Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *д холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, * аймгийн *-р сургуульд * ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, * аймгийн * сум *-р баг *-р байр * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *ын * /РД:*/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Ширээ нуруунд үйл ажиллагаа явуулдаг "*д" хохирогч *, * нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж *ын баруун гарын шуу хэсэг, хохирогч *ы цээж хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар / хоёр, түүнээс олон хүнийг/ биед гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *гийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд багш нарын улсын аварга шалгаруулах тэмцээн болоод манайх байр эзэлсэн. Өмнө нь *тай маргачихсан таарамжгүй харилцаатай байсан. Би явчихсан байсан намайг дуудаад байхаар нь би дурамжхан очсон. Намайг очиход багийнхан халчихсан байсан. Багийнхнаасаа хамгийн бага нь болохоор бид нарт архи хундагалаад өгөх ёстой гээд байхаар нь за яахав гэж бодоод архийг нь хундаглаж байгаад гарч ирээд тамхи татаад зогсож байсан тамхилчих гэж ирээд ахын дүү яс чинь хавталзаад байна уу гэж хэлээд * намайг 3 цохиод авсан. Би нэг их тоохгүй өөдөөс нь хариу үйлдэл үзүүлээгүй. Өөрийгөө 2,3 удаа л цохиулсан байх гэж бодсон камерын бичлэг дээр нэлээд хэдэн удаа цохиулсан харагдаж байсан. Намайг гялс ирээд аваадах гэж эхнэр лүүгээ залгаад гарахын хооронд хүний хажуугаас цохиж аваад байсан. * намайг авч гараад ахын дүү хүнд хэд цохиулсан биз эхнэрээ дуудчихсан юм чинь явъя гэж хэлээд аваад гарч байсан. Намайг * “би ноднин чамайг яаж ч чадаагүй” Цагаач минь маргааш гэхэд Дарханаас зайлчихсан байгаарай гэхээр нь хор шар хөдлөөд юм хэлсэн. Тэгээд гарч ирээд зодоон хийчихье гээд над руу том чулуу авч шидэхээр нь би бултаад оногдоогүй. Тэгээд намайг цохихоор нь зөрүүлээд би 2 цохисон. Тэгээд намайг хажуу талын хүмүүс нь барьж байхад * цохисон.  Энэ хэд нийлж байгаад чадчих гээд байгаа юм шиг санагдаад эргээд харсан машин ирчихсэн байхаар нь нүдний шилээ зүүх гэж голын хайрцаг ухсан хутга байхаар нь өөрийгөө барьж чадалгүй яваад оччихсон. Би айлгах зорилготой машинаас түргэн буугаад ирсэн намайг зодоон хийх гэж байна гэж бодоод * ах гүйж ирээд * ах дундуур нь салгах гэж байгаад орчихсон.******* ах миний хутгыг салгаж авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа...” гэв,

 

Мөрдөн байцаалтад:

           1. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч *ы өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 аймгийн багш нарын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийг төлөөлж оролцоод 2-р байр эзлээд волейболын багаараа Хараа голын гүүр даваад Ширээ нуруунд байрлах "*" нэртэй ресторанд багаараа баяраа тэмдэглэж байгаад гараад явах гэж байхад *тай юм ярьж зогсож байхад * хэгжүүрхээд байхаар нь би *гийн зүүн хацар хэсэгт нь баруун гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд бид хоёр барьцалдаж авахад * орж салгахаар нь *ы урд талынх нь хашааг налаад зогсож байхад * өөрийн машин дээрээ очоод буцаад над руу чиглээд гуйгээд ирж байхаар нь зодолдох гэж байна гэж ойлгоод урдаас нь очоод *г нэг цохиход эргүүлээд миний зүүн хавирга хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгэхэд * дундуур ороод бид хоёрыг салгаад * нь *д хандан боль ахын дүү гээд цааш нь аваад явсны дараа зүүн хавирга хэсэгт нойтон оргиод байхаар нь баруун гараараа хүрч үзэхэд цус гарсан байхаар нь эмнэлэг явж үзүүлсэн...., Би *г нэг цохиод хойшлоход миний зүүн хавирга хэсэгт нэг юмаар хатгах шиг л болсон яг хутга байсан гэдгийн тухайн үед мэдээгүй сүүлд нь мэдсэн *ыг яг яаж хутганд өртсөнийг мэдэхгүй сүүлд нь эмнэлэг явж байхад * надад хандан би бас та хоёрыг салгах гэж байгаад зүсүүлчихлээ гэсэн тэрнээс мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг/ хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

2. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Т.*ын өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 аймгийн багш нарын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийг төлөөлж оролцоод 2-р байр эзлээд воллейболлын багаараа Хараа голын гүүр даваад Ширээ нуруунд байрлах "*" нэртэй ресторанд багаараа баяраа тэмдэглэж байгаад тараад явах гээд гарахад гадаа * болон * хоёр хоорондоо барьцалдаад зогсож байхаар нь салгаад *г машин луу нь хүргэж өгөөд би *д хандан ахын дүү ингэж болохгүй шүү гэж хэлээд буцаж Номгоны урд талын хашааны гадаа багийнхантайгаа тамхи татаад зогсож байхад * машинаасаа буцаж гүйж очиход * "ёооё" гээд хашхирахаар нь очиход * баруун гартаа хутга барьцан байхаар нь *д хандан ахын дүү яагаад байгаан бэ гэхэд * *д хандан *аа хоёулаа дахиад таарна чи намайг яаж байгаан би яасын гээд дайрахад нь би *г боль гээд хориод *гийн цээж хэсгээс тэврэх гэж оролдохдоо барьцан байсан хутганд нь зүсүүлчихсэн гэхдээ * над руу дайраагүй ээ би салгах гэж хөдөлгөөнийг нь хорьж байгаад зүсүүлчихсэн. Тэгээд хутгыг******* ах тавиулаад салгаж аваад *гийн эхнэрт өгсөн юм шиг байна лээ. Би яг эхнэрт өгч байхыг хараагүй тэгээд би *г тэгээд машинд нь суулгаад явуулсан..., * миний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй би *гийн хөдөлгөөнийг хорих гэж байгаад санаандгүй хутганд нь өртеед зүсүүлчихсэн юм. * бид хоёр воллейболлын багтаа илүү ойр дотно байдаг миний үгнээс гардаггүй ер нь бол над руу уурлаж надтай муудалцах тийм асуудал байхгүй..." гах мэдүүлэг /хх-ийн 66-67 дүгээр хуудас/,

 

3. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрч *ийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дундах улсын аварга шалгаруулах спортын их наадам болсон юм. Дарханаас оролцсон багш нар Дархан сумын 2 дугаар багт ширээ нурууны гүүр гараад байдаг ресторанд орой 19 цагийн орчим орсон. Оройны 23 цаг өнгөрч байхад рестораны үүдэнд * *г 2 удаа алгадаад авсан чинь уурлаад хашааны гадаа та нар амжихгүй шүү гээд орилсон чинь * гүйгээд очоод тэр хоёр барьцалдаж аваад тэр хоёрыг салгасан юм. Тэгээд * цаана очоод эхнэртэйгээ утсаар яриад удалгүй эхнэр машинтай ирсэн чинь машиныхаа хаалгыг онгойлгоод юм авах шиг болоод * руу гүйгээд очсон чинь салгахын завдалгүй зүүн суганы доор хутгаар зүссэн байсан. Хутгыг нь салгах гээд дундуур нь орсон *ын баруун шуу хэсэгт бас хутгаараа зүссэн байсан. Тэгээд тэр хэдийг салгаад нөгөө хоёрыг эмнэлэг рүү аваад явсан..." /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

4. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрч *ын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр * над руу залгаад Ширээ нуруу гэх газар байдаг *аас хурдан хүрч ирээд аваадах гэхээр нь би приус 41 маркийн 6005 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр *ы гадаа очиход манай нөхөр * наана 2-3 хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад нөхөртөө хандан явъя гэхэд * машинд ирээд цүнх куртикээ тайлж тавиад нүднийхээ линзийг солино гээд надад баруун нүд хараад өгөөч баруун нүдний линз байхгүй байна гээд гээд харуулчхаад линзээ авч саванд хийгээд нүдний шилээ зүүгээд явъя гээд машинд суух гэж байхад * гэх залуу *д хандан хэл амаар доромжилж чанга дуугаар орилоход * машиныхаа дунд талын хайрцгаас юм ухаж байгаад нэг юм аваад * луу гүйсэн тэхдээ би юу авсныг хараагүй тэгээд гүйж очоод бужигнасан юм болоод багийнх нь хүмүүс салгаад хоёр тийш болгож салгахад нь очиход******* гээд ах нэг хутга барьчихсан хаанаас хутга гараад ирэв гээд гайхсан зогсож байсан. Тэгэхээр нь би дахиад янз бүрийн юм болчих вий гээд аваад машиныхаа жолоочийн талын суудал доор нуугаад хийчихсэн. Тэгээд * гэх залуу нэг машинд суугаад яваад өгчихсөн. Тэгээд манай нөхрийг машинд суулгаад тайвшруулаад байж байхад * залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр очиход цагдаа ирчихсэн *г хүн хутгалчихсан гэж хэлэхэд нь би *г машинаас хутга авч буусныг мэдсэн. Тэгээд манай нөхөр * надаас миний барьж байсан хутга хаана байна цагдаад өгнө гэхээр нь гаргаж өгсөн. Тэгээд * цагдаад хутгаа өгөхөд цагдаа уутанд хийгээд тэгээд бид хэд цагдаа дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

5. 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хохирогч гэрч *гийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 аймгийн багш нарын воллейболлын улсын аваргаас манай баг 2 дугаар байранд ороод баяраа тэмдэглэсэн тэгээд би ядраад бас дээрээс нь согтолттой байсан болохоор баяр тэмдэглэж байсан том зааланд нь унтаж байхад сэрээгээд *аа * хоёр муудалцаад байна гэхээр нь би гарахад *ы терасс хэсэгт * * ах хоёр юм яриад зогсож байхаар нь очоод *д хандан юу болоод байгаан бэ гэхэд * юу ч болоогүй гэхээр нь дотогш ороод багаараа сууж вип өрөөнд ороход * уйлчихсан юм яриад сууж байсан. Тэгээд бид хэд тарья гээд би *гаас чи яаж харих юм бэ гэж асуухад * манай эхнэр ирж авна гэхээр нь би түрүүлж гараад *ы гаднах хашааны гадаа *тай яриад зогсож байхад * бид хоёрын хажуугаар гараад цааш явахдаа *д хандан *ыг хэл үгээр доромжилж хараагаад өндөр дуугаар орилоод байж байхад нь *гийн эхнэр машинтайгаа ирэхэд * машин луу гаа суух шиг болсон чинь буцаж бууж ирээд гүйгээд ирсэн. Тэгэхэд урдаас нь * гүйгээд * * хоёр хоорондоо мөргөлдөөд барьцалдаад авахаар нь би *ыг хойш нь татаж аваад салгаад одоо болиоч гэхэд * байжий л даа ахын дүү ахыгаа тавьчих байжийлдаа цус гараад байна гээд цамцаа сөхөөд харуулсан тэгэхээр нь эмнэлэг явья гээд машинд суулгаад аваад явсан. *ы хашааны гадаа болсон асуудлаас өмнө нь дотор болсон асуудлыг би мэдэхгүй... сүүлд * ах салсныхаа дараа эндээс цус гараад байна гээд цамцаа сөхөж харуулахад нь мэдсэн гэх мэдүүлэг / хх-ийн 72 дугаар хуудас/

 

6. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч гэрч *ийн “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орой 20 цагийн үед медаль авсан баяраа тэмдэглэх гэж байна гээд 7-8 залуу вип өрөөнд захиалга өгөөд ороод хоол, архи, ус ундаа авсан тэгээд залуучууд дундаж согтолттой байсан. Тэгээд тэр хэд дундаас хоёр залуу нь хоорондоо муудалцаад бөөндөө тарах болоод 00 цагийн үед манайхаас гараад манай хашааны гадаа муудалцаад орилолдоод байхаар нь гараад харахад 2 залуу нь хоорондоо зодолдоод байх шиг байхаар 7037102 буюу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэгээд нэг их удалгүй нөгөө залуучууд тараад яваад өгсөн. Би яг ойртож хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг/ хх-ийн 74 дүгээр хуудас/

 

 

  7. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 974 дугаартай

-*ы цээж зүүн талд зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

 

8. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан * дугаартай

-Б.*ын биед баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,

 

9. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

10. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай “...Гэмт хэргийн 1363 дугаартай гомдол мэдээлэлд бор өнгийн бариултай нийт 19см урттай тонгорог хутгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17-р хуудас/,

11. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

12. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 82-86-р хуудас/,

13. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагч *гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 90-р хуудас/,

14. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хх-ийн 95-97-р  хуудас/,

15. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг: Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28 ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Ширээ нуруунд үйл ажиллагаа явуулдаг "*д" хохирогч * тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч *ы цээж хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан, энэ үйлдлийг салгахаар дундуур нь орсон Т.*ын баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар / хоёр, түүнээс олон хүнийг/ үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч *, хохирогч Т.*, гэрч *, гэрч *, гэрч *, гэрч * нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан * дугаартай “хохирогч *ы биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 975 дугаартай “хохирогч *ын биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар хэрэг үйлдэгдэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өмнө нь бий болсон болсон таарамжгүй харилцааны улмаас дээрх гэмт хэрэг гарсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, өөрөөр хэлбэл * эхлээд өдөж хоргоож, хэрүүл маргаан үүсгэсэн болох нь шүүгдэгч *гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө нь *тай маргачихсан таарамжгүй харилцаатай байсан. Би явчихсан байсан намайг дуудаад байхаар нь би очсон... Багийнхнаасаа хамгийн бага нь болохоор бид нарт архи хундагалаад өгөх ёстой гээд байхаар нь за яахав гэж бодоод архийг нь хундаглаж байгаад гарч ирээд тамхи татаад зогсож байсан тамхилчих гэж ирээд ахын дүү яс чинь хавталзаад байна уу гэж хэлээд * намайг 3 цохиод авсан....” гэх мэдүүлэг, хохирогч *ы өгсөн: “...*тай юм ярьж зогсож байхад * хэгжүүрхээд байхаар нь би *гийн зүүн хацар хэсэгт нь баруун гараараа хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг, гэрч *ийн өгсөн: ... Оройны 23 цаг өнгөрч байхад рестораны үүдэнд * *г 2 удаа алгадаад авсан чинь уурлаад хашааны гадаа та нар амжихгүй шүү гээд орилсон чинь * гүйгээд очоод тэр хоёр барьцалдаж аваад тэр хоёрыг салгасан юм... гэх мэдүүлэг зэргээр нотлогдоно.

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 974 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *ы биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтад хохирогч *ы өгсөн “...* өөрийн машин дээрээ очоод буцаад над руу чиглээд гуйгээд ирж байхаар нь зодолдох гэж байна гэж ойлгоод урдаас нь очоод *г нэг цохиход эргүүлээд миний зүүн хавирга хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгэхэд * дундуур ороод бид хоёрыг салгаад * нь *д хандан боль ахын дүү гээд цааш нь аваад явсны дараа зүүн хавирга хэсэгт нойтон оргиод байхаар нь баруун гараараа хүрч үзэхэд цус гарсан байхаар нь эмнэлэг явж үзүүлсэн...” гэх мэдүүлгээр,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 975 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.*ын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтад хохирогч Т.*ын өгсөн “...би *г боль гээд хориод *гийн цээж хэсгээс тэврэх гэж оролдохдоо барьцан байсан хутганд нь зүсүүлчихсэн. ...Би салгах гэж хөдөлгөөнийг нь хорьж байгаад зүсүүлчихсэн...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдсон бөгөөд *гийн үйлдэл хохирогч нарт учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогчийн *, Т.* нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Бид 10 сарын 20-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж харилцан нэгэндээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Одоо бидний биеийн байдал хэвийн. Учир зүйгээ ололцож хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул цаашид хэн алиндаа гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Б.Нандинцэцэгийн гарын үсэг гэрчилсэн /хх-ийн 103-р хуудас/ гэх баримтаар шүүгдэгч  *г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Бадам: “... Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зүйл зүйлчлэл дээр маргаагүй гэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.Шүүгдэгч *г 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй байна. Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг оруулж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч * нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн93 хуудас/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх үүрэгтэй/ биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 19 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *ын *г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулж/ үйлдсэн буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 19 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН