Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2018/00921

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2018/00921

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  “К Б” ХХК,

 

Хариуцагч: “Н.Ө” ХХК-нд холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,297,651.66 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагч “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч “Н.Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Аминий бие “Н.Ө” ХХК-д 1979 оноос 2015 оныг дуустал засал чимэглэлчингээс бригадын дарга хүртэл 36 жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Намайг тус компанид ажиллаж байх хугацаанд буюу 2014 онд "“Н.Ө” ХХК-ний ерөнхий захирал Б.Ганзориг нь орон сууцанд орох хүсэл сонирхолтой компанийхаа нэр бүхий 4 ажилчдад "...компанийн барьсан орон сууцыг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах, зээлийг 100 хувиар бүтээж гаргаад өгөх, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд орохоор 8%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгөх гэсэн санал тавьсан.

Компанийн энэхүү саналыг миний бие зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 23-нд ”Н.Ө” ХХК-ийн барьж байсан Өргөө хотхоны Б блокт 37.33 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг 82,126,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан. Ингээд 2014 оны 05 сарын 07-ны өдөр “Н.Ө” ХХК, “К Б” ХХКбидний хооронд орон сууцны 82,126,000 төгрөгийн /наян хоёр сая нэг зуун хорин зургаан мянган/ 100%-ийн 52 тоот Орон сууцны санхүүжилтийн гэрээ, 2014 оны 04 сарын 23-ны өдөр “Н.Ө” ХХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Өргөө хотхон Б блокт 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Зээлийн гэрээ байгуулах үед барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгын ажил 95 хувьтай явагдаж байсан. Өргөө хотхоны барилгыг 2015 оны 05 сард Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарч улсын комиссын ашиглалтад орсон. Гэвч барилга ашиглалтад орж миний бие захиалсан байрандаа орох гэтэл барилгын ажлыг гүйцэтгэгч компани нь Захиалагч нарын бүртгэлд таны нэр байхгүй байна гээд намайг захиалсан байранд минь оруулаагүй. Харин миний бие “Н.Ө” ХХК, “К Б” ХХК-тай байгуулсан №52 тоот "Орон сууцны санхүүжилтийн гэрээ болон “Н.Ө” ХХК-тай байгуулсан

Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нийхээ дагуу Капитал банкинд 2014 оны 06 сарын 04-ний өдрөөс 2016 он хүртэл 2 жил гаруй хугацаанд cap бүр 1,380,000 /нэг сая гурван зуун наян мянган/ төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Миний бие захиалсан байрандаа орох гэж их хөөцөлдсөн боловч хамт захиалсан “Н.Ө” ХХК-ийн ажилчдаас ганцаараа байрандаа орж чадаагүй үлдсэн. Иймээс 2016 оны 03 сараас хойш байрандаа орж чадаагүй учир зээлийн эргэн төлөлт хийхээ больсон.

Ингээд 2016 оны сүүлээр “К Б” ХХКнаас зээлийн эдийн засагч нь намайг дуудаж уулзсан бөгөөд надад "...Та төлөөгүй байгаа хугацааныхаа мөнгийг төлөөд байраа ав. Бид таньд байрыг чинъ авч өгье гэсэн банкны энэхүү саналыг би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь захиалсан байрандаа хугацаандаа ороогүй, 2 жил гаруй хугацаанд илүү төлөлт хийж, зах зээлийн ижил төрлийн орон сууцнаас хэт өндөр үнэ төлж орон сууцыг худалдан авах нь надад хохиролтой байсан тул би 2016 оны сүүлээр гэрээг цуцалж, өгөх мөнгөө буцаан авах хүсэлтээ банкинд гаргасан. Банк "Бид хурлаараа таны гэрээг дуусгавар болгоно. Харин та төлсөн мөнгөө буцаан авах боломжгүй, “Н Ө" ХК-иас мөнгөө олж ав гэсэн хариу өгсөн. Ийнхүү өнөөдрийг хүртэл миний бие эдгээр компаниас 2 жил гаруй хугацаанд төлсөн мөнгөө буцаан гаргуулан авч чадаагүй байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон учраас ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд “Н.Ө” ХХК, “К Б” ХХКнараас 2 жил гаруй хугацаанд төлсөн мөнгөө буцаан гаргуулан авах хүсэлтэй байх ба хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,297,651.66 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ”К Б” ХХКшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ань “Н.Ө” ХХКболон “К Б” ХХК-д холбогдуулан Орон сууцны санхүүжилтийн гэрээ, Орон сууц захиалагчтай хийх хөренгө оруулалтын гэрээ-ний үүрэгт төлсөн гэх 15,297,651.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд “К Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Ань “К Б” ХХК тай 2014 оны 05 дугаар сарын 07-ний өдер 54 тоот Зээлийн гэрээг байгуулж 82,126,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлдэгч Н.Ань өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,030,131 төгрөг, зээлийн хүүнд 14,266,434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1086 төгрөг, нийт 15 297 651 төгрөг төлсөн.

Гэтэл “К Б” ХХК нь тус орон сууцны гүйцэтгэгч компани биш бөгөөд дээр дурдсан 2 гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Аээс ямар нэгэн төлбөр авч байгаагүй харин тухайн орон сууц худалдан авахад нь зориулж зээл олгосон байдаг. Нэхэмжлэгч Н.Аээс “К Б” ХХК инд зөвхөн зээлийн төлбөрийг төлж байсан байдаг бөгөөд хэрэв нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг тухайн орон сууцандаа орж чадаагүй гэдэг үндэслэлээр буцаан нэхэмжилж байгаа бол энэ нь үндэслэлгүй юм. Учир нь “К Б” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид тус орон сууцыг худалдан авахад нь зориулж зээл олгох үүрэг хүлээсэн болохоос биш тухайн орон сууцыг нэхэмжлэгч авч чадаагүй гэдэг асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй. Тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж аваагүйгээс үүдэн гарсан хохирлыг нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компани буюу захиалгын гэрээ хийсэн “Н.Ө” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд тус нэхэмжлэлийн Капитал банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгне үү. гэжээ.

 

Хариуцагч “Н.Ө” ХХКнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Н.Ө” ХХК-нд засал чимэглэлийн бригадын даргаар ажиллаж байсан Н.Ань тус компанийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Өргөө хотхон орон сууцны барилгын Б блок-д 37 м.кв 1 өрөө байранд захиалга өгч улмаар “Н.Ө” ХХКболон Капитал банктай хамтран 2014 оны 5 дугаар сарын 7-нд 8 хувийн зээлд хамрагдахаар болсон билээ. Манай компани нь 2014 оны 11 сарын 18-нд өргөө хотхоны Б болон С блок гараажийн газрын хамт Капитал банкинд зээлийн гүйцэтгэлд тооцон шилжүүлж өгсөн.

Капитал банк дээрх барилгын Б болон С блокийг өөрсдийн нэр дээр авахдаа иргэн Б овогтой Б, иргэн Г овогтой М, К ХХК-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан тул 2014 оны 11 сарын 18-аас хойшхи уг барилгатай холбоотой аливаа асуудлыг “К Б” ХХК бүрэн хариуцах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ань хариуцагч “К Б” ХХК, “Н.Ө” ХХК-нд тус тус холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 15,297,651 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Н.Ө” ХХК-нд олон жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцлөөр байр захиалах эрх олгосны дагуу компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулж, ”К Б” ХХК-аас зээл авах замаар орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байрандаа орж чадаагүй. Гэсэн хэдий ч 2 жил гаруй хугацаанд орон сууц санхүүжилтийн гэрээ, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 15,297,651 төгрөгийг ”К Б” ХХК-нд төлсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч ”К Б” ХХКнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Н.Аба “К Б” ХХК-ийн хооронд 82,126,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. “К Б” ХХК нь Н.Ат орон сууц худалдах үүрэг хүлээгээгүй тул орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж аваагүй гэх үндэслэлээр манай компаниас авсан зээлийн төлбөрөө буцаан шаардаж буй нь үндэслэлгүй гэж хариу мэтгэлцэж байна.

 

Хариуцагч ”Н.Ө” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тус компани 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян зүрх дүүргийн Өргөө хотхоны Б болон С блокийн барилгуудыг бүхэлд нь ”К Б” ХХК-ийн эх компани Бишрэлт пропертиз ХХК-нд шилжүүлсэн тул тус барилгатай холбоотой асуудлыг “К Б” ХХКбүрэн хариуцна. Нэхэмжлэгч Н.Аболон “К Б” ХХКнарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Болор байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баимтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах хууль зүйн үндэслэлээр хариуцагч нарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлага бүрийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1.  Нэхэмжлэгч Н.Ань хариуцагч “Н.Ө” ХХК-нд 30 гаруй жил ажилласан бөгөөд компаниас тавьсан саналын дагуу тус компанийн захиалан бариулж байсан Баянзүрх дүүргийн 6-р хороо13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдах Өргөө хотхон орон сууцны хорооллын Б блокийн барилгын 5 давхрын 1 өрөө 37,33 м2 орон сууцыг хөнгөлөлттэй нөхцлөөр захиалан авах гэрээ байгуулсан гэжээ. Орон сууцны захиалгын гэрээг талууд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан байна. /хх-ийн 36, 37 дугаар тал/

 

Хариуцагч ”К Б” ХХКболон Н.Анар нь тухайн үед ”Н.Ө” ХХК-ийг тус компанийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болор (компанийн ерөнхий захирал Б.Ганзоригийн төрсөн охин болох үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байгаа) төлөөлөн гэрээ байгуулж байсан үйл баримтын талаар маргахгүй байх бол ”Н.Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О уг захиалгын гэрээг ”Н.Ө” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэх үндэслэлийг шүүх хуралдааны үед анх удаа тайлбарлан мэтгэлцэж байна. Шүүх тус тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

 

Нэгдүгээрт, тус гэрээнд Б.Г гэх тайлал бүхий гарын үсэг зурагдсан байхын зэрэгцээ уг гарын үсгийг Б.Гийн гарын үсэг биш болохыг нотолсон аливаа баримт хэрэгт авагдаагүй, арилжааны банк, бусад байгууллагуудад хүргүүлсэн албан бичигт зурсан байгаа Б.Гийн гэх гарын үсгээс гэрээнд зурсан гарын үсэг бичилтийн хувьд өөр байгаа нь уг гарын үсэг Б.Гийнх биш гэж үзэх хангалттай нотлох баримт болохгүй.

Хоёрдугаарт, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол уг нөхцөл байдлыг эс зөвшөөрч, тухайн гэрээгээр үүрэг хүлээгээгүй болохоо ”Н.Ө” ХХКхэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө илэрхийлж байгаагүй, харин ч түүнд байр шилжүүлэх үүрэгтэй байсан болохоо хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг компанийн захирал Б.Ганзориг бичгээр гаргаж байсан /хх-ийн 136 дугаар тал/. Энэ нь “Н.Ө” ХХКболон Н.Анарын хооронд орон сууц захиалгын гэрээг байгуулсныг болон тус гэрээн дэх гарын үсэг өөрийнх нь мөн болохыг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Гуравдугаарт, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ. Хэрэв Б.Г дээрх гэрээнд гарын үсэг зурсан компанийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болорт төлөөлөх бүрэн эрх байгаагүй гэж үзэж байсан бол энэ тухай татгалзлаа хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө гаргаж байгаагүй нь энэ өдрийн шүүх хуралдаан хүртэл хэлцлээ дэмжин зөвшөөрч байсан гэж ойлгогдохоор байна.

Эдгээр үндэслэлүүдээр Б.Г болон Г.Б нарын гарын үсэг бүхий “Н.Ө” ХХК, нэхэмжлэгч Н.Анарын хооронд 2014 оны 04 дүгээр сарыцн 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

2.  Нэг талаас ”К Б” ХХК, нөгөө талаас Н.Анарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 54 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх ба тус зээлийн гэрээгээр 82,126,000 төгрөгийг нэг сарын 1.6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, гэрээний 3.9-д заасны дагуу гэрээнд заасан мөнгөн дүнг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгчийн “К Б” ХХК дахь 2099006420 тоот дансанд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 174 дүгээр тал/

Мөн өдрөө буюу 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Н.Аийн 2099006420 тоот данснаас Г.Бын 2000025421 тоот дансруу 81,724,500 төгрөгийг орон сууцны төлбөр гэх утгаар шилжүүлсэн байна /хх-ийн 243 дугаар тал/. Хэдийгээр уг данс нь Г.Бын данс гэх боловч гэрээний нөгөө тал “Н.Ө” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд орон сууцны үнийн үнэмлэхүй ихэнх хэсгийг зохих ёсоор төлж гэрээний үүргээ биелүүлсэн захиалагчийн үйлдлийг буруутгах боломжгүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу аливаа байгууллагын захиргаа удирдлагын газрын дарга, захирал зэрэг албан тушаалтнууд эрх бүхий албан тушаалтанд тооцогдох боломжтой.

 

3.  Маргаан бүхий орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд Н.Аийн эзэмшил, өмчлөлд өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Өргөө хотхон орон сууцны хорооллын барилгын Б блокийг “Н.Ө” ХХК-иас 2014 оны 11 дүгээр сард Капитал банкинд шилжүүлсэн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 140, 144 дүгээр талуудад нэг талаас ”Н.Ө” ХХК, нөгөө талаас Б.Б нар байгуулсан бэлэглэлийн гэрээ авагджээ.

 

Хариуцагч ”Н.Ө” ХХКнь иргэн Б.Быг ”К Б” ХХК-ийн эх компани “Б П” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэж маргаан бүхий орон сууцыг дутуу гүйцэтгэлтэй барилга байх үед нь бүхлээр нь тус компанид шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Харин Капитал банкны төлөөлөгч тус банкны эх компани нь Бишрэлт пропертиз ХХК болохыг зөвшөөрч байх боловч барилгыг энэ компани Б.Баар дамжуулан шилжүүлж авахдаа Н.Аийн захиалга өгсөн орон сууцыг бусад 4 орон сууцны хамт “Н.Ө” ХХК-нд үлдээсэн хэмээн тайлбарлаж байна.

 

Зохигчдын үндэслэл болгон тайлбарлаж буй бэлэглэлийн гэрээ хавтаст хэргийн 140, 144 дүгээр талуудад тус тус авагдсан байх ба гэрээний зүйлийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 650,5 м2, 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, БЗД 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 652,76 м2, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга гэж тус тус тодорхойлжээ.

 

Дээрх үйл баримтуудаар “Н.Ө” ХХКнь тухайн үед захиалагчаар ажиллаж байсан дутуу гүйцэтгэлтэй орон сууцны хорооллуудаа бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт өөрийн бизнесийн үйл ажиллагаатайгаа холбоотойгоор гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд дээр дурдсан 20 болон 30 хувийн гүйцэтгэл бүхий барилгад Өргөө хотхоны Б блок хамаарсан болох талаар зохигчид маргахгүй байна. Нэхэмжлэгч Н.Ань энэхүү Б блокод 37,33 м2 орон сууц ирээдүйд өмчлөхөөр захиалга өгсөн байжээ.

 

Хариуцагч “Н.Ө” ХХКнь захиалга өгсөн үүрэг гүйцэтгүүлэгч нарын зөвшөөрлийг авалгүйгээр тэдгээрийн ирээдүйд шаардах эрхэд хамаарах, хүчин төгөлдөр гэрээний зүйл болох орон сууцны талаар хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иргэний эрх зүйд шаардах эрхээ бусдад шилжүүлж буй бол үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэх, ингэснээр үүрэг гүйцэтгэгч шинэ үүрэг гүйцэтгэгчид үүргээ хүлээлгэж өгөх, харин үүрэг шилжиж буй бол шаардах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч үүргээ шилжүүлэх үндсэн дүрэм үйлчилдэг. Иймд дээрх зүйл заалтын дагуу шаардах эрх эзэмшигч буюу орон сууцыг бэлэн болмогц өөрийн өмчлөлд шилжүүлэх эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Н.Атэй тохиролцох замаар тэдгээрийн өмнө гүйцэтгэх үүргээ Б.Б, эсхүл түүний төлөөлсөн хуулийн этгээдэд шилжүүлэх боломжтой болно. Иймд дутуу гүйцэтгэл бүхий орон сууцны барилгыг бусдад шилжүүлэхдээ тус барилгын талаар ирээдүйд шаардлага гаргах эрх бүхий этгээдүүдтэй тохиролцох журмыг зөрчсөн үйлдэлд “Н.Ө” ХХК-ийг гэм буруутай гэж үзэх үндэстэй байна.

 

4.  Нэхэмжлэгч Н.Ань “К Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг 29 сарын хугацаанд зохих ёсоор биелүүлж явсан боловч гэрээнд заасан хугацааны дотор өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас орон сууцны барилгыг өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж “К Б” ХХКнь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авах гэрээ байгуулах замаар нэхэмжлэгч Н.Атэй байгуулсан зээлийн гэрээгээ дуусгавар болгосон байна. Тус гэрээнд заахдаа нэхэмжлэгчийн шаардах эрхийг 82,126,000 төгрөгийн үнийн дүнд тооцон шилжүүлэн авчээ /хх-ийн 181 дүгээр тал/.

 

Нэхэмжлэгч Н.Ань “К Б” ХХК наас авсан 82,126,000 төгрөгийн зээлийг 2014 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 29 сар ашигласан байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрт 1,030,131 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 14,266,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1086 төгрөг, нийт 15,297,651 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбар болон хавтаст хэргийн171-173 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулга, 173 дугаар талын арын нүүрэнд “К Б” ХХК-ийн ажилтны гараар бичиж тооцоолсон гэх тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч Н.Аийн шаардах эрхийг 82,126,000 төгрөгөөр тооцон авсан атлаа зээлийн үндсэн төлбөрт түүний нэгэнт төлсөн 1,030,131 төгрөгийг түүний төлөх ёстой дүнгээс хасаж тооцоогүй нь хууль бус болжээ.

Иймд “К Б” ХХК-иас ийнхүү илүү авсан 1,030,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ат олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1д заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

5.  Харин “Н.Ө” ХХКнь нэхэмжлэгч Н.Аийн захиалга өгч ирээдүйд өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон орон сууцанд холбогдох үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан шаардах эрх эзэмшигчтэй тохиролцох үүргээ зөрчсөн гэм буруутай байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ань орон сууцны захиалгын гэрээнд заасан үүргийн дагуу “Н.Ө” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд 81,724,500 төгрөгийг шилжүүлж, үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн боловч түүний өмчлөлд орон сууц шилжүүлэх үүргээ гэм буруутайгаар биелүүлээгүй байна.

 

Нэгэнт орон сууцыг ирээдүйд өмчлөлдөө шилжүүлнэ гэх итгэл үнэмшилтэй байсан тул нэхэмжлэгч орон сууц худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж зээлийн төлбөрийг тогтмол хугацаанд биелүүлж байсан нь баримтаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд “К Б” ХХК-нд төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг “Н.Ө” ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.Ат учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэстэй байна. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгэгч гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийн улмаас бий болсон хохирол мөн.

Нэхэмжлэгч Н.Ат учирсан хохирлын хэмжээг банкинд төлсөн үндсэн хүүгийн төлбөр 14,266,433 төгрөгөөр тооцохдоо түүний орон сууцны үнийг компанийн эрх бүхий албан тушаалтанд төлөхдөө дутуу шилжүүлсэн дүн болох 402,000 /82,126,000-81,724,500/ төгрөгийг хасаж тооцох нь зүйтэйУчир нь тэрээр шаардах эрхээ “К Б” ХХК инд орон сууцны захиалга өгсөн бүтэн үнийн дүн болох 82,126,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч “Н.Ө” ХХКнь нэхэмжлэгч Н.Ат захиалгын гэрээний дагуу хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 13,864,433 төгрөгийг төлөх хууль зүйн үндэстэй байна.

 

Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, үйл баримтад суурилан хариуцагч “К Б” ХХК-аас 1,030,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 14,267,520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч “Н.Ө” ХХК-аас 13,864,433 төгрөгийг гаргуулж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1,433,218 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К Б” ХХК-аас 28,300 /29,273-972.95/[1] төгрөгийг, хариуцагч “Н.Ө” ХХК-аас 219,399 /227,272-7872төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д тус тус олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч “К Б” ХХК-аас 1,030,131 төгрөгийг, хариуцагч “Н.Ө” ХХК-аас 13,864,433 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 403,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К Б” ХХК-аас 28,300 төгрөгийг, хариуцагч “Н.Ө” ХХК-иас 219,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д тус тус олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн хэмжээ 247,000 төгрөг байх тул тус дүнд тохируулан хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжаас гэм буруугийн байдлаар нийт 8845 төгрөгийг хувь тэнцүүлэн хасаж тооцон нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.