Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01044 дугаартай шүүгчийн захирамжаар “С” ХХК-аас 95 000 000 төгрөг гаргуулан “Т н э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл иргэн Б.А- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж 82 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 48.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг НШГГ хаалга нь дээр мэдэгдэл наах, битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг Чингэлтэй дүүргийн 168 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.А нь үйлдэн байраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсаар байна. Иргэн Б.А- би төлбөр төлөх үүрэгтэй этгээд биш, шүүхийн хүчин төгөлдөр захирамж, шийдвэр, магадлал, тогтоол байхгүй байхад иргэн Б.А- миний өмчийг хууль бусаар хураан авах гэж байгаа маш бүдүүлэг үйл ажиллагаа гэж үзэж байна. Би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалаагүй, хэн нэгэн этгээдтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, хэрэв миний үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч хийх ёстой байтал шууд бусдын өмч хөрөнгөнд халдаж, гэр бүлийн гишүүдийг айдас түгшүүрт автуулж, хаалга үүд балбаж, гэр оронд орж байрнаас гар, хураан авна гэж мэдэгдэл өгч байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа зөрчиж байна гэж үзэж байна. Иргэн Б.А- би Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж 82 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 48.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 онд худалдан авч анхны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар нь надад мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнд гомдолтой байна. Мөн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300/808 дугаартай тогтоолоор миний өмчлөлийн орон сууцыг, 18300808/01 дугаартай тогтоолоор 4 тоот авто зогсоолуудыг битүүмжилсэнд гомдолтой байна. Хамгийн гол нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01044 дугаартай шүүгчийн захирамжаар “С” ХХК-аас 95 000 000 төгрөг гаргуулан “Т н э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байхад иргэн миний орон сууц ямар холбоотой гэдгийг мэдэхгүй байна. Иймд иргэн Б.А- миний Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж 82 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 48,26 м.кв талбайтай орон сууцанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж 82 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 48.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд иргэн Б.А- миний өмч, гэтэл шүүхийн шийдвэр 2 хуулийн этгээдийн хооронд гарсан тул иргэн Б.А- би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.А-ын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01044 дүгээр захирамжаар “С” ХХК-аас 95 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 632 950 төгрөгийг гаргуулан “Т н э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч “С” ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Б.А-ын нэр дээр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж, 82 дугаар байр 31 тоотод байрлах 2 өрөө орон сууц, автомашины зогсоол бүртгэлтэй талаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хариу ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ,, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасныг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу хөрөнгө битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч Б.А- нь шүүхийн шийдвэр компанийн нэр дээр гарсан гэх шалтгаанаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300808, 183000808/01 тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунчулуунд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300808, 183000808/01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ ” гэж заасныг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу хөрөнгө битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1-2, 23 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар НШШГГ- нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01044 дугаар захирамжаар “С” ХХК-аас 95 000 000 төгрөгийг гаргуулан “Т н э” ХХК-д төлж барагдуулахаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 182/Ш32018/06105 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 182/ГХ2018/00544 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300808 тогтоолоор Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз Б.Доржийн гудамж 82 дугаар байр 31 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай 48.26 м.кв орон сууцыг, мөн тус өдөр 183000808/01 тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081398 тоот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз Б.Доржийн гудамж 82 дугаар байрны зоорийн 4 тоот авто зогсоолыг битүүмжилсэн үйл баримт, хэрэгт цугларсан дээрх баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 7-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.А- нь “С” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./хэргийн 48 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд үүссэн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар гүйцэтгэх ёстой. Б.А- нь төлбөр төлөгч биш, “С” ХХК байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр №18300808/02 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлж, арилжааны банкуудаас данс эзэмшдэггүй, Хаан банк ХХК-аас “С” ХХК-ийн 5003891214 тоот дансанд шилжүүлэх мөнгөн хөрөнгө байхгүй тул дансны зарлагын гүйлгээг тогтоолд дурдсан дүнгээр хязгаарласан болно гэх хариуг ирүүлжээ./хэргийн 33-40, 49-53 дугаар тал/

 

            Мөн Гаалийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс зэрэг байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн байх ба Гаалийн ерөнхий газраас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “С” ХХК-ийн мэдээллийг 2015-2018 оноор гаргаж ирүүлсэн байна./хэргийн 42-45, 61-64 дүгээр тал/ Уг мэдээлэлд “С” ХХК-ийн хөдлөх хөрөнгүүд байна.

 

            Хариуцагч байгууллага нь “С” ХХК-аас төлбөр гаргуулах ямар ч боломжгүй болсон гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл “С” ХХК-ийн хөрөнгүүд байхгүй болсон, мөн уг хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг буюу “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А-ын хөрөнгөөр үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүй болсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300808 тогтоолоор Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз Б.Доржийн гудамж 82 дугаар байр 31 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай 48.26 м.кв орон сууцыг, мөн тус өдөр 183000808/01 тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081398 тоот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз Б.Доржийн гудамж 82 дугаар байрны зоорийн 4 тоот авто зогсоолыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй.

 

Иймд НШШГГ- “С” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Б.А-ын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Шүүх Иргэний болон Компанийн тухай хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.О

 

ШҮҮГЧИД                               Г.Д

 

                                        С.Э