Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *д холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн *суманд төрсөн, эрэгтэй, * настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *” ХХК-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, * хот * дүүргийн *-р хороо * хотхоны * тоотод оршин суух, *ын * /РД:*/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 11 дүгээр сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт * улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас *ын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд * улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт төв зам дээр * улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг “зам дээр шахлаа” гэх шалтгаанаар, тээврийн хэрэгслийн жолооч *тай маргалдаж, түүний унаж явсан тээврийн хэрэгслийг хөлөөрөө өшиглөн гэмтээсний улмаас *ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь:

 

           1.Хохирогч *ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлд өөрийн * улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байтал оройны 18 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд өөдөөс ирж байсан машин гэрлээ шилжүүлэхгүй, хурц гэрлээр гялбаад байсан бөгөөд би гэрлээрээ дохиод байхад гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би замын хажуу талын шороо хэсэг рүү ороод гарсан. Тэгээд яг тулж ирээд тухайн машинтай мөргөлдөх шахаад 2 чиглэлийн 2 талын замын хөвөө рүү гарцгаагаад зөрөөд явцгаасан. Гэтэл нөгөө машин буцаж эргээд миний араас хөөж ирээд машины урдуур ирээд зогссон. Ингээд машинаасаа бууж ирээд миний машины зүүн талын урд хаалгыг өшиглөөд байхаар нь би яаж байгаа юм, гэрлээ шилжүүлсэнгүй, яаж яваад байгаа юм бэ? гээд буугаад машиныхаа урд талд гараад иртэл өөдөөс цохих гээд байхаар нь би цааш түлхсэн. Гэтэл ахиад намайг цохих гэхээр нь дахиад түлхтэл миний хоолойг боогоод толгой руу 2-3 удаа цохиод эхэлсэн. Тэгээд намайг түлхэх үед нь машины копудан дээр тархиараа саваад унасан. Намайг чи мөргөчихлөө шдээ гэхээр нь би чи яаж яваад байгаа юм бэ? гэрлээ шилжүүлэхгүй гээд маргалдсан чинь намайг алчихна шүү гэхээр нь би алаач гэж хэлсэн. Тэгээд би чамайг цагдаад хэлнэ гээд машинаасаа утсаа авах гээд тонгойх үед тэр залуу машинаа унах зугтаачихсан. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаа руу утсаар холбогдож мэдэгдэхэд Баруунбүрэн сумын цагдаа руу очоод уулзаарай гэхээр нь очтол цагдаа нь байхгүй гэрт нь 2 хүүхэд байсан. Асуухад гараад явсан гэхээр нь утасны дугаарыг нь аваад залгатал утсаа авахгүй байхаар нь Сайхан сумын цагдаа руу ахиад залгахад Хөтөл рүү хүрээд ир гээд тэгээд би Хөтөл орсон. Ингэд цагдаа дээр ирээд байж байтад Хөтөл машины номер дугаар асуухаар нь би * гэсэн хар өнгийн бенз байсан гэхэд за та хүлээж байгаарай Эрдэнэт рүү хэлсэн, тэр хүн ирж байгаа гээд би эмнэлэг асуугаад эмнэлэг рүү очоод толгой өвдөөд, дотор муухайраад, амьсгаа давчдаад байсан тул эмчид үзүүлчхээд хэсэг хэвтэж байгаад унтчихсан байсан. Ингээд удалгүй миний утас дугарахаар нь автал цагдаагаас яриад хүрээд ир нөгөө хүн гэсэн гэхээр нь цагдаа явах гээд гартал нөгөө намайг цохиод байсан залуу эмнэлгийн гадаа ирж уулзсанаа ахиад намайг түлхээд байсан. Ингээд цагдаа руу ирээд маргалдаж байгаад жижүүрийн цагдаа нь та 2 хоорондоо ярилц гэсэн. Би уул нь гомдолтой байна гээд өргөдөл өгөх гэтэл цагдаа нь ярилц, үгүй бол машиныг чинь энд журамлаад, өөрсдийг чинь байцаана, 14 хоног энд ирж байцаалт өгнө гэж хэлсэн. Нөгөө залуу ажил төрлөө алдаад яахав ярилцъя гэхээр нь би гомдолтой байна гэж хэлэхэд би гарсан хохирлыг чинь барагдуулж өгнө гэхээр нь би хохирлоо барагдуулсны дараа гомдолгүй гэх ёстой биз дээ гэж асуухад цагдаа тэгвэл та 2 2-лаа 14 хоног энд ирж байцаалт өгнө гэж хэлсэн болохоор би гомдолгүй гэсэн бичиг бичиж өгсөн. Тэр залуу надаас данс аваад 700,000 төгрөг над руу шилжүүлээд нэмж хохирол гарвал өгнө гэсэн. Өчигдөр залгахад утсаа аваагүй, өнөөдөр утсаар яриад би чамайг цагдаад өглөө гэхэд за гэсэн. Тэгээд надаас бие асуугаагүй, эмнэлгээр үзүүлэх үү ч гэж асуугаагүй. Тиймээс би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *ийн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг би 2022 оны 4 дүгээр сард * ББСБ-аас 25,800,000 төгрөгөд миний нэр дээр зээл авч байсан юм. * нь миний нөхөр бөгөөд тухайн өдөр манай нөхөр Хөвсгөл аймаг руу яваад буаад Улаанбаатар хот руу гэр лүүгээ буцаж явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

3. Гэрч *ийн өгсөн: “...* нь миний нөхөр бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатараас Хөвсгөл яваад 11 дүгээр сарын 05-ны өдөр буцсан бөгөөд тухайн өдрийн орой 20 цагийн үед би нөхөр лүү гээ залгаад хаана явж байна гээд асуухад Хөтөл рүү орж байна гэхээр нь аан за гэхэд сая замд нэг машин гэрлээ шилжүүлэхгүй байснаа хажуугаар хурдтай зөрснөө буцаж эргээд миний машины урдуур ирж зогссоноо бууж ирээд намайг замдаад толгой руу хэд хэд цохиод, машин руу авч шидээд, машин өшиглөөд гэхээр нь цагдаа дуудахгүй яасан юм бэ? гэхэд утсаа авах боломжгүй байсан юм аа. Тэгээд утсаа аваад цагдаа дуудах хооронд зугтаачихлаа гэхээр нь би Хөтөлийн цагдаа руу залгаад сая зам дээр хүн зодуулчихсан байна, хүн нь зугтаасан байна гэхэд цагдаа сая Орхоны постноос бариад авсан, наашаа ирж байгаа гэхээр нь би нөхөртэйгөө ахиж холбогдоод ярьтал "миний дотор давчдаад байна, эмнэлэг орлоо" гээд эмнэлэг дээр очоод анелгин димодрол тариулаад тайвширсан бололтой хэсэг унтсан гэсэн. Ингээд дараа нь нөхөр лүү гээ ахиад залгахад цагдаа руу буцаад ирсэн нөгөө хүн нь ирчихсэн байна гэхээр нь би наад залуудаа утсаа өгчих яриадхая гээд утсаар нь яриад чи хүн зодсон хүн мөн үү? гэхэд тоосон шинжгүй, үл тоогоод хэнэггүй яриад байсан. Тэгээд би нөхөртөө наад цагдаад гомдол гаргах үгүй нь яахав чи эхлээд эрүүл мэндээ үзүүлэх хэрэгтэй биз дээ гэхэд цагдаа эндээ зохицоод яв гэнээ. Үгүй бол бид 2-ын машиныг 14 хоног саатуулаад энд мэдүүлэг авч шалгана гэж байна, тэгээд гомдол үгүй гээд бичиг бичиж өгөөд зохицоод яв гэж байна гэсэн. Тухайн үед байсан Дорлигсүрэн гээд цагдаа ямар нэгэн хууль сануулж тайлбарлаж өгөлгүй зөвхөн нэг талыг харж, хохирогчийн эрүүл мэндэд анхаарал хандуулалгүй, зохицоод яв гэсэнд нь бидний зүгээс гомдолтой байгаа юм. Тэр залуу манай нөхөрт 700,000 төгрөг данс руу нь хийгээд ахиад зардал гарвал төлнө гэж хэлсэн байсан. Би нөхрөө эмнэлэгт үзүүлээд толгой тархи нь гайгүй байвал тэр залууг миний нөхөр эр хүн шиг зан гаргаад цагдаагаас гарч ирсэн шиг орхичихъё гэж бодсон боловч толгой нь хавантай байна гэсэн мөн урьд өмнө нь хагалгаанд орж байсан тул доргилт авах юм бол аюултай, толгой нь эргэх, бөөлжих, татах гэх мэт зүйл ажиглагдвал амбулаториор ирж яаралтай үзүүл гэсэн тул би нөхрийнхөө эрүүл мэндийг бодож цагдаад гомдол гаргахаар болсон юм. Тухайн байцаагч тэр дор нь арга хэмжээ авсан бол би ч ингэж 2 явдал болохгүй байсан, манай нөхөр хууль мэдэхгүй тул цагдаагийн үгэнд ороод тухайн үед гомдол үгүй гээд бичиж өгсөн байсан. Бид анхнаасаа л цагдаагаар явж шийдүүлнэ гэсэн бодолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

 

4. Гэрч *ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нөхрийн хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явж байхад замд буюу Хөтөл нэлээд өнгөрч байхад урдаас эсрэг урсгалаас ирж байсан машин урсгал сөрж орж ирээд байсан. Тэгээд 2-лаа зөрөлдөөд маш эвгүй нөхцөл үүсээд осол гарч магадгүй байсан тул манай нөхөр өнгөрснийхөө дараа эргэж араас нь явж очоод машинаа урдуур нь орж зогсоогоод машинаа буугаад нөгөө машины жолоочтой уулзаад чи урсгал сөрөөд орж ирлээ яаж байгаа юм бэ? гэхэд нөгөө жолооч нь танай машин чинь гэрэл нь нэмэлт тод өөр гэрэл тавьсан байна гээд тэгээд маргалдаж байгаад манай нөхөр түлхчихээд явсан. Би яг тухайн үед бол манай нөхөр бусдын машин, эд зүйлийг гэмтээж байхыг нь хараагүй, дараа нь харахад нөгөө залуугийн машины хаалга нь дотогшоо ороод хонхойчихсон байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дугаар хуудас/,

5. Дархан-Уул аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан * дугаартай

-*ын биед хүзүүнд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдрийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

6. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “*” ХХК-ийн “Авто машин техикийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан” хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

7. Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үлдэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

8. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 55-58-р хуудас/,

9. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75-76-р хуудас/,

10. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хх-ийн 66-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч * нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд * улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт төв зам дээр * улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг “зам дээр шахлаа” гэх шалтгаанаар, тээврийн хэрэгслийн жолооч *тай маргалдаж, түүний унаж явсан тээврийн хэрэгслийг хөлөөрөө өшиглөн гэмтээсний улмаас *ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд бага хэмжээнээс дээш хохирол учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

 

 

* улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь “* ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх боловч тус компанитай * нь гэрээ байгуулан худалдаж авсан түүний эзэмшилийн тээврийн хэрэгсэл болох нь “* ББСБ” ХХК-ийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 37, 77-р хуудас/

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн талаар дурьдахдаа “бусдын тээврийн хэрэгслийг өшиглөж гэмтээсний улмаас *ын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн байх ба * улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл * ББСБ” ХХК-ийн нэр дээр байдаг, *ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд * иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байхад *ынх мэтээр дурьдсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд халдвал /хөлөөрөө өшиглөвөл/ хохирол учирна гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн * ХХК-ын “автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан”-р * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 425,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 15-16 хуудас/

 

Шүүгдэгч * нь хохирогч *, иргэний нэхэмжлэгч * нарт эмчилгээний болон шатахууны зардал болон машины хохирлын төлбөрт  2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 263,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн /73-74-р хуудас/. Иймд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Бадам: “...Шүүгдэгч * нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт * улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас *ын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд *ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцох саналыг оруулж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *т 425,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч * нь 963,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч * нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч * нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Яллагдагчаар татагдсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хийсэн үйлдэлд дүгнэлт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхээс гэм буруутайд тооцож байх тул түүнд ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ыг 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг оруулж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Эд хөрөнгө битүүмжлэгдээгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй болно. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх саналыг оруулж байна... гэв,

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 12 сарын 20-ны өдөр аав маань явж байгаад халтирч унасан. Одоо хүртэл ухаан орохгүй байгаа. Би аавыгаа хорь гаруй хоног сахиж байна. Өнөөдөр наашаа ирэхдээ дүүгээ  үлдээчхээд ирсэн. Надад торгох ял оногдуулж өгнө үү. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Анх удаа шүүх хуралд орж үзэж байна. Уур бухимдлаасаа болж ийм асуудалд орчихлоо. Дараа дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 75-р хуудас/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч *ы гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас хохирогч * болон иргэний нэхэмжлэгч *т учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *ын *ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН