| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/01323/И |
| Дугаар | 155/ШШ2017/00060 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2017/00060
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2017/00060 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Тйн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах, Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудалд холбогдох,
Засварын зардал 8.885.375 /найман сая найман зуун наян таван мянга таван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2016/01323/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч Н.Т, хариуцагч байгууллагын дарга Д.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тйн захирал Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд барилга угсралт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Т нь Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажлыг 2014 оны 12 дугаар сарын 03-наас 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл гүйцэтгэн чанарын өндөр түвшинд Сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай хууль-д зааснаар уг засварын ажил нь 10.000.000 /арван сая/ төгрөг хүрэхгүй зардлаар хийж гүйцэтгэх тул тендер зарлах шаардлагагүй, захиалагч байгууллагын захиргаанаас шийдвэрлэж манай байгууллагатай гэрээ хийж энэ гэрээний дагуу дээрхи ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Манай Т нь тус барилгын засварын ажлыг батлагдсан төсвийн дагуу гэрээнд заасан ажлыг нийт 8.885.375 төгрөгийн төсөвт зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд манайх нэмэгдсэн өртгийн албан татварт 888.537 төгрөгийг бүрэн төлсөн болно. Энэ засварыг хийх үед Иргэний Нисэхийн ерөнхий газраас тус Холын чиглүүлэх радио станцын засварын ажлын зардал нь батлагдсан боловч Нисэх буудлын захиргаа нь уг зардлыг гаргаж өгөхгүй, тэр үед ажиллаж байсан дарга нар нь өөрчлөгдөж манай байгууллагыг хохироосоор байгаа тул 8.885.375 төгрөгийг Мөрөн Нисэх буудлаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, ХААН банкны байр 11 тоотод оршин суух, Тд нягтлан бодогч ажилтай, РП71041208 дугаар регистртэй, Гөрөөчин овогт Чадраабалын Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Мөрөн Нисэх буудал нь хашаа солих ажил гүйцэтгэх тендер зарласны дагуу манай компани оролцсон боловч Сондор компани шалгарсан. Дараа нь Мөрөн Нисэх буудал нь Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажил хийх саналыг манай компанид тавьсан тул хүлээн зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, засварын ажлын даалгаврын дагуу 8 төрлийн ажил хийхээр болсон. Тухайн ажлыг хийхэд тендер зарлах шаардлагагүй байсан ба Нисэх буудлаас комисс томилогдож, газар дээр нь төсөвт зардлыг тооцоод 8.731.088 төгрөгт багтаан гүйцэтгүүлэхээр даалгасан. Манай компани үүний дагуу өөрсдийн хөрөнгө буюу 8.077.614 төгрөгийн зардлаар засварын ажлыг хийж гүйцэтгэн сайн үнэлгээтэйгээр комисст тохирсон хугацаанд хүлээлгэн өгсөн боловч одоо болтол засвар хийсэн зардлаа авч чадахгүй байна. Мөн манай компани нэмэгдсэн өртгийн албан татварт 807.761 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд ажил гүйцэтгэсэн зардал 8.077.614 төгрөгийг албан татварт төлсөн 807.761 төгрөгийн хамт бүгд 8.885.375 төгрөгийг Мөрөн Нисэх буудлаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1983 онд төрсөн, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудлын дарга ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 21-6 тоотод оршин суух, РЖ83081716 регистрийн дугаартай, Хуулар овогт Дэлгэрдалайгийн Хишигбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Т манай байгууллагын Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн. Тухайн засварын ажлыг тус компани нь Иргэний Нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулж, батлагдсан төсвөөр хийх ёстой байтал зөвхөн Мөрөн Нисэх буудлын даргатай гэрээ байгуулж дур мэдэн төсөвт тусгагдаагүй ажил хийж гүйцэтгэсэн учраас дээрээс төсөв баталж өгөхгүй байгаа. Надаас өмнөх байгууллагын дарга нар Иргэний Нисэхийн ерөнхий газарт тус асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хүсэлт явуулсан боловч шийдэж өгөөгүй байдаг. Тиймээс манай байгууллага хариуцах ёсгүй тул засварын зардал 8.885.375 төгрөгийг төлөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудалд холбогдуулан засварын зардал 8.885.375 /найман сая найман зуун наян таван мянга гурван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудлын Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн ажлыг хийх төсөв батлагдсан боловч Нисэх буудлын захиргаа уг зардлыг гаргаж өгөхгүй байна, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг Иргэний Нисэхийн ерөнхий газартай байгуулаагүй, төсөвт тооцож тусгагдаагүй ажлыг дур мэдэн хийж гүйцэтгэсэн тул төлбөрийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч нь Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Т нь Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудлын Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажлыг тус захиалагч байгууллагын баталсан төсөвт багтаан, ажлын даалгаврын дагуу гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулан, тус ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, ИНЕГ-ын Нисэх буудлын үйлчилгээний газрын даргын баталсан 8 төрлийн ажил хийх даалгавар, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Холын чиглүүлэх радио станцын засварын төсөв 8.885.374 төгрөг болно гэх бичилттэй Нисэх буудлын зохицуулах хэлтсийн даргын Хөрөнгө оруулалт захиалагчийн албанд хүргүүлсэн тухай санал, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Мөрөн Нисэх буудлын ХЧРС-ын конторын барилгын засварын ажил гүйцэтгэх 2014/09 тоот гэрээ, Санхүү эдийн засгийн газрын даргын баталсан засварын ажлын 70/14 дугаартай төсөв, Иргэний Нисэхийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Нисэх буудлын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Холын чиглүүлэх радио станцын конторын барилгын засварын ажлыг хуулийн дагуу чанартай гүйцэтгүүлэхэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын даргаар Д.Отгонбаяр /ерөнхий инжнер/, гишүүдэд Н.Мархаа /чиглүүлэх станцын техникч/, Б.Батбаяр /шатахууны лаборант/ гэх бичилттэй Ажлын хэсэг байгуулах тухай А/29 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн барилга угсралтын Тйн барилгын засварын ажлын гүйцэтгэлийн 70/14 дугаартай төсөв, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн Нисэх буудлын ХЧРС-ын конторын барилгын засварын ажил-ыг 8.731.088 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр Хөвсгөл аймгийн Т нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээ хийсэн байна... Дүгнэлт: Мөрөн Нисэх буудал, Тйн хооронд байгуулсан 2014/09 тоот гэрээт ажлыг ажлын даалгавар, батлагдсан төсвийн дагуу сайн гүйцэтгэлээ гэж үзлээ гэх бичилттэй Мөрөн Нисэх буудлын ХЧРС-ын конторын барилгын засварын ажил гүйцэтгэх 2014/09 тоот гэрээт ажил-ыг дүгнэсэн акт зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Захиалагч болох Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудал нь тохирсон ёсоор ажил гүйцэтгэгчийн засварын ажлын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй учир зохигчийн хооронд маргаан үүсчээ.
Хариуцагч Тухайн засварын ажлыг тус компани нь Иргэний Нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулж, батлагдсан төсвөөр хийх ёстой байтал зөвхөн Мөрөн Нисэх буудлын даргатай гэрээ байгуулж дур мэдэн төсөвт тусгагдаагүй ажил хийж гүйцэтгэсэн учир манай байгууллага хариуцах ёсгүй гэж мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Мөн ажил гүйцэтгэгч нь өөрийн зардлаар засварын ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгсөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд харин захиалагч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс ажил гүйцэтгэгчид хохирол учирсан байна.
Иймд засварын зардал 8.885.375 /найман сая найман зуун наян таван мянга гурван зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудлаас гаргуулж, нэхэмжлэгч Тд олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 157.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудлаас засварын зардал 8.885.375 /найман сая найман зуун наян таван мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 157.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА