Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч * /цахим/,

Хохирогч * /цахим/,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, * аймгийн * ресторанд менежерийн ажилтай , ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, * аймгийн * *д оршин суух, урьд авсан ял шийтгэлгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй, *ын * /РД:*/.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальт засмал замын 44-45 дахь тэмдэгт газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота приус-20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас *ын биед баруун хацар болон хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хэвлийн зүүн хажуу ар хананд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Шүүх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *: “Би мэдүүлэг өгөхгүй” гэсэн болно.

Хохирогч *ын өгсөн: “...Болсон үйл явдлын талаар ярихгүй. 08 сарын 25-ны өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн. Одоо ажил хөдөлмөрөө хийгээд хэвийн байдалдаа орсон.   * миний 10 жилийн найз миний цаашид уулзах сайн найз учраас гомдолгүй. Одоохондоо үүссэн асуудал байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэхгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *: “...Ярих зүйл байхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

      1. Хохирогч *ын өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймаг руу *ийн хамт гарсан. * Тоёота Приус маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Дархан-Уул аймгаас найз *ийг авч Улаанбаатар хот руу авч ирэх гэж явсан. Дарханд 02 цагийн үед ирээд гүүрний наана ачаагаа авцан гарч ирсэн. Машинд суугаад Хөтөл рүү гарсан. Би Дарханы пост өнгөрөөд бариад * хажуу талд суугаад явсан. Замдаа явж байгаад Хөтөл дөхөөд * авч ирсэн тал пиво тэр хоёр хуваах уусан. Би ээж дээр ирж байгаа болохоор үнэртүүлж болохгүй. Хөтөлд ирээд 40 дүгээр байрны гадаа ирээд гэрт * бид хоёр орсон. * машинд үлдсэн. Гэрт ороод бид хоёр усанд ороод цай унд уугаад 1 цаг орчим болоод буцаад гарсан. Уул нь ээж үлдээд өглөө яв гэсэн боловч эртхэн очъё гэж бодоод гарсан. 03 цаг өнгөрч байхад гараад ирсэн чинь * машин дотор ганцаараа ууж байсан. *ийг харахад тийм их согтоогүй, гайгүй хэвийн харагдаж байсан. Тэгээд би машин жолоодож Хөтөлийн пост өнгөрөөд 3-4 км яваад миний нойр хүрээд байхаар нь жолоогоо шилжүүлсэн. Зогсоход * машинаас буугаад тойроод жолооч тал руу ирж байхаар нь би машинаас буухад жолоочийн хажуу талд сууж байсан * голын хайрцаг дээгүүр даваад жолоочийн суудал дээр суугаад би барина гээд байсан. * би өөрөө барина гээд хэсэг тэр хоёр маргалдсан. Тэгээд *-д итгээд бид нар явсан. Тухайн үед би арын суудал дээр суугаад гэрээсээ авч гарсан юм идэж байсан. * жолоодож 10 орчим км газар яваад гэнэт машин замаас гарсан. Машин зам дээр хоёр тийшээ дайвалзаж байгаад замын хажуу руу ороод бүтэн эргээд онхолдсон. Машинаас бид нар өөрсдөө гарсан. Эмнэлэгт дуудлага өгөөд ирэхгүй удаад байхаар нь замын машинд суугаад Сайхан сумын эмнэлэг дээр ирээд тэндээсээ Дархан-Уул аймаг руу түргэний машинаар явсан. Дарханы нэгдсэн эмнэлэгт * бид хоёр 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Миний биед баруун шанаа цөмөрч нүд улайсан, хамар дутуу амьсгалаад байгаа. Эмнэлэгт байхад тархины цусан хангамж сайжруулах тариа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 113-114-р хуудас/

                 2. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *ийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 24-ний орой * бид хоёр Улаанбаатар хотод ажлаа тараад амрах гээд гэр лүүгээ явж байсан. Хамт ажилладаг * над руу * дугаараас залгаад "Зардал унааны мөнгө байдаггүй. Дарханаас ирээд авчих" гэсэн. Тэр орой нь * бид хоёр хамт 01 цагийн үед Дархан-Уул аймагт ирсэн. * дундуур хэмжээтэй пивотой машин дотор орж ирсэн. Тэгээд буцаад хот руу гарах гэж байтал Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу гэрээрээ ороод ээжтэйгээ уулзаад явъя гэж * хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймгаас * миний Тоёота Приус маркийн *улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Жолоогоо би өгөөд *ийн ууж байсан пивоноос уусан. Хөтөл рүү орж ирэхдээ 2 том пиво аваад Ууганаагийн гэрт ирсэн. Ууганаагийн гэрт ирээд хоол идээд усанд ороод өглөө 04 цагийн үед гарах гэтэл Ууганаагийн ээж хоноод яв гэж хэлж байсан. * яахын бээ одоо шууд явъя гээд бид 3 гарсан. Сайхан сумаас хөдлөхөд * жолоодож би арын суудал дээр суугаад жолоочийн хажуу талд * сууж явсан. *ыг * арай удаад байна би барья гэж хэлсэн. Би *д хандаж чи бариад хэрэггүй. Барихаа тулбал би барина" гэж хэлсэн Хөтөлийн пост өнгөрөөд замын хажууд зогсоод би жолоо авах гэж байтал * голын хайрцаг дээгүүр үсэрч орж ирээд жолоочийн суудал дээр суугаад би барина гэсэн. Би яахын бээ би өөрөө барья гэсэн чинь * "Би Дархан хүртэл барина" гээд уурласан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад арын суудал дээр * суугаад хөдөлсөн. Цаашаа 10-15 км орчим явж байтал машин жолооч тал руу замаас гарч байсан. Би "* хөөе" гээд дуудсан чинь унтаж байсан юм уу яасийн сэрсэн үү буцаагаад дараад зам дээр машин хоёр тал руугаа дайвалзаад байсан. Тэр үед машин гайгүй тогтчих бах гэж бодсон чинь замын эсрэг тал руу унасан. Машинаас хамгийн түрүүнд би бууж ирээд араас * буугаад араас * бууж ирсэн. Тухайн үед цаг 05:00 цаг болж байсан байх. Гадаа гэгээ орсон байсан. *ын духнаас цус гарсан байхаар нь би 103 руу залгаж түргэн дуудсан. Түргэн ирэхгүй байхаар нь замын машинд суугаад Сайхан сумын эмнэлэг дээр ирсэн. Бид 3 ирээд эмнэлгийн тусламж аваад бид гурвыг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж авч явсан. Тэнд * * 2 хэвтээд би Улаанбаатар хот руу явсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 118-120, 123-р хуудас/,

            3. Яллагдагч **ийн өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажиллаж байгаад ажлаасаа 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаасаа чөлөө аваад энд тэндхийн наадам үзээд явж байсан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт очоод оюутны ангийн найзуудтайгаа караокед 19-22 цагийн хооронд суусан. Энэ үед караокед 2 шил 0.75 литрийн Эден, Ауруг нэртэй архийг 7-лаа хувааж уусан. Би ямар нэг пиво уугаагүй. Тараад Цогтбаяр гэдэг найзындаа 3-лаа очоод бид нар 4 ширхэг том савтай пиво ууж байхад Улаанбаатар хотод хамт ажилладаг байсан * рүү 23 цагийн орчим залгаад маргааш очиж ажлаа хийе цалин буутал замын зардал зээлчих гэсэн тэгэхэд надад очоод авъя зардал өгвөл наанаа уугаад үлдчих юм биш үү гэхээр нь за за хүрээд ир гэсэн. Ингээд найзындаа ууж байхад * *ын хамтаар ирээд намайг аваад Сайхан сум руу явсан. Энэ үед машиныг *, * нар ээлжлээд барьсан. Сайхан суманд орж ирээд дэлгүүрээс 2 том савтай пиво аваад *ын гэрийн гадаа очоод би машинд нь үлдээд нэг том савтай пивоны талыг нь уусан. * * нар нэлээд байж байгаад гарч ирээд үүрээр 04-05 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар болоод хөдлөхөд би жолоочийн эсрэг талын суудалд суугаад юу болсон талаар мэдэхгүй байна. Би нэлээд согтсон байсан. Ингээд зам тээврийн осол болсны дараа *, * нар намайг сэрээхэд би жолооны ард сууж байсан. Би яаж яваад жолоо барьсан талаараа мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144-р хуудас/   

 

            4. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн * дугаартай

            -*ын биед баруун хацар болон хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хэвлийн зүүн хажуу ар хананд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо,

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

            -Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,

           

            5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн * дугаартай химийн шинжээч, цагдаагийн дэслэгч *ийн дүгнэлтээр

            - Шинжилгээнд ирүүлсэн 14603620 хуруу шилний дугаартай “...05:23 *...” гэж хаягласан цуснаас 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 53-55-р хуудас/,

6. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “*” ХХК-ийн “Авто машин техикийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан” хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-42-р хуудас/,

 

            7. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р хуудас/,

 

            8. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 46-р хуудас/,

 

            9. Яллагдагч **ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох дипломын хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148-149, 151-154-р хуудас/,

                        10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 44-45 дахь тэмдэгт газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота приус-20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас *ын биед баруун хацар болон хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хэвлийн зүүн хажуу ар хананд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчиин мэдүүлэг, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 774 дугаартай дүгнэлт, **ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4942 дугаартай химийн шинжээч, цагдаагийн дэслэгч *ийн дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /зам тээврийн ослын хэрэгт гаргасан дүгнэлт/, * ХХК-ын автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газарт хийсэн хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотолсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч **ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

 Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);

3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

 Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ... гэж дүгнэсэн эрх бүхий албан тушаалтны магадлагаа үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 “ согтуурсан, мансуурсан үедээ, 2.2 “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч * нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан буюу * нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, аюулгүй байдлаа хангаж чадахааргүй байхдаа машин жолоодвол хор уршиг учрах боломжтойг мэдэж байсан атлаа *ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодно гэж уурлаж байгаад тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн

тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ын биед хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд * “...Миний бие *гийн * нь 2024 оны 08 сарын 25-ны өдөр зам тээврийн осолд орсны улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан Уг хэрэг тээврийн хэрэгслийн эзэмшигч *өөс эмчилгээний зардал 1 сая, сэжигтэн * 1 сая, нийт 2 сая бэлнээр авсан тул надад гомдол байхгүй. Цаашид хохирол нэхэмжлэхгүй...” гэх тайлбарыг гаргасан. /хх-ийн 168-р хуудас/

Мөн шүүхийн шатанд: ... Болсон үйл явдлын талаар ярихгүй. 08 сарын 25-ны өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн. Одоо ажил хөдөлмөрөө хийгээд хэвийн байдалдаа орсон.   * миний 10 жилийн найз миний цаашид уулзах сайн найз учраас гомдолгүй. Одоохондоо үүссэн асуудал байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэхгүй...” гэсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч хариуцагч * шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Сарын дотор төлнө гэж * нотариатаар гэрээ хийж өгсөн..., Би Даваасүрэн прокурорт 1 сарын хугацаанд төлнө гэж гэрээ хийж өгсөн өгсөн..., 8 сая төгрөгийн үлдэгдлийг төлчих байх. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... Иргэний хариуцагчийн тухайд би *т эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэх тайлбар,

 

Шүүгдэгч * нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би *т 1,000,000 төгрөгийг эмчилгээний төлбөрт өгсөн байгаа...” гэх мэдүүлэг өгсөн байна.

 

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...Миний бие * овогтой * нь *ын *ийн машины хохирол болох 8,000,000 төгрөгөөс өөрийн ажилласан цалин /барилга дээр/ 500,000 төгрөг хасаад 7,500,000 төгрөгийг 1 сарын хугацаанд барагдуулахаар харилцан тохиролцов...” гэх нотариатаар гэрчлүүлсэн баталгаа /хх-ийн 150-р хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч **ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон **ийн 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна... гэв.

 

Хохирогч: “...1 жил 6 сарын хугацаагаар хорьчих юм уу. Найзыгаа явуулчихмааргүй байна. Би хохиролгүй болчихсон. 08 сарын 25-ны өдрөөс хойш өдийг хүртэл миний бие эдгэчихсэн. Энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөөч...” гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Болсон үйл явдалдаа гэмшиж байгаа. Миний анхны хэрэг учраас хэргийг маань хөнгөвчилж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

**ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 145 хуудас/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг 2.1 согтуурсан, мансуурсан үедээ, 2.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... заажээ.

 

Шүүгдэгч **ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн /тээврийн хэрэгсэлд учирсан хохирол/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т  хэсэгт зааснаар шүүгдэгч **ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч *ын * /РД:*/-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч **ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4, 5 дах хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН