| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/20250007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2025-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч С.Ё,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ёд холбогдох эрүүгийн 2424000960001 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....................... өдөр ........................, .............. настай, эрэгтэй, ....................., ..................., ам бүл ......., ........... ..................... хамт ...............................................багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............................ регистрийн дугаартай Б.С.Ё
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ё нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр............................... багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч С.Ё нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ................................................ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх хэргийн үйл баримт нь
Гэрч Б.Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд хооронд Завхан аймгийн Их-Уул сумын замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ..................... багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим хяналт шалгалт хийж байх хугацаанд улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклыг зогсоож шалгасан. Уг мотоциклыг шалгахад жолооч болох Их-Уул сумын Үржил багт оршин суух хаягтай Сандаг овогтой Ё нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба уг жолоочийг постын байранд оруулан согтолт шалгах Alcotest 7510 маркийн багажаар үлээлгэн шалгахад 1.75 хувийн согтолттой байсан. Тэгээд Сандаг овогтой Ё архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд орсон гэж Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж гомдол мэдээлэлд оруулсан...” гэх мэдүүлэг /хх 10-13 /,
Гэрч А.Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөө Цохиот гэдэг газар байх гэрээсээ Их-Уул сумын төвд байх гэр рүүгээ мотоциклоор орж ирсэн. Манай нөхөр мотоцикл бариад орж ирсэн. Тэгээд нөхөр бид 2 байшингаасаа хүүхдүүдийнхээ дулаан хувцсыг авч өгчхөөд, манай нөхөр хашаанд байх байшиндаа нэг том савтай пиво ганцаараа уусан, би жоохон уусан. Тэгээд байж байгаад манай нөхөр дэлгүүр ороод тамхи аваад ирье гэж хэлээд мотоциклоо унаад гараад явсан. Би нөхрөө хүлээгээд хашаандаа байж байтал миний дугаар руу нэг цагдаа залгаад “танай нөхөр согтуу мотоцикл бариад явж байхад нь барилаа, цагдаа дээр хүрээд ир” гэсэн. Тэхээр нь би цагдаа дээр яваад очтол манай нөхөр согтуу мотоцикл жолоодсон гээд цагдаад баригдчихсан байсан. Би цагдаа нартай уулзаад нөхрөө аваад хөдөө гэр рүүгээ хүнээр үргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 14-17 /,
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх магадалгаа /хх 26-30 /,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаартай “...Зөрчилд холбогдогч С.Ё нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 51-52/,
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал ,амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 03-06 /,
“...С.Ёг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 1,75 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 07-08 / тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч С.Ёгийн “...Би уг хэрэг гардаг өдөр 12 цаг өнгөрч байхад байхаа Их-Уул сумын Зарт багийн нутаг Цохиод гэх газраас эхнэр Ц хамт Мустанг 5 маркийн мотоциклоор сумын төв орж ирсэн. Сумын төв орж ирээд ажлаа амжуулж байгаад орой 16 цагийн орчим гэр рүүгээ явах гээд юмаа бэлдэж эхэлсэн. Тэрнээс өмнө би гэрийнхээ хашаанд дотор 1 ширхэг том хүрэн савтай пиво аваад уусан. Тэгээд би ууж дуусаад хашаанаасаа гараад мотоциклоо унаад дэлгүүр ороод гээд явж байгаад цагдаад баригдсан. Цагдаад намайг зогсоогоод хяналтын пост руу авч яваад тэнд очоод согтуурал шалгах багаж үлээлгэсэн, тэгээд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд миний мотоциклыг журмын хашаанд хийгээд эхнэрийг дуудаад намайг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч С.Ёд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч С.Ё нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч С.Ё үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ёд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ёд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт С.Ё Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ёгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ё нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ёд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ