Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 135

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг

улсын яллагч  С.Энхтуул,

шүүгдэгч Б.Баярмагнай, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал /¹1486/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуудай овогт Бат-Очирын Баярмагнайд холбогдох 201725030212 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ идэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 16 дугаар гудамж, 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шуудай овогт Бат-Очирын Баярмагнай /РД: РУ81080318/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Баярмагнай нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран хишиг" хүнсний дэлгүүрт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Т.Батболдын бие махбодид хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

­­­­­­­­­ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмагнай мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Т.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцсийн буудлын Наран хишиг нэртэй дэлгүүр дотор ороод байж байхад гаднаас үл таних залуу орж ирээд тус дэлгүүрийн худалдагч Алтангаас архи зээлээч гэсэн юм. Тэгэхэд Алтан уг залууд "би хүний дэлгүүрт суудаг юм зээлэх боломжгүй" гэж хэлэхэд Алтангаас байн байн зээл өгчих гэж нэхээд байхаар нь би тэр залууд хандаж " наад хүн чинь хүний дэлгүүрт суудаг юм зээлэх боломжгүй гээд хэлээд байна шүү дээ та нарт гэж хэлэхэд надад хандаж "чи яасан олон үгтэй юм" гэж хэлээд дэлгүүр дотор намайг цохиж авсан юм. Тэгээд дэлгүүрээс гаргаж байгаад дахиж зодсон юм тэгээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/

Гэрч Б.Наранбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Тэгээд Хайлаастын эцэст ирээд Баярмагнай дэлгүүр лүү архи авна гэж ороод Лхагваа бид 2 машинд үлдсэн юм. Тэгээд гарч ирэхгүй удаад байхаар нь бид хоёр хөдлөөд дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод Лхагваа Баярмагнайг дуудахаар машинаас буухад Баярмагнай дэлгүүрээс хүн дагуулж гарч ирээд нөгөө хүнтэйгээ зууралдаад дэлгүүрийн үүдэнд унасан юм. Тэр үед Лхагваа боль гэж орилоход нөгөө хоёр больцгоосон юм. Тэр үед дэлгүүрээс эмэгтэй хүн гарч ирээд цагдаа дуудсан гэхээр нь Лхагваа бид хоёр Баярмагнайд чи наад асуудлаа зохицуул гэж хэлээд бид хоёр машинтайгаа хөдлөөд дэлгүүрээс зайтай очоод зогсож байхад араас удалгүй Баярмагнай хүрч ирсэн. Тэгээд суулгаж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

Гэрч Б.Алтантүрүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байхад байх яг цагийг нь сайн санахгүй байна манай дэлгүүрт зүс таних ах орж ирээд архи зээлээр өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би өөрөө хүний дэлгүүрт худалдагч хийдэг зээлээр архи өгөхгүй гэсэн юм. Тэгэхэд тэр ах захирлыг чинь танина утас руу нь залгаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар захирал руу залгасан боловч захирал утсаа аваагүй юм. Тэгээд нөгөө зүс таних ах надаас архи нэхээд байхаар нь тухайн үед манай дэлгүүрт зогсож байсан манай нөхрийн хүргэн ах нь болох Батболд тэр хүнд хандаж “наад хүн чинь хүний дэлгүүрт суудаг худалдагч байгаа юм зээлээр архи өгөхгүй чи одоо гар” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь нөгөө зүс таних ах Батболд ахыг чамд ямар хамаатай юм гэж хэлээд дэлгүүр дотор нүүр орчимд нь 2 удаа атгасан гараараа цохиод вакум цонхны бариулд ар дагзаар нь 2 удаа мөргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Яллагдагч Б.Баярмагнайн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн хүнтэй ямар нэг зорилгоор маргалдаагүй би тэр залууг танихгүй, дэлгүүрийн худалдагчтай архи зээлээр авъя гэж яриад зогсож байхад өөреө дундуур нь орж ирээд хэрүүл хийгээд байсан юм тэгээд уурлаад ийм зүйл болсон юм. Тэр залуу өөрөө согтуу байсан. Дэлгүүр дотор би тэр залууд гар хүрээгүй ойртоод ирэхээр нь би түлхэж хоёр удаа холдуулсан. Гадаа гарч ирэхээр нь би нэг удаа цохиод тэгээд газар унах үед нь нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед нөгөө залуу газар унаад буцаж өндийж ирээд надтай зууралдаад байхаар нь дахиад нүр лүү нь нэг удаа өшиглөөд холдож зогссон юм. Тэр үед нүүр ам нь цус болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/ 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №1613 тоот дүгнэлтэд: “Т.Батболдын биед тархи доргилт, духны шарх, зүүн хацрын төвгөр, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” Шинжээч эмч Т.Амартүвшин /хх-ийн 26х/ зэрэг болно.

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 56х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/

 

Шүүгдэгч Б.Баярмагнай нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран хишиг" хүнсний дэлгүүрт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Т.Батболдын бие махбодид хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/, хохирогч Т.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14х/, гэрч Б.Наранбат /хх-ийн 17-18х/, Б.Алтантүрүү /хх-ийн 21-22х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №1613 дугаартай дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Баярмагнайд холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Батболд бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хохирлоо бүрэн барагдуулж авсан бид хоорондоо эвлэрсэн, ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж /хх-ийн 57х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Баярмагнайд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураарааа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүхээс түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.  

    

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шуудай овогт Бат-Очирын Баярмагнайг олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярмагнайд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баярмагнайн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Баярмагнай цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баярмагнайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ