Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2017/00056

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2017/00056

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, цэргийн холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 34 дүгээр гудамжны 12б тоотод оршин суух Донир овогт Д О -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хилийн 0257 дугаар ангид холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 1.348.748 /нэг сая гурван зуун дөчин найман мянга долоон зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2016/1362/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016.08.01-ний өдрийн Б/87 дугаартай тус ангийн захирагчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж ажилдаа 2016.10.06-ны өдрийн анхан шатны шүүхийн 1149 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон юм. Би тухайн үед шүүхэд зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо 2016 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 11-р сарын 09-ний өдрийг хүртэл 73 хоногийн цалин 1.348.748 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд би үндсэн гар дээр 388.317 төгрөг авдаг бөгөөд 1 сард ажлын 21 хоногтой гэж тооцож 18.476 төгрөгийн нэг өдрийн цалинг 73 хоногоор тооцож нийтдээ 1.348.748 төгрөгийг Хилийн 0257-р ангиас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргаж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гарч ажилд маань эгүүлэн тогтоосон байдаг. Тухайн үед би ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлээгүй. Нэгэнт шүүхээс намайг ажилд маань эрүүлэн тогтоосон тул би 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.348.748 төгрөгийг Хилийн 0257 дугаар ангиас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэр хэдийгээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан хэдий ч ажилд маань томилсон тушаал гаргахгүй байсан тул би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж уг өдөр хүртэлх цалинг нэхэмжилсэн. Намайг ажилд эгүүлэн томилсон мэдэгдэл 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн гэв.

Хариуцагч Хилийн 0257 дугаар анги шүүхэд гаргасан тайлбартаа: Тус ангид ажиллаж байсан Д.Оийн гаргасан ёс зүйн зөрчлийн улмаас анги байгууллагаас төлөвлөгдөөгүй зардал гарсан /ёс зүйн зөрчил гаргасан Д.О, В.Сувдаа нарын гэрийг хилийн 3 дугаар заставаас ачиж ирсэн/ мөн өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж ажлаас халагдсан /Хууль зүйн сайдын А/248 дугаар тушаалыг үндэслэн гарсан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалын 4.1 заалт, тухайн заалтад ангийн төв, хилийн застав, харуулын байрлалд болон албан үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн албан тушаалтны үйлдлийг тогтоосон тохиолдолд төрийн албанаас халах тухай саналыг нэн даруй Хил хамгаалах ерөнхий газарт ирүүлэн шийдвэрлүүлнэ. Дээрх хэлбэрийн зөрчил гаргасан гэрээт хилчин, үйлчилгээний ажилтны гэрээг цуцлаж ангийн захирагчийн тушаалаар албанаас хална/ тул Д.Оийн нэхэмжилсэн 1.348.748 төгрөгийг төлөх боломжгүй болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.О хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрэм зөрчиж сахилга ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд чөлөөлөгдсөний дараа гэрийг нь нүүлгэхэд тодорхой хэмжээний зардал гарсан байдаг. Иймд өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас гарсан зардлыг байгууллага хариуцах үндэслэлгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Хилийн 0257 дугаар ангид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад:

Хилийн 0257 дугаар ангийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрэм зөрчиж сахилга ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Д.Оийг ажлаас халсан нь буруу байна гэж дүгнэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1149 дугаартай шийдвэр гарсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-д Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.

Шүүхийн шийдвэрт Д.Оийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад Хилийн 0257 дугаар анги 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь Хилийн 0257 дугаар ангийн захирагчийн Д.Оийг томилох тухай Б/131 дүгээр тушаал болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч  энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь Хилийн 3 дугаар заставын тогооч, талхчны ажлаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн, сар болгоны 20-нд тасалбар болгож цалин бодогддог. 2016 оны 07 дугаар сард авсан цалин бүтэн бодогдсон цалин биш юм. 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 2016 оны 8 дугаар сарын 01 хүртлэх цалинг 8 сард авсан гэж тайлбарлаж байх бөгөөд зохигч түүнтэй маргаагүй байна. Түүний 0004636 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар 2016 оны 07 дугаар сард 307013 төгрөг, 08 дугаар сард 116495 төгрөгийн цалин тус тус бичигдсэн байх боловч энэ нь тухайн ажлын байранд ажилласан хоногт авсан цалин гэж үзэх боломжгүй байна. Харин 2016 оны 04 дүгээр сард 427.149 төгрөг, 05 дугаар сард 385.670 төгрөг, 06 дугаар сард 446.565 төгрөг авч байсан байх тул сүүлийн 3 сарын цалин нь 1.259.348 төгрөг : нэг сард 419.794 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 19.524 төгрөг байна. Д.О нь ажилгүй байсан хугацаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 71 хоногийн цалин 1.386.204 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртлэх цалин нийт 1.348.748 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх тул хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хилийн 0257 дугаар ангиас 1.348.748 /нэг сая гурван зуун дөчин найман мянга долоон зуун дөчин найм/ төгрөг гаргуулж Д.От олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36.536 /гучин зургаан мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хилийн 0257 дугаар ангиас 36.536 /гучин зургаан мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Д.От олгох дээрх олговроос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Х үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Г.ДАВААХҮҮ