Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

 

 

 

2025       01           16                                       2025/ШЦТ/12

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Д.Гт холбогдох эрүүгийн ************ дугаартай  эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д.Г /РД:**************1/

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Бөөрөг гэх газраас хохирогч Т.Г-ийн 5 настай 1 тооны үхэр хулгайлж, хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Бөөрөг гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Т.Г-ийн үхрээс 5 настай 1 тооны эх үхэр нууцаар авсан болох нь :

1. Хэргийн газарт үзлэг хийсэн “Зүүнговь сумын 1 дүгээр багт байрлах иргэн Ц-ын гэрээс чанх хойд талд 15 алхамын зайд байрлах 70х120 см хэмжээтэй нүхэнд үзлэг хийв. Нүхийг ухаж үзэхэд дотроос малын дотор, гэдэс, өөх, үхрийн эвэр, үхрийн толгойны арьс гарч ирснийг хохирогч Т.Г-т таниулахад “Миний хулгайд алдсан үхрийн эвэр, толгойн арьс нь тохирч байна” гэв. Д.Г нь үзлэгийн явцад “Хулгайлж авсан үхрийн арьс нь Хяргас сумын төвийн доод талд харгана дотор цагаан шуудайд хийгээд нуусан байгаа” гэж хэлсэн тул Д.Г-өөр заалгаж, 16 км газар явж очиж үзэхэд битүү харгана дотор цагаан өнгийн шуудай байх ба шуудай дотор байгаа эд зүйлийг гаргаж үзэхэд бор зүсмийн бүслүүр алаг үхрийн арьс 1 ширхэг, үхрийн толгой 1 ширхэг байв. Толгойн арьс болон эврийг авсан байх бөгөөд хохирогч Гт таниулахад “Хулгайд алдсан үхрийн арьс мөн байна” гэх ба үхрийн арьс болон толгой нь шинэ байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Зүүнговь сумын 1 дүгээр багийн Улаан хангана гэх газарт хохирогч Т.Г-ийн үхэр байсан гэх газарт үзлэг хийхэд явган хүн харганы захаар явган хүн 2 үхэр тууж байгаад 1 үхрийг барьж аваад тууж явсан мөр байв. Үхэр тууж явахдаа  зогсолтгүй, үргэлжлүүлэн ертөнцийн зүгээр урд зүг буюу Системийн ширэг гэх газрыг чиглэн явсан байв. Явган хүний мөрийг мөнгөн дэвсгэрт тавьж баримтжуулан авлаа” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-20 дахь тал),

3. Хохирогч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Увс аймгийн Зүүнговь сумын 1-р баг “Системийн дээд эхэн” гэх газар намаржиж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрийн гаднаас 21 тооны үхэр бэлчээрт гаргаж, орой нь гэрийн гадна ирсэн үхрээ бүртгэж үзэхэд 2 тооны үхэр байхгүй байхаар нь гэрийн эргэн тойронд хайгаад олоогүй. Уг хоёр тооны үхэр нь Бор зүсмийн бүслүүр алаг, 5 настай эх үхэр, хээлтэй, эр хар халзан зүсмийн 5 настай эр үхэр юм. Маргааш өглөө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Бөөрөг” рүү орж хайгаад олоогүй бөгөөд орой үхрээ бүртгэж үзэхэд алга болсон 2 тооны үхээрээс хар халзан эр үхэр гүйж ирсэн байхаар нь би манай энэ хоёр тооны үхрийг хулгайч авсан юм байна гэж бодоод өглөө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөр хайж үзэхэд “Хаяан харгана" дотроос нэг хүн ирээд 2 тооны үхэр тууж, 1 үхрийг нь барьж аваад харганаас уяж байгаад нөгөө үхрийг нь хөөж байгаад орхисон байдалтай мөр олдсон. Уг мөрийг цааш дагаж явахад уясан үхрээ тууж яваад манай гэрийн ойролцоо байдаг Ц-ын гэрийн чиглэлд яваад ширэг /зүлэг/ рүү ороод мөрөө алдсан. Тэгээд цагдаад хандаж гомдол гаргасан. Бор зүсмийн бүслүүр алаг, хумгар эвэртэй, хээлтэй, 5 настай 1 тооны эх үхэр хулгайд алдсан. Энэ үхэрт им болон будаг байхгүй. Д.Г нь хохирлыг бүрэн барагдуулж өгнө, та надад гомдол санал байхгүй гэсэн бичиг хийж өг гэхээр нь би уг бичгийг хийж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32, 34 дэх тал),

4. Насанд хүрээгүй гэрч Г.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Зүүнговь сумын 1-р багт байрлах гэртээ авга ах Д.Гийн хамтаар байсан. Харин ээж Ц Улаангом суманд байсан. Д.Г ах 21-22 цагийн үед гаднаас гэрт орж ирэхэд хувцас нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. Г ах байж байгаад гэр лүү орж, гараад байхаар нь араас нь гараад харахад гэрийн хойд талд үхэр өвчөөд дууссан байхаар нь би “Юун үхэр юм бэ?” гэж Г ахаас асуухад “Хүнд өвс өгөөд оронд нь авсан үхэр юм, чи гэр лүүгээ орж ээждээ хоол унд хий, галаа түл” гэхээр нь би гэр лүүгээ орж, ээж Ц-д хоол хийж тавьчхаад унтаад өгсөн. Үхрийн зүсийг анхаарч хараагүй, учир нь харанхуй байсан. Г ах уг үхрийг ганцаараа нядалж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

5. Гэрч Х.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангомоос 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Г нь үхэр гаргачихсан гэрт гал түлчихсэн сууж байсан. Шинэбаатар унтаж байсан. “Энэ ямар учиртай үхэр вэ?, хэнээс авсан юм бэ?” гэж асуухад “Хүнд өвс, тэжээл өгсөн, түүнийхээ өртөгт авсан юм. Энэ үхрийн махыг аймаг явуулж, хэдэн дүү нартаа өгнө” гэж хэлээд маргааш нь “Хяргас сум орж аймаг явах унаанд тавьж явуулмаар байна” гэхээр нь би өөрийн эзэмшлийн мусо маркийн ******* УВХ улсын дугаартай машинаараа цагаан өнгийн гурван шуудай махыг Д.Г-ийн хамт Хяргас сум оруулж, Н эгчийнд хүргээд “Аймаг /Улаангом/ явах унаанд тавиад өгөөрэй” гэж хэлээд тухайн айлд үлдээгээд буцаад Зүүнговь сумын *-р багт байх гэр лүүгээ явсан. Орой 20 цагийн үед манай ээж Дэжид “Д.Г-ийн явуулсан үхрийн мах ирлээ, баярлалаа” гэж утсаар ярьсан. Намайг гэрт ирэхэд бүгдийг нь цагаан шуудайнд хийгээд миний машины тэвшин дээр гаргаад тавьчихсан байсан. 2024 оны 10 дугаар сарын 30-нд Хяргас сум мах ачаад явж байхад замд нэг жалга таарсан. “Энд зогсож байгаарай” гэж хэлээд би машинаа зогсооход Д.Г тэвшин дээрээс цагаан өнгийн ууттай эвэртэй үхрийн толгой юм шиг харагдсан ууттай байсан болохоор тодорхой харж чадаагүй, тухайн ууттай зүйлийг жалганд хаяад буцаж машиндаа суусан. Би энэ үед хулгайн мал байна гэж дотроо гадарлаад түүнээс асуухад “Би мэдэж байна, намайг битгий шалгаагаад бай” гэж хэлсэн. Би түүнээс дахиж юм асуугаагүй. Хяргас сум ороод буцаж ирсэн. Гэтэл манайд цагдаа нар ирээд мал алга болсон талаар хэлэхэд Д.Г-ийн хулгай хийсэн гэдгийг ойлгосон. Н гэх айлд мах хүргэж очиход Б гэх эмэгтэй байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн махыг ямар унаанд дайж явуулсныг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн ар /хойд/ талд байгаа нүх нь худаг гаргаж ус авч байсан бөгөөд шороо унаад байхаар нь булсан. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаа нар ирж үзлэг хийхэд үхрийн гэдэс болон бусад зүйлийг хийж булсан байсан. Д.Г надад хэлэхдээ ганцаараа Т.Гийн үхэр хулгайлсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 39-40 дэх тал),

6. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал Д.Г, Ц хоёр саарал өнгийн мусо загварын машинтай ирээд Ц нь надад хандан “Энэ шуудайтай махыг Улаангом руу ээжид явуулах хэрэгтэй байна, танаас өөр хүн байхгүй байна” гэхээр нь би зөвшөөрөөд махаа оруулж коридорт тавьчих гэж хэлэхэд Г нь гаднаас цагаан 50-н ууттай гурван шуудай мах оруулж ирээд тавьсан. Тэгээд Ц, Г хоёр явсан. Би фэйсвүүк ороод явах машин байгаа эсэхийг харахад манай сумын Ө гэх хүн Улаангом явна гэхээр нь Ц-ын ээж Д рүү залгаад “Сумаас Өлзий гэх хүн явж байна, чи залгаад хэлчих” гэхэд оройн 17 цагийн үед Ө жолооч ирэхээр нь уг гурван шуудайтай махыг өгч явуулсан. Ц, Д.Г хоёрын надад үлдээсэн 3 шуудайтай дүүрэн махны нэг шуудайнаас нь нэг сээр, нэн хавс /хавирга/ хоёрыг өгсөн. Уг мах нь үхрийн шинэ мах байсан. Уг махыг надад үлдээхдээ “Улаангомд байдаг хүүхэд рүү хүнс явуулж байна” гэж хэлж байсан. Манай гэрт Б бид хоёр байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

7. Гэрч Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хяргас сумын төв дээр найз Н-гийн гэрт байж байтал гаднаас Ц хажуудаа нэг залуутай хамт орж ирээд “Улаангом руу мах явуулах хэрэгтэй байна, машин байхгүй байна, та явуулаад өгөөч” гэхэд Н зөвшөөрөхөд уг хоёр хүн гаднаас цагаан өнгийн 3 шуудай мах үүдэнд оруулж ирээд тавиад Ц нь орж ирээд Н-с хутга аваад хоолны мах өгнө гэж хэлээд гарсан. Тэгээд тэр хүмүүс явсны дараа би араас нь гараад гэрийн үүдний амбаарт Н-д хоол хийж идээрэй гээд Ц-ын үлдээсэн махыг харахад үхрийн мах байсан. Харин нөгөө гурван шуудайтай мах хажууд нь байсан. Уг хоёр хүнийг сайн танихгүй. Ц-ыг зүс танина, хажууд нь явж байгаа залууг танихгүй, намхан, шар царайтай хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

8. Гэрч Т.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Facebook  дээр “Улаангом явна” гэсэн зар тавьсан байтал манай суманд байсан Д гэх хүн над руу залгаад “Н-гийн гэрт 3 шуудай мах байгаа, эгчдээ аваад ирээрэй, би ирэхээр нь хөлсийг нь өгнө” гэхээр би зөвшөөрч 17 цагийн үед сумын төв дээр байдаг Н-гийн гэрт очиж цагаан өнгийн гурван шуудайтай мах өгөхөөр нь аваад Улаангом сум ороод ачаа тарааж байтал “Д-н мах ирсэн байх ёстой” гээд нэг эмэгтэй ирээд аваад явсан, уг эмэгтэйг танихгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

9. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн ******* гэх газарт мал хайж яваад миний унаж явсан морь зогсож /муудаж/ би гэрлүүгээ явган харих замдаа бөөргийн элсний хаяанд Г буюу Г гэх манай нутгийн айлын үхэр байхаар нь алаг зүсмийн эм үхрийг ижлээс нь таслаж гэрлүү тууж авч, гэрийн ойролцоо харгана дотор уясан. Тухайн үед манай гэрийнхэн байгаагүй тул уг үхрийг уяж хонуулаад маргааш нь нядлаад махыг нь замын унаанд аймаг руу явуулсан. Арьс, дотрыг нь булсан. Уг асуудал илэрч тухайн хохирогч махаа буцааж авахгүй мөн авсан айл нь хэрэглэхгүй гэсэн тул мах нь хаягдаж үрэгдсэн. Түүнээс зарж борлуулан ашиг олсон зүйл байхгүй. Би хохирогчоос уучлалт хүсэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.400.000 төгрөгийг дансаар шилжүүлж, гомдол саналгүй талаар бичиг хийлгүүлж авсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Хохирогч Т.Гийн 1 тооны 5 настай эх үхрийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Б***** гэх газраас ижил сүргээс нь  шүүгдэгч Д.Г нь авч, алж, махыг нь Улаангом руу явуулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Г-ийн 1 тооны 5 настай эх үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай “2024 оны 10 дугаар сарын байдлаар Зүүнговь суманд алдагдсан 5 настай эм үхрийн зах зээлийн үнэлгээ 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61 дэх тал)-ээр энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд “Д.Г нь хохирлыг бүрэн барагдуулж өгнө, та надад гомдол санал байхгүй гэсэн бичиг хийж өг гэхээр нь би уг бичгийг хийж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32, 34 дэх тал), Увс аймгийн Зүүнговь сумын 1-р багийн иргэн Т овогтой Г /оэ*********/ би тус багт оршин суух хаягтай Д-н Г-тэй сайн дурын үндсэн дээр тохирч Д.Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй нь үнэн болно” гэх хүсэлт (хавтаст хэргийн 105 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах бодит хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хохирогч Т.Г-т мөрдөгч, прокурорын зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрхийг нь хуульд заасан журмын дагуу тайлбарлаж өгөөгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Г нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-64 дэх тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 8 /найм/ сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г-т  хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Б овогт Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Г-т 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогч Т.Г нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ