| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00435/и |
| Дугаар | 133/ШШ2018/00013 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2018/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ...... оршин суух, эмэгтэй, Т овогт Н-н С-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ............. оршин суух, эрэгтэй, Э овогт Б-ийн Э-д холбогдох,
худалдсан автомашины үнэнд 5.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э нь надаас машин аваад 5.500.000 төгрөгөнд авсан өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй 2 жил болж байна. Бид хоёр харилцан тохиролцож амаараа наймаа хийсэн. Э-д хэлэхэд удахгүй өгнө гэсээр өдийг хүртэл машины мөнгөө өгөлгүй иргэн намайг хохироосоор байна. Би хүнээс пажеро маркийн машин худалдан аваад төлбөр тооцоог нь төлөөд дуусгасан боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Гэтэл Б.Э манайд ирээд машинаа зарчих, хавар барилгын ажлаа дуусгаад 05 сард мөнгийг нь төлье гээд аваад явсан. Б.Э нь миний хадам ахын хүүхэд байгаа юм. Үүнээс хойш удаа дараа машины мөнгөө шаардсан боловч амаараа бол надад өгнө гээд байдаг, эхнэрийнхээ цалингийн зээл аваад төлнө гээд худлаа хэлээд яваад байхаад нь шүүхэд өглөө шүү гэхэд 250.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Үүнээс өөр мөнгө төгрөг өгөөгүй. Тухайн үед тэр машиныг худалдаж аваад удаагүй байсан тул машины номерийг цээжлэж тогтоогоогүй. Б.Э нь надад хэлэхдээ чиний машиныг ерөөсөө Говь- Алтай аймагт унаагүй, хот руу явуулчихсан, бичиг баримт нь хамт явсан гэсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй учраас тухайн үед гэрээ хийж нотариатаар батлуулсан зүйл байхгүй, амаар тохиролцсон. Хадам ахын хүүхэд учраас итгээд машинаа өгсөн. Гэтэл одоо намайг шүүхэд худлаа өргөдөл гаргалаа гээд эргүүлээд буруутан болгох гээд байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь Н.С-тэй машины наймаа огт хийж байгаагүй бөгөөд ямар машин нэхэмжилж байгааг мэдэхгүй, ойлгохгүй байна гэсэн тайлбарыг хийж байгаа. Түүнчлэн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотолсон баримт нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ямар маркийн, ямар улсын дугаартай машиныг хэдэн онд хэрхэн худалдсан болох талаар огт дурьдаагүй, тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Машины марк дугаар тодорхойгүй байгаа нь хариу тайлбар болон нотлох баримт гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь худалдсан автомашины үнэнд 5.250.000 төгрөгийг хариуцагч Б.Э-аас гаргуулахаар шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Хариуцагч Б.Э өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ариун-Эрдэнэ гэх иргэнд олгосон 18 дугаартай Өмнөговь аймгийн нотариатаар үнэн зөвийг нь гэрчлүүлсэн итгэмжлэлээр олгосон байна /хх-12/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 99062104 дугаарын утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэх тайлбарыг, ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй яаралтай ажил гарсан тул биечлэн оролцуулалгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутад бичгээр ирүүлсэн байна /хх-22, 27/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э нь надаас пажеро маркийн автомашиныг хавар барилгын ажил дуусахаар төлбөр тооцоог нь төлж барагдуулна гээд 5.500.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнээс 250.000 төгрөгийг төлсөн. Бид хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон байсан. Тухайн үед би тэр машиныг өөр хүнээс худалдан аваад төлбөр тооцоог нь дуусгасан боловч өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Б.Э нь манай хадам ахын хүүхэд учраас итгээд машинаа өгсөн. Тиймээс машины үлдэгдэл төлбөрт 5.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн... гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Б.Э нь Н.С-тэй машины наймаа огт хийж байгаагүй бөгөөд ямар машин нэхэмжилж байгааг мэдэхгүй, ойлгохгүй байгаа. Нэхэмжлэгч ямар маркийн, ямар улсын дугаартай машиныг хэдэн онд хэрхэн худалдсан болох талаар огт дурьдаагүй, тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Машины марк дугаар тодорхойгүй байгаа нь хариу тайлбар болон нотлох баримт гаргах боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж татгалзсан боловч мөн татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно /хх-18/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч худалдсан автомашины үнэнд 5.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан боловч хариуцагч Б.Э нэхэмжлэгчээс автомашин худалдан аваагүй гэх тайлбарыг гаргасан тохиолдолд нэхэмжлэгч дээрх тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргахаар байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.
Худалдах худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд зохигчдын хооронд 5.500.000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах тохиролцоо амаар хийгдсэн болох нь хариуцагчид нэхэмжлэгч пажеро маркийн автомашин хүлээлгэн өгсөн болох нь, хариуцагч уг машиныг эзэмшил, ашиглалтандаа шилжүүлэн авсан гэх байдлууд хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд ямар улсын дугаартай, ямар маркийн автомашины талаар шаардлага гаргасан болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгч өөрөө хариуцагчид худалдсан гэх автомашины улсын дугаарыг сайн санахгүй байна гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотолсон баримт нь тодорхойгүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.
Нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, зохигчдын хооронд автомашин шилжүүлсэн гэх үйл явц бодит байдалд хэрэгжсэн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.550 төгрөгнөөс 98.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хураамжид илүү төлсөн 37.600 төгрөгийг Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э овогт Б-ийн Э-аас худалдсан автомашины үнэнд 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т овогт Н-н С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.550 төгрөгнөөс 98.950 /ерөн найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хураамжид илүү төлсөн 37.600 /гучин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ