Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2

 

У.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0360/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

                      Хохирогчийн өмгөөлөгч              Л.Ц-

Шүүгдэгч                                       У.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Ц- /онлайнаар/

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолтой, У-ын Б-д холбогдох, 2018000000364 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Г.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт У-ын Б-.

Шүүгдэгч У.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.М-тай “тариалангийн талбай руу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт У-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар Б- овогт У-ын Б-д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч У.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.Б-д анхааруулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч У.Б-аас 1.255.809 /нэг сая хоёр зуун тавин таван мянга найман зуун ес/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит *-р баг, Замчны *-* тоотод оршин суух хохирогч Б- овогт Л-гийн М-д РД:**********, утас: ********/ олгож, 210.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Г.Ц- нар давж заалдах гомдолдоо:

... У.Б- нь Улаанбаатар хотын төмөр зам ХНН-д замчин ажилтай бөгөөд албадан ажил хийх ялыг өөрийн үндсэн ажлын хажуугаар хийхэд хүндрэлтэй байгаа тухайгаа шүүхэд хэлсэн боловч шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс үндсэн ажилд саад болох, улмаар ажлаас халагдах хүртэл нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй шийдвэр гаргасан нь шударга, энэрэнгүй ёсонд нийцэхгүй байна. У.Б- нь бага насны 1 хүүхэдтэй, эхнэр нь 6 сартай жирэмсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа ба У.Б- гэртээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг билээ.

Иймд түүний амьдралын баталгааг үгүй хийж мэдэхээр ялыг сонгон ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15, 16.1, 16.1.11, 16.3.3, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дугаар зүйлийг үндэслэн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоогоогүй, дан ганц хохирогчийн зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлэгт тулгуурлан ялласан, хэрэгт хамааралгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн, хэрэгт ач холбогдолтой гэм бурууг үгүйсгэх гэрчийн мэдүүлэг нөхцөл байдлыг орхигдуулан, хууль бус шинжээчийн дүгнэлтийг баримтлан гэм буруутайд тооцсон Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Б-ыг цагаатгаж өгнө үү.

Мөн миний бие шүүхэд торгуулийн ял оногдуулах санал гаргасан бөгөөд энэ ялыг оногдуулах боломжтой юм.

Өмгөөлөгч Г.Ц- би Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас Дархан-Уул аймагт хуралд биечлэн очиж оролцох боломжгүй байгаа тул цахимаар оролцох хүсэлтэй байна.

Иймд шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн цахим хуралдааны албанд цаг авч бэлтгэл ажлыг хангуулан ажиллах болно... гэжээ.       

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ц- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Б-ыг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Б-:

Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Ц- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

               Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Г.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч У.Б-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.М-тай “тариалангийн талбай руу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 цагийн хугацаагаар зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч У.Б-аас 1.255.809 төгрөг гаргуулж, хохирогч Л.М-д олгож, 210.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч У.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагийн орчим иргэн Л.М-тай “тариалангийн талбай руу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Энэ үйл баримт нь тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтууд болох:

-хохирогч Л.М-ы мөрдөн байцаалтад өгсөн “...манай хонь, ямаа айлын ногоо тарьсан талбай руу орчихсон байхаар нь малаа гаргах гээд хөөж туугаад явж байтал Б- цагаан өнгийн машинтай хүрч ирээд шууд буугаад миний цамцнаас барьж, хоолой боогоод “миний эзэмшлийн талбай руу малаа орууллаа, чамайг ална аа” гэж хэлээд намайг газарт хавсарч унагаад цохих үед би ухаан балартаад газар унасан. Толгой руу цохисон. Миний бие зүв зүгээр эрүүл байсан, өөр хүнтэй маргаагүй, тэр үед бид 2-оос өөр хүн байгаагүй...тэгээд орой нь ээж, дүүгээ ирэхээр нь эмнэлэгт очиж үзүүлээд хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзаад ...“гомдолгүй” гэсэн бичиг хийгээд өг, эмнэлгийн төлбөр би өгнө...гэсэн. тэр өдрөө орой нь бас манайд очсон байна лээ, “би буруугаа хүлээж байна” гээд дахиж ирээгүй...гэсэн мэдүүлэг,

-гэрч Э.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн “... Б- гэх залуугаас “манай ногооны талбай руу айлын мал ороод байна, малын эзэнд нь хэлэхээр ална гээд байна” гэсэн дуудлагын дагуу түүнтэй хамт М-ыд очоод “та малаа айлын тариалангийн хашаанд оруулаад байна гэж энэ хүнээс дуудлага өгөхөөр нь би ирж байна” гэсэн чинь М- гэж хүн “тэгсэн, малаа оруулсан, намайг харин Б- зодсон, миний бие өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь би “та тэгвэл эмнэлэгт үзүүлээд Хонгор сумын хэсгийн төлөөлөгчид зодуулсан талаар өргөдлөө бичиж өг, та харин тэр газарт малаа оруулж болохгүй шүү” гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...над дээр М- “би хүнд зодуулсан, толгой өвдөөд байна” гэж ирсэн. Тэгэхээр нь би даралт үзэж, зүрх чагнаж үзэхэд даралт нь жаахан өндөр, зүрх нь дэлссэн байсан. Гадна талд нүүр нь шалбарсан, хүзүү нь зулгарсан байсан. Өөрөө их айсан байдалтай, чичрээд байсан. Тэгээд тариа хийж өгөөд Дархан орж, нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг,   

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.08.17-ны өдрийн 656 дугаартай ... Л.М-ы биед 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Л.М-ы биед тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон эрх бүхий шинжээчийн дүгнэлт, болон хохирогч Л.М-ыг У.Б- зодох тухайн үед тэдний дэргэд энэ хоёроос өөр хэн ч байгаагүй, мөн хохирогч нь У.Б-д зодуулснаа хэлж зааж, мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогчийг У.Б-аас өөр хүн зодож биед нь гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Л.М- нь шүүгдэгч У.Б-ыг гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй гэж мэдүүлдэг боловч үүнийгээ нотлох хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн хэрэгт байгаа нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэж чадахгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, эсхүл няцаах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч У.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  хэмжээг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч У.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан суманд биш Хонгор сумын Салхитын 3-р багт амьдардаг бөгөөд Монгол улсад Коронавируст халдварын цар тахал, тархалт үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас үүнтэй холбоотойгоор УОК болон Засгийн газар, орон нутгаас авч хэрэгжүүлж буй аймаг болон сум хооронд зорчих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон арга хэмжээ авч байгаа үед, дээрх халдвар бүрэн арилаагүй, эрсдэлтэй байхад анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийн тулд сумаас сум дамжин Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3-р багаас Дархан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ирэх нь хүндрэлтэй тул улс оронд үүссэн дээрх эрсдэлтэй цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оновчтой, зөв тохируулан оногдуулах зорилгоор шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан буюу тухайн зүйл, хэсэгт байгаа торгох ялыг оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин дээрх нөхцөл байдлаас болж ард иргэдийн амьжиргааны түвшин,, өрхийн орлого буурсан, ажлын байр цөөрсөн, ажилгүйдэл ихэссэн зэрэг олон хүндрэлтэй байдал үүссэнээс Монгол улсын Засгаас газраас улс орныхоо эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн тодорхой бодлогыг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжүүлж байгаатай уялдуулан торгох ял биелүүлэх хугацааг мөн хугацаа дууссаны дараа 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Г.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлын ...шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү...гэснийг хүлээн авч...шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...гэснийг хүлээн авах боломжгүй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3-р заалтыг:

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар Б- овогт У-ын Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй гэж.,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч     У.Б- нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож., торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Г.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

            3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                             ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ