Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *,

Шүүгдэгч *

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *гийн *т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр *аймагт төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, * аймгийн * сумын *-р баг, * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  Сум дундын 21-р шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,  *гийн * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний 12 цаг 05 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хаан Банкны урд замд дээр Хьюндай Портер-2 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зочигч *г мөргөж түүний биед ахар сүүл ясны хугарал, зүүн дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний 12 цаг 05 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хаан Банкны урд зам дээр Хьюндай Портер-2 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг ээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зочигч насанд хүрээгүй хүүхэд болох *г мөргөж түүний биед ахар сүүл ясны хугарал, зүүн дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч * “Би мэдүүлэг өгөхгүй” гэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай хүүхэд өглөө босоод сургууль руугаа  явсан. Би хороолол руу явсан байсан. Ангийн багш нь над руу утсаар залгаад танай хүүхэд осолд орчихлоо гэж хэлсэн. Би яваад очиход манай хүүхэд зам дээр хэвтэж байсан. Энэ * хажууд нь зогсож байсан. Хүүхэд ухаантай байсан. Эмнэлэг дээр очиход анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед энэ хүн надтай огт харьцаагүй. Би орой нь энэ хүний эхнэрийн утсыг олоод ярьсан. Эхнэр нь сургуулийн захирал болохоор утасны дугаарыг нь хайж байгаад олсон. Тэгээд эхнэртэй нь яриад болсон байдлын талаар хэлсэн. Тэгтэл эхнэр нь “манай хүн тийм юм мэдэхгүй, бага зэрэг тархины сааталтай” гэж хэлсэн. Би сургууль дээр очиж эхнэртэй нь уулзсан. Эхнэр нь одоо хүртэл би энэ талаар мэдээгүй явна. Манай хүн энэ талаар надад хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш орой намайг хоёулаа уулзъя гэж дуудсан. Би хүүхдээ дагуулаад Дархан явж бүх биеийг нь үзүүлсэн. Тухайн үед гарсан зардлыг эдний эхнэр гаргасан. Хоёр хоногийн дараа эхнэр нь надтай хамт явж хүүхдийн биеийг үзүүлсэн. Ер нь *ын өмнөөс эхнэр нь л яваад байсан. Энэ хүн надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эхнэр нь л өмнөөс нь яваад, яриад байсан. Манай хүн ярих чадваргүй,  хэцүү ш дээ гэж ярьж байсан. Зүүн хараад эмнэлэгт хэвтэхэд 500,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Том хүүхэд нь унаа тэрэг гаргаад өөрөө аваачиж өгсөн. Над руу 2 удаа залгасан байсан. Би тухайн үед нь хараагүй. Тэр үед * над руу утсаар залгасан юм шиг байна. Тэрнээс хойш над руу залгаагүй... ” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

                 1. Насанд хүрээгүй хохирогч *гийн өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Сургууль руугаа орчхоод гэртээ харих гээд зам гартал портер машин ирээд мөргөчихсөн. Тухайн үед би явган хүний гарцаар гарч явсан юм. Тэгээд намайг зам дээр хэвтэж байтал танихгүй хүн эмнэлэг дуудаад тэгээд би эмнэлэг явсан. Миний баруун талаас буюу Сайхан сумын гэрлэн дохио уруудаад машин ирж явсан. Зам гарахад зай боломжтой байсан тул би гарцаар зам гарсан. Тэр хэсэгт хурд сааруулагч байхгүй байсан. Намайг мөргөснийхөө дараа нэлээд байж байгаад бууж ирсэн. Надтай юм ярихгүй, зүгээр үү гэж асуухгүй байсан... Миний ахар сүүл, толгой, зүүн талын тохой хэсэгт гэмтэл учирсан. Би унтаж амрахдаа тайван бус болсон. Юм тогтоохдоо тааруу болчхоод байгаа. Гурван сарын дараа ахин эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

                 2. Гэрч *гийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *нд * ажил эрхэлдэг. Тухайн өдөр буюу 08 дугаар сарын 29-ний өдөр би цайндаа гарах гээд ажлаасаа гараад явж байтал манай ажлын урд зам дээр цэнхэр өнгийн портер машин замын цаад талаас ирж байсан хүүхдийг мөргөчихсөн. Хүн орилоод юм дугарахаар нь хартал хүн мөргүүлсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Хүн орилох болон тормоз гишгээд зам дээр гарсан чимээгээр эргээд харсан чинь хүүхэд мөргүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

            3. Сэжигтэн *ын өгсөн: ...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим гэр хорооллоос гэр лүү машин тавихаар явж байсан юм. Ингээд Хаан банк, Хас банкны урд гэрлэн дохиогоор баруун эргээд явж байтал гэнэт юм мөргөчих шиг болсон. Би тухайн үедээ анзаараагүй бөгөөд буугаад харах үед эмэгтэй хүүхэд зам дээр хэвтэж байсан. Түргэн дуудах гэтэл ээжийг дууд гэсэн.  Би өөрөө эмнэлэг хүргэх гэтэл хөдөлгөж болохгүй гээд хөдөлгөөгүй. Тэгээд эмч ирээд аваад явах болсон.  Дархан явсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/   

 

            4. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаартай

            -*гийн ахар сүүл ясны хугарал, зүүн дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,

            -Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

 

            5. Мөрдөгчийн насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид  “Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл”-ийн хүснэгт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38 хуудас/

 

            6. “...* овогтой * /РД:*/ иргэний үнэмлэхийн хуулбар дээр 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн байна. /регистрийн дугаар рд */ Насанд хүрээгүй хохирогч * нь хэрэг болох үед буюу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 нас 03 сар 26 хоногтой байсан байна...” гэх нас тоолсон тэмдэглэл. /хх-ийн 34-р хуудас/

 

                        7. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн * гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

            8. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

            9. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

            10. Яллагдагч *ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 58-67 дугаар хуудас/,

            11. Насанд хүрээгүй хохирогч *гоос гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 68 дугаар хуудас/,

            12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

            13. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч * нь: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэлэх зүйл байхгүй...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг зөрчиж, анхаарал болгоомжгүй явсан, явган зорчигч гарцаар гарч байгааг хараагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч *г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

*ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн

тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч *гийн биед хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээний зардалд хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн бодит хохирол 324,150  төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн 68 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч * нь насанд хүрээгүй хохирогч *д эмчилгээний төлбөрт 500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 70 дугаар хуудас/

 

Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-д зааснаар насанд хүрээгүй хохирогч * нь мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 37 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * насанд хүрээгүй хохирогч *гийн сэтгэцэд учирсан хохирлыг дээрх хүснэгтэд зааснаар нэхэмжилсэн ба мөнгөн дүнгээр тодорхойлж хэлээгүй бөгөөд “хүүхдийн сэтгэл санааны байдал гайгүй, хөнгөн байгаа” гэж мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч * “...Би сэтгэцэд учирсан гэм хорыг одоо төлөх боломж байхгүй, яваандаа төлөх байх...” гэж мэдүүлсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасны дагуу Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын 3 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч *аас гаргуулж /660,000x13=8,580,000/ насанд хүрээгүй хохирогч *д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /3 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр хохирол гаргуулсан нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санааны байдлыг харгалзан үзсэн болно. Хууль ёсны төлөөлөгч насанд хүрээгүй хохирогчийг сэтгэл санааны байдал гайгүй хөнгөн байгаа гэсэн болно./

  Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч * 2024 оны 08 дугаар сарын 29-ний 12 цаг 05 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хаан Банкны урд замд Хьюндай Портер-2 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *г мөргөж түүний биед ахар сүүл ясны хугарал, зүүн дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас *гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эмчилгээний зардалд 824,150 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирол төлбөрийг төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан 30,000 төгрөгийг хэн өгсөн гэдэг нь тодорхойгүй байх тул хохирлын төлбөрт тооцох үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна. Хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохирол даатгалын сангаас гарсан байх боловч 242,004 төгрөг гарсан. Шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн гэж бодож байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг оруулж байна. Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргах саналыг оруулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй болно...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо /эмчилгээний болон шатахууны/ төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт дагалдаж ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч *гийн * /РД:*/-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.

3. Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэгт 324,150 төгрөгийн эмчилгээний болон шатахууны зардлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохиролд 500,000 төгрөгийг төлсөн бөгөөд эмчилгээтэй холбоотой гаргуулах хохиролгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч *д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт дагалдаж ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН