Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 117

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Н.Үйлсдэлгэр,

улсын яллагч П.Нямцэцэг,

хохирогч М.Золбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /¹0128/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар Монгол овогт Цогоогийн Зэс-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031748 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Говь” хувьцаат компанид гадаад худалдааны менежер ажилтай, ам бүл 4, ээж ах дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол 65 байр 37 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Цогоогийн Зэс-Эрдэнэ /РД- УХ88051992/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч Ц.Зэс-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо "Гэрсэнз хаан паб"-д буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, М.Золбаяртай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар архины хундагыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн М.Золбаяр, Б.Цогбаяр нарын нүүрэн тус газар нь цохисоны улмаас М.Золбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүдний алимны доргилт, доод уруул, нүүрний хэсгийн зөөлөн эдэд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаас зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай хөнгөн гэмтэл учруулан нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан гэмтэл, мөн хохирогч Б.Цогбаярын биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж тус тус танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Зэс-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сайнбилэг, Дэлгэрцэцэг нартай хамт Гэрсэнз хаан пабад орсон. Тэр орой бид 3 нэг ширээнд сууж байгаад сүүлд хохирогч Золбаяр бидний ширээд ирж танилцаад хамт суусан. Сайнбилэг манай ангийн найз. Дэлгэрцэцэг бол Сайнбаярын найз эмэгтэй. Тухайн үед Золбаяр, Дэлгэрцэцэгтэй юм яриад дотно байхаар нь би Дэлгэрцэцэгийг Золбаяраас хамгаалах байдалтай байсан. Гэрсэнз хаан пабад болсон амьд хөгжмийн тоглолт дуусч бид нэг өрөөнд орсон. Тэгэхэд Дэлгэрцэцэг, Золбаяр хоёрыг зэрэгцээд сууж байхаар нь би голоор нь орж суусан. Дараа нь бүгдээрээ явах гэж байхад Золбаяр бид хоёр текны дэргэд маргалдсан. Золбаяраас уучлалт гуйж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Золбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө манай найз Цогбаяр гэдэг залуу амьд хөгжмийн тоглолт зохион байгуулна гээд намайг туслаач гэсэн. Би хөгжим техникийг нь зөөж угсарч, бэлтгэлийг нь хангаж өгсөн. Тэгээд тоглолт болж 03 цагийн үед дууссан. Тоглолтын дараа бүгдээрээ сууж ярьж хөөрч ууж идэж суусан. Өрөөнөөс гараад текны хажууд нэг шил пиво захиалаад сууж байхад хажууд Зэс-Эрдэнэ сууж байснаа намайг цохисон. Нүүрэн дээрх сорви бүрэн зүгээр болоогүй. Гэхдээ мэс засал хийхгүйгээр зүгээр болно гэсэн. Хохиролд 700.000 төгрөг авсан. Одоо гомдолгүй гэв.

Хохирогч М.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... би дэмжээд өөрийн хөгжим техник хэрэгслээ Цогбаярт ашиглуулаад 2016 оны 8 дугаар сарын 26-ны 23 цагийн үед багахан амьд хөгжмийн тоглолт эхлээд амьд хөгжим сонирхдог хэсэг залуучууд цуглараад дуулж хуурдаад сууцгаасан. Уг пабад дандаа амьд хөгжмийн сонирхолтой дам дамаа нэгнийгээ таньдаг хүмүүс байсан. Би 500 граммын Сэнгүр нэртэй пиво 4 шилийг уусан байсан. 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд текэн дээр дахин нэг шил пиво захиалах гэж очсон юм. Тухайн үед текэн дээр нэг танихгүй залуу сууж байсан. Би хажуугаар нь ороод нэг шил пиво захиалаад пивоо авах гэж байсан чинь тэр залуу миний пивийн авчихсан юм. Тэгэхээр нь би хөөе хөгшөөн наадах чинь миний пиво чи андуурчихлаа гэсэн чинь тэр хүн миний өөдөөс юм ч хэлээгүй миний пивыг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би дахиад хөөе ахын дүү чи пивоо авъя гээд хэлсэн чинь нөгөө залуу шууд намайг барьж байсан юмаараа цохиод авсан. Би манараад газарт унаад тэрүүгээр бужигнаад бөөн юм болоод надаас цус их гоожоод найзууд толгой тархи боогоод гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод гэмтлийн эмч оёдол хийж өгсөн. Тэгээд тэндээсээ гараад Мөнгөн гүүр эмнэлэг дээр очоод толгойны зураг авахуулсан. Би тухайн үедээ танихгүй байсан сүүлд сонсоход миний танил амьд хөгжим сонирхогч Сайнаа гэж залуутай цуг ирсэн найз нь юм байна лэй. Нэрийг нь Зэс-Эрдэнэ гэдэг юм байна лэй. Яг юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан пал гэж орж ирээд нүүрэн дээр шил хагараад унасан. Намайг нүүрэн тус газар 1 удаа шилэн эд зүйлээр цохисон. Шот, бокаль, эсвэл пивоны шил байсан байх гэж бодож байна. Өөр хөл рүү өшиглөсөн байх гэж бодож байна. Зүүн талын гуя хөндүүр болсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

Хохирогч Б.Цогбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр тоглолтоо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Гэрсэнз хаан гэдэг нэртэй паб ресторанд хийхээр болсон. Тэр тоглолтонд амьд хөгжим сонсох сонирхолтой дам дамаар болон ямар нэг хэмжээгээр биенээ таньдаг хүмүүс ирцгээсэн байсан. Тоглолт 2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 22:40 цагийн үед эхлээд урьж авчирсан хамтлагууд гитар тоглож дуулцгаагаад 2016 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед тоглолт дуусаад өндөрлөсөн. Тоглолт хийсэн амьд хөгжим сонирхолтой цөөхөн хэдэн залуус үлдэцгээгээд хоорондоо юм ярилцаад сууж байсан. Шөнө 04 цаг дөхөөд 03:40 цагийн үед хаах гэж байгаа юм чинь өндөрлөе гээд гарцгаах гээд байж байсан чинь Золбаяр намайг нэг нэг пиво авч ууцгаая гээд тэкний урд очоод зогссон. Би Золбаярын зүүн гар талд зогссон. Баруун гар талд нь үл таних залуу текний өндөр сандал дээр сууж байсан. Золбаяр барменд хандаж 2 шил пиво захиалаад хэтэвчээ гаргаж ирээд тооцоогоо хийх гэж байсан. Золбаяр тэр залуу хоёр хоорондоо хоёр гуравхан үг л сольсон. Юу ярьж байгаа нь надад сонсогдоогүй. Тэгсэн чинь нөгөө залуу шууд чи хэн юм гэж чанга дуугараад гартаа юм бариад толгой нүүр хэсэгт нь цохичихсон юм. Тэгсэн чинь Золбаяр хойшоогоо савж унасан. Саваад унахад нөгөө залуу дээрээс нь хөл гэдэс хэсэг рүү нь өшиглөж байсан. Би салгах гээд хөөе чи яаж байнаа гээд очоод цээж рүү нь түлхсэн чинь тэр залуу баруун гараараа миний нүүр хэсэгт 1 удаа цохисон чинь миний нүүрнээс цус гоожоод зүсэгдчихсэн юм. Би тэр залуутай заамдалцаж авсан чинь намайг хана руу шахаж хана мөргүүлээд зогсож байхад хүмүүс ирээд бид 2-г салгасан. Золбаярын найз Энхсүх Золбаярын толгойг нь алчууруур боож өгсөн. Золбаярыг яг юугаар цохиж байхыг нь тухайн үед хараагүй, цохисоны нь дараа харсан чинь зузаан шилтэй 100 граммын архины хундага байсан. Түүнийг гартаа барьж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Дараа нь газарт унахад хөл гэдэс орчим руу нь 3-4 өшиглөсөн. Намайг салгах гээд очиход хагарсан шилтэй гараараа нүүр лүү нэг удаа цохисон. Мөн хананд шахаж түлхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

  

Гэрч О.Дарьцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…амьд хөгжмийн тоглолт 2016 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд дуусаад хүмүүсийн ихэнх нь гараад явчихсан тоглолтонд оролцсон, зохион байгуулсан цөөхөн хэдэн хүн үлдсэн байсан. Би эгчтэйгээ текэн дээр үйлчилгээ хийж байсан. Тэгэхэд нэг харааны нүдний шилтэй улаан хүрэн өнгийн нэхмэлдүү цамцтай согтуу залуу текэн дээр суугаад 100 грамм Болор захиалсан. Өгөхгүй гэсэн чинь шууд уучихаад гарлаа гээд авсан. Би архийг нь хийж өгөөд өөрийнх нь урд тавьсан юм. Тэгсэн цаанаас цохиулдаг залуу найзтайгаа гарч ирээд текний урд тэр залуугийн хажууд зогсоод 1 шил сэнгүр өгчих гээд авсан. Би Сэнгүр авч өгөх гээд хөргөгч рүүгээ явсан. Тэр хооронд тэр 2 хоорондоо ганц хоёрхон үг сольсон байх, би пиво аваад буцаад ирсэн чинь цохиулдаг залуу нь чи зүгээр сууж бай л да гээд инээгээд хэлсэн юм. Тэгсэн чинь чи юу гэнээ чи гээд захиалж авсан архитай стаканаараа нүүр лүү нь 1 удаа цохисон. Нөгөө залуу хойшоо газарт суугаад хамар духнаас нь нил цус гоожчихсон нүүрээ дараад суусан. Тэгсэн чинь цохиулдаг залуугийн найз цохисон залууг цааш нь түлхээд чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд хана руу шахсан чинь нөгөөдөх чинь сууж байгаа залуугийн нүүр лүү хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд салгах гэж байсан залууг цохиод байсан. Сүүлд харахад нөгөө залуугийн зүүн хацар нь бас зүсэгдчихсэн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Гэрч О.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…амьд хөгжмийн тоглолт дуусаад байж байхад нүдний шилтэй өөрийгөө Говь ХХК-ны менежер гэж хэлж байсан залуу текний урд суучихаад юм захиалаад уугаад байсан. Хажууд нь ирсэн хүн болгонтой янз янзын яриа өдөөд байсан. Тэгсэн чинь тоглолт 3 цаг гээд дуусаад ихэнх нь гараад явчихсан юм. Тек хавиар ууж байсан хүмүүс нь уулзсан юм. Тэр цохиулдаг жижигхэн залуу нь тоглолт хийгээд байгаа залуучуудын найз нь юм шиг байсан. Манайх 4 цагаас хаах ёстой шүү одоо уух юмаа дуусгаарай гэж хэлсэн. Нүдний шилтэй Говийн менежер гээд байсан залуу хаах дөхөж байхад 50 билүү 100 грамм болор захиалаад хаах дөхөж байна архи өгөхгүй гэсэн чинь одоо яг энийг уучихаад гарлаа гээд сууж байсан. Тэгсэн чинь хажуунаас нь нэг жижигхэн залуу орж ирээд би нэг ганц сэнгүр авчихъя гээд нэг сэнгүр пиво захиалсан. Тэгж байтал тэр жижиг залуугийн найз нь болох тоглолт зохион байгуулж байсан хүн гарч ирээд тэр хоёр текний урд хоорондоо юм ярьж байсан. Тухайн үед би яриаг нь сонсоогүй. Цохиулдаг жижигхэн залуу цаашаа байж бай гэх шиг болсон. Нөгөө Говьд ажилладаг гээд байсан залуу юу юугүй захиалсан 150 орчим граммын зузаан вискины стаканыг бариад нөгөө залуугийн нүүр лүү нь баруун гараараа духан дундуур нь цохичихсон. Нөгөө цохиулсан залуу цус нь садраад хойшоогоо суугаад хөлөө алцайлгаад суучихсан юм. Тэгээд сууж байхад нь нөгөө залуу дахиад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь нөгөө найз нь хажуунаас нь чи миний найзыг яаж байнаа гээд хана руу шахаад түлхэж байсан. Тэр үед би хамтлаг дуучдынх нь өрөө лүү гүйгээд болохоо байлаа шүү гараарай гэсэн чинь тэр дундаас өндөр биетэй залуу сонсож гарч ирээд тусламж үзүүлээд авч явсан. Нөгөө жижиг залуугийн найзын зүүн хацарнаас цус гараад зүсэгдсэн байдалтай байсан … гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11974 тоот дүгнэлтэд: "Б.Цогбаярын биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн хацрын зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 33х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11978 тоот дүгнэлтэд "М.Золбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүдний алимны доргилт, доод уруул, нүүрний хэсгийн зөөлөн эдэд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 36х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1243 тоот дүгнэлтэд: "Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11978 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. М.Золбаярт зүүн ухархайн дотор хананы хугарал, нүүрэн дэх шархнууд тухайн үедээ үүсчээ. Нүүрэн дэх шархнууд нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Золбаярын зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй. Мэс заслын эмчилгээ шаардлагатай" гэх дүгнэлт /хх-ийн 46-48х/

 

Яллагдагч Ц.Зэс-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “… Би 2016 оны 8 дугаар сарын 26-ны 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Гэрсэнз хаан пабын гадна найз Сайнбилэгтэй уулзаад түүнээс зээлсэн мөнгөө авсан. Тэгээд Сайнбилэгтэй ярьж зогсож байгаад Сайнбилэг энд амьд хөгжмийн тоглолт болж байгаа ихэнх нь бие биенээ таньддаг хүмүүс байгаа юм бүгд амьд хөгжим сонирхдог хүмүүс байгаа юм гэсэн би Сайнбилэгтэй цуг дотогшоо орж сууж үйлчлүүлээд тоглолт үзэж байсан. Тухайн үед ширээнд сууж байхдаа Золбаяр гэж залуутай танилцсан аар сархан юм яриад өнгөрүүлж байсан. Тэгээд тоглолт дууссаны дараа тоглолтонд оролцсон залуучууд бөөнөөрөө нэг өрөөнд ороод хамт сууцгаагаад архи тойруулж байсан юм. Тэнд миний баахан танихгүй хүмүүс байсан учраас би санаа зовоод гараад тек дээр ганцаараа очоод 50 грамм архи захиалаад уух гээд бариад сууж байтал Золбаяр хойноос гарлуу цохиод архийг маань цалгиулчихсан юм. Хөөе хөөе болгоомжтой гээд хэлсэн чинь барменд хүүхэнд пиво захиалчихаад намайг таньж байгаа болов уу гэж бодсон чинь миний чихэн дээр ойртож ирээд шилэн хүзүүн дээр гараараа 2 алгадаад ахын дүү аятайхан байгаараа ч гэлүү тиймэрхүү үг хэлсэн тэгэхэд нь би намайг дээрэлхээд байна гэж бодогдоод уур хүрээд барьж байсан архитай вокиалаараа толгой хэсэгт нь 1 удаа цохичихсон юм. Намайг цохиход Золбаяр хойшоо болоод толгойгоо бариад суусан. Тухайн үед хамт байсан Цогбаяр гэж залуу шууд хажуу талаас орж ирээд зүүн шанаа хэсэгт 2-3 удаа гараараа цохиод шил унагаасан би шилээ аваад доошилсон чинь толгой хэсэгт ганц хоёр цохисон хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Цогбаяр намайг цохиход би хариу үйлдэл үзүүлээд баруун гараараа 1 удаа нүүрлүү нь чиглүүлээд гараа савсан хүрсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Дараа нь Цогбаярыг хацар зүсэгдчихсэн байсан юм. Тэгээд бөөн хүмүүс ирж салгаад бид нар эмнэлэг явсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/     

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 х/, Ц.Зэс-Эрдэний тайлбар /хх-ийн 14х/, Ц.Зэс-Эрдэний хувийн байдлуудыг тогтоосон баримтууд /хх-ийн 112-119х, Говь ХК-ний тодорхойлолт /хх-ийн 119х/, хохирол төлж барагдуулсан баримтууд зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Зэс-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэрсэнз хаан паб"-д буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, М.Золбаяртай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар архины хундагыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн М.Золбаяр, Б.Цогбаяр нарын нүүрэн тус газар нь цохисоны улмаас М.Золбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүдний алимны доргилт, доод уруул, нүүрний хэсгийн зөөлөн эдэд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаас зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай хөнгөн гэмтэл учруулан нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан гэмтэл, мөн хохирогч Б.Цогбаярын биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж тус тус танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57х/, хохирогч М.Золбаяр /хх-ийн 16х/, Б.Цогбаяр /хх-ийн 18х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч О.Дарьцэцэг /хх-ийн 22-23х/, О.Дариймаа /хх-ийн 24-25х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11974 тоот дүгнэлт /хх-ийн 33х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11978 тоот дүгнэлт /хх-ийн 36х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1243 тоот дүгнэлт /хх-ийн 42-43х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Ц.Зэс-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирогч М.Золбаяр, Б.Цогбаяр нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал, бусад зардал зэргээ бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар илэрхийлэн тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Ц.Зэс-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлоо бүрэн барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний эдлэх хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Цогоогийн Зэс-Эрдэнийг танхайн сэдэлтээр архины хундагыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан,

 танхайн сэдэлтээр архины хундагыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ц.Зэс-Эрдэнэд 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Зэс-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар хорих ял дээр,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялын зарим болох 4 /дөрөв/ сарыг  нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 /тав/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журмалан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Зэс-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Ц.Зэс-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Ц.Зэс-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Зэс-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

 

                     ШҮҮГЧИД                                      Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                               Б.ХАЛИУН