Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 144

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /№0324/,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамбаагийн Батцэнгэлд холбогдох 201625032333 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Хувьсгалчдын гудамж 612 тоотод оршин суудаг, урьд өмнө 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

1997 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1998 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 04 cap 17 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2001 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдасан,

2003 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баривчлах хугацаа дуусч суллагдсан,

2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баривчлах хугацаа дуусч суллагдсан,

2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 08 жил 01 cap хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял болгон өөрчилж, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө эдлээгүй үлдсэн 1 жил 07 cap 03 хоногийн ялыг тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Дамбаагийн Батцэнгэл /РД: АЮ65031313/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Д.Батцэнгэл нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамж 291 тоотод оршин суух хохирогч Н.Амардэлгэрийн эзэмшлийн агуулах сав болон орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг авч нийт 250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулан шунахай сэдэлтээр, ялтай байх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батцэнгэл мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би тухайн хохирогчийн гэрт орсон. Тухайн айлын түлхүүр үүдний тампарын үүдэн байхаар нь авч хаалгыг онгойлгож гэрт нь байсан компъютерын авсан үнэн. Өөр надад ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Н.Амардэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...манай байшингийн хаалга цоожгүй, онгорхой орхиод үүдний амбаарын хаалгыг гаднаас нь цоожилчихоод түлхүүрийг нь амбаарын хаалганы завсараар буцааж хийгээд тавьчихдаг юм. Тэр хулгайч манай гэрийн цоожийг хүчээр онгойлгосон юм шиг байна лээ. Бид нар ирээд цоожийг авах үед цоожийг зүгээр өлгөөд тавьчихсан байсан. Буцаагаад цоожлох гэхээр цоожлогдохгүй байсан. Манай гэрээс зөөврийн компьютер алдагдсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Яллагдагч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чингэлтэйн 9 дүгээр гудамж руу орсон. Би айлын хашаа хараад явж байтал нэг байшингийн хаалга нь цоожтой харагдсан. Хашаанд нь ортол нэг нохой байсан. Тэгэхээр нь байшинд нь очоод үзтэл байшингийн үүдний амбаарын хаалга нь бага зэрэг зайтай байхаар нь тэр зайгаар нь хартал тэр завсараар нь нэг оосортой түлхүүр тавьсан байсан. Би тэр түлхүүрийг нь аваад амбаарын цоож руу нь хийтэл түлхүүр таарч байсан. Би хаалгыг нь онгойлгоод амбаарт ортол дотор талын хаалга нь цоожгүй байсан. Би байшинд ортол ширээн дээр хар өнгийн зөөврийн компьютер байсныг цэнэглэгчтэй нь аваад 3 дугаар хороолол орж зарах гэж 2 ломбарданд орсон боловч хуучин байна авахгүй гэхээр нь би бариад явж байтал цагдаа тааралдаад намайг бариад авсан...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х, 46-47х, 48х/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10х/, шинжээчийн 06/016 тоот дүгнэлт /хх-ийн 13-20х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь шунахай сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 9 дүгээр гудамж 291 тоотод оршин суух хохирогч Н.Амардэлгэрийн эзэмшлийн агуулах сав болон орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг авч нийт 250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулан эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 44-45х, 46-47х, 48х/ хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Амардэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10х/, шинжээчийн 06/016 тоот дүгнэлт /хх-ийн 13-20х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Д.Батцэнгэлийг бусдын орон байранд нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Амардэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,  хавтас хэрэгт авагдсан эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10х/ зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Батцэнгэлийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 Д.Батцэнгэл нь урьд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө эдлээгүй үлдсэн 1 жил 07 cap 03 хоногийн ялыг тэнсэн суллагдсан байх ба уг тэнсэнгийн хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан, мөн түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул шүүгдэгчийг тус өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Батцэнгэлд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд 7 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дамбаагийн Батцэнгэлийг бусдын орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Батцэнгэлд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батцэнгэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Батцэнгэлийн цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулж тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Батцэнгэл нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Д.Батцэнгэлийн эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Батцэнгэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ