Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.З даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Д-д холбогдох

 

2 270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.П

Хариуцагч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ц.Д-тай зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, хариуцагч нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч тухайн үед хариуцагч нь 2 000 000 төгрөгийг л авья, 1 000 000 төгрөг хэрэггүй болчихлоо гэсэн тул миний бие 2 000 000 төгрөгийг бэлнээр олгосон. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нь өнөөг хүртэл үндсэн төлбөр, хүүнээс нэг ч төгрөг төлөхгүй байх тул миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, алданги 70 000 төгрөг, нийт 2 270 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 7 сараас эхлэн Фэйсбүүкээр “хамтдаа аялцгаая” нэртэй өөрийгөө Э.А гэгч залуутай найзууд болж мессежээр харилцаж эхэлсэн. Э.А нь одоогоор Хонг-Конг-д амьдардаг гэж өөрийгөө хэлсэн. 2018 оны 8 сарын дундаас эхлэн Э.А нь эрчимтэйгээр намайг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа түүний заасан хэлсэн хүмүүс рүү холбогдож гадаад паспорт, үнэртэй усны төлбөр, тийзний төлбөр очоод аваадах гэдэг хүсэлтүүд ирж эхэлсэн. Шалтгаан нь би гадаадад байна,чи монголд байгаа, миний найз очоод уулзаад паспорт болон мөнгө аваад надруу явуулаадхаач гэдэг байсан. Хэд хоногийн дараагаар нь өөрийнхөө үеэл эгч Пүүжээ нь машин Хонг-Конг-оос маш хямдаар ачуулах гэж байгааг хэлсэн. Хоёр гурван хоногоос эгч нь машин ачуулах мөнгө хийх ёстой чи очоод уулзаадах гээд байн байн залгаад П-тэй уулзсан. Хан-Уул дүүргийн 120 мянгатын Хаан тауэрийн гадаа уулзсан. П нь дүү рүүгээ машины мөнгөний урьдчилгаа шилжүүлэх ёстой, чи надад А-ын төлөөлөгч болоод нотариат ороод батлуулаад өг гэсэн. Хан-Уул дүүргийн нотариат орж Хонг-Конгоос машин оруулж ирэх гэж байгаа, мөнгөө шилжүүлэх гэсэн итгэмжлэлийн гэрээ хийх гэсэн юм гэтэл нотариат машины гарал үүслийн бичиг, гаалийн бичиг байна уу гэсэн. Тэр бичиггүй бол гэрээг хийх боломжгүй гэсэн боловч П нь зээлийн гэрээ хийчихье гэсэн. Тэр үйл явдлын үеэр Атэй интернетээр холбогдож байсан. Нотариатаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны дараагаар П нь миний данс руу мөнгө хийнэ гэхэд нь эгч дүү хоёр өөрсдөө наад мөнгөний асуудлаа зохицуул би оролцохгүй гэсэн. Урьдчилгаа 3 000 000 төгрөг өгөх ёстой, надаа одоо 2 000 000 төгрөг байна. Үлдсэнийг нь манай найз хүүхэн шилжүүлэх ёстой юутай ч энэ 2 000 000 төгрөгийг одоо А-ын данс руу би хийчихье гэж П надад хэлээд бид хоёр салсан. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны үеэр И.Л гэгч бүсгүй над руу залгаад танай нөхөр А намайг луйвардсан гээд залгасан. Хүний нэр болон Фэйсбүүк хаягийг минь ашиглаж бусдад миний эхнэр, эхнэртэй минь холбогдоорой гэж залилсан хүмүүстээ хэлсэн байсан. Энэ бүх нөхцөлийг би П-д цаг тухайд нь мэдээлээд байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй болно. Миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгө аваагүй, П болон А нар нийлж надаас мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байгаа тул дээрх тайлбарыг гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, алданги 70 000 төгрөг, нийт 2 270 000 төгрөг гаргуулах тухай, О.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь хариуцагч Ц.Д-ын О.П надтай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээг нотлох баримтаар нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Уг зээлийн гэрээгээр Ц.Д нь надаас 3 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд мөнгийг Ц.Д-д шилжүүлж өгөх болоход би 2 сая төгрөг л зээлж авья, 1 сая төгрөгийг нь болилоо гээд надаас  2 сая төгрөгийг бэлнээр тоолж хүлээж авсан бөгөөд мөнгө хүлээн авснаа баталгаажуулж гэрээний арын нүүрэнд хүлээн авсан Ц.Д гэж гарын үсгээ зурж, он сар өдрөө бичсэн. Гэтэл хариуцагчийн гэрээ байгуулсан боловч мөнгийг хүлээн аваагүй гэсэн түүний аман тайлбарыг шүүх гэрээнээс илүүд үзэж хэргийг шийдвэрлэснийг эрс эсэргүүцэж байна. Миний зүгээс А  гэдэг хүнтэй машины төлбөр тооцооны асуудал байгаа, энэ нь Ц.Д бидний хооронд байгуулсан зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч О.П нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 270 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 11-12 дугаар тал/

Нэхэмжлэгч О.П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн байх ба уг гэрээний арын нүүрт “иргэн Ц.Д-д 2 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөв. О.П. 2018.09.03. Хүлээн авсан Ц.Д” гэж гараар бичиж, талууд гарын үсэг зурсан байна./хэргийн 5 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээнд н.Аийн гуйлтаар гарын үсэг зурсан бөгөөд 2 000 000 төгрөгийг аваагүй, О.П 2 000 000 төгрөгийг одоо н.А-ийн данс руу би хийчихье гэж хэлээд бид хоёр салсан. Тэр үйл явдлын үеэр н.А-тэй интернетээр холбогдож байсан гэж тайлбарлан, шүүхэд н.Атэй Фэйсбүүк хуудсаар харилцаж байсан баримт гаргаж өгсөн байх ба шүүх тухайн баримтыг Фэйсбүүк хуудаст үзлэг хийн бэхжүүлсэн байна. Мөн шүүхэд нэхэмжлэгч О.П-гийн Хаан банкны 5014078997 тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулах хүсэлт гарган, хэрэгт хавсаргасан байна./хэргийн 11-12, 13-25, 35 дугаар тал/

           

Уг депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч О.П нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5925187913 тоот данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн 14 дүгээр талд авагдсан хариуцагч Ц.Дын н.А-тэй Фэйсбүүк хуудсаар харилцсан баримтад дурдсан 5925187913 тоот дансны дугаартай тохирч байх тул хариуцагчийн хариу тайлбар үнэн зөв гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүхээс хариуцагч Ц.Д-д мөнгө шилжээгүй учир зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй, улмаар зээлийн гэрээний эрх, үүрэг талуудад үүсэхгүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар О.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Иймд нэхэмжлэгч О.П нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл, хүү, алдангийг хариуцагч Ц.Д-аас шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, зээл, хүү, алдангийн харилцааг зохицуулсан дээрх хуулийн заалтуудыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэж, харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 270 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.З

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Г.Д

 

                                                                                               С.Э