Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/01796/И |
Дугаар | 181/ШШ2017/03176 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2017/03176
2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2017/03176 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
нэхэмжлэгч М.У -ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Х ХХК-д холбогдох
Орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.У , сөрөг нэхэмжлэлийн хамтран хариуцагч С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-н өмгөөлөгч Л.З, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, С.Д, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
М.У 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 500.000 ам долларыг жилийн 15,6%-ийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай зээлсэн.
Зээл авсанааас хойш Монгол улсын мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ам долларын ханш тасралтгүй өссөөр ирсэн. Монгол төгрөгийн ханшийн энэхүү тогтоворгүй байдал нь зээлдэгчээс үл хамаарах нөхцөл байдалд тооцогдоно.
Ийм нөхцөл байдалтай үед ам долларын зээл авсан дотоодын аж ахуйн нэгж, иргэд нь аливаа худалдаа, арилжаа, төлбөр тооцоогоо ханш нь тогтворгүй худалдан авах чадвар муутай монгол төгрөгөөр гүйцэтгэснээс ам доллараар хийх нь эрсдэл багатай байх нь ойлгомжтой мэт боловч ийм сонголт хийх эрх дотоодын аж ахуйн нэгж иргэдэд байхгүй юм.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байдаг.
Үүнээс үзвэл дотоодын аж ахуйн нэгж иргэд аливаа бараа, ажил үйлчилгээний үнийг төгрөгөөр гүйцэтгэж байх нь тэдний хувьд хуулиар хүлээсэн үүрэг байна.
Иймээс гадаад валютаар зээл аваад буцаан төлөх тохиолдолд уг төрлийн валютыг төгрөгөөр худалдан авах шаардлага гарах ба энэ үед ханшийн өсөлт, бууралтаас хамааран төлөх бодит дүнгийн төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээ өөр өөр байх юм. Зээлийн төлбөрийг гүйцэтгэх үед мөнгөний ханш өссөн тохиолдолд зээлдэгчийн хувьд хохиролтой байна.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байхад Х өөрөө боловсруулан зээлдэгч нартаа санал болгодог зээлийн гэрээний стандарт загварын дагуу хийгдсэн Орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2.-т Гэрээний 3.1.-т заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг банкин дахь зээлдэгчийн 452495168 тоот валютын дансанд төлөх гэж заасан нь зээлдэгч авсан зээлээ банкинд төлөхдөө тухайн өдрийн валютын ханшаар тооцон төлнө гэдгийг илэрхийлсэн байна.
Валютын зохицуулалтын тухай хуульд зааснаар Монгол банк нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоодог
Аж ахуй эрхлэгч, иргэн, зээлдэгчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар Гадаад валютаар хийсэн орлого зарлагыг тухайн ажил, гүйлгээ гарсан өдрийн Монгол банкнаас зарласан ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлэн бүртгэх үүрэгтэй байна.
Орон сууцны зээлийн гэрээний дараах заалтууд нь шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой байна.
1.Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-т Нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно гэжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан
Өөрөөр хэлбэл Гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг ойлгоно.
2.Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.-т Зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк эхний ээлжинд бодогдсон хүүг бүрэн төлүүлсний дараа зээлийн үндсэн өрийг барагдуулна гэжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлтэй.
3.Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т Гэрээний 3.1.-т заасан хугацаанд зээлийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд банктай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалагдсан орон сууц болон бусад барьцаа хөрөнгийг банкны шаардлагад заасан хугацаанд худалдан борлуулж, эсхүл арилжааны банкууд дахь өөрийн хадгаламжийн харилцах данс, бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнөөсөө зээлийн төлбөрийг үл маргалдах журмаар төлөх, энэ тохиолдолд зээлдэгчээс тусгайлан зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд зайлшгүй тохиолдолд гэрээ нь зөвшөөрлийг илэрхийлнэ гэж талууд тохиролцов гэж тусгасан байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2.-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй.юм. Энэ заалт нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасан байна.
4. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д Зээл болон бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх гэж тусгасан байна.
Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж заасан байна.
Харилцагч иргэн, хуулийн этгээд нь банк, эрх бүхий хуулийн этгээдэд байршуулсан дансан дахь мөнгөн хөрөнгөө өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй бөгөөд харин банк, эрх бүхий хуулийн этгээд түүний мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад нь хувь хязгаар тогтоож, биелэлтийг нь тооцож хянах зэргээр эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж ойлгоно.
5.Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хугацаа зөрчигдсөн өдрөөс эхлэн барьцаалсан болон түүний өмчлөлийн бусад хөрөнгөнөөс гэрээний 6.2.3-т заасны дагуу үл маргах журмаар зээлийн төлбөрийг барагдуулахыг шаардах эсвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон сууцыг шүүхийн бус журмаар худалдан борлуулах, захиран зарцуулах, хадгаламжийн данснаас зээлийн өр төлбөрийг үл маргах журмаар суутган авах замаар зээлийн төлбөрийг төлүүлэх гэж тусгасан байна.
Энэ нь Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудад зээлдэгч нь зээлдүүлэгчийн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ нь зөвхөн хөдлөх хөрөнгөнд хамаарахаар хуульчилсан байна.
Х М.У нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2. дах заалтууд нь Иргэний хуулийн 202.1 т заасан Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна.
Иймд Х М.У нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч М.У , С.Т нар нь 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 500.000 ам долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж авсан.
Банк Иргэний хуулийн 24, 44 дүгээр бүлэг, Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4., 11 дүгээр зүйлийн 11.4., Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгдээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх заалт зэргийг үндэслэн дээрх зээлийг олгосон.
Зээлдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-ийг буруу ойлгож буруу тайлбарлаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/1555 дугаартай албан бичигт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай заасан болохоос бус төгрөгийн ямар нэг улсын мөнгөн тэмдэгт буюу гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй байна. гэж тайлбарласан байгаа бөгөөд энэ албан бичгийг хэрэгт өгсөн байгаа. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу харилцан зөвшилцөж хийсэн Иргэний хуулийн 40.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсанаар хүчин төгөлдөр болсон гэрээ юмаа.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.У , С.Т нар нь 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус банктай №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №17/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан 500.000 ам долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж авсан.
Иргэн М.У нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2206022722 улсын бүртгэлийн дугаартай, 000235502 бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаржийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан бөгөөд №17/02 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 00-20УНД улсын дугаартай JTJHVOOVV284006321 арлын дугаартай Lexus LX570 суудлын автомашины эзэмших эрхийг манай банкинд шилжүүлэн өгсөн.
Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 500.000 ам доллараас 17.784,54 ам доллар, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 297.024,21 ам доллараас 153.945,71 ам долларыг төлсөн байна.
Зээлдэгч нар Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчиж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 9.2.-т заасныг үндэслэн банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа болно. Зээлийн гэрээний нөхцөл бүрдээд байгааг анхааруулж нийт 8 удаа мэдэгдэл өгч байсан.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02808 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 225.1.4-т заасан ялимгүй зарчил тул гэрээг үргэлжлүүлж зээлийн төлбөрөө төл гэсэн байгаа тул гэрээ үргэлжилж байгаа юм. Энэ нь зээлдэгчийг үүргээ зөрчиж байсныг нотлож байна. Мөн энэ шийдвэрээр зээлийн хүү төлөөгүй ялимгүй зөрчил тул зээл , хүүг төл гэснээс төгрөгөөр үргэлжлүүлэн төл гэсэн зүйл байхгүй, зээлийн хорооны шийдвэр нь зээлийг эцэслэн шийдсэн тохиолдолд бүх зүйлийг төгрөгт шилжүүл гэсэн шийдвэр гарсан байдаг.
Зээлдэгч нар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 482.215,46 ам доллар, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 142.350,86 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 727,64 ам доллар, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 24.500 төгрөг нийт 1.547.401.945,17 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 7.894.960 төгрөгийн хамт М.У , С.Т нараас гаргуулан өгнө үү гаргуулан өгнө үү.
Хариуцагч М.У , С.Т нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан Ү-2206022722 улсын бүртгэлийн дугаартай, 000235502 бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан бөгөөд №17/02 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 00-20УНД улсын дугаартай JTJHVOOVV284006321 арлын дугаартай Lexus LX570 суудлын автомашиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж , үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
М.У , С.Т бид нар 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус банктай №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №17/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан 500.000 ам долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж авсан.
Иргэн М.У нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2206022722 улсын бүртгэлийн дугаартай, 000235502 бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаржийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан бөгөөд №17/02 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 00-20УНД улсын дугаартай JTJHVOOVV284006321 арлын дугаартай Lexus LX570 суудлын автомашиныг тус тус барьцаалсан.
Худалдаа хөгжлийн банкны сөрөг нэхэмжлэлд дурдсан 171.730,25 ам доллар төлсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, бидний тооцоолсноор үүнээс ихийг төлсөн гэж үзэж байна. Бид зээлээ 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж ирсэн. Бид зээлийг зориулалтын дагуу ашиглаж эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан боловч эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан Геологийн салбар уналтанд орж бидний ажил хэвийн явагдах боломжгүй болж тухайн үед 1392,52 төгрөг байсан ам долларын ханш өнөөдрийн байдлаар 2414,84 болж 73,7% -иар өссөнтэй холбоотойгоор бид эргэн төлөлтийг хийж чадахгүй байгаа тухайгаа банкинд олон удаа хэлж байсан.
Орон сууцны зээлийн гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх тухай саналыг удаа дараа тавьж байсан боловч банкны зүгээс ам долларын ханш буурах хандлагатай байна, долларын зээл төгрөгийн зээлээс хүү бага байдаг учраас төлбөр төлөх мөнгөн тэмдэгтийг төгрөг болгох шаардлагагүй гэж татгалзаж байсан.
Иймээс Х нь Иргэний хуулийн 220.1.,220.3-д заасныг зөрчиж гэрээний харилцагч талдаа ихээхэн хохирол учруулаад байна. Бид 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр авсан зээлийг төгрөгт шилжүүлэхэд 696.260.000 төгрөгийн зээл авсан боловч өнгөрсөн 4 жилд нийт 300.000.000 орчим төгрөгийн хүү төлсөн бөгөөд одоо нэхэмжилж буй 1.547.401.945,17 төгрөгтэй нийлээд 1.847.401.945,17 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөх болчихоод байна. Энэ нь авсан зээлээ 3 дахин нугалж төлөх шаардлага үүсэж байна.
Х 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Зээлдэгчтэй байгуулсан №17 тоот Зээлийн гэрээг цуцалж байгаа тул зээл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 538.763,82 ам доллар буюу 1.072.840.394,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гараж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж зээлийн үлдэгдэл 961.235.645,50 төгрөг үндсэн хүүгийн үлдэгдэл 166.213.678,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 306.407,19 төгрөг, нийт 1.126.778.730,55 төгрөгийг нэхэмжилсэн байгаа юмаа.
Дээрх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэж 02808 дугаартай шийдвэрийг гаргасан.
02808 дугаартай шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.2., дугаар зүйлд заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 174.1.,175.1.,451.1.,452.2.,453 дугаар зүйлд заасныг баримтлан М.У ас 166.652.072,94 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээ цуцлах, 960.235.645,50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг албадан худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт Х павж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр шийдвэр байна.
Байдал ийм байхад шүүхэд дахин дахин нэхэмжлэл гаргад байгаа нь ойлгомжгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шийдэгдсэн зүйлийг дахин шүүхэд өгөөд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-ийг зөрчиж байна
Мөн энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхөд зөрчил гаргасан тул гэрээг цуцлаж байна гэсэн байх ба 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны хурлаар М.Уянгын орон сууцны зээлийн өрийн үлдэгдэл 538.763,82 ам долларыг төгрөгт хөрвүүлэн 1072840394,77 төгрөгөөр бүртгэхээр шийдвэрлэжээ гэсэн байхад банк дахин дахин доллараар нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч М.У нь Х ХХК-д холбогдуулан Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Х ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу харилцан зөвшилцөж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж маргажээ.
Зээлдэгч М.У , С.Т нар нь 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус банктай №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №17/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан 500.000 ам долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн Ү-2206022722 улсын бүртгэлийн дугаартай, 000235502 бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражийг барьцаалж №17/01, №17/02 тоот Барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан болох нь Зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 21-37-р хуудас/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний стандарт нөхцөлийг нэг тал нь танилцуулж, нөгөө тал нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байх бөгөөд шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой зүйл байхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үр дагаварыг үүсгэхгүй байна.
Иймд Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Х нь зээлдэгч М.У С.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.547.401.945,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, долларын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлсэн тус банкны зээлийн хорооны шийдвэртэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
Зээлдэгч М.У , С.Т нар нь 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус банктай №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №17/01, №17/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 500.000 ам долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлсэн болох нь Зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 21-37-р хуудас/
Зээлдүүлэгч Х нь Зээлийн гэрээний 9.2.-т заасны дагуу зээлдэгч М.У , С.Т нар нь гэрээний үүргээ 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл биелүүлээгүй тул банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 482.215,46 ам доллар, хүүгийн үлдэгдэл 56.468,29 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 80,07 ам доллар, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 23000 төгрөг нийт 1.072.840.394,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. /хх-ийн 207-211-р хуудас/
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй дээрх хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэж М.У ас 166.520.072,94 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 960.235.645,50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 02808 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна./хх-ийн 174-178-р хуудас/
Мөн Худалдаа хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүдийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар зээлдэгч М.Уянгын орон сууцны зээлийн өрийн үлдэгдэл 538.763,82 ам долларыг төгрөгт хөрвүүлэн 1.072.840.394,77 төгрөгөөр бүртгэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 212-р хуудас/
Иймд 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн зээлдэгч М.У , С.Т нар болон зээлдүүлэгч Х ХХК-ийн хооронд байгуулагдсан №17 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №17/01,№17/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Зээлдүүлэгч Х нь шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 166.520.072,94 төгрөгийг М.У ас гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэж, зээлийн гэрээ цааш үргэлжилсэн гэж мэтгэлцэж байгаа боловч уг гэрээ банкны санаачлагаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан гэж үзэхээр байна.
Х ХХК нь Иргэний хуулийн 451.1., 452.2., 453.1.-д заасан үндэслэлээр зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.547.401.945,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд зээлдэгч М.У , С.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.547.401.945,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар М.У , С.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.547.401.945,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Худалдаа хөгжлийн банкны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Худалдаа хөгжлийн банкны сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.728.793 төгрөгийг улсын төсвийн 2611192214 данснаас буцаан гаргуулж Х ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО