| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 175/2025/0***/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын****-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхлэгч ажилтай, ам бүл ****, эхнэр, **** хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** дугаар баг, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овогт **** /РД: ****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой **** аймгийн *******сумын ****дугаар багт байрлах **** заалны барилгын ажлын ажилчдын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас А.******* рүү хуванцар сандал шидэж, түүний духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, гомдол саналгүй гэсэн” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ц.**** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой **** аймгийн *******сумын ****дугаар багт байрлах **** заалны барилгын ажлын ажилчдын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас А.******* рүү хуванцар сандал шидэж, түүний духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар тал/,
-2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **** аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 07-08 дугаар тал/,
-2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-11 дүгээр тал/,
-2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн согтуурал шалгасан тухай илтгэх хуудас гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
-2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.*******ийн өгсөн: “Би нөхрийн хамт Улаанбаатар хотод амьдардаг ба 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр **** аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа ****-нд нөхрийн хамт ажиллахаар ирсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш ******* суманд баригдаж байгаа Спорт заалны барилга дээр манай нөхөр ******* ажиллаж би тогооч хийж байгаа. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын орой ажил тараад би манай нөхөр ******* бас *******, бид байрлаж байгаа гэртээ 0,75 литрийн Агар нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд ******* ах манай нөхөр 2 руу янз бүрийн юм яриад дайраад байхаар нь та одоо боль орж амар гээд жаахан маргасан чинь ******* ах над руу пийвор сандал аваад шидсэн чинь миний духанд оноод зүүн хөмсөгний дээд талд хагарч сумын эмнэлэг орж 7 оёдол хийлгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
-2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрч М.*******ын өгсөн: “Би эхнэрийн хамт Улаанбаатар хотод амьдардаг ба 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр ******* суманд ирж тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Илч Хужирт ХХК-ний ******* суманд барьж байгаа Спорт заалны барилга дээр ажиллаж байна. Харин манай эхнэр А.******* тогооч хийж байгаа. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой ажил тараад надтай хамт ажиллаж байсан *******, болон манай эхнэр ******* архи уусан. Тэгээд архи ууж байгаад тараад ******* ах майхан руугаа ороод хэсэг байж байгаад буцаж гэрт орж ирээд цай нэхээд байхаар нь би босоогүй юм. Тэгтэл манай эхнэр ******* босоод ******* ахыг та өөрөө хийгээд уугаач гэж хэлээд ******* ах манай эхнэр ******* 2 хоорондоо маргаж байгаад ******* ах гэнэт сандал аваад манай эхнэр рүү шидсэн чинь толгойд нь оноод манай эхнэрийн зүүн нүдний дээд талаас нь цус гараад би эхнэрийг аваад шууд сумын эмнэлэг ороод 7 оёдол хийлгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
-2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрч А. өгсөн: “Намайг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* сумын эрүүл мэндийн төв дээр 24 цагийн ээлжийн ажилтай байхад 22 цаг өнгөрч байхад ******* сумын Спорт заалны барилга дээр ажиллаж байгаа гэх Улаанбаатар хотод хаягтай А.******* гэх эмэгтэй толгойн тус газраа гэмтсэн гэж ирээд анхан шатны тусламж үйлчилгээ аваад явсан. Тухайн үед намайг ээлжийн ажилтай байж байхад А.*******тэй хамт ажиллаж байсан гэх нэг эрэгтэй хүн авчирсан анх ирэхдээ хамт ажиллаж байсан хүндээ цохиулчихлаа гэж ирсэн. Тухайн үед А.******* гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолт их байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
-2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 46в/4153 Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн албан бичиг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
-2023 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 01/3557 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн албан бичиг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
-2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн өгсөн: “Би дээрх хэргийн улмаас хохирогч А.*******ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 116,022 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
-2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 283 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн: “А.*******ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
-2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн хэргийн түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би хэрэг болсон өдрөө 1,000,000 төгрөг эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж хэлээд *******д өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
-Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-Шүүгдэгчийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
-Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 58 дугаар тал/,
-Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,
-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч А.*******ийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 116,022 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдсугай.
6. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ