Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 118

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор /¹0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Батхүрэлийн Билгүүнд холбогдох 201625032307 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөк 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх , ах, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 20-322 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бүргэд овогт Батхүрэлийн Билгүүн /РД: УК89020232/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Билгүүн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 5 дугаар гудамж, 25 тоотод оршин суух иргэн Ч.Ринчингийн гэрт хамт архи ууж байх үедээ 2 ширхэг арслангийн баримал, 1 ширхэг Аниколл загварын гар утас хулгайлж бусдад 9.810.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билгүүн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Р.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би аав Ринчингийн гэрт 19 цагийн үед очсон юм. Тэгээд гэрт нь ороход зочны өрөөнд шүүгээн дээр байсан хоёр ногоон өнгийн шаазан Арслангийн баримал байхгүй харагдсан. Тэгээд би аав Ринчингээс асуухад аав мэдэхгүй байсан. Тэгээд ааваас лавлаад асуутал 4 хоногийн өмнө манай эндэхийн хоёр хүүхэд орж ирээд нэг шил архи хувааж уугаад гарсан. Тэр үед алга болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд тэр даруй хорооны цагдаагийн хэсэг дээр очиж мэдэгдээд, өргөдөлөө гаргасан. Тэгээд цагдаагийн ажилтан нарын хамтаар явж байгаад манай аавын гэрт архи уусан гэх намхан нуруутай эрэгтэйг нь олсон. Тэгээд цагдаа нарын хамтаар тэр залуугын хамт архи уусан эрэгтэйг нь олоод асуухад манай аавын гэрээс арслангын барималыг аваад хашааны баруун хаалганы хажуу талын хунгар цасанд булсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн ажилтан нарын хамт очоод тэр хэсгийн цасыг цэвэрлээд үзэхэд хоёр арслангын баримал байж байсан.

...Мөн тэр намхан эрэгтэй манай аавын гар утасыг нь цэнэглэгчийн хамтаар хулгайлж авчихаад маргааш нь буцаан авчирч өгсөн байсан. Арслангын хоёр ширхэг барималыг 1965 онд манай эцэг Ч.Ринчин 700 төгрөгөөр авч байсан гэсэн. Ногоон өнгийн. шар дөрвөлжин суурин дээр сууж байгаа, 40x20x15 см хэмжээтэй, сийлбэрээр чимэглэсэн баримал байсан Эр, эм хоёр арслангын баримал байсан. Уг барималуудыг 5 жилийн өмнө 10.000.000 төгрөгөөр зарах уу гэж байхад нь зараагүй юм. Гар утас нь дээшээ дээшээ эмэрч онгойдог, товчлууртай, цагаан өнгийн Аниколл нэртэй утас байсан. Уг гар утсыг 2015 онд би Монтелл төвөөс цэнэглэгчийн хамтаар 10.000 төгрөгөөр авч өгч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/

 

Сэжигтэн М.Раднаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би найз Билгүүний гэрт очсон юм. Тэгээд Билгүүний хамтаар гэрт нь 0.5 литрийн "Хараа" нэртэй нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Билгүүн гэртээ ганцаараа байсан. Тэгээд архи уусан учир гэрт нь хоносон юм. Тэгээд гэрт нь хоночихоод маргааш өглөө нь үдээс хойш 15 цагийн орчимд дэлгүүрээс тамхи авах гээд явж байхад Билгүүний танил 3 ах тааралдсан. Тэгээд тэр хүмүүс архи ууж байхад нь очоод хоёр шил 0.5 литрийн "Хараа", "Монгол стандарт" нэртэй 2 шил архи хамт ууцгаасан. Тэгээд тэр хүмүүстэй архи ууж байгаад орой 18 цагийн орчимд Билгүүний гэр рүү явж байхад замын хажуу хашаанаас нэг өвөө хүн гаргаж өгч байгаатай тааралдсан. Тэгээд Билгүүн тэр өвөөг таньдаг байсан. Тэгээд тэр өвөөтэй уулзахад тэр өвөө манайх руу оръё гээд хамт орсон. Тэгээд өвөөгийн гэрт ороход бид хоёрт 0.5 литрийн "Ерөөл" нэртэй архи гаргаж өгсөн. Тэгээд архи ууж дуусчихаад би 00-д ороод бие засчихаад гараад ирэхэд Билгүүн өвөөгийн гэрийн гадаа өвөөтэй хамт зогсож байсан. Тэгээд Билгүүн бид хоёр өвөөгийн гэрээс гараад хашааных нь хойд хаалга буюу баруун талын хаалгаар нь гараад явсан. Тэгээд Билгүүний гэр рүү явах гээд хашаанаас нь гарах үед Билгүүн "Мань нь өвөөгийн гэрээс юм аваад, энд нуучихсан байгаа" гэж хэлсэн. Тэгээд би юу авсан юм гэхэд за харья гээд байсан. Хашаанаас гарах үед хаалганы дэргэд цасан дунд нуучихсан гээд заагаад байсан. Тэгээд Билгүүний гэрт очиж хоносон. Тэгээд өглөө нь босоход Билгүүн тэр өвөөгийн гэрээс утсыг нь цэнэглэгчийнх нь хамт авчихсан байсан. Тэгээд би Билгүүнд чи наад утас, нуусан гэсэн юм аа буцаагаад оруулж өгөөрэй гэж хэлчихээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байхад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цагдаа нар ирж авч явсан. Билгүүн бид хоёр тэр өвөөгийн хашааны зүүн талын зам дагуух хаалгаар ороод гарахдаа баруун талынх нь жалга талын хаалгаар гараад явсан юм.

...Өвөөгийн гэрт орж архи уусан шалтгаан нь замд тааралдаад манайд оръё гэхээр нь ороод архи уусан юм.

 

...Би хулгайлж авсаныг нь болон нууж байхыг нь хараагүй. Надад хашаанаас гарах үедээ энд нуучихсан гээд хашааны хаалганы дэргэдэх цасыг зааж байхыг л харсан.

...Өглөө гэрээс нь гарах гээд байж байхад л би өвөөгийн утсыг авчихаж гэж хэлсэн. Тэгээд халааснаасаа гар утас гаргаж ирж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/

 

Яллагдагч Б.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай найз Раднаадорж манай гэрт ирж хоносон юм. Тухайн үед манай гэрт би ганцаараа байсан юм. Эх Алтантуяа эмнэлэгт хэвтчихсэн, эцэг 13 дугаар хороололд дүүгийн гэрт хонож байсан юм. Манай дүү Энхжаргал бага дүү нарын хамтаар тусдаа амьдарч байгаа юм. Тэгээд Раднаадорж бид хоёр манай гэрт 0.75 литрийн "Хараа" архи аваад хувааж уучихаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ гарч яваад Раднаадорж явах гээд зам руу уруудаад явж байхад "Духи" нэртэй дэлгүүрийн автобусны буудал дээр танил ах нар болох Бөхөө, Тулгаа, Аюуш нар архи уугаад байж байсан. Тэгээд Раднаадорж бид хоёр нийлээд 2 шил архи 5-лаа хувааж ууцгаасан. Тэгээд буцаад манай гэр рүү алахаад явж байхад өдөр 15 цагийн орчимд манай гэрийн ойролцоо гэр нь байдаг Ринчин өвөө хашааны үүдэн дээрээ нэг махлаг эрэгтэйг гаргаж өгөөд зогсож байсан. Тэгээд тэдний хаалга зам дагуу байдаг учир тааралдаад "Сайн байна уу" та гэхэд Ринчин өвөө дүүгээ гаргаж өгч байна гэж хэлсэн. Тэгээд манай гэр рүү оръё гэсэн. Тэгээд гэрт нь ороход Ринчин өвөө 0.5 литрийн "Ерөөл' архи гаргаж ирсэн. Ринчин өвөө өөрөө бас архи уучихсан байсан. Би өөрөө нилээн согтолттой байсан. Тэгээд нөгөө архийг нь 3-лаа хувааж уусан. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. Тэгээд түүнээс хойш юу болсон, хэрхэн гэртээ очсоноо санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Тэгээд сэрээд үзэхэд би Ринчин өвөөгийн гар утасыг цэнэглэгчийнх нь хамтаар халаасалчихсан байсан. Тэгээд би Ренчин өвөөгийн гар утсаар ярьж байгаад аваачих гэхэд Раднаадорж чи өчигдөр тэр айлын гадаа юм нуучихсан гээд байсан, тэрийгээ өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би юу нуусан юм гэхэд Раднаадорж чи өчигдөр хашааны гадаа нь цасанд чулуун арсланг нь нуучихсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Раднаадоржийг гаргаж өгчихөөд Ринчин ахын гэрт ганцаараа яваад очиход Ринчин ах ганцаараа нүүрсээ оруулаад зогсож байсан. Тэгээд би очоод Ринчин ахын нүүрсийг оруулж өгчихөөд би таны утсыг ярьж байгаад аваад явчихаж гээд rap утсыг нь өгөхөд манай гэрт байсан хоёр шаазан арслан байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хаана нуусан талаараа мэдэхгүй байсан учир санаа зовоод хэлж чадаагүй юм. Тухайн үед би Ринчин ахын Аниколл нэртэй, цагаан өнгийн дээшээ имэрдэг, товчлууртай утас хар өнгийн цэнэглэгчийн хамт авсан байсан. Тэгээд утсыг нь өгчихөөд Ринчин ахын ойр орчимоор бага зэрэг хайсан боловч олоогүй. Тухайн шөнө цас ороод мөр мэдэгдэхгүй болсон байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад хоёр цагдаа орж ирээд цагдаагийн газарт авчирсан. Тэгээд Ринчин өвөөгийн гэрийн орчмоор хайсан боловч олоогүй. Тэгээд Раднаадоржийг дуудаад хамт явахад Раднаадорж Ринчин ахын баруун талын хаалганы дэргэд нуусан гэж хэлсэн гээд тэр орчимоор нь хайхад цасан дундаас хоёр арслан нь гарч ирсэн. Тухайн үедээ би хаалганы дэргэд нуусан талаараа санахгүй. хаалганы дэргэд байх цасан дунд хайгаад байсан юм.

Би юу болсоныг өөрөө санахгүй байгаа юм. Раднаадорж надад чи арсланг нь авна гээд байсан, тэгээд гадаа нь нуучихсан гэсэн өгөөрэй гээд байсан. Тэгээд гэрт нь очиход Ринчин өвөө хоёр арслан нь алдагдсан гэж хэлсэн.

...Манай гэр рүү явж байгаад Ринчин өвөөтэй тааралдахад манай гэр рүү оръё гэсэн. Тэгээд архи ууж байгаад согтсон үедээ Раднаадоржид арсланг нь аваад гарчихая гэж ярьсан гэсэн. Түүнээс өөрөөр Раднаадоржтой хулгай хийх талаар ярилцаагүй. Бид хоёр хамтран гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/

 

Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримтууд /хх-ийн-26, 27х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 5 дугаар гудамж, 25 тоотод оршин суух иргэн Ч.Ринчингийн гэрт хамт архи ууж байх үедээ 2 ширхэг арслангийн баримал, 1 ширхэг “Аниколл” загварын гар утас хулгайлж бусдад 9.810.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 17-18х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Баянжаргалын мөрдөн байцаалтад /хх-ийн 24-25х/ өгсөн мэдүүлэг, сэжигтэн М.Раднаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 48-49х/ мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Билгүүний гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Р.Баянжаргал нь хүсэлтдээ: “Алдагдсан эд зүйлсээ олчихсон учир санал хүсэлт, хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 24-25х/ гэж байх тул шүүгдэгч Б.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Б.Билгүүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

  

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Бүргэд овогт Батхүрэлийн Билгүүнийг бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнд эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Билгүүнд оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ