Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 136

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр /¹0-200/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Хишигтогтохын Пүрэвцогтод холбогдох 201625032372 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод салхитын 4-61а тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржин овогт Хишигтогтохын Пүрэвцогт /РД: ЧМ81012979/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Х.Пүрэвцогт нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагаас 22 цаг 20 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжны 90 тоотод байх иргэн Б.Энхмөнхийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж 32 инчийн фанасоник маркын ЛСД зурагт, хаш чулуун хөөрөг, мөнгөн тоногтой бүс зэрэг эд зүйлийг нь хулгайлан авч бусдад 1.636.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Пүрэвцогт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Б.Энхмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд хашаанаас нь гараад гэр лүүгээ явах гээд гудамжны үзүүр дээр ирэхэд урд талын гудамжинд 3 эрэгтэй зогсчихсон, газарт зурагт байгаа харагдсан. Тэр 3 эрэгтэйн 1 нь хашаа руу шээгээд 2 нь тамхи асаагаад зогсож байсан. Тэгээд би тэр 3-руу явж байхад 1 эрэгтэй машин зам руу явж байсан. Тэгээд би үлдсэн 2 эрэгтэй дээр нь яваал очиход 40 орчим насны эрэгтэй нь намайг танимхаараад юу байна ахын дүү, нүүрс зардаг Насаа ах нь байна гэхээр нь зурагт боосон хөшгийг нь харахад манай хөшиг байсан. Тэгээд тэр эрэгтэйг би танихгүй учир таньдаг дүр үзүүлээд таньж байна аа, та харанхуй болж байхад юу авч яваа юм, архи уучихаад гэж хэлэхэд, нөгөө эрэгтэй маань бацаан айлаас зурагт зохицуулаад гэж хэлсэн. Тэгээд би зарах юм уу гэхэд зарна гэж хэлсэн. Тэгээд би оноос өмнө зурагт авах санаатай байсан юм сонирхоё л доо гэсэн. Тэгээд нөгөө эрэгтэй танайх хаана юм гэхээр нь манайх далангийн доор байдаг юм гэж хэлчихээд зурагтыг чинь харья гэхэд хөшиг сөхөж харуулахад манай манай Фанасоник гэсэн зурагт мөн байсан. Тэгээд би зурагтаа тавьчихаад нөгөө эрэгтэйг нь бариад байж байтал нөгөө хашаа руу шээж байсан залуу нь зугтах гэхээр нь араас нь гүйж очоод хавирч унагасан. Тэгээд тэр 2-той зууралдаад байж байтал нөгөө эрэгтэй ахыгаа ингэж болохгүй гэж байснаа нуруу хэсэг рүү гараа явуулаад байж байхад ар талаас нь манай гэрт байсан миний хөөрөг, даалинтайгаа газарт унасан. Тэгэд хөөргөө авч халаасандаа хийчихээд нөгөө 2-ыг хашаа налуулж суулгачихаад эх Оюунтуяа руу утасдаж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн..,би хохиролдоо 920.000 төгрөг хүлээн авлаа Надад цаашид Х.Пүрэвцогтоос нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х, 30х/

 

Гэрч Г.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би гэрээсээ 16:00 цагийн үед гэрээсээ шинэ жилд оролцохоор явсан. Тэгээд орой 22:20 цаг өнгөрч байхад гэртээ ирхэд манай хашааны хойд талын гүйдэг төмөр хаалга онгойчихсон байсан. Тэгээд би хүү Энхтөрд хашааны хаалга онгойчихож гэж хэлчихээд хашаандаа орход хашааны баруун хойд хэсэгт Жүр үр гэсэн ууттай ястай мах байж байсан. Дотор нь хоёр яс харагдаж байсан. Тэгээд би хүү Энхмөнх хоолны газартай болхоор нохойд хоол өгч дээ гэж бодсон. Тэгээд анзааралгүй байшингынхаа хаалгыг онгойлгоод орсон. Тэгээд байшиндаа ороод гэрлээ асаахад том өрөөний цонх түшүүлж тавьсан байсан шкаф нураад урд нь байсан гутлын тавиур халаагч тень эвдэрсэн харагдсан. Тэгээд зогсож байхад хүү Энхтөр орж ирээд ээж зурагт чинь байхгүй байна, хулгайч орчихсон юм биш үү гэж хэлсэн. Тэгээд зурагт байхгүй болхоор харсан чинь цонх хагархай харагдсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаад дуудлага өгчихөөд эд зүйлээ бүртгэж байж байхад хүү Энхмөнх ирсэн. Тэгээд дуудлагаар хоёр цагдаа ирээд жижүүрийн бүрэлдэхүүн иртэл эд зүйлдээ хүрэлгүй байж байгаарай, бид нар ойр орчмоор хайгаад ирье гээд явсан. Тэгээд манай том хүү гараад ойр орчмоор хараадхая гээд явсан. Тэгээд хүү Энхмөнх бас урд зүгээр харчихаад ирье гээд гарсан. Тэгээд би гэртээ дулаацаад сууж байхад хүү Энхмөнх утсаар би хулгай хийсэн хүмүүсийг олчихлоо, ах утсаа авахгүй байна, дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад хашааныхаа урд талын явган хүний хаалгаар гархад гудамжны эсрэг талын хашааны дэргэд хоёр суулгачихсан хажууд нь зогсож байсан. Дэргэд яваад очход манай зурагтыг нэг саарал хөшгөнд боочихсон байсан. Гэхдээ манай хөшиг биш байсан. Тэгээд хүү Энхтөрийг дуудаад удалгүй ирсэн. Тэгээд тэр хоёр хүнийг бариад байж байхад цагдаагийн машин ирээд аваад явсан. Манай байшингийн том өрөөний хоймороос 32 инчийн Фанасоник зурагт, зурагтны дэргэд байсан Кристион Диор нэртэй арьс арчилгааны ком бүтээгдэхүүн /тос нь үлдсэн/ алдагдсан. Бүтээгдэхүүнүүд нь биеийн шингэн тос, өдрийн тос, зовхины тос, 2-3 үнэртэй ус зэрэг байсан. Мөн зурагтны дэргэд байсан компьютерийн хулгана, гар зэрэг байхгүй. Зурагтны доод талын шургуулганд байсан хүүгийн хөөрөг алдагдсан байсан. Хойд талын жижиг өрөөнөөс цүнхэнд хийсэн байсан дээлнүүдийг гаргаад мөнгөн бүс, хоёр арьсан бүс алдагдсан байсан. Өлгүүрт тохсон байсан хар өнгийн савхин оройтой, шар өнгийн үнэгэн малгай, цаасан хайрцаганд хийсэн байсан 9 ууттай бэлэг зэрэг алдагдсан байсан. Хөргөгчнөөс урд өдөр нь авсан эвдэж, жижиглээд хийсэн ямааны мах алдагдсан байсан. Мөн хэрэглэж байсан хонины 10 кг орчим мах алдагдсан байсан. Хоолны амтлагч алдагдсан байсан. Шилтэй болон ууттай хоол амтлагч байсан. Хөргөгчний нэг тасалгаанд байсан амтлагчуудыг бүгдийг нь авсан байсан. Мөн ууттай гурилын боов байсныг цонхны орчмоор асгачихсан байсан. Хулгай хийсэн хүн орсон цонхныхоо хөшгийг нь аваад явсан байсан. Дараа нь үзхэд миний цасны хослол алга болсон байсан. Уг хослол нь цагаан өнгийн куртиктэй, улаан өнгийн өмдтэй, халаасандаа хоёр ширхэг савхин бээлийтэй байсан. Энэ хувцас ил байсан юм. Би гоо сайхны бүтээгдэхүүнээ Метромол дэлгүүрээс 1400000 төгрөгөөр авч байсан. Хэрэглээд талдаа орсон байсан. Цасны хослолоо Америк улсаас 2014 онд ирж байсан. Би Америкаас бараа авчирсан хүнээс 300000 төгрөгөөр авч байсан. Хулгай хийсэн хүн манай гэрээс гарахдаа хулгайлж авсан дээлээ гарсан цонхныхоо дэргэд унагаачихсан байсан. Манай гэрээс алдагдсан эд зүйлсүүд ерөнхийдөө тэр хоёр хар цүнхэнд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/

 

Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны 22 цаг 19 минут болж байхад шинэ жилээс нь авчихаад гэртээ ирсэн. Би тухайн үед ээжийн гэрт амьдарч байсан юм. Тэгээд ээж надад чи хашааны хаалгаа түгжээгүй юм уу гэхээр нь би түгжсэн гэж хэлчихээд хашаандаа орж ирхэд хашааны дотор хэсэгт гялгар ууттай мах, ястай мах хашааны дотор хэсэгт хаячихсан байсан. Тухайн үедээ манай дүү нар ирээд нохой хооллож гэж бодсон. Тэгээд байшингын хаалгыг очоод үзэхэд цоожтой байхаар нь нохой хооллож гэж баттай бодсон. Тэгээд хаалгаа онгойлгоод яваад орход гэрт хулгай орчихсон байсан. Тухайн үед алдагдсан эд зүйлсийн талаар Энхмөнх, ээж хоёр хэлсэн байх. Миний мэдэж байгаагаар урд өдөр нь би ээжийн хамт яваад хоол, хүнсний зүйлс цуглуулсан. Тухайн үед авсан байсан ямааны бүтэн мах, хонины мах алдагдсан байсан. Мөн гурилын боов, хоол амтлагч алдагдсан байсан. Хувцаснуудыг нь асгаад хоёр цүнхэнд нь юм хийгээд явчихсан байсан. Мөн шинэ жилийн бэлэгнүүд байсан алдагдсан байсан. Ээжийн цасны хослол алдагдсан байсан. Хулгай орсон цонхны хөшиг, зурагт, компьютерийн гар, хулгана, хөөрөг, үнэгэн малгай, арьс арчилгаа бүтээгдэхүүн зэрэг нь байхгүй байсан. Зурагт нь байшингын хойморт байсан ба зурагтны дэргэд байсан хөөрөг, гар, хулгана, гоо бүтээгдэхүүнийг аваад явсан байсан. Тэгээд дуудлагаар хоёр цагдаа ирээд жижүүрийн бүрэлдэхүүн иртэл байж байгаарай гэхээр нь би Салхит орчмоор хулгай хийсэн хүмүүс дэлгүүрээр юм зарж магадгүй гэж бодоод явсан. Тэгээд Салхитын дэлгүүрүүд орчмоор явж байхад манай ээж над руу утсаар яриад дүү чинь хулгай хийсэн хүнийг олчихож гэж хэлсэн. Тэгээд би яваад очход манай гэрээс урд гудамжинд манай зурагтыг тавьчихсан байсан. Энхмөнх ах дүү хоёр гээд хоёр эрэгтэйг суулгачихсан байж байсан. Тэр хоёр эрэгтэйг нь хархад урд нь миний портер машиныг худалдаж авсан эрэгтэйн хадамууд байсан. Гэхдээ энэ хоёр надаас авсан машиныг унаж нүүрс зардаг байсан юм. Тэгээд намайг яваад очход ах эрэгтэй нь Төрөө ахаа би мэдээгүй шүү, би аваагүй шүү гээд гүрийгээд байсан. Тэгээд цагдаад хэлзэд цагдаа нар ирж авсан. Тухайн үед гудамжинд байсан зурагт нь манай зурагт мөн байсан. Зурагт боосон хөшиг нь манай хөшиг биш байсан. Байшин руу орохдоо цонхны шилийг хагалаад рамыг нь эвдээд орсон байсан. Хүүхдүүдэд өгөх 9 уут бэлэг, бүтэн ямааны мах зэргийг би урд өдөр нь авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/

Гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орой 17 цагийн үед гэрээсээ гараад ойролцоо гэртээ Пүрэвцогтын гэр рүү очсон. Пүрэвцогтын гэрээр орж гардаг учир орсон юм. Тэгээд Пүрэвцогтын гэр рүү нь орход Пүрэвбаатар, Бука нар байж байсан. Тэгээд би пиво ууя гээд Пүрэвбаатарт 10000 төгрөг өгөөд дэлгүүр явуулсан. Пүрэвбаатар дэлгүүрээс 2,5 литрийн пиво, 0,5 литрийн архи авчирсан. Тэгээд бид гурав уугаад сууж байхад гаднаас Пүрэвцогт согтуу орж ирсэн. Тэгээд би Пүрэвцогтыг чи архи уудаггүй байж архи уулаа хүнтэй адилхан бай гэж хэлхэд буцаад гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирээгүй. Тэгээд би 1 цаг орчим байж байгаад гарсан, тэгээд шууд гэр рүүгээ явсан. Би Пүрэвцогттой уулзаагүй. Тэр өдөр гэрт нь байж байхад гаднаас орж ирсэн. Пүрэвцогт архинаас гарах эмчилгээ хийлгээд архи уухгүй жил болсон юм. Тэгээд эгч, эх нь надаас лавлаад байдаг учир би чи яах гэж архи уудаг юм гээд загнахад гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/

 

      Яллагдагч Х.Пүрэвцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр айлын хашааны хаалга онгорхой байхаар нь яваад орсон. Намайг орох үед нохой байгаагүй. Тэр айлын хашааны гүйдэг хаалга нь хагас онгойсон байсан, тэр хаалгаар нь ороод байшингийн баруун талаар нь алхаад цонхны өмнө хураасан модны араар нь гараад хоёр дахь цонхон дээр нь очсон. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд тэр айлын байшингийн хоёрдахь цонхыг хагалж ороод эхлээд зурагтыг нь, зурагтны хажууд байсан хөөргийг нь авсан. Тэгээд зурагт байсан өрөөнөөс нь цүнхтэй хувцас байхаар нь асгаад 2 цүнх авсан. Тэгээд хайрцган дотор ууттай бэлэг байхаар нь авах гэхэд хайрцаг нь задрахаар нь бэлэгнүүдийг цүнхэнд хийсэн. Тэгээд хөргөгчийг нь онгойлгоод үзэхэд ногоон ууттай мах байхаар нь аваад нэг цүнхэнд нь хийсэн. Тэгээд байшингаас гарах гэхэд 2, 3 нохой над руу дайраад хүрээд ирсэн. Тэгээд хөргөгчнөөс нь мах аваад шидэхэд мах зуугаад цаашаа явчихсан. Тэгээд зурагтыг нь аваад гадаа цонхных нь доор тавьсан. Тэгээд буцаж ороод 2 цүнхтэй юм аа аваад хашаанаас нь гараад догол хэсгийн буланд тавьсан. Тэгээд буцаж ороод зурагтыг нь аваад гарсан. Цүнхтэй эд зүйлсээ орхиод явсан. Тэгээд зурагтаа аваад, хөөргийг халаасандаа хийгээд явсан. Хашааны хогны хэсэгт байсан хөшгийг нь аваад зурагтаа боосон. Тэгээд зурагтыг нь боогоод өөрийнхөө хашаанд ирсэн. Тэгээд хашаан дотроо зурагтыг нь тавьчихаад буцаад нөгөө айлдаа ирээд үлдээсэн юмаа авах гэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би тэр орчимоор явсан боловч олдоогүй. Тэгээд буцаад хашаандаа очоод зурагтаа аваад гарч явж байхад гудамжинд манай тэр хавийн бололтой зүс харж байсан 20 орчим насны 2 эрэгтэй ирээд гал асуусан. Тэгээд би гал байхгүй, ахдаа ганц ширхэг тамхи өгөөч гээд тамхи авчихаад тэр 2 залуу явсан. Тэгээд тэр 2 залуу дөнгөж явсаны дараа хар өнгийн хувцастай залуу ирсэн. Зүс харж байсан залуу байсан. Тэгээд би юу хийж байна ахын дүү гэхэд ах зурагтаа зарах уу гэхээр нь би авбал ав гэсэн чинь зурагт харчихаад намайг хавсарч унагаагаад, нүүррүү гараараа 2, 3 удаа цохьсон. Тэгээд халаас уудалж байгаад хөөргөө гаргаад ирсэн. Тэр үед Пүрэвбаатар гараад ирэхэд тэр залуу Пүрэвбаатарыг барьж аваад цохиод байсан. Тэгээд тэр залуугийн ах гэх цагаан машинтай хүн ирсэн. Тэгээд цагдаа дуудаад 20-30 минутыг дараа цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-59х/

 

      Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-21х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-25х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг болно.

 

      Шүүгдэгч Х.Пүрэвцогт нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагаас 22 цаг 20 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжны 90 тоотод байх иргэн Б.Энхмөнхийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж 32 инчийн фанасоник маркын ЛСД зурагт, хаш чулуун хөөрөг, мөнгөн тоногтой бүс зэрэг эд зүйлийг нь хулгайлан авч бусдад 1.636.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 56-59х/ хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27х, 30х/, гэрч Г.Оюунтуяа /хх-ийн 31-32х/, Б.Энхтөр /хх-ийн 33х/, Х.Эрдэнэбаатар /хх-ийн 34х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10х/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-21х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22х, 24-25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Х.Пүрэвцогтыг бусдын орон байранд нэвтэрч, эд зүйлгийн хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Энхмөнхийн мэдүүлэг /хх-ийн 30х/, хавтас хэрэгт авагдсан эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-21х/ зэргийг үндэслэн шүүгдэгч Х.Пүрэвцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Х.Пүрэвцогт нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Пүрэвцогтод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж ялыг тэнсэж, хянан харгалзав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржин овогт Хишигтогтохын Пүрэвцогтыг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвцогтод эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Пүрэвцогтод оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Х.Пүрэвцогт нь нийт 60 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Х.Пүрэвцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6. Х.Пүрэвцогтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Пүрэвцогтын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ