Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 1

 

Н.П-, Ж.О-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0336/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Ж.О-

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолтой, Ж-гийн О-, Н-ын П- нарт холбогдох, 2018000000374 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, З- овогт Ж-гийн О-.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, З- овогт Н-ын П-.

Шүүгдэгч Ж.О-, Н.П- нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 05- ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хавтгайн даваа” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 0.50 метрийн урттай 78 ширхэг буюу 5.06 метр куб нарс мод бэлтгэж, 12-46 ДАР, 12-99 УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч З- овогт Ж-гийн О-, З- овогт Н-ын П- нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.О-, Н.П- нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ж.О-, Н.П- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-, Ж.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг, 5 м.куб нарс модыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 12-46 ДАР, 12-99 дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10., 11 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12-46 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Р.Н-д, 12-99 УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.О-эд тус тус буцаан олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-, Ж.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, техник, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө нь тухайн гэм буруутай, хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд, эсхүл түүний хувьд ноогдох хөрөнгө, орлого болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан байхад уг заалтын хүрээнд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг оногдуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарт буцаан олгосон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.О- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.О-, Н.П- нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

Шүүгдэгч Ж.О-, Н.П- нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 05- ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хавтгайн даваа” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 0.50 метрийн урттай 78 ширхэг буюу 5.06 метр куб нарс мод бэлтгэж, 12-46 ДАР, 12-99 УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт болон болсон үйл баримтаар тогтоогджээ.

Дээрх үйлдэлд Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.О-, Н.П- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.О-, Н.П- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг, 5 м.куб нарс модыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 12-46 ДАР, 12-99 дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10., 11 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12-46 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Р.Н-д, 12-99 УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.О-эд тус тус буцаан олгож, Н.П-, Ж.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Шүүгдэгч Н.П-, Ж.О- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, хохирол төлсөн байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, үйлдэгдсэн гэмт хэргийн талаар шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх боловч тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Р.Н-ын эзэмшлийн 12-46 ДАР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.О-ийн эзэмшлийн 12-99 УНП улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн тодорхой ямар зүйл, заалтыг хэрэглэн хураахгүйгээр тэдэнд буцаан олгохоор шийдвэрлэсэн үндэслэлийг заагаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1..2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.П-, Ж.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                          ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ