.Б-г Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эгүүлэн томилсон үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаангүй байна./хэргийн 4, 11-26 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 6 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 414 156 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргажээ./хэргийн 1 дүгээр тал/

 

Иймээс хариуцагч Т Е Г-аас нэхэмжлэгч Ж.Б-г 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон байх тул энэ хугацаанаас эхлэн ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан эрхийн зөрчил зогссон гэж үзэж хугацааг тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх боловч энэ нь хариуцагч Т Е Г- нэхэмжлэгч Ж.Б-г ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох хүртэл хугацаанд тэрээр цалин орлогогүй байсанд нэхэмжлэгч өөрөө буруугүй буюу хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргасан нь ажилгүй байсан хугацаа, олговрийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс ажилгүй байсан хугацааг тооцоход нөлөөлөхгүй.

 

Мөн шүүхээс Ж.Б-гийн нэг сарын дундаж цалинг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцож, ажилгүй байсан хугацааны олговрийн хэмжээг сарын 1 069 026 төгрөг гэж, 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх нийт 6 сарын олговорт 6 414 156 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Ж.Б-гийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.О

 

                                           ШҮҮГЧИД                                  Д.Ц

                   

                                                                                             С.Э