| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/02184/И |
| Дугаар | 181/ШШ2017/02676 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/02676
| 2017 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2017/02676 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төлбөр төлөгч Ч.Н миний бие шүүхийн 2016.09.29-ний өдрийн 137/ШШ2016/00088 шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд миний өмлөлийн ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005278 дугаар бүртгэгдсэн 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг НШГА-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилж тухайн байранд үнэлгээ тогтоосон.
Уг байр хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвд ордог, өндөр үнэтэй зарагддаг. Мөн миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 66,885,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
*******н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээ нь хэт бага, иргэн миний хувийн өмчийг хямдаар үнэлж намайг хохироож байгаа тул тус албанаас миний байранд өгсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, ... тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66,885,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Ч.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
шүүхийн 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00088 дугаар шийдвэрээр Ч.Н, Ч.Н нараас 33,026,162.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарт олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь түүний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн, битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хураах ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулсан боловч регистрийн дугаарыг бичээгүй, үнэлгээний талаар мэдэгдээгүй, Л ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж өөрийн шаардлага, үндэслэлийг тайлбарладаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар *******/-аас төлбөр төлөгч Ч.Н өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 04\01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 сарын 22-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор хураажээ.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн заалтаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхэд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах шаардлага тавиагүй байх тул битүүмжлэх тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
Эд хөрөнгө хураах ажиллагааг хийхдээ хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчээр А.Т, С.М нарыг байлцуулсан болох нь эд хөрөнгө хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд эд хөрөнгө хураах тогтоолд регистрийн дугаар бичээгүй гэдэг нь үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал нь өөрийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 100,000,000 төгрөг хэмээн тайлбарлаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч Ч.Н, Ч.Н нар үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Х ХХК уг үнэлгээг эс зөвшөөрсөн, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 133 тоот тогтоолоор Л ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ.
Л ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 66,885,000 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.
Үнэлгээний талаар надад мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар түүний шүүхэд гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2017 оны 5 сарын 09-ний өдрийн 3/13646 тоот мэдэгдэлд 2017.05.09-ний өдөр 17:15 цагт хүлээн авлаа. Уг үнэлгээг би зөвшөөрөхгүй. Ч.Н гэсэн гараар бичсэн тэмдэглэлээр няцаагдаж байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Н нь 2017 оны 5 сарын 09-ний өдөр үнэлгээчний тогтоосон үнэлгээний талаар баттай сайн мэдэж байсан байна гэж дүгнэв.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар журамласан байна.
Нэхэмжлэгч Ч.Н нь 2017 оны 5 сарын 09-ний өдөр үнэлгээчний тогтоосон үнэлгээний талаар баттай сайн мэдэж байсан боловч хуульд заасан хугацааг хэтрүүлж буюу 2017 оны 6 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаанаас өмнө болж өнгөрсөн байх тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан маргааныг шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3-т зааснаар ... тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66,885,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Ч.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР