| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01516/и |
| Дугаар | 155/ШШ2017/00378 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2017/00378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 05 дугаар багт оршин суух, Боржигон овогт Сын У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сум 01 дүгээр багт оршин суух, Долоон гөрөөчин овогт Жы З-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 155/2016/01516/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч С.У, хариуцагч Ж.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой У миний бие 2012 онд Ж.Зтой танилцаж үерхэж 1 жил гаруй хугацаа өнгөрч бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин У.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин У.Э миний асрамжинд амьдарч өссөн. Одоо бид тус тусдаа амьдрах болсон тул Ж.Зыг миний охин У.Эгийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Утэй нэг нутаг болохоор багын л таньдаг байсан. Бидний дунд нэхэмжлэгчийн хэлж байгаачлан жил гаруй хамтдаа байгаад хамтран амьдарсан гэх асуудал байхгүй. Үерхэж нийлж ч байгаагүй юм. Анх жирэмсэн болсон талаараа надад хэлээгүй, сүүлд нь л мэдсэн. Тухайн үед би хүүхдийн эцэг нь мөн гэдэгтээ эргэлзэж байсан. Тиймээс би эцэг тогтоолгохоор шинжилгээ хийлгүүлэхэд намайг хүүхдийн эцэг мөн гэсэн хариу ирсэн. Иймд би өөрийгөө Эгийн эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Ж.Зод холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.У, хариуцагч Ж.З нарын дундаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин У.Э төрсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6731000138 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Тариалан сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин У.Эгийн төрсөн эцгээр Ж.Зыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.З нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх, зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин У.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ж.Зоос сар бүр тэтгэлэг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин У.Эг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Уийн хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Зоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох. Мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин У.Э нь 2 нас 5 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Ж.З төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин У.Эд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин У.Эгийн төрсөн эцэг Гөрөөчин овогт Жы З мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин У.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Зоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Зоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН