| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0085/Э/208/2025/0013 |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *ийн *д холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын*-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, * настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт * аймгийн * сумын *дугаар баг, *” гэх газарт оршин суух хаягтай, урьд авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт *ийн * /РД:*/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс хохирогч *гийн өмчлөлийн улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй үнээг улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь 4 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлан 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс хохирогч *гийн өмчлөлийн улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй үнээг улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь нийт 4 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлан 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Шүүгдэгч *гийн өгсөн: “...* хадланд явсан байсан. 08 дугаар сарын сүүл 09 сарын эхэн байсан байх. Надад үхрээ хараад байж бай гэж хэлээд үлдээгээд явсан. * над руу зарах үхэр байна уу гэж хэд хэдэн удаа залгаж асуусан. Би тийм юм байхгүй гэж хэлсэн. Машиныхаа араас нэг шил архи гаргаж өгсөн. Би архийг нь уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй цоохор нүүртэй үхэр, бөөр алагтай үхрийг аваад явсан байсан. Би тэр хүнтэй янз бүрийн тохиролцоо хийгээгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Хохирогч *гийн өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 10-аас 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гартал Улаанбаатар хот руу эхнэрээ эмчилгээнд авч явсан юм. Тэгээд ирээд 8 сарын 10-нд өөрөө эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хот руу явах үед манай үхэр мал бүрэн байсан. Улаанбаатар хотоос 09 сарын ихээр ирээд хадлан хийсэн. Тэр үед манай хүүхдүүд мал харж байсан. Манай хүү *ы үхэр манай үхрүүд хамт Орхонтуул сумын Хонгор овоо 3-р багийн нутаг Бичигтийн эрүү гэх газрын орчмоор бэлчээрт гардаг байсан. Манай тэр хавийн үхрүүд бэлчээр нэгтэй байдаг. Манай худ болох * /*/ манай хадлангийн үеэр манай улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй зүүн чих нь цуулбар баруун чих нь урд хойноос ухам имтэй үнээг, улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь хүнд ачуулаад зарсан байсныг саяхан мэдээд малаа бүртгэсэн чинь тухайн үхрүүд маань дутсан байсан. Тэгээд би энэ талаар * гэж нутгийн залуугаас асуухад * /*/ гэж хүн ачаад аваад явсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
2. Гэрч Д.*ийн өгсөн: “...Би 2023 оны 10 сарын сүүлээр гэртээ өвөлжөөн дээрээ байж байхад манай урдхан талд намаржиж байсан * /*/ 14 цагийн үед ирээд том хүрз аваад явсан юм. Тэгээд 2-3 хоноод хүрзээ авч ирж өгөхгүй болохоор нь хүрээ авахаар *гийн гэрт очсон чинь *гийн эхнэр * байсан бөгөөд *г хадлангийн хашаа руу явсан гэхээр нь би цай уучхаад гарч хүрзээ авах гэсэн чинь цагаан өнгийн Портерт бөөр алаг зүстэй үхэр, улаан халзан зүсмийн үхэр аччихсан *гийн гэрийн урдуур Баруунбүрэн сумын чиглэл рүү замаар явж байсан. Тэр үед * хамт харж байсан. Тухайн үед би жолоочийг нь таниагүй, тэгээд хүрзээ аваад гэртээ ирээд байж байтал */*/ манайд мотоциклтой хүрч ирээд үхэр ачсан машин явсан уу, ямар машин байсан бэ, хаашаа явж байсан машин гээд асуусан. Тэгэхээр нь би тийшээ өгсөөд явсан гэж хэлсэн. Яасан бэ гэж намайг асуухад "Манай ганц нэг тугалтай үхэр байдаггүй, ямар машин явчихав аа" гэхээр нь би "Та араас нь явах гэж байгаа юм уу хамт явах уу" гээд бид 2 араас нь хамт явсан. Замдаа * гэх хадлан хийж байсан хүнтэй таараад үхэр ачсан машин явж өнгөрөв үү гэсэн чинь явсан гэсэн. Тэгээд араас нь яваад Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг "Өл" гэх жижиг даваан дээр гараад нөгөө машин харагдахгүй байсан, тэгээд * ах мотоцикл бензингүй болчихлоо нэг мөр Баруунбүрэн сумын төв орж бензин авна гээд Баруунбүрэн сумын төв орж бензин авсан. Тэгээд * ах утсаар "Чи хаана байна" гээд яриад байсан, ямар хүнтэй яриад байгаа юм бэ гэж асуухад чи танихгүй гэсэн. Бид 2 Баруунбүрэн сумын гүүр салаад Орхонтуул явдаг зам руу орсон чинь нөгөө цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, яваад очсон чинь * гэдэг 91-ийн гармын тэнд байдаг залуу ганцаараа байсан, тэгээд *гээс цагаан портертой үхэр ачиж явсан хүн чи байсан уу гэсэн чинь тийм би байсан гэж хэлсэн, тэгэхээр нь би чи энэ үхрийг хаанаас ачаад хаана хүргэж өгсөн юм бэ гэсэн чинь голын урдаас ачаад хүнд өгчхөөд буцаж явна гэж хэлсэн. *гийн утсаар чи хаана байгаа юм гэж яриад байсан хүн нь * байсан. Утсаар яриад *гийн байгаа газар * бид 2 очсон юм...” хуудас/ гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/
3. Гэрч *гийн өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар Орхон аймгийн Жаргалант сумын нутагт сүүлийн 4 жил мал маллан амьдарч байна. 2022 оны 04 дүгээр сард сумынхаа Тамгын газарт Малжуулах төсөлд хамрагдаж тухай хүсэлтэй гаргаж байсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сард сумын ЗДТГ-аас танайд Орхонтуул сумын иргэн * гэж хүн тугалтай 2 үхэр нийт 4 тооны үхэр өгөхөөр болсон өөрөө аваачаад өгөх байх гэж хэлсэн. Тэрнээс хойш *той утсаар холбогдохоор хадлангийн ажил ихтэй байна, дүү нь сайн үхэр өгнө гэж хэд хэд яриад ерөөсөө авч ирж өгдөггүй байсан. 2023 оны 10 сарын 18-ны өдөр * өөрөө над руу утсаар яриад нөгөө үхрүүдээ Баруунбүрэн сумын төвд аваад ирлээ, би энд нь орхиод буцахгүй бол болохгүй байна гэхээр нь би * гээд дүүгээрээ Баруунбүрэн сумын төвөөс аваад наашаа дөхүүлээд өгөөч гэж гуйсан, маргааш нь манай дүү хүний машин гуйгаад улаан халзан зүсмийн цоохор нүүртэй үнээг, улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
4. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гэрч П.*ийн өгсөн: “....Би өмнө мэдүүлэг өгөхдөө худлаа хэлчихсэн юм. Яг үнэндээ 2023 оны 08 дугаар сард * гэж Орхонтуул сумын иргэнээс 2 тугалтай үхэр худалдаж авсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны орчим санагдаж байна * гээд *гийн хадам ах нь манайд ирээд 2 тугалтай үхрээ алдчихлаа хараагүй биз гэхээр би * ах 2 тугалтай үхэр надад зарсан гээд зүс, содон шинжийг нь хэлсэн чинь мөн байна, би өөрөө *той уулзана гээд явсан. *гоос авсан 4 тооны үхрээ би Орхон аймгийн Жаргалант сумын иргэнд малжуулах төслөөс авсан үхэр гэж хэлээд өгчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-p хуудас/
5. 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн гэрч П.*ийн өгсөн: “...Өөрийнхөө эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Орхонтуул сумын Бичигтийн эрүү гэх газар өвөлжөөнд 15 цагийн орчим очиход * ах гарч ирээд өвөлжөөнийхөө доохон талаас үхрүүдээ тууж ирээд "улаан халзан" зүсмийн тугалтай үхэр, бөөр алаг хөгшин үнээ тугалтай нь авахаар болоод би тэр доор нь ачаад аваад явсан. Тухайн үхрүүдийг би Булган аймгийн Хангал сумын * гэх хүнд зарахаар өмнө ярьчихсан байсан учраас тэр хүн рүүгээ яриад Баруунбүрэн сумын гүүрний наахан талд дөхүүлж өгөөд буцаад гэртээ ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-p хуудас/
6. Гэрч Б.*ийн өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар Баруунбүрэн суманд мал маллаж амьдардаг 2023 оны 10 дугаар сард гэртээ байж байсан чинь манай эхнэрийн эгч * над руу утсаар залгаад "Орхонтуул сумаас 2 тугалтай үхэр ирж байгаа гэнээ тосож аваад наашаа дөхүүлээд өгмөөр байна" гэхээр нь би "Юун үхэр юм бэ" гэсэн чинь сумаас малжуулах төслөөр өгч байгаа үхэр юм гэж хэлсэн. Удаагүй над руу нэг танихгүй дугаар залгаад үхэр авч ирлээ хаана буулгах вэ гэхээр нь гэрээ заагаад өгсөн чинь цагаан * маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу ирээд 2 тугалтай үхэр манай гадаа буулгаад явсан. Би нөгөө залуугаасаа чи үхэр өгч байгаа юм бол өөрөө тэр айлдаа аваачиж өгдөггүй юм уу гэсэн чинь Би Орхонтуул сум руу яаралтай буцахгүй бол Бирваз хаах гээд байна, танай эгчтэй яриад тохирсон юм чамд өгчих гэсэн юм гэж хэлээд яваад өгсөн. Тэр өдрийнхөө орой эгч замын унаагаар ирээд маргааш нь би нэг нутгийн хүний машиныг гуйж байгаад үхрүүдийг Орхон аймгийн Жаргалант сумын 3-р баг Хонгор морьт гэх газар эгчийнд буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
7. Гэрч * өгсөн: “...* өөрөө малжуулах төсөлд хамрагдана гэж өргөдлөө 2020 оны 05 дугаар сард гаргаж өргөдлийн дагуу 2020 оны намар 2 үнээ, 1 бяруу, 1 тугал зэрэг нийт 4 толгой үхэр шийдвэрлэж өгсөн. Малжуулах төсөл нь өөрөө 3 жилийн хугацаатай байдаг юм. Буцаад тоо толгойгоор нь өгч төл малаар нь малждаг төсөл юм. * *нд өгсөн 2 тугалтай үнээ буюу 4 тооны үхрийн хувьд би *гийнд очиж бүртгэлжүүлж авахдаа зургийг нь дарж авч байсан юм. Нэг үнээ нь мухар улаан бөөр алаг, үхэр нь улаан халзан тугалтай, дараагийн үнээ нь эрээн нүүртэй, улаан халзан үнээ нь бас улаан халзан тугалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
8. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
9. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн хөрөнгийн үнэлгээний "*” ХХК-ийн үнэлгээ тогтоосон ш*чийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-663 дугаар хуудас/
11. Шүүгдэгчийн хувийн байдлыг шалгасан талаар баримтууд /оршин суугаа газрын тодорхойлолт, сэтгэцийг эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношилгоо, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн лавлагаа, мал тэжээвэр амьтад хашаа худгийн тооллого /хх-ийн 68-84 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэм хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *г Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс хохирогч *гийн өмчлөлийн улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй үнээг, улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь 4 тооны үхрийг, бусдын олон тооны малыг хулгайлан 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно… гэж тайлбарласан ба * нь *гийн 2 тооны үхрийг тугалтай нь хулгайлж бусдад зарсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Тодруулбал өөрийн үйлдэл нь хууль бус, бусдын өмчлөлийн үхэр гэдгийг мэдсэн атлаа олон тооны үхрийг хулгайлсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйл баримт нь нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нь “...Гэрч нарын мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд * нь *д хадланд явсан хойгуур бүх үхрүүдээ сайн харж маллаж байгаарай гэж захиж явсан. * нь энэ *ы итгэлийг эвдэж итгэмжлэн хариуцуулаад явсан үхрийг *гийн 1 тооны тугалтай үхрийг завшиж бусдад өгсөн үйлдэл нотлон тогтоогдож байна. Малыг хариуцуулаад явсан байхад малыг харж хамгаалах, маллах үүргээ биелүүлээгүй. *, * нарыг байхгүй хойгуур завшсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү… гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч * нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш бөгөөд А.*, * нарын үхэртэй *гийн үхэр бэлчээр нэг, айл саахалт учир эзгүй хойгуураа үхрүүдээ харж байгаарай гэж захидаг байснаас биш итгэмжлэн хариуцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хохирогч * мэдүүлэхдээ: “...Манай улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй зүүн чих нь цуулбар, баруун чих нь урд хойноос ухам имтэй үнээг, улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь хүнд ачуулаад зарсан байсныг саяхан мэдээд малаа бүртгэсэн чинь тухайн үхрүүд маань дутсан байсан... тухайн үхрүүд над дээр тоологддог миний үхрүүд юм” гэж /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Д.* мэдүүлэхдээ “...Портерт бөөр алаг зүстэй үхэр, улаан халзан зүсмийн үхэр аччихсан *гийн гэрийн урдуур Баруунбүрэн сумын чиглэл рүү замаар явж байсан... Би тухайн 2 үхрийг ачиж явсан талаар * ахын хүүхэд * ахад хэлсэн юм. Тэгтэл * ах манай 2 тугалтай үхэр алга болоод удаж байна... гэж хэлсэн. Тэгээд надад алга болсон хоёр үхрийнхээ зүсийг хэлсэн. Тэр хэлсэн зүс нь *гийн ачиж явсан үхрүүдийн зүстэй таарч байсан юм... ” гэж /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч П.* нь мэдүүлэхдээ: “...* гээд *гийн хадам ах нь манайд ирээд 2 тугалтай үхрээ алдчихлаа хараагүй биз гэхээр би * ах 2 тугалтай үхэр надад зарсан гээд зүс, содон шинжийг нь хэлсэн чинь мөн байна, би өөрөө *той уулзана гээд явсан...” гэж /хх-ийн 35-р хуудас/ тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдыг малыг хулгайлж, бусдад зарж борлуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийж шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авсан ба гэрч *, Б.* нар нь “хулгайд алдсан хоёр тугалтай үхрийн бөөр алаг үхэр нь *ийн өмчлөлийн үхэр юм” гэж мэдүүлж байх бөгөөд гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хохирогч гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа учир тухайн гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж дүгнэх боломжгүй байна.
Хохирогч * нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж “улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй зүүн чих нь цуулбар, баруун чих нь урд хойноос ухам имтэй үнээ, улаан халзан зүсмийн охин тугалтай, бөөр алаг зүсмийн үхэр тугалтайгаа алга болсон... Тухайн үхрүүд над дээр тоологддог миний үхрүүд юм.... гэх мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *г бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн * тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
“*” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ш*чийн дүгнэлт … үхэр 2 толгой, тугал 2 толгой...” “...дээрх 4 тооны үхрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 3.200.000 төгрөг гэж тогтоосон байна.
Хохирогч * мөрдөн шалгах ажиллагааны явцад “...* миний бие өөрийн гаргасан өргөдлийн дагуу *гоос төлбөр хохирлоо барагдуулсан тул гомдолгүй гэдгээ нотолж байна...” гэх хүсэлтийг гаргасан /хавтаст хэргийн 123-р хуудас/ мөн шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Гурав. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *г бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч *д эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч *г бусдын олон тооны үхрийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна....” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...Хохирогч нь 2 тооны малыг буцааж авсан талаар баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч * нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байна. Гэмт хэрэгт үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд ш*ч эмчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж гарсан боловч төрлөхийн оюун ухааны хөнгөн хомсдолтой байдал нь тогтоогдож байгаа. Тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал нь өөрийнхөө малтай андуураад өгсөн байх магадлалтай. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хуульд зааснаас хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Миний хүүгийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Тэр бөөр алаг үхэр манай үхэр нь үнэн юм шүү...” гэв.
Шүүдэгч шүүх хуралдаанд өгсөн эцсийн мэдүүлэгтээ: “...Хэлэх зүйлгүй...” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заажээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 665 дугаартай
-* нь урьд өмнө Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна,
-* нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна,
-* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлан, удирдан жолоодох чадвартай байсан байна,
-* нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон асуудлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, * нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... ” гэх дүгнэлтээр шүүгдэгч * нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч * нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 65 хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлбөрөө барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч *гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *ийн *г 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овогт *ийн *г бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *д 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардсан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН