| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00694/И |
| Дугаар | 155/ШШ2021/00819 |
| Огноо | 2021-07-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/00819
| 2021 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2021/00819 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Д.Н-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.Х-д холбогдох
398,000 (гурван зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 155/2021/00694/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Д.Х (цахим) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Х, Д.О нар манайд ирсэн. Д.Х нэг сүлжээний бизнесийн талаар надад урьд нь ярьж байсан. Мөнгө их олдог хамгийн багадаа 400,000 төгрөгөөр элсэж ордог гэж байсан. Одоо ханш нь өсөөд дараагийн удаа мөнгө нь их болно. Бид хоёр Хөвсгөл аймагт байдаг бие төлөөлөгч нар гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой Д.Х над руу залгаад энэ данс руу мөнгөө хийчих манай Хөвсгөл аймгийг хариуцаж ажилладаг Д.О гэдэг хүний данс байгаа юм. Одоо мөнгөө хийхгүй бол ханш унах гээд байна гэж хэлэхээр нь би Д.Хд итгээд Д.О эгчийн данс руу 398,000 төгрөгийг хийсэн. Найдвартай үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж байсан. Өөрсдөө мөн мөнгө олсон тухайгаа надад хэлж байсан. ...Buytex койн гэсэн нэртэй сүлжээ байсан. Хариуцагч надад энэ сүлжээнд орсноор таны мөнгө маш хурдан өснө гэж хэлсэн.
...Д.О гэх хүн манайд Д.Хтай хамт ганц удаа ирсэн. Миний данс руу мөнгөө хий гэсэн зүйл огт яриагүй. Хамгийн гол нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой Д.Х над руу яриад Д.Оын эгчийн данс руу мөнгөө хийчих гээд байсан. Би ажлын газрын хүнээсээ 398,000 төгрөгийг зээлж аваад Д.О гэх хүний данс руу шилжүүлсэн.
...Д.О гэх хүн мөнгө хийчих гэж хэлээгүй болохоор би Д.Хаас нэхэмжилж байгаа. Д.Х өмнө нь надад тайлбарлахдаа манай найзууд ч бас энэ сүлжээнд их орсон гэж хэлсэн. ...Д.Х надтай мөнгөө хийчих гэж яриад мессежээр Д.Оын гэх хүний 00000000 дугаартай ХААН банкны дансыг явуулсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 398,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. ...Койн худалдаж аваад мөнгө өсгөдөг гэхээр нь мөнгөө өсгөх зорилгоор шилжүүлсэн...гэв.
Хариуцагч Д.Х нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би сүлжээний компанид элссэн. Уг сүлжээний компанийн давуу талыг нь хүмүүст танилцуулж байсан. Би өөрөө 2,200,000 төгрөгөөр уг сүлжээний компанид элсэн орсон. Д.О эгч бид хоёр дээр дурдсан сүлжээний талаар мэдээлэл өгөх гэж Д.Х эгчийнд очсон. Нэхэмжлэгч нь миний данс руу мөнгө хийгээгүй. Д.О эгчийн данс руу мөнгө хийсэн. Уг мөнгийг Д.О эгч компанийнхаа дансанд хийсэн байх. Би мөн ялгаагүй сүлжээний компанид элсээд н.Отгонбаяр эгчийн данс руу мөнгөө хийж байсан. Миний өөрийн нэр дээрх дансанд ороогүй мөнгийг би төлөхгүй. Д.Н буруу хүнээ хариуцагчаар татсан гэж ойлгож байна.
Тиймээс надаас нэхэмжилсэн 398,000 төгрөгийн төлөхөөс татгалзаж байна. Д.О гэх хүний данс руу хэдний өдөр, хэдэн төгрөг орсон нь нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байсан. Би Д.Наас мөнгө аваагүй учраас төлөхгүй.
...Гар дээрээ бол яг бэлэн мөнгө авдаггүй. Доороо хүн элсүүлэхээр тодорхой хувь нь койн болж ордог байсан. Нэг хүн элсүүлэхэд 20 койны урамшуулал орж ирдэг. Их багц болон бага багцаас хамаарч койн нь ордог байсан. Койноо зарна гэж байгаад тухайн үедээ зарагдаагүй. Удалгүй олон оронд салбараа нээж ажиллана гээд аппликейшн нь шинэчлэгдэж байгаа гэсэн. ...Д.О эгч бид хоёр анх Д.Н дээр очихдоо сүлжээ гэдгийг нь тайлбарлаж хэлж өгч байсан. Нэхэмжлэгч өөрөө сүлжээнд элсэж байгаа талаараа сайн мэдэж байсангэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь Д.Хд холбогдуулан 398,000 (гурван зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Buytex койн гэсэн нэртэй сүлжээ байсан. Хариуцагч надад энэ сүлжээнд орсноор таны мөнгө маш хурдан өснө гэж хэлсэн. ...Д.Х надтай мөнгөө хийчих гэж яриад мессежээр Д.Оын гэх хүний 00000000 дугаартай ХААН банкны дансыг явуулсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 398,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. ...Д.О гэх хүн мөнгө хийчих гэж хэлээгүй болохоор би Д.Хаас нэхэмжилж байгаа. ...Мөнгөө ихэсгээд авах боломжтой богино хугацаанд өсдөг гэхээр нь итгээд мөнгө шилжүүлсэн.... гэж тайлбарлав.
Хариуцагч Д.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би сүлжээний компанид элссэн. Уг сүлжээний компанийн давуу талыг нь хүмүүст танилцуулж байсанД.О эгч бид хоёр дээр дурдсан сүлжээний талаар мэдээлэл өгөх гэж Д.Х эгчийнд очсон. Нэхэмжлэгч нь миний данс руу мөнгө хийгээгүй. Д.О эгчийн данс руу мөнгө хийсэн. ...Д.Н буруу хүнээ хариуцагчаар татсан гэж ойлгож байна. ...Би Д.Наас мөнгө аваагүй учраас төлөхгүй.... гэж мэтгэлцсэн болно.
Нэхэмжлэгч Д.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Buytex койн гэх сүлжээнд элсэх зорилгоор Д.Оын эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот дансанд 398,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Buytex койн гэх сүлжээ бүхий ажиллагаанд татан оролцуулсан буруутай үйлдэл байх боловч нэхэмжлэгч нь тухайн үйл ажиллагаанд элсэх зорилгоор шилжүүлсэн 398,000 төгрөгийг хариуцагч авсан үйл баримт авагдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруубал, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй буюу нэхэмжлэгч Д.Н нь Д.Хаас 398,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрх үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан төлөх үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Хд холбогдох, 398,000 (гурван зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Хд холбогдох, 398,000 (гурван зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,590 (арван хоёр мянга таван зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ