| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00184/И |
| Дугаар | 155/ШШ2017/00358 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2017/00358
| 2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2017/00358 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28 дугаар гудамжны 17 тоотод оршин суух Таван хөх овогт Батцэнгэлийн Ичинхорлоо /РЮ84032904/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Шивэрт овогт Даваажавын Эрдэнэтуул /РЛ85033004/
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28 дугаар гудамжны 16 тоотод оршин суух Халиугчин овогт Моломжамцын Эрдэнэбаатар нарт холбогдох
3.393.839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 155/2017/00184/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, хариуцагч, хариуцагч М.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ичинхорлоо би 2014 оны 12 сарын 26-ны өдөр Хас банкнаас өөрийн болон дүүгийн хашаа байшинг барьцаанд тавьж Д.Эрдэнэтуулын гуйлт хүсэлтээр 20.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн буюу 36 сарын хугацаатайгаар 29.4 хувийн хүүтэй зээлийг надаар авахуулсан билээ. Би Д.Эрдэнэтуулыг намайг залилан мэхэлсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандаж Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Эрдэнэтуулаас 14.630.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа билээ. Гэтэл Хас банкны Хөвсгөл дэх салбараас гаргасан зээл нь миний нэр дээр гарсан учир тус банк нь намайг иргэний хэргийн шүүхэд өгч Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 1297 дугаартай шийдвэрээр үндсэн зээл 18.112.127 төгрөг, хүү 6.482.994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 292.337 төгрөг нийтдээ 23.043.856 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно. Би Хас банкнаас авсан зээлээ өөрийн хэрэгцээнд хэрэглээгүй Д.Эрдэнэтуулд өгсөн нь тогтоогдож байгаа болно. Иймд би эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Эрдэнэтуулаар төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирол 14.630.000 төгрөгийн хүү 3.393.839 төгрөгийг би Д.Эрдэнэтуулаас нэхэмжилж байгаа бөгөөд нэг жилийн хүү нь 29.4 харин нэг сарын хүү нь 2.45 хувь бөгөөд 1 хоногийн хүү нь 11.784 төгрөг бөгөөд нийт би 288 хоногийн хүү болох 3.393.839 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ 288 хоног нь 2015 оны 9 сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл нийт 288 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж би банкны хүүг нэхэмжилж байна. Би банкны хүүгээс болоод ингэж хохирох ёсгүй учраас нэгэнт шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон учраас би хохирол болох 14.630.000 төгрөгийн хүү болох 3.393.839 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байгаа болно. Надад зээл авах шаардлага байгаагүй. Тийм учраас хариуцагч хэрэгцээтэй гэж намайг хүнд байдалд оруулан зээл авахуулчихсан учраас зээлийн хүүг төлөх ёстой гэж бодож байна. Би хувиасаа Д.Эрдэнэтуулд мөнгө өгөөгүй гэв.
Хариуцагч Д.Эрдэнэтуул шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ичинхорлоогоос 15.000.000 төгрөгийг зээлж авсан. Ингэж зээлж авахдаа бид амаар харилцан тохиролцож авч өгөлцсөн. Би Ичинхорлоогоос авсан мөнгөө банкны зээлийн графикийнх нь дагуу төлж байсан боловч хүүхэд төрүүлж ажлаа тогтмол хийж чадахгүй болсны улмаас төлж чадахгүй хүнд байдалд орж эхэлсэн. Гэтэл Ичинхорлоо нь намайг өөрийг нь залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 14.630.000 төгрөгийг Ичинхорлоод төлөхөөр шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нийт 2.050.000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг төлж барагдуулна. Ичинхорлоо 20.000.000 төгрөгийг банкнаас зээлж авсан, надад 15.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд 5.000.000 төгрөгийг түүний дүү нь зээлж авсан байдаг. Ичинхорлоо нь 288 хоногийн хугацаа хэтрүүлсэн хүүг намайг төлөх ёстой гэж намайг буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 10 сард Ичинхорлоогийн гомдлоор Эрдэнэтуул надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад Хас банк гэрчээр тайлбар мэдүүлэг өгч байсан. Зээлдэгчийн эд хөрөнгө, төлбөрийн байдал эрс дордсон, зээлийн гэрээний зүйлийг зориулалтаар нь ашиглаагүй, гэрээний нөхцөлөө зөрчсөн болохыг банк сайн мэдэж байсан бөгөөд гэрээний талууд зээлийн гэрээний хугацааг тухайн үед зогсоох боломжтой байсан. Гэтэл Ичинхорлоогийн өөрийн нь буруутай байдлаас болж гэрээний хугацаагаа зогсоох, гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй байдал нь Эрдэнэтуул миний буруугаас болоогүй. Би шүүхийн шийтгэх тогтоолын дагуу төлөх төлбөрөө өөрийн хэмжээнд төлөөд явж байгаа. Тэгээд ч бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, бид хүү тохиролцоогүй учир хүү төлөх боломжгүй. Залилангийн хэргээр цагдаад өгсөн учраас шийтгэх тогтоолоор гарсан 14.630.000 төгрөгийг л төлнө. Банкны зээлэнд би нийт 6.134.000 төгрөг төлсөн байдаг юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь хариуцагч Д.Эрдэнэтуул, М.Эрдэнэбаатар нарт холбогдуулан 3.393.839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь Хас банкны Хөвсгөл аймаг дахь салбараас 20.000.000 төгрөгийн зээлийг Д.Эрдэнэтуулын хүсэлтийн дагуу түүнд авч өгсөн боловч зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч Д.Эрдэнэтуулаас 14.630.000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Хохирол 14.630.000 төгрөгийн нэг жилийн хүү нь 29.4 хувь, нэг сарын хүү нь 2.45 хувь бөгөөд 1 хоногийн хүү нь 11.784 төгрөг юм. Д.Эрдэнэтуул нь 2015 оны 9 сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл нийт 288 хоногоор зээлийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд энэ хугацааны хүү болох 3.393.839 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь Д.Эрдэнэтуул нь Хас банк, Д.Ичинхорлоо нар нь зээлийн гэрээний хугацааг тухайн үед зогсоох боломжтой байсан. Гэтэл Ичинхорлоогийн өөрийн нь буруутай байдлаас болж гэрээний хугацаагаа зогсоох, гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй байдал нь Эрдэнэтуул миний буруугаас болоогүй. Би шүүхийн шийтгэх тогтоолын дагуу төлөх төлбөрөө өөрийн хэмжээнд төлөөд явж байгаа. Тэгээд ч бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, бид хүү тохиролцоогүй учир хүү төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Хариуцагч Д.Эрдэнэтуул нь нэхэмжлэгч Б.Ичинхорлоог залилан мэхэлж, түүний эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх ба эрүүгийн хэргийн шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Эрдэнэтуулаас 14.630.000 төгрөгийн хохирлыг гаргуулж нэхэмжлэгч Б.Ичинхорлоод олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-8-р тал/,
Нэхэмжлэгч нь дээрх шийтгэх тогтоолоор өөрт олгогдсон 14.630.000 төгрөг нь Б.Ичинхорлоо миний нэр дээр Хас банканд төлөгдөж байгаа зээлийн төлбөр учир 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл нийт 288 хоногийн хугацаа хэтэрсэн зээлийн хүү 3.393.839 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэтуул, М.Эрдэнэбаатар нараас гаргуулна гэж нэхэмжилж байх боловч энэхүү хохирол 14.630.000 төгрөгт хүү тооцох талаар зохигч бичгээр гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч Д.Эрдэнэтуул, М.Эрдэнэбаатар нараас 14.630.000 төгрөгөөс хүү тооцож 3.393.839 төгрөгийг нэхэмжлэх эрх Б.Ичинхорлоод үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн хариуцагч Д.Эрдэнэтуул, М.Эрдэнэбаатар нараас 3.393.839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар Б.Эрдэнэтуул, М.Эрдэнэбаатар нарт холбогдох 3.393.839 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН