Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох 2417000000137 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХК-нд ... ажилтай, ам бүл ...., эхнэр хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ....овогт ........ /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ....нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан үедээ .... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд ....улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг 1.42 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хөдөө айлд очиж хэдэн мал хийгээд орой нь ирээд 1 пиво уугаад харих гээд хашааны үүднээс машинтайгаа хөдлөөд цагдаад баригдсан. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна, миний буруу, дахин ийм үйлдэл гаргахгүй. Согтуугаар өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 2024 оны 03 сард эрхээ хасуулсан гэв.

2. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой сумын нутаг дэвсгэрээр цагдаа .... хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 23 цаг өнгөрч байхад .... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Урсахын гудамжинд ....улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсож шалгахад жолооч болох .... гэх хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь хэсгийн байр луу авч ирж 7510 маркийн дрегер багаж үлээлгэхэд 1.42 хувийн согтолттой байсангэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-7 хуудас/,

3. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой сумын нутаг дэвсгэрт зохицуулагч ....хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 23 цаг өнгөрч байхад Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Урсахын гудамжинд ....улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгаад тухайн машиныг .... унаад явсан. Би араас нь дагаад хэгсийн байранд очоод .... гэх хүнийг 7510 маркийн дрегер багажаар үлээлгэхэд 1.42 хувийн согтолт гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 хуудас/                                       

4. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед худгаас ус авахаар явж байгаад найз ... таараад ойрд уулзаагүй гээд бид хоёр Сэрүүн нэртэй пиво аваад Саранхүүгийн гэрт очиж хувааж ууж байхад Саранхүүгийн нөхөр хөдөөнөөс ирж байна гээд орж ирээд намайг хүргэж өгөхөөр Саранхүү, .... бид 3 гарсан. Замдаа 1 сав пиво авч яваад машиндаа ууж байгаад гэртээ буугаад үлдсэн. .... тухайн үед Саранхүү бид хоёртой пиво уугаагүй. Машин дотор амсуулах төдий өгсөн шиг санагдаж байна. .... 2-3 км явсан байх. Тухайн үед саарал өнгийн машин байсан ямар маркийн машин байсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/,

5. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр худгаас ус авахаар явж байгаад ... таараад ойрд уулзаагүй юм чинь пиво ууя гээд 2 ширхэг Сэрүүн нэртэй 2.4 литрийн пиво аваад манай гэрт очоод пиво уугаад сууж байтал нөхөр .... хөдөөнөөс ирсэн. Тэгээд ...хүргэж өгөхөөр бид 3 гарахдаа үлдсэн 1 пиво аваад машинд суусан. ... гэр лүү явах замаараа ... гэрийн гадаа очиж удалгүй ... гарч ирж бид 4 машинд юм ярьж сууж байгаад удалгүй ...буулгаад явах замдаа цагдаад баригдсан. .... гэрээс гараад 2-3 км явсан байх. Согтуу машин барьсан нь Мөнхбаатарын хашаанаас ... хашаа хүртэл л барьсан. Тухайн үед ....ийг уугаагүй гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/,

6. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... ах ажилсаг хичээнгүй ажилдаа сайн, хүмүүстэй их эвтэй зөөлөн харьцаатай, хүнд их тусархуу найрсаг зан чанартай хүн.  Манай ажлын хүмүүс их ам сайтай байдаг. Архи бараг уудаггүй, хааяа нэг бага зэрэг уудаг ч янз бүрийн зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/,

7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дэд ахлагч Г..... рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 1, 2, 3, 45, 49-50, 53 хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 35-40 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч ....нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/103 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урсахын гудамжинд ....улсын дугаартай Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг 1.42 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.....ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б....., .., ..., ... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дэд ахлагч Г..... рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С..... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч С..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.....ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоолгох гэсэн саналыг,

Шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Манайх олон жаахан хүүхэдтэй учир ажилдаа явах хэрэгтэй байгааг харгалзан үзнэ үү, манай ажил Шивээговь сумын нутаг дэвсгэрээс гардаг байх гэжээ.

Шүүгдэгч С..... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч ....нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....овогт ........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С..... оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА