Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 158

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа

улсын яллагч Э.Бадрал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сайнтуяа

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал /¹0113/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заанууд овогт Цэвэлмаагийн Жаргалсайханд холбогдох 201625032373 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нью Констракшн ХХК-д жолооч ажил эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2 дугаар гудамж 22в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Заанууд овогт Цэвэлмаагийн Жаргалсайхан /РД: НУ78080157/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Ц.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2-22в тоот хашаанд хохирогч Л.Туулбаяны зүй бус ажиллагаанаас үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож бие махбодид нь баруун хөлийн шилбэ ясны дотор хавчаарын хугарал, хамрын хажуу 2 хана хугарал, хамрын уг нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын урагдсан шарх, зулай, дагзны зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал тавхайн 1-3 дугаар хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

­­­­­­­­­ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг орой ажлаасаа тараад ирэхэд хохирогч архи уусан байсан учир би уурласан. Эхлээд намайг үглээд байж байхад хохирогч намайг өөрөө цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд 2, 3 удаа цохиод гаргасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сайнтуяа мэдүүлэхдээ: “…Би 12 дугаар сарын 04-ний өдөр дүүгээ гэрт нь хүргэж өгсөн. Хэрэг гарахын урьд өдөр нь хүргэж өгсөн. Маргааш нь над дээр ирэх байсан ч ирээгүй. Манай эрэгтэй дүү очиход хохирогчийг зодуулсан байна гэсэн. Би дүүгээ байнга хяналтад байлгадаг. 43 жил хянаж байгаа. Би шүүгдэгчийг 20 жилийн өмнөөс танина. Би вакум цонхны анхны үйлдвэрийг оруулж ирсэн хүн. Би шүүгдэгчийн ажлын байрыг бий болгосон. Шүүгдэгч манай дүүгийн эхнэрийн дүүтэй суусан хүн. Түүнээс хойш би шүүгдэгчийг бүх юмаар нь хангадаг байсан. Хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь би дүүгээ гэрт нь хүргэж өгсөн. 4 удаа би мөрдөгч тавьсан. Дөрвүүлээ адилхан үг хэлдэг. Маргааш нь дүүгээ авах байсан ч байгаагүй. Хэргийн газар дээр манай дүү буюу хохирогчийн ах нь очсон. Энэ хэргийг Амгаланбаатар шилжүүлэхэд тоогоогүй, Серик рүү шилжүүлэхэд тоогоогүй. Дараа нь би энэ Бадрал гэдэг хүнд хэлсэн. Энэ хэргийн цаана их олон хүний асуудал шийдэгдэнэ, намайг хүндлээч, эний цаана олон хүний амьдрал шийдэгдэх учир тэр болгоныг битгий хөндөөч, энүүхэнд нь шүүгдэгчийн бурууг ойлгуулаад зогсоогооч гэхэд тоогоогүй. Энэ утас дотор /гар утас үзүүлэв/ бүх зураг, нотлох баримт байгаа. Энэ хэргийг бүрдүүлэхэд Туулбаян надаас гуйсан. Би бас Туулбаянг мөрддөг, хянадаг, шалгадаг. Энэ хэргийг худал бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч манай дүүг зодсон гэхээр нь би хэргийн газар дээр очсон. Цагдаа Амгаланбаатарыг дуудсан. Тэгээд би хянаж байсан хүнээсээ асуусан. Би хувийн мөрдөгчтэй хүн. Шүүгдэгчийг би ганц энэ хэрэгтэй холбож яллах гээгүй байна. Шүүгдэгч өөрөө шүүхийн хэмжээнд шийдүүлэх гэж өөрөө явсан. Шүүгдэгч энэ хэргээ бүрэн хүлээхгүй байна. Өмгөөлөгч нь буруу ойлголттойгоор өмгөөлж байна гэж үзэж байгаа. Энэ хэргийг Серик байцаагч бүрдүүлж байхдаа алдаа гаргасан. Би хэрэгт нотлох баримтыг огт өгөөгүй байсан. Би шүүгдэгчийг байцаагчийнх нь хажууд танай гэрт хэрэг гарсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тухайн өдөр хохирогч над дээр ирэх ёстой байсан эсвэл би очиж авдаг. Ирэхгүй болохоор нь очиж авах гэхэд за хүлээе гэж бодсон. Тэгээд ирэхгүй байсан учир очиход гэр нь галгүй, хоолгүй, хүйтэн байсан. Тэгээд манай дүү надаас айгаад гишгэж чадахгүй унасан. Тэгээд би цагдаа дээр очоод надад мөрдөгч өг гэсэн. Би гэрчтэй явах шаардлагатай байдаг. Тэгээд би тэр гэрчтэй нь яваад дүүгээ аваад шүүх эмнэлэгт дүүгээ үзүүлээд гэмтэл үзүүлэхэд хохирогчийг хагалгаанд оруулна гэсэн. Тэгээд би өөрөө арга хэмжээгээ аваад хагалгаанд оруулахгүй гэсэн. Тэгвэл хэвтүүлнэ гэхээр нь эмчилгээг нь хийж эхэлсэн. Тэгээд би дүүгээ ахтай нь орхичисон. Намайг хянадаг хүн байдаг учир дүүгээ үлдээсэн. Би олон хянагчтай явах ёстой. Тэгээд би Амгаланбаатар дээр очоод ийм болсон хэргийг хэлэхэд тийм, угаасаа архидаж байдаг айл гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийм л хүмүүстэй ажилладаг, чи мэдэх үү гэхэд танд хамаагүй, та энэ мэдрэл муутай дүүгээ ав гэхээр нь би баярлалаа гээд дүүгээ авъя гэсэн. Яагаад ийм хэрэг явдал гарсан гэхээр эхнэр нь сална гэсэн өргөдөл өгсөн байсан. Миний нотлох баримт хангалттай байдаг учир би Амгаланбаатарын бүх бурууг газар дээр нь нотлоод хэлсэн. Энэ хэргийг Серик рүү шилжүүлсэн гэхээр нь би очсон. Манай дүү худал ярьдаггүй. Манай дүү багаасаа өвдсөн. Юман дээр унаад гэмтлээс болж унадаг болсон. Төрөхдөө тийм мэдрэл муутай гараагүй эрүүл гарсан. Тархины гэмтэлтэй байж байгаад тэр нь унадаг болох хэмжээнд очсон. Байнга асаргаа хэрэгтэй байдаг. Огт гэр хороололд амьдарч үзээгүй. Их зөөлөн тусархуу хүн. Шүүгдэгч өөрөө Туулбаяныг гуйсан байдаг. Туул ахаа гал түл, хоол хий, хүүхэд ав гэж их дээрэлхүү ханддаг. Манай дүү эдний эгчтэй амьдрахдаа ганц ч хүн аваачиж архи ууж үзээгүй. Хүнийг түрүүлээд цохидоггүй. Бид нарын цусанд нь шингээсэн. Сая хүртэл та нар миний хүмүүжлийг харсан байх. Би заавал гэрчтэй явдаг. Би шүүгдэгчийн хоолыг нь машинаар зөөдөг. Гурил будаа, жимс зэргийг хайрцаг хайрцгаар нь зөөдөг байсан. Ар гэрийхнийг тэжээдэг байсан. Шүүгдэгч архи уугаад ирдэг. Сүүлдээ хэрүүл болсон. Энэ хэрүүл 5, 6 удаа болсон. Эхнэрийнх нь том ах нь шүүгдэгчийн бүдүүн гуя руу нь хутгалсан байдаг. Би сануулсан. Хэрвээ хэргээ хүлээх юм бол ямар ч юм нэхэмжлэхгүйгээр үлдээнэ гэж хэлж байсан. Би гуйлгачин биш. Би 3 сая иргэнийг тэжээхээр ирсэн үүрэгтэй хүн. Би Серикт энэ хөдөлмөрийн чадваргүй, энэ хүний амьдрах чадварыг би хангасан гэхэд та нэхэмжлэх зүйлээ өгчих гэхээр нь өгөхөд энэ хүн мөнгөө өг гэж нэхэмжилж байна. Чичирж байна гэсэн байсан. Гомдол саналтай байна. Би шүүгдэгчид болон түүний өмгөөлөгчид гомдолтой байна. Нэхэмжлэх юм бол шүүгдэгч дийлэхээргүй их мөнгө байна гэв.

Хохирогч Л.Туулбаяны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэрт нь ороод байж байтал Нандинцэцэг намайг хүүхдүүдээ харж байгаач би гарчихаад ирье гэхээр нь би хүүхдүүдийг нь харж байсан. Тэгээд Нандинцэцэг 2 цагийн дараа арын хашааны хоёр залуугийн хамт гэртээ орж ирсэн. Тэгсэн нөгөө цуг орж ирсэн хоёр залуу нь хоёр шил 0,75 литрийн архи барьчихсан хоол ундааны зүйлтэй хамт бариад орж ирсэн. Бид нар тэр архийг нь хувааж уугаад сууж байтал гаднаас Жаргалсайхан ажлаасаа тараад ороод ирсэн. Тэгснээ Жаргалсайхан гэнэт уурлаад энэ чинь архины оромж биш ш дээ гээд уурлангуут нь би бие засах гээд гарч яваад бие засчихаад буцаад ороод ирсэн чинь Жаргалсайхан надруу Туулаа энэ чинь архины оромж биш ш дээ гэхээр нь би юм дуугаараагүй заза би явлаа гээд гараад явсан. Тэгсэн Жаргалсайхан миний араас гарч ирээд хашааны хаалганы гадна миний нурууруу гараараа цохиход нь уруу газар байсан тул би газар өнхөрөөд унасан тэгсэн яасан их уудаг гарууд вэ гээд миний нүүррүү хөлөөрөө өшиглөхөөр нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн чинь тэнд байсан байх нарийн банз байх шиг байсан мод аваад миний нуруу болон баруун талын хөлрүү модоороо цохиод мөн хөлөөрөө хөл, нүүррүү дэвслээд цохиод байсан. Би тэгэхэд нь араа мэдэж зодоорой гэж хэлсэн чинь зодохоо болингуутаа гэр рүүгээ орчихсон" гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х /

 

Гэрч С.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Жаргалсайханы гэрт ирэхэд Туулбаян хашааны гадна нүүр ам нь цус болчихсон байдалтай сууж байсан. Тэгээд намайг очсоны дараа Туулбаян дахиж Жаргалсайханы гэрт орно гээд тэгээд бид хоёр буцаж хашааруу ороод байшингийн хаалга нь цоожтой байхаар нь цонхийн цохиход цаанаас нь Жаргалсайхан "чи наадхаа аваад зайл" гэсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №16452 тоот шинжээчийн акт, дүгнэлтэд: Туулбаяны биед, баруун хөлний шилбэ ясны дотор хавчаарын хугарал, хамрын хажуу 2 хана хугарал, хамрын уг нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын урагдсан шарх, зулай дагзны зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал баруун тавхайн 1-3 дугаар хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/

 

Яллагдагч Ц.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг өнгөрч байхад байх ажлаа тараад гэртээ ирэхэд манай баз хүргэн Туулбаян үүдний өрөөнд сууж байсан юм. Гэр орон ундуй сундуй болчихсон байсан юм. Харин манай эхнэр Нандинцэцэг хойд жижиг өрөөнд согтуу хэвтэж байсан юм. Тэгээд би Туулбаянд хандаж “чи яагаад миний гэр оронд архи уугаад, гэр орон завааруулаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Туулбаян “чамд хамаагүй шээснүүдээ аваад зайл” гэж манай хүүхдүүдийг зааж хэлсэн юм. Тэгээд миний нүүрэн тус газар нэг удаа атгасан гараараа цохисон юм. Тэгээд би уурлаад Туулбаяныг нүүрэн тус газар нь атгасан гараараа 4-5 удаа цохиод гэрээсээ чирээд гадаа гаргасан юм. Туулбаяныг гэрээсээ гаргаад удаагүй 5-10 минутын дараа байх хажуудаа зүс таних залуу дагуулаад ирчихсэн манай гэрийн цонхыг тогшоод байхаар нь би уурлаад Туулбаяны хажууд байсан залууд нь “наад архичнаа аваад зайл” гэж хэлэхэд тэр залуу Туулбаяныг дагуулаад яваад өгсөн юм. Тэгээд би гэрээсээ гараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 69х/

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 2-22в тоот хашаанд хохирогч Л.Туулбаяны зүй бус ажиллагаанаас үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож бие махбодид нь баруун хөлийн шилбэ ясны дотор хавчаарын хугарал, хамрын хажуу 2 хана хугарал, хамрын уг нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын урагдсан шарх, зулай, дагзны зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал тавхайн 1-3 дугаар хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 38-39х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Туулбаяны мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 51-52х/, гэрч С.Батсүрэн /хх-ийн 20х/, Г.Батбилэг /хх-ийн 25х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №16452 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29х/, гэрэл зургууд /хх-ийн 54-58х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Ц.Жаргалсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Л.Туулбаянд санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сайнтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гомдолтой, хавтас хэрэгт баримтаар өгсөн эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөн дүнгээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, хавтас хэрэгт баримтаар авагдсан баримтуудыг /хх-ийн 12-14х/ үндэслэн шүүгдэгч Ц.Жаргалсайханаас нийт 2.865.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Туулбаянд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Жаргалсайханд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Заанууд овогт Цэвэлмаагийн Жаргалсайханг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жаргалсайханд 400 /дөрвөн зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ц.Жаргалсайханыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солисугай.

 

4. Ц.Жаргалсайхан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жаргалсайханаас хохиролд нийт 2.865.400 /хоёр сая найман зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Туулбаянд /РД:ЧЗ73032313/-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Жаргалсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ