Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2022/00221

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

   

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, А.Ж,

Хариуцагч: ................ оршин суух, Т. Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: ............ байрыг бусдын хууль бус эзэмшигчэдээс байраа буцаан шаардах, Үл хөдлөх эд хөрөнгийн .......... улсын гэрчилгээг гаргуулах

Сөрөг шаардлага: ......... хаягт байрлах .......... мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь Хэнтий аймгийн ................хаягт байрлах ... мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Жаргалмаагийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н,

Гэрч: Н.Амарсайхан, Х.Ү,

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Жаргалмаа нь 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ............ иргэн Нацагийн бага охин болж мэндэлсэн. Аав .......... маань .......... 1970 оноос жолоочоор ажиллаж байсан бөгөөд өмч хувьчлалаар ....... орон сууцыг хувьчилж авсан бөгөөд 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн ........... эрхийн дугаартай гэрчилгээг авч аав Р.Н, ээж Ш.Х, Н.Б, Н.Ж  нарын өмчлөлд бүртгүүлсэн. Би 2001 оноос гэр бүлтэй болж тусдаа гарсан бөгөөд тухайн үед аавд маань өгсөн уг байрыг анхаарч сураглаагүй орхисон. Аав Р.Н 2002 онд, ээж Ш.Х 2019 онд нас барсан бөгөөд 2019 онд мөн нөхөр Д.С хүнд өвчний улмаас нас барж 2 хүүхдийн хамт өрх толгойлон үлдсэн. Одоо би 2 охин, нэг зээ охины хамт ........ айлын хашаанд айлын гэр хөлсөлж сууж байгаа бөгөөд аавынхаа бидэнд өмчилж үлдээсэн байрыг буцааж авах гэтэл М.Н гэх эмэгтэй гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд уг байрны ордер өөрт нь байгаа хэрнээ өгөхгүй байр суллаж өг гэхээр би хүнээс худалдаж авсан гэх тайлбар тавиад уулзахгүй зугтаад байдаг болсон. Аав маань амьд сэрүүн байхдаа уурхайгаас байр өгсөн гэж ярьж байсан боловч уг байрыг урьд нь байсан айл суллахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Тухайн үед эгч бид нар хүүхэд байсан учир нарийн учрыг нь сайн анзаарч ойлгодоггүй байсан байна. Иймд аавыг минь амьд сэрүүнд нь ....... хувьчилж өгсөн уг байрыг М.Наранчимэгээс буцаан шаардан байраа чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн ................ улсын гэрчилгээг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Жнь хариуцагч М.Н-т холбогдуулан тус шүүхэд .. тоот орон сууцыг хууль бус эзэмшигчдээс буцаан шаардах, улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч М.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У би уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүдугаарт бүртгэлтэй, .........тоотод байрлах ......... м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж, түүний аав Р.Н, ээж Ш.Х, эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба үүнийг нэхэмжлэгч тухайн үед мэдсэн байна. Уг орон сууцны хамтран өмчлөгчдийг 2001.04.16-ны өдөр бүртгэхэд нэхэмжлэгч Н.Ж 20 настай, түүний эгч Н.Б ... настай байсан ба харин аав Р.Н 2002.12.20-ны өдөр нас барахад нэхэмжлэгч Н.Ж21 настай, түүний эгч Н.Б 27 настай буюу насанд хүрсэн байжээ. Хэдийгээр Р., Ш.Х, Н.Б, Н.Ж нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаагүй байна. Нэхэмжлэгч Н.Ж гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан амьдарсан байна. Хариуцагч М.Н нь маргаан бүхий орон сууцанд хамгийн сүүлд буюу одоо амьдарч байна. ...Иймд дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн тодорхойгүй байдлыг шүүх түүнээс тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хариуцагч М.Н нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2017 оны 08 сард ............иргэн буюу тухайн орон сууцанд 2012 оноос 2017 оны 08 сар хүртэл амьдарч байсан Ц.Бгэдэг хүнээс нийт 1.204.452 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тийнхүү худалдаж авахдаа 800.000 төгрөгийг бэлнээр Ц.Б-ийн ээж Н.Д-т, үлдэх 404,452 төгрөгийг Хэнтий аймгийн Хэнтий ус ХХК-ийн Бэрх дулааны салбарт уг орон сууцны 2017.08.31-ний байдлаар хуримтлагдсан усны болон халаалтын өр төлбөрт төлсөн. Улмаар уг орон сууцанд их засвар хийж тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ер нь уг орон сууцанд маш олон айл ээлжлэн амьдарч байсан бөгөөд чухам хэнийх гэдэг айл, хэдий хугацаанд амьдарч байсныг сайн мэдэхгүй. Ямар ч байсан манайхаас өмнө Ц.Б гэдэг хүн амьдарч байсан. Зарим тохиолдолд уг орон сууцанд хүн амьдардаггүй, хоосон байсан ч үе бий. Түүнчлэн 2001 оны үед Бэрх тосгоноос хүмүүс шилжин явах нь ихэсч, улмаар орон сууцны үнэ маш хямд болсны зэрэгцээ хүмүүс орон сууцаа шууд орхиод явах ч тохиолдол гарч байсан. Нэхэмжлэгч болон бусад хамтран өмчлөгчид нь 2001.04.16-ны өдрөөс хойш уг орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй, түүнчлэн уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан үйлдэл гаргасан гэж үзэж болохоор нөхцөл байдалтай байсан атлаа одоо нэхэмжлэгч нь айлын хашаанд, айлын гэр хөлслөн амьдарч байгаа, мөн ...Тухайн үед эгч бид нар хүүхэд байсан учир нарийн учрыг нь сайн анхаарч ойлгоогүй байсан байна ...тухайн үед Н.Б, Н.Ж нар нь насанд хүрсэн байсан... гэдэг үндэслэлээр уг орон сууцны зах зээлийн ханш өссөн байгаа нөхцөл байдлыг ашиглан уг орон сууцыг хамгийн сүүлд эзэмшиж байгаа М.Н-ээсс тухайн орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т өвлүүлэгчтэй нас барах хүртэл амьдарч байсан этгээд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор, харин бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвийг эзэмшин авсан эсхүл хуульд заасан эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй бол мөн зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр зохицуулсан.Орон сууц хамтран өмчлөгч Р.Н нь 2002.12.20-ны өдөр нас барсан бөгөөд бусад өмчлөгч Ш.Х, Н.Б, Н.Ж нар өв нээгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд уг орон сууцны Р.Н-т ногдох хэсэг буюу өвийг эзэмдэн аваагүй, хуульд заасан эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй тул тэднийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Тодруулбал орон сууц хамтран өмчлөгч Ш.Х, Н.Б, Н.Ж нар нь Р.Н-г нас барсны дараа түүнд ногдох хэсгийг болон өөрсөддөө ногдох хэсгийг ч гэсэн эзэмдэж аваагүй буюу уг орон сууцандаа амьдраагүй юм.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна,

-   75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна,

-   76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно ,

-   76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Н.Ж, түүний аав Р., ээж Ш.Х, эгч Н.Б нар нь Х........байрлах ... м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001,04.16-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авах үед уг орон сууцанд өөр айл амьдарч байсан бөгөөд уг айл байрыг нь суллаж өгөөгүй байна.

Тодруулбал 2001.04.16-ны өдрөөс эхэлж нэхэмжлэгч Н.Ж түүний аав Р.Н ээж Ш.Х, эгч Н.Б нарын эрх зөрчигдөж эхэлсэн боловч түүнээс хойш 2011.04.16-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тухайн орон сууцыг хамтран өмчлөгчид нь уг орон сууцандаа орж чадаагүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монгол Улсын Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж заасан байна.Өмчлөх эрхээсээ татгалзах нь хүсэл зоригийн илэрхийллээр явагддаг бөгөөд энэ хүсэл зоригийг амаар болон бичгээр илэрхийлсэн байх шаардлагагүй, гагцхүү тухайн нөхцөл байдлаар тодорхойлогддог. Хэрэв насанд хүрсэн этгээд хэрэггүй болсон зүйлээ хаяж байгаа бол энэ нь үүгээрээ өмчлөх эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хэрэг юм. Тодруулбал хэрэггүй болсон эд зүйлээ хаяж байгаа бол хаях үйлдэл нь эзэмшлээсээ татгалзсаныг илэрхийлэхээс гадна энэ үйлдэл нь мөн өмчлөх эрхээсээ татгалзаж буй хүсэл зоригийн илэрхийллийг агуулж байна. Өмчлөх эрхээсээ татгалзахын агуулга нь өмнөх өмчлөгч нь түүний өмчлөлийн зүйлийг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрч байгаад оршдог. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, Х............орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж, түүний аав Р.Н, ээж Ш.Х, эгч Н.Бнарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба үүнийг нэхэмжлэгч тухайн үед мэдсэн байдаг.Уг орон сууцны хамтран өмчлөгчдийг 2001.04.16-ны өдөр бүртгэхэд нэхэмжлэгч Н.Ж 20 настай, түүний эгч Н.Б 26 настай байсан ба харин аав Р.Н-ийг 2002.12.20-ны өдөр нас барахад нэхэмжлэгч Н.Ж 21 настай, түүний эгч Н.Б 27 настай буюу насанд хүрсэн байжээ.Хэдийгээр Р.Н, Ш.Х, Н.Б, Н.Ж нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд огт амьдарч байгаагүй байна.Дээрх маргаан бүхий орон сууцанд 2002-2009 онд иргэн Д.Д, 2010-2012 онд иргэн А.А, 2012 оноос 2017 оны 08 сар хүртэл иргэн Ц.Б нар амьдарч байсан бөгөөд 2017 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл иргэн М.Н амьдарч байна. М.Н нь уг орон сууцыг 2017 оны 08 сард иргэн Ц.Б-өөс нийт 1.204,452 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тийнхүү худалдаж авахдаа 800,000 төгрөгийг бэлнээр Ц.Б-ийн ээж Н.Д-т төлж, үлдэх 404,452 төгрөгийг Хэнтий аймгийн Хэнтий ус ХХК-ийн Бэрх дулааны салбарт уг орон сууцны 2017.08.31-ний байдлаар хуримтлагдсан усны болон халаалтын өр төлбөрт төлсөн, мөн уг орон сууцанд их засвар хийж тохижуулсан болно. 2001 оны үед ......-оос хүмүүс шилжин явах нь ихэсч, улмаар орон сууцны үнэ маш хямд болсны зэрэгцээ хүмүүс орон сууцаа шууд орхиод явах ч тохиолдол гарч байсан. Харин одоо Бэрх тосгоныг төр засгаас аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилт тавьж дэд бүтэц, зам, барилга байгууламж ихээр баригдаж эхлэхтэй зэрэгцэн оршин суух хүн амын тоо нэмэгдэж, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш эрс нэмэгдээд байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Н.Ж болон бусад хамтран өмчлөгчид нь 2001.04.16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 19 жил 04 сар 17 хоногийн хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.Дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрсөн байх бөгөөд харин тухайн орон сууцны зах зээлийн ханш өссөн байгаа нөхцөл байдлыг ашиглан уг орон сууцыг хамгийн сүүлд эзэмшиж байгаа М.Н-ээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ...................байрлах ..... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоож өгнө үү.

Хоёр. Монгол Улсын Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт "Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж тус тус заажээ.

Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг хууль тогтоогч оновчгүй хуульчилсан бөгөөд цаашид өөрчлөх шаардлагатай бөгөөд харин шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ дээрх оновчгүй хуулийн зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Тодруулбал хэрэв угаасаа эзэнгүй эд юмсын тухай яригдаж байгаа л юм бол 15 жил хүлээх үндэслэл байхгүй. Өмнөх өмчлөгч нь өмчлөх эрхээсээ санаатайгаар татгалзсан байхад хэнийг ч хамгаалах шаардлагагүй. Гагцхүү өмчлөх эрх олж авч буй этгээд нь тухайн эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй байхад л хангалттай юм. Маргаан бүхий орон сууцны хувьд өмнөх өмчлөгч Н.Ж нь уг орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ санаатайгаар татгалзсан байхад нь буюу 2017 оны 08 сард тухайн орон сууцыг ззэмшиж байсан иргэн Ц.Б-өөс нийт 1,204,452 төгрөгөөр худалдаж авсан нь Н.Ж эрхийг зөрчсөнд тооцогдохгүй.

Иймд М.Н нь Х...............хаягт байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-иын эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Ж нь Д.О надад хүсэлт гаргасны дагуу 2019-05-08-нд нас барсан Ш.Х, 2002-12-20-нд нас барсан Р.Н-ийн өмчилж байсан .........орон сууцны өвлөгч мөн болгохыг хүсэлт гаргасныг үндэслэн 2021 оны 01 сарын 05-нд 001, 002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Эх нь нас бараад 1 жил, эцэг нь нас бараад 18 жил болсон тул өвлөх эрхийн гэрчилгээг Н.Ж солгосон болно. Уг байр нь 4 хүний өмчлөлтэй болох нь Улсын бүртгэлийн лавлагаа хурууны хээгээр авсан. Мөн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн олгосон эх гэрчилгээ нь бусдын эзэмшилд байгаа гэж байсан. Аливаа өчлөлийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр, үнэн зөв байдаг тул лавлагааг үндэслэн хуулийн хугацаанд гаргасан хүсэлтийг үндэслэн бичиж өгсөн болно гэжээ.

5. Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах бичгийн нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд: Н.Б-ээс Н.Ж-д олгосон итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавалгаа, Р.Н-н нас барсны бүртгэлийн лавлагаа, Ш.Хандмаагийн нас барсны гэрчилгээний хуулбар, Н.Ж- төрсний гэрчилгээний хуулбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Н.Ж Д.Г нарын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Б, Д.Г нарын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг болно.

6. Хариуцагч талаас дараах бичгийн нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд: М.Н-ээс Э.У-т олгосон итгэмжлэл,  хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ............ дугаартай гэрчилгээ, Хэнтий аймаг Хэнтий ус ХХК-ийн Бэрх дулааны салбарын 2020.09.11-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, Ш.Х, Р.Нг нарын Хаатр маягт, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн....... дугаартай магадлал зэрэг болно.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах нотлох баримтыг хэрэгт иүүлсэн. Үүнд: Хэнтий Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэлийн дугаар ......... гэсэн, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / 2020 оны 09 сарын 02-ны өдөр/ зэрэг болно.

8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Орон сууц ашиглалтын гэрээ, Орлогын мэдүүлэг, Тодорхойлолт /хэргийн материалын 37-р тал/ Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, гэрч Н.Д, Ч.Б, А.А, Н.А нараас гэрчийн мэдүүлэг авсан зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлтэй, Ж.Ж-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь Н.Ж-д холбогдуулан орон сууцыг хамтран өмчлөгч Н.Жнь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-ийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүхээс дараах үндэслэлээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн Н.Жаргалмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1....................... байрыг хууль бус эзэмшигчдээс байраа буцаан шаардах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н.Ж нь маргаан бүхий байр болох ............. байрны 2 орцны 10 тоот байрны хууль ёсны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн Үл хөдлөх , эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг / хэргийн материалын 32-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хэргийн материалын 111-р тал/, ............ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг Р.Н Ш.Х, Н.Б, Н.Жнар нь хамтран өмчилдөг болох ба уг үл хөдлөх хөрөнгийн хувьд дундаа өмчлөгчид байна. Иймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эртхэй гэж хуульчилсан ба Р.Н 2002 оны 12 сарын 20-нд, Ш.Х нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр тус тус нас барсан боловч энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Н.Жаргалмаа, Н.Баярчимэг нар анхнаасаа байсан байх тул үл хөдлөх хөрөнгөө бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь энэ үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.Б-с худалдан авсан тул чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийг уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг ба хариуцагч М.Н нь уг орон сууцанд 2017 оноос эхлэн амьдарч байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, мөн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсанаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын тулд хэрэв хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа бол хэлцэл буюу гэрээг өмчлөгч болон түүний итгэмжлэн хариуцсан этгээдтэй бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг.

Гэтэл хариуцагч нь өмчлөгч биш этгээд болох Ч.Б-өөс 1 204 452 төгрөгөөр худалдан авч, энэ мөнгийг Ч.Б-д өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хэлцэл хийсэн болон уг үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ч.Баттөр биш гэдгийг хариуцагч М.Н нь мэдэж байсан ба анх Ч.Б-с авахдаа гэрчилгээ нь өөр хүний нэр дээр юм байна гэж ярьж байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Иймээс хариуцагч М.Н нь уг орон сууцанд амьдарч байгаа нь түүнийг өмчлөгч гэж үзэхгүй ба нэхэмжлэгч Н.Ж уг орон сууцны өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эртхэй гэж зааснаар нэхэмжлэгч Н.Жнь хариуцагч М.Н-ээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй ба энэ шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

2. Үл хөдлөх эд хөрөнгийн........... улсын гэрчилгээг гаргуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхий орон сууцны ........... дугаартай гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болох Дугаар.......... тоот Р.Н /4 хүний хамтын өмч/ гэсэн 2001 оны 04 сарын 16-ны өдөр олгосон гэрчилгээг эхээр нь хэрэгт ирүүлсэн байна. Энэ гэрчилгээний дугаар нь.............., гэрчилгээн дээрх улсын бүртгэлийн дугаар нь ........... бүдгэрсэн/ гэж байгаагаас дүгнэхэд хариуцагчид үүнээс өөр гэрчилгээ байхгүй, өөрт байгаа гэрчилгээгээ өгсөн болох нь тогтоогдож байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Сөрөг шаардлагын хувьд: ............... хаягт байрлах .. мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь Х.................. байрлах ........мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-ийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасан. Сөрөг шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Ж-г уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгохыг хариуцагч хүссэн. Нэхэмжлэгч Н.Ж нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдэгт дээр дүгнэлт хийсэн ба хариуцагч нь 2017 оноос энэ орон сууцанд амьдарч байгаа болон өмнө нь өөр хүмүүс амьдарч байсан, нэхэмжлэгч нь энэ орон сууцандаа амьдарч байгаагүй нь түүнийг өмчлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Тухайлбал Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан ба өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдраагүй, орон сууцаа чөлөөлүүлэх талаар шаардлага гаргаж байгаагүй нь түүнийг буюу нэхэмжлэгчийг эзэмшил, өмчлөлөөсөө татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэж байх тул сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч тал Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж үзэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Иргэний хуулийн 115.1-д Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж заасан ба маргаж байгаа эд хөрөнгө болох орон сууц нь өмчлөгчгүй эд хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл энэ орон сууцны өмчлөгч нь хэн бэ гэдэг нь хариуцагч талд байсан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр тодорхой байхад уг хөрөнгийг өмчлөгчгүй гэж үзэхгүй. Өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан гэдэг нь Н.Ж нь тухайн орон сууцанд амьдраагүй, өнгөрсөн хугацаанд шаардлага гаргаагүй гэдгээрээ тогтоогдохгүй юм. Өөрөөр хэлбэл Н.Ж болон түүний эх Ш.Х нь энэ орон сууцыг авах хүсэл сонирхолтой байсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн нэр шилжүүлэхээр манай ээж Х гуай дээр очиход халгаагаагүй гэх тайлбараас дүгнэхэд энэ үл хөдлөх хөрөнгийг хариуцагч М.Н-т шилжүүлэх хүсэл сонирхолгүй байсан байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан гэж үзээгүй болно.

4. Хариуцагчийн сөрөг шаардлагын нэг болох М.Н нь орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-ийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.Н нь иргэн Ч.Б- 2017 онд уг орон сууцыг худалдан авч төлбөрийг төлсөн гэдэг нь хариуцагчийн тайлбар, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэсэн хэдий боловч тухайн эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч биш этгээдтэй худалдах, худалдан авах хэлцэл хийж төлбөрөө төлж, уг орон сууцанд орж амьдарсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохгүй юм. Энэ орон сууцыг Ч.Б-ийн өмчлөлийнх биш буюу өөр хүний нэр дээрх Р.Н-ийн нэр дээр байдаг өмчлөлийн зүйл гэдгийг хариуцагч М.Н тухайн үед мэдсэн, мөн мэдэх боломжтой байсан. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын шүүх хуралдаанд Ш.Х гуай дээр очиж нэр шилжүүлэх гэхэд халгаагаагүй гэх тайлбар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас ирүүлсэн ....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус хуульчилсан байх тул улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж дүгнэлээ. Мөн хариуцагч нь хэрэв маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бол тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх, энэ талаар холбогдох арга хэмжээг авах эрх нээлттэй байсан болохыг дурдаж байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх зүйн чадамжтай иргэн нь өөрийн үйлдлийн үр дагаварыг бүрэн хариуцдаг ба хэрэв үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс худалдан авах гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Иймээс хариуцагч М.Н-ийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй тул сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч тал Р.Н2002 оны 12 сарын 20-нд, Ш.Х нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр тус тус нас барсан үүнээс хойш өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, мөн өнгөрсөн хугацаанд уг байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь өөрийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэж хариуцагчаа нэрлэн заадаг ба хариуцагч М.Наранчимэг нь маргаан бүхий орон сууцанд 2017 оноос эхлэн амьдарч байгаагаас эхлэн уг орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оноос тоолох нь зүйтэй юм. Энэ байранд өмнө нь хэн гэдэг иргэн хэдий хугацаагаар амьдарч байсан болох нь маргааны зүйлд хамааралгүй ба эд хөрөнгийн үндсэн өмчлөгч нь нэхэмжлэгч болох нь цугларсан баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг нэрлэн заахдаа М.Н гэж нэрлэсэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба хариуцагчаар оролцсон М.Н нь нэхэмжлэлд дурдагдсан этгээд мөн буюу маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа этгээд мөн гэдэгтэй болон нэхэмжлэлд хариуцагчийг нэрлэн заахдаа үг, үсгийн алдаа гаргасан, нэрний зөрүүн дээр талууд ямар нэгэн маргаангүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болохыг дурдаж байна.

Хариуцагч талаас гэрчээр асуулгасан Н.Д, Ч.Б, А.А-аас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж шүүхээс гэрчийн мэдүүлгийг хуульд заасан арга хэрэгслээр авч бэхжүүлсэн нь нотлох баримт мөн ба эдгээр мэдүүлгээр маргаан бүхий орон сууцыг хариуцагч М.Н нь Ч.Б-өөс шилжүүлэн авч эзэмшиж байсан гэдгийг нотолдог боловч дээрх мэдүүлгүүдээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хариуцагч М.Н гэж үзэх боломжгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь гэрчээр Т.А-ийг асуулгах хүсэлт гаргасаныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч гэрч болох Т.А-ийн гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан. / хэргийн материалын 55-р хуудас/ Хэргийн материалын 116-р тал авагдсан Т.А гэсэн гар бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр авагдаагүй буюу гэрчийн мэдүүлэгийн шаардлага хангахгүй байх тул нотлох баримт гэж үнэлээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар ................тоотыг хариуцагч Н.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн .............. дугаартай улсын гэрчилгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар хариуцагчийн ............байрлах 26 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Н.Жнь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь ............... тоот хаягт байрлах .. мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-ийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ