Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03224

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03224

Улаанбаатар хот

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  АТГ т холбогдох

36 сарын тэтгэмж 44.957.766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.С , түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч П.О, З.Э, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.С миний бие 1951 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн.

Миний бие 1970 онд Цагдаагийн байгууллагад орж цагдаа, эрүүгийн төлөөлөгч, Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын 803 дугаар ангийн захирагч, Цагдаагийн академийн тэнхимийн эрхлэгч, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга зэрэг ажил албан тушаалд, цагдаагийн хурандаа цолтойгоор 2006 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй 36 жил ажиллаж, мөн 2006 оны 8 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн даргаар, 2007 оны 12 дугаар сарын 28-наас 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл АТГ ын даргаар тус тус ажилласан.

Миний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.

Ажиллаж байсан салбар анги байгууллагуудын хүндэт болон тэргүүний ажилтан тэмдэг шагналуудаар шагнагдсан бөгөөд АТГ ын тэргүүн комиссар, Цагдаагийн хурандаа, Тагнуулын ерөнхий газрын хурандаа цолтой ажиллаж байсан.

Миний бие цагдаагийн байгууллагад 36 жил 3 сар, Тагнуулын Ерөнхий газарт 1 жил 3 сар, Авилгатай тэмцэх газарт 4 жил 4 сар нийт цэргийн байгууллагад 41 жил 10 сар ажилласан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 6 дугаар зүйлд заасныг үндэслэн 2012 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 5,7 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт цэргийн албан хаагч тэтгэвэрт гарах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага нь олгоно гэж тус тус заасан байх тул нэг удаагийн тэтгэмжийг төрөөс авах эрх үүссэн гэж үзэж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох Авилгатай тэмцэх газарт гаргасан бөгөөд хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул таньд буцалтгүй тусламж олгох боломжгүй байна гэсэн хариуг албан бичгээр өгсөн.

АТГ аас надад өгсөн хариу нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өндөр наслах ... хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн заалт болон хүний эрхийг зөрчиж Цэргийн байгууллага, Цагдаа, Тагнуул, Авилгатай тэмцэх газарт олон жил үр бүтээлтэй, төрд тасралтгүй 41 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үгүйсгэж надад нэр төр сэтгэл санаа, эд мөнгөний хохирол учруулсан.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3-р зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн эрх үүсээгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоогүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасны хугацаанд төлөгдвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэнд үүсэх бол тэтгэвэрийг тогтоон олгоно гэж хуульчилсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь огт өөр зохицуулалт биш цэргийн албан хаагчид эрх зүйн зохицуулалт үүссэн тохиолдолд холбогдох бусад хуулийг хэрэглэж болохоор уялдуулан эохицуулсан байна. Иймээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2,3,4-т заасан цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сараар нэмэгдүүлэх болон цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сараар бодон бууруулах аль ч хэлбэрээр цэргийн албан хаагч тэтгэвэрээ тогтоолгох эрхтэй болохыг хуулинд тодорхой заасан байна.

Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д энэ зүйлийн 2,3,4-д заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин нийгмийн даатгалийн шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалийн санд төлөх журмыг Засгийн газар тогтооно гэж заасан.

Дээрхи хуулийн заалтууд нь нэхэмжпэгч Ч.С нь цэргийн тэтгэвэр авагч болохыг тодорхойлж байна. Нэхэмжпэгч нь хуулийн дээрхи заалтуудыг удирдлага болгон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1,2,3-д заасныг үндэслэн 2012 оны 01 дүгээр сарын 19- ны өдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон нь цэргийн албан хаагч болохыг нэхэмжлэлд авагдсан тодорхойлолт материал архивын материал нотлож байгаа болно.

Нэхэмжлэгч Ч.С нь АТГ-ын даргаар ажиллах бүрэн эрх нь Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйл /АТГ-ын дарга дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа/-ийн 21.4 дэх заалт /АТГ-н дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-н шийдвэр гарсанаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно/-ийн дагуу 2011 оны 11 дүгээр царын 17 өдөр дуусгавар болсон нь түүний хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг хасах, түүний цэргийн алба хаасан 41 жил 10 сарыг үгүйсгэж хуульд заасан тэтгэмжийг олгохгүй байх үндэслэл болохгүй.

Нэхэмлэгч Ч.С д олгогдох нэг удаагийн тэтгэмжийн асуудал нь зөвхөн АТГ хамааралтай бус, цэргийн албан хаагчаар ажилласан хугацааны хувьд цагдаа тагнуулын байгууллагад 90 % -нь хамааралтай бөгөөд дээрхи байгууллагад ажиллаж байсан он жилүүд болон цалин хөлсийг холбогдох байгууллагууд албан ёсоор гарган өгч архивын лавлагаагаар баталгаажсан материалыг нэхэмжпэлд хавсарган өгсөн. Хуульд заасан хугацаанд нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөлийг хамгийн сүүлд ажиллаж байсан байгуулага болох АТГ-т гаргасан болно.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасныг үндэслэн сүүлийн 5 жилийн цалин хөлс болох 74 929 610 төгрөг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллласан 5 сарын цалин хөлс 1 562 456 төгрөг, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажилласан 1 жил 4 сарын цалин хөлс 5 415 408 төгрөг, Авлигатай тэмцэх газрын даргаар ажилласан 3 жил 3 сарын цалин хөлс 67 951 746 төгрөг, нийт 74 929 610 төгрөгнөөс тооцоход нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ 44 957 766 төгрөг болно.

Иймд иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2-д заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэмжинд 44 957 766 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна. 1. өндөр насны тэтгэвэр, 4 дүгээр зүйл Өндөр насны тэтгэвэр авах эрхийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж,

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг дурьдсан байх боловч тус зүйлийн чухам аль заалтыг баримтлан дээр дурьдсан өндөр насны эсвэл цэргийн алба хаасны тэтгэврийн алиныг нь тогтоолгосон нь тодорхойгүй байна.

Хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр-ийн эрх зүйн зохицуулалт өөр ба тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгаа. Харин цэргийн алба хаасан жилийг нийгмийн датгалын шимтгэл төлсөн жилд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол тухайн иргэнд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-д заасан нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнд цэргийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмж олгох зохицуулалт одоогоор байхгүй болно.

Нэхэмжлэлд ...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2-д заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэмжид 44 957 766 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994/ 18 дугаар зүйл нэг удаагийн тэтгэмж авах тохиолдлынн 1-д Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж,

19 дүгээр зүйлийн 1-д Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж заасан байна.

Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг дээр дурьдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994/-иар зохицуулж байна.

Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна., 8.1.3 ...Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал хамаарна., 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. гэж тус тус хуульчилсан.

Дээр дурьдснаас үзэхэд Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхэлж, ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдэд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Ч.С гийн Авлигатай тэмцэх газрын даргаар ажиллах бүрэн эрх нь Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт /Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно./-ын дагуу 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгч Ч.С гийн Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрх нь 2011 онд дуусгавар болсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд АТГ ажиллаж байгаагүй бөгөөд 2012 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан АТГ нэхэмжлэгч Ч.С д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэн Ч.С 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр АТГ т хандан Буцалтгүй тусламж олгох тухай өргөдөл гаргасан нь байгууллагын өргөдөл, гомдлын бүртгэлийн 765 дугаарт бүртгэгдсэн байдаг.

Тус өргөдлийг хянан үзээд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/4391 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт заасныг баримтлан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэлгүй тухай хариу өгсөн байна.

2012 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан.

Гэтэл иргэн Ч.С нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх актад ямар нэг гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлд дурьдсан асуудлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаар буцалтгүй тусламж олгох асуудал нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй хамааралгүй болохыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтаас тодорхой харж болно.

Дээр дурьдсан нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжийг баримтлан буцалтгүй тусламж олгох боломжгүй тухай хариу өгсөн нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өндөр наслах... хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрх-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.С гаас гаргасан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2- д заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэмжид 44 957 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ч.С нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 44 957 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Авилгатай тэмцэх газар /цаашид АТГ/ нь нэхэмжлэгч Ч.С г өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.С г Цагдаагийн байгууллагад цагдаа, эрүүгийн төлөөлөгч, Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын 803 дугаар ангийн захирагч, Цагдаагийн академийн тэнхимийн эрхлэгч, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга зэрэг ажил албан тушаалд, цагдаагийн хурандаа цолтойгоор 2006 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй 36 жил ажиллаж, мөн 2006 оны 8 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн даргаар, 2007 оны 12 дугаар сарын 28-наас 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл АТГ ын даргаар, нийт цагдаагийн байгууллагад 36 жил 3 сар, Тагнуулын Ерөнхий газарт 1 жил 3 сар, Авилгатай тэмцэх газарт 4 жил 4 сар нийт цэргийн байгууллагад 41 жил 10 сар ажиллаж 2012 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан талаар талууд маргаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3.-т АТГ-ын удирдах ба гүйцэтгэх албан тушаал ньТөрийн тусгай албанд хамаарна гэж,

5 дугаар зүйлийн 5.2.-т төрийн тусгай ба төрийн захиргааны албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж,

30 дугаар зүйлийн 30.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн , төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ч.С гийн хувьд цэргийн байгууллагад тасралтгүй 41 жил 10 сар ажиллаж 2012 онд өндөр насны тэтгэвэрийг тогтоолгосон байх тул түүний тэтгэмжийн асуудал нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдана.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж,

3Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж тус тус заасны дагуу иргэн Ч Сангарагчаа нь 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Эрүүл мэнд нийгмийн даатгалын газарт өгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчийн тайлбар болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 21/1300 дугаартай албан бичиг, хавсралтууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас авсан цалингийн тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа,Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтогдож байна. /хх-ийн 6-11-р хуудас/

Нэхэмжлэгч Ч.С нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох АТГ-т хандаж 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгохыг хүсэхэд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул буцалтгүй тусламж олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /хх-ийн 12,14-р хуудас/

Хариуцагч АТГ нь нэхэмжлэгч Ч.С г цэргийн алба хаасны тэтгэвэрт гараагүй, өндөр насны тэтгэвэрт гарсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль үйлчлэхгүй гэж маргаж байгаа боловч түүний хүсэлтэд хариу өгөхдөө Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн хариуг өгч байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д Цэргийн алба хаагч тэтгэвэрт гарах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, 19 дүгээр зүйлийн 1-д Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ч.С г өндөр насны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох үндэстэй.

Өөрөөр хэлбэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар тэтгэвэр авагч өөрөө хүсэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 19 дүгээр зүйлийн 19.1.-т заасны дагуу тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авах эрхийг хязгаарлахгүй юм.

Монгол Улсын засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор батлагдсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэжээ.

Ч.С нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт 2006 оны 2 дугаар сараас 2006 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд 1.495.011 төгрөгийн, Тагнуулын ерөнхий газарт 2006 оны 8 дугаар сараас 2008 оны 01 дүгээр сар хүртэл 3.035.242 төгрөгийн, Авилгатай тэмцэх газарт 2008 оны 01 дүгээр сараас 2011 оны 4 дүгээр сар хүртэл 67.951.746 төгрөгийн цалинтай тус тус ажиллаж байсан болох нь тус байгууллагуудын архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/1.495.011+3.035.242+67.951.746=72.481.999 төгрөг, 72.481.999:60=1.208.033 төгрөг, 1.208.033 х 36 = 43.484.199 төгрөг/

Иймд 36 сарын нэг удаагийн тэтгэмж болох 43.484.199 төгрөгийг АТГ аас гаргуулан нэхэмжлэгч Ч.С д олгож, үлдэх 1.468.567 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТГ аас 43.484.199 /дөчин гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун ерөн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.468.567 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       

                                     

ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО