| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/02107/И |
| Дугаар | 181/ШШ2019/02212 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2019/02212
| 2019 оны 11 сары 05 өдөр | 181/ШШ2019/02212 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ү.З
хариуцагч:х.х
тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******, хариуцагч х.х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Л.*******, хариуцагч талын гэрч Ц.*******, С.*******, Х.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ү.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: х.хны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 сарын 24-ний өдрийн Б-19/1174 тушаалаар Т.Ү.Зийг ажлаас халсан. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаалд дурдсаны дагуу ажлын байранд архидан согтуурч зүй зохисгүй үйлдэл гарган ахлах ажилтны албан шаардлагыг биелүүлээгүй зүйл огт байхгүй болно. Т.Ү.З 2008 оны 07 дугаар сараас эхлэн х.хны төв байранд тус банкны хамгаалалт, аюулгүй байдлын газрын харьяа биечилсэн хамгаалалтын хэлтсийн ажилтнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн биелүүлж, бүх цаг зав сэтгэл зүрхээ зориулж, тус банкны хамгаалалт, аюулгүй байдлын газрын харьяа биечилсэн хамгаалалтын хэлтсийн ажилтнуудад ёс зүйн сургалт зохион байгуулдаг үлгэр жишээ ажилтан байсан. Т.Ү.З нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч ар гэрээ тэжээн авч явдаг. БНХАУ-ын Эрээн хотоос зузаатгал татах албан томилолтоор явсан. Т.Ү.Зийн үүрэгт ажил бол Монгол Улсын хилээс нааш хамгаалалт хийх зорилготой. Гэтэл Хятад Улсын нутаг дэвсгэр дээр хамт явсан хүмүүс маргалдсан явдал, мөн ахлаж явсан хүн нь Хятад Улсын хилээр гарснаас хойш бидэнтэй огт холбоогүй тухайн маргалдах процесс болоход огт байгаагүй хүний мэдүүлэгт үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй хууль бус. Шөнө нь 21 цаг өнгөрч байхад хамт явсан хүмүүүстэйгээ ганц хоёр хундага архи уусан. Хүрэлбаатар их хэмжээтэй уусан. Илтгэх хуудсыг Т.Ү.З бичээгүй, гарын үсэг нь бусад баримтууд дээр зурагданаас өөр байгаа. Нэхэмжлэгч Хятад Улсад албан томилолтоор явснаа маргахгүй, өдөр ажлын цагаар архи уусныг хариуцагч нотлоогүй, гэрч нар тус банкны ажилтнууд учир нөхцөл байдлыг зохиомлоор бий болгож магадгүй.
Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан Т.Ү.Зийг ажлаас халсан. Уг зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн илт худал тушаал гаргасанд гомдолтой байна. Уг тушаалыг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн бичилт хийлгэж, төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Л.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б-19/1174 тоот тушаал нь холбогдох хууль тогтоомж болоод х.хны дотоодод мөрдөгдөх заавар, журамд нийцсэн болно.
Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. гээд, тус зүйлийн 40.1.4 заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. гээд тус зүйлийн 131.1.3 дахь заалтад ажлаас халах гэж тус тус хуульчилсан.
Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтад ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал, шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй., 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж болон энэхүү Журам, контракт, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч нь доор дурдсан сахилгын арга хэмжээ авна. Үүнд: гээд, тус зүйлийн 8.1.3 дахь заалтад Ажлаас халах гэж заасан.
Дээрхээс дүгнэж үзвэл, ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк нь ажилтны гаргасан ноцтой зөрчилд Хөдөлмөрийн тухай хууль, Худалдаа, хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлтэй.
Т.Ү.Зийн гаргасан ноцтой зөрчлийн талаар:
х.х болон Т.Ү.З нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18/441 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт ноцтой зөрчил гэж үзэх нөхцлүүдийг тодорхойлсон байх бөгөөд тус зүйлийн 10.2.8 дахь заалтад ажлын байранд, албан томилолт болон сургалтаар явж байхдаа, эсвэл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн, ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан байдалтай ирсэн. гэж заажээ. Өөрөөр хэлбэл, албан томилолтоор явж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэж бусад ажилтнуудтайгаа маргаан үүсгэсэн Т.Ү.Зийн үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарна. Ажлын өдөр ажлын цагаар, 2019 оны 06 сарын 13-ны өдөр буюу пүрэв гарагт өөрийнх нь мэдүүлгээр 17:00 цаг, бусад ажилтнууд болон Биечилсэн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах ажилтан *******ын мэдүүлгээр 15:00 цаг, Касс үнэт зүйлийн газрын зузаатгалын ажилтан Х.Хүрэлбаатарын мэдүүлгээр 16:00 цагт архи ууж байсан үйлдэл нь тодорхой байна.
Тодруулбал, тус банкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын харьяа Биечилсэн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан Төмөрбаатарын Ү.З нь 2019 оны 06 сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 сарын 15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос гадаад валютын зузаатгал татах албан томилолтын бүрэлдэхүүнд ажилласан. Байгууллага ажлын бүрэлдэхүүнд тус банкны Касс, үнэт зүйлсийн газрын зузаатгалын ажилтан Х.Хүрэлбаатар, С.*******, Биечилсэн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах ажилтан Х.*******, О.Мандахбаяр нарыг томилж хамт явсан.
Гэтэл, Т.Ү.З нь 2019 оны 06 сарын 13-ны өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар албан томилолтоор хамт явсан бусад ажилтнуудтай хэрүүл маргаан үүсгэж, зузаатгалын багийг удирдаж явсан хамгаалалтын ахлах ажилтан Х.*******ын шаардлагыг үл биелүүлсэн үйлдлүүд нь уг албан томилолтын бүрэлдэхүүнд ажилласан Ц.*******, Х.*******, Х.Хүрэлбаатар, С.******* болон Т.Ү.Зийн өөрийнх нь гараар бичсэн тайлбаруудаар тус тус нотлогддог. Хэрвээ, буудалд 2 шил архи уусан, хоорондоо маргаж зодолдсон тухай Т.Ү.З гэж гарын үсгээ зурсан илтгэх хуудсыг бичээгүй гарын үсэг биш гэж байгаа бол шинжилгээ хийлгэх хэрэгтэй, эсвэл баримтаар няцаах ёстой болно.
Дээр дурдсан Т.Ү.Зийн ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалтад ажлын байранд, албан томилолт болон сургалтаар явж байхдаа, эсвэл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн, ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан байдалтай ирсэн гэж заасан зөрчилд шууд хамаарах үйлдэл тул банк нэг талын санаачилгаар Т.Ү.Зийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон.
Иймд, Т.Ү.Зийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт болон мөн гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдийг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ү.З нь хариуцагчаар х.х ХХК-д холбогдуулан банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 сарын 24-ний өдрийн Б-19/1174 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд оролцлоо.
Хариуцагч х.х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Т.Ү.З албан томилолтоор явж ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ архи ууж сахилгын ноцтой зөрчил гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гарган маргана.
Нэхэмжлэгч Б-19/1174 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 7 сарын 24-ий өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцсэн болно.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Т.Ү.Зийн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэлэлцэн, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлд хавсарган ирүүлсэнд хариуцагч тал маргаагүй х.хны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б-19/1174 дугаар тушаал/хэргийн 8дахь тал/-д, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.ажлаас халах сахилгын шийтгэлийг ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд шийдвэр гаргаж ногдуулна.гэж заасан заалтууд,
Мөн х.хны Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж болон энэхүү Журам, контракт, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч нь 8.1.3.Ажлаас халах сахилгын арга хэмжээ авна.,8.2.энэ журмын 8.1.1.-8.1.3.-т заасан сахилгын шийтгэлийг ажил олгогчийн шийдвэрээр ногдуулнагэсэн заалт, Т.Ү.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3.ажлаас халах гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Т.Ү.З тус банктай 2018 оны 4 сарын 09-ий өдөр 2020 оны 4 сарын 9-ний өдрийг хүртэл хугацаатай, 18/441 дугаар хөдөлмөрийн гэрээ/хэргийн 4-5дахь тал/ байгуулан, Биечилсэн хамгаалалтын хэлтэст хамгаалалтын ажилтан ажил албан тушаалд мөн өдрөөс ажил үүрэг гүйцэтгэж эхлэсэн ба Т.Ү.З 2019 оны 06-р сарын 12-ны өдрөөс 15-ныг хүртэл хугацаанд БНХАУ-ын Эрээн хотод гадаад валютын зузаатгал татах албан томилолтоор тус банкны касс үнэт зүйлсийн газрын зузаатгалын ажилтан С.*******, Х.Хүрэлбаатар, биечилсэн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ажилтан Х.*******, О.Мандахбаяр, Ц.******* нарын хамт явсан болох нь албан томилолтын зардлын төсөв/хэргийн 54дөх тал/, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн ш 0190139, ч 0670770 тоот тасалбаруудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.
Хариуцагч тал гаргаж өгсөн Т.Ү.З өөрөө бичсэн гэх гарын үсэг зурагдсан гар бичвэрийг нэхэмжлэгч тал Т.Ү.З бичээгүй гарын үсэг нь биш гэж маргасан хэдий ч хариуцагч тал маргаж байгаа бол шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэснийг баримт тайлбараар үгүйсгээгүй бөгөөд хамт явсан гэрч С.*******ийн 6 сарын 13-ны өдөр 11 цагт би хүмүүсээ ахалж хил нэвтэрч Эрээн хотод очсон, банкнаас тусгай ачаа хүлээн авах бэлтгэл хийхээр би банк руу явах болж, Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр, Т.Ү.З нар шууд буудал явсан. 16 цаг өнгөрч байхад буудалд очиход тэд нар архи ууж байсан. 2 хилийн завсар машинаа үлдээчихсэн тул би буцаж явсан. Эргээд 19 цаг өнгөрөөд буудалд ирэхэд Хүрэлбаатарын хамраас цус гарчихсан, нүүр нь хавдсан байдалтай байсан. Ү.З унтаж байсан. Ү.Зийг яасан юм бол гээд татаж чангаахад сэрэхгүй, архи их үнэртэж байсан тул би тасарчихаж гэж бодсон., гэрч Х.*******ын 11 цаг өнгөрч байхад хил нэвтэрч ажилтнуудыг буудалд оч гэчихээд би гадуур ажилтай тул явсан. 15 цагийн орчимд буудалд ирэхэд Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр, Т.Ү.З нар архи ууж байсан. Тусгай ачаа хүргэх ажлаар явж байгаа тул байнга бэлэн байх ёстойг сануулж архи ууж болохгүй боль гэж шаардлага тавьсан. Би буцаж гараад банк орчоод 17 цаг өнгөрч байхад ирэхэд хоорондоо зодолдсон байсан. Би буцаж гараад 19 цаг өнгөрөөгөөд ирээд өрөөнийх нь гаднаас чагнахад чимээгүй байсан тул унтчиж гэж бодоод өрөөндөө ороод байж байтал нэг нь намайг зодчихлоо гэсээр орж ирсэн. Маргааш нь тэр 3 шартсан байдалтай байсан, О.Мандахбаяр, Т.Ү.З нар чимээгүй өнгөрөе гэсэн, би хүний нүүр тэгшилчихээд хэлэхгүй өнгөрөх боломжгүй, би илтгэнэ гэдгээ хэлсэн., гэрч Ц.Отгонбямбын, 11 цаг өнгөрч байхад хил гараад 12 цаг гээд буудалд орсон. Би гарч яваад 17 цаг өнгөрч байхад буудалдаа ирж, С.*******, Х.******* бид 3 нэг өрөөнд орсон. Энэ үед манай өрөөнд Хүрэлбаатар архи уучихсан орж ирсэн, Ү.З бас архи уучихсан орж ирсэн. Х.******* ажилтай яваа нөхцөлд архи уухгүй, больцгоо гэж шаардлага тавьсан, сүүлд сонсоход мөнгийг нь хурааж авсан юм билээ. Х.******* бид 2 хоолонд гараад 21 цагийн үед орж ирээд би шүршүүрт орчоод гарч иртэл Хүрэлбаатар нүүр нь хавдаж цус болсон байсан. Бид яав ийв гэж байтал Ү.З орж ирсэн. Х.Хүрэлбаатар, Т.Ү.З нар их согтсон, согтолт нь ер нь ойролцоо л байсан. Т.Ү.З, Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр нар маргааш нь шартсан байдалтай байсан. Т.Ү.З О.Мандахбаяр нар Х.*******т чимээгүй өнгөрөөе, банкинд мэдэгдвэл асуудал үүснэ гэж хүсэлт тавьж байсан. Хэрэв 13-ны өдөр зузаатгалаа ав гэсэн бол Т.Ү.З, Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр нар архидсан учир ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан. Маргааш нь ч энэ 3 ажил үүрэг гүйцэтгэх бараг чадваргүй байсан. 9 цаг 50 минутын орчим хилээр гарч, 10 цаг гээд галт зэвсгээ авахад Т.Ү.З их шарталттай ажлын чадваргүй байсан.гэсэн мэдүүлгүүдээр Т.Ү.З, Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр нар нь, БНХАУ-ын Эрээн хотод гадаад валютын зузаатгал татах албан томилолтоор ажиллаж байхдаа, 2019 оны 6 сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад буудалд очсоноос хойш 15 цагийн орчмоос 21 цаг өнгөртөл хугацаанд архи уусан, хоорондоо маргаж Х.Хүрэлбаатарын хамраас цус гаргаж нүүрийг нь хавтгасан, маргааш нь шарталттай ажлын чадвар муутай байсан болох нь нотлогдож байна.
Харин хариуцагч талаас гарын үсгийн үнэн зөв гэрчлэгдээгүй, хэн бичсэн нь тодорхойгүй, гар бичвэрүүд/хэргийн 32-34, 37дахь тал/ ирүүлсэн нь бичмэл баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй. Харин гэрч С.*******, Х.******* нарын гарын үсгийн бичвэр бүхий илтгэх хуудас/хэргийн 35-36дахь тал/-ыг гэрч нар үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр нь нотлогдож байх тул үнэлэв.
Т.Ү.Зийн хөдөлмөрийн гэрээний Гэрээ дуусгавар болох буюу цуцлах 10 дугаар зүйлийн 10.2.8.ажлын байранд, албан томилолт болон сургалтаар явж байхдаа, эсвэл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн, ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан байдалтай ирсэн.-ийг ноцтой зөрчил гэж үзэж хугацаанаас нь өмнө ажил олгогч гэрээг дангаараа цуцлах үндэслэл болохыг зааж тохиролцсон байх ба Т.Ү.З тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчин, ажил үүрэг гүйцэтгэн гадаад улсад албан томилолтоор явж ажиллаж байхдаа Х.Хүрэлбаатар, О.Мандахбаяр нартай архи ууж, хоорондоо марган Х.Хүрэлбаатарын хамраас цус гарган нүүрийг нь хавтгасан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 21 цаг өнгөрч байхад архи уусан гэсэн хүлээн зөвшөөрсөн тайлбар болон дээрх гэрч С.*******, Х.******* нарын илтгэх хуудас, хамт явсан гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Т.Ү.З хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж тохиролцсон ноцтой зөрчил гаргасан буруутай байх тул ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон энэхүү Журам, контракт, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч нь 8.1.3.Ажлаас халах сахилгын арга хэмжээ авна.,8.2.энэ журмын 8.1.1.-8.1.3.-т заасан сахилгын шийтгэлийг ажил олгогчийн шийдвэрээр ногдуулнагэсэн заалт, Т.Ү.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3.ажлаас халах гэсэн заалтуудаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтад ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал, шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй., 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж болон энэхүү журам, контракт, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч нь доор дурдсан сахилгын арга хэмжээ авна. Үүнд: 8.1.3 дахь заалтад Ажлаас халах гэж заасан нь зөрчигдсөн гэх үндэстэй.
Иймд ажилтан Т.Ү.Зийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч Т.Ү.Зийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг тус тус баримтлан Худалдаа, хөгжлийн банк ХХК-д холбогдуулан гаргасан Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 сарын 24-ний өдрийн дугаар Б-19/1174 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ү.Зийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ