| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт С-ын О-т холбогдох эрүүгийн 252.............. тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ........ настай, э.эгтэй, тусгай дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, ам бүл .., .......... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..... баг, ....... хэсэг, ......... дугаар байрны ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт С-ын О /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр .......... улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын эсрэг талын урсгалыг давж, шороон хэсэг рүү онхолдож, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ...... настай О.Г-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр ......... улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын эсрэг талын урсгалыг давж, шороон хэсэг рүү онхолдож, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ....настай О.Г-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08-15/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-17/, хохирогч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 21-22/, насанд хүрээгүй хохирогч О.Г , О.Г нарын хууль ёсны төлөөлөгч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 26-27, 31-32/, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 37-38/, иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 41-45/, хохирол төлсөн Хаан банкны баримт /хх-ийн 46-48/, насанд хүрээгүй гэрч О.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Х.С-ын мэдүүлэг /хх-ийн 54-55/, шинжээчийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн ДОГ0725/1006, ДОГ0725/1005, ДОГ0725/1004 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71, 75-77, 81-83/, техникийн эвдрэлийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-93/, шинжээчийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 46-12/21 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-100/, шүүгдэгч С.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-114/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 120/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд хохирол арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тооцох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч байгууллага Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 3,592,422 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт С-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 1 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б