| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2025-01-03 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *ад холбогдох * дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, * аймгийн * сум, *дугаар баг * гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.
-2007 оны 08 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 4 сар 5 хоног баривчлах ялаар,
- 2011 оны 05 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил хорих ялаар,
- 2013 оны 06 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- 2015 оны 12 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- 2018 оны 06 сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- 2021 оны 05 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, *ын * РД/*/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 18-аас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутаг дэвсгэр, “Хушаат уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүй хуш модны самар түүж бэлтгэсэн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Жимстэй хорооллын уулзвар гэх газарт *улсын дугаартай Тоёота аллион загварын тээврийн хэрэгслээр 2 шуудай буюу 52.6 кг хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*н өгсөн: “...Байгаль орчны сайдан тушаалаар жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуш модны самрыг түүж бэлтгэнэ гэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын журам байгаа. Зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд самар зөвшөөрөлгүй түүх, бэлтгэх, тээвэрлэх нь хууль бус гэмт хэрэгт тооцогддог юм. Хорио тавигдсан тохиолдолд Сум дундын ойн ангид иргэн хүсэлд гаргаж хандаад байгалийн ургамал ашиглах зөвшөөрлийг авч ууланд гарч самар түүж бэлтгэж болно. Ингэхдээ иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50 кг цайруулсан самар түүх эрхтэй. Аж ахуйн нэгж үйлдвэрийн зориулалтаар бэлтгэх тохиолдолд засаг даргатай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр бэлтгэнэ. Тээвэрлэхдээ мөн гарал үүслийн гэрчилгээний дагуу тээвэрлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
2. 2024 оны 08 сарын 20-ны өдрийн * ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...Иргэн * /эр, * настай/ нь “2 шуудай цайруулсан самар тээвэрлэж явсан" гэх хэрэгт 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн, ашиглалтын хугацаа дууссан "Тоёота Аллион" маркийн *улсын дугаартай * өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.
Үнэлгээнд хамрагдсан дээрхи автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 24 оны 08 дугаар сарын 23-ны байдлаар 4200000=00 (Дөрвөн сая хоёр зуун мянган) төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
3. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлтэд:
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багт оршин суух хаягтай * нь дагалдах тодорхойлолт, гарал үүслийн гэрчилгээгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед тээвэрлэж явсан "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр болох самрыг хэмжихэд нийт 52.6 кг /цэвэр жингээр тооцоход/ бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна.
- Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана.
- Хуш модны самар буюу идээг ямар арга хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна.
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн үнэлгээ нь 1 кг/нойтон жин/ тутамд 98.900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 52.6 кг Сибирь хуш модны самар нь 5.202.140 төгрөг болж байна.
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалд Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ гэж заасан байна.
- Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг.
- Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон, тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг.
- Хушны самрыг "Хүнсний барааны агуулах. Техникийн шаардлага MNS 5364:2004" стандартын шаардлага хангасан, 70% иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с - дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 20-3,0 см өндөр дээр нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 метрээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/
4. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн * дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай актад:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 5.202.140х5=26.010.700 төгрөг болов.
- * аймгийн * сумын *-р багийн иргэн * нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 26,010,700 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч *... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/
5. 2024 оны 08 сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
6. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Тээврийн хэрэгсэл, самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,
7. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-15-р хуудас/,
8. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 64-67-р хуудас/,
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 18-аас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутаг дэвсгэр, “Хушаат уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүй хуш модны самар түүж бэлтгэсэн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Жимстэй хорооллын уулзварт *улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгслээр 2 шуудай буюу 52.6 кг хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*н мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон” дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн * дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай акт, 2024 оны 08 сарын 20-ны өдрийн * ХХК-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэл болон самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *ыг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд “Байгалын ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч *ын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4-т “ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг” гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг.
Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь Оны үр, идээ/-г ховор ургамалд хамааруулсан байна.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно… гэж заасан ба шүүгдэгч нь “самрыг идэх зорилгоор түүсэн боловч ахиу түүсэн болохоор зарж борлуулаад мөнгө болгох зорилготой явж байгаад баригдсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд самрыг худалдан борлуулж, орлого олох зорилготой байсан байна. Иймд шүүгдэгчийг хуульд зааснаас өөр зорилгоор самар түүж, бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүснийг ойлгох ба шүүгдэгч нь эрх бүхий байгууллагаас самар түүх зөвшөөрлийг аваагүй бөгөөд самрыг түүж бэлтгэн өөрийн эзэмшлийн *улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан нь түүний мэдүүлгээр тогтоогддог.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч * нь: “...Хохирлоо барагдуулж дуусгана. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ыг 2024 оны 08 дугаар сарын 18-аас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Хушаат уул гэх газраас зохих зөвшөөрөлгүй хуш модны самар түүж, бэлтгэсэн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Жимстэй хорооллын уулзвар гэх газарт *улсын дугаартай Тоёота аллион загварын тээврийн хэрэгслээр 2 шуудай буюу 52.6 кг хуш модны самар тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.
2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэд “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн үнэлгээ нь 1 кг/нойтон жин/ тутамд 98.900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 52.6 кг Сибирь хуш модны самар нь 5.202.140 төгрөг болж байна...” гэх экологи эдийн засгийн үнэлгээ гаргажээ.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 01-29-02/279/06 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай актад:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 5.202.140х5=26.010.700 төгрөгөөр акт тогтоосон байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй тул энэ актын дагуу хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч * нь байгаль экологид учруулсан хохирол 26,010,700 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 25,010,700 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно… гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”,
Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” …гэж тус тус заасны дагуу *ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хураан авсан хөрөнгө орлого буюу тээврийн хэрэгслийг худалдан борлуулан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/158 дугаартай захирамжаар шүүгдэгч *ын түүж бэлтгэсэн, эд мөрийн баримтаар хураагдсан 52.6 кг хуш модны самрыг стандартад нийцсэн хадгалах газаргүй гэх шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын орон тооны бус зөвлөлд худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд байршуулахаар шилжүүлсэн байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан 52.6 кг хуш модны самар нь хэргийг шийдвэрлэх хугацаанд хөгцөрч муудсан тул Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комисс устгалд оруулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч * нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч Н.Бадам эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг гарга байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самрыг устгасан. Өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө бодитойгоор илэрхийлж 1,000,000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн 25,000,000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж дүгнэж байгаа. Хохирол төлбөр төлөх тухайд хаан банкны дансны хуулга, хавтаст хэргийн 156 дугаар хуудаст байгаа малын А дансны хуулгаар 274 тооны малтай, 50 гаруй тооны бог бусад нь бод мал байгаа тул төлөгдөх боломжтой байдал нь харагдаж байгаа. Өөрийн өмчлөлийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний газар 4,200,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар машины хураагдаж борлуулсны орлого нь хохирол төлөхөд зарцуулагдах хууль зүйн үндэслэл байгаа учраас хохирол бодитой төлөгдөх боломжтой гэж харж байгаа учир хорих ял онуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэвэл биеийн байцаалт дээрээ Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт мал маллаж амьдардаг гэдгээ тодорхой хэлсэн. Тухайн бүс нутаг нь сүлжээ байхгүй. Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй нарны зайгаар цахилгаан эрчим хүч авдаг, уулан дээр гарч сүлжээтэй болдог гэж байгаа нь зорчих эрхийг хязгаарлах ял биелэгдэх боломжгүй байх магадлалтай юм гэж үзэж байна. Тодорхой хэмжээний сүлжээ, дататай газар бугуйвч нь ажилладаг. Малчин хүн малаа хайгаад хаана л бол малаа хайгаад явна. Малаа хайхдаа сүлжээнээс гарах, тойргоос гарах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд *ын хувьд болон түүнд хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэлийн албаны хүмүүст гарах учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Би гэм буруугаа хүлээж байгаа, үлдэж байгаа хохирлыг төлнө, тэнсэж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагын биелэгдэх шинжтэй уялдуулсан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй… гэж заасан байх ба хэдийгээр шүүгдэгч нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй боловч хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, энэ ял нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж дуусгавар болсон болох нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн * дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нотлогдож байна. Шүүгдэгчид хуулиар хязгаарлалт тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч өмнө нь олон удаагийн шийтгэлтэй гэдэг байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй байна.
Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *ын * РД/*/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *аас 25,010,700 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар *ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хураан авсан хөрөнгө орлого буюу тээврийн хэрэгслийг худалдан борлуулан байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан 52.6 кг хуш модны самар хөгцөрч муудсан байх тул Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн устгалын комисс устгалд оруулсан болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН