Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2021/00445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Б.Түвшинжаргал, Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 81Б-13 тоотод оршин суух, ............. .............ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Өндөрширээт сум, Уянга 3 дугаар баг, Мөөрс гэх газарт оршин суух, ........................................./-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, А.Хангал, хариуцагч М.............., хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.............. миний бие 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн 35-97 УБД ланд 200 маркийн машинтайгаа явж байх үед гарсан зам тээврийн ослоор тухайн осолд холбогдох .............гийн Шижирбаатар /РД:УК04311274/-ын буруутай нь тогтоогдсон тул гарсан хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. И.Шижирбаатар нь авто тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй байсан учир хохирлыг түүний эх болох М..............гээс нэхэмжилж байна. Нэхэмжилж буй мөнгөн дүн 16.076.640 төгрөг болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хангал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.............. нь 2020 оны 7 дугаар сарны 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн 35-97 УБД дугаартай Landcruiser 200 авто маркийн машинтай Төв аймгийн Эрдэнэсант сумын замын талбай гэх газрын хажуугаар 13:00 цагийн орчимд явж байтал иргэн И.Шижирбаатар нь замын хөвөө дагаад явж байхдаа огцом зүүн дарж машины баруун урд хэсэгт хохирол учруулсан байдаг. Улмаар Монгол улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно гэсний 15.1.1-д тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн иргэнд жолоодох эрх олгоно гэснийг, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж аюул осол үүсгэхгүй бүх байдлыг хангана гэсэн хууль дүрмийг зөрчсөн байгаа. Дээрх хууль дүрмүүдийг зөрчсөнөөр тухайн осол гарч өнөөдрийн шүүх хуралдаан болох нөхцөл байдал үүссэн байгаа. Хэрвээ М..............гийн эцэг, эх насанд хүрээгүй хүүхдэдээ мотоциклоо унуулаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Мөн манай төлөөлүүлэгч А.............. нь эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар зам тээврийн ослоос учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх гэсний дагуу, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагчаас 16.064.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан эхлэхийн өмнө миний хэлж байсан зүйл давтагдах шаардлага гарлаа. Энэ бол бид нар осол яаж гарсан гараагүй талаар хэлэлцэх гэж ирээгүй. Энэ хэргийг хэрэг бүртгэлт явагдаад шийддэг газар нь шийдчихсэн. Акт нь гарчихсан, мэдүүлэг нь дуусчихсан. Таны хүсэлтээр шинжээчийн дүгнэлт нь гарчихсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хурд хэтрүүлсэн гэдэг зүйл ярьж байна. Актыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол очдог газар нь очих хэрэгтэй. Энд бол Иргэний хэргийн журмаар учирсан хохирлыг нь нөхөн төлүүлэх гээд шүүх хуралдаан явагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх зорилгоор хариу тайлбараа хэлээсэй гэж хүсэж байна. Хариуцагч М.............. нь хүүхдээ туслуулах гээд мотоцикл бариулсан, энэ миний буруу гэж байна. Энэ чинь өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Хохирлын хэмжээ тодорхой болсон байхад яагаад хохирлоо барагдуулахгүй байгаа юм бэ? ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа уг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан гэм хорыг мөнгөөр төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мотоциклийн эвдрэл гэмтэл байгаа байдлыг харахад мотоциклийн араас ирээд мөргөсөн. Насанд хүрээгүй хүүхдэдээ мотоцикл бариулсан нь миний буруу. 16 нас хүрч байгаа хүүхдээ жаахан ч гэсэн амьдралдаа тус нэмэр болгочих гээд амарч байх хугацаанд нь хонинд явуулсан юм. Мотоциклийн эвдэрч хэмхэрсэн байдлыг харахад урдаасаа биш ардаасаа гэмтсэн байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтыг дутуу үнэлсэн, схем зургийн хэмжилттэй манай хүмүүс танилцаагүй. Энэ хүмүүс бүх зүйлийг өөрт ашигтайгаар үйл ажиллагаа хийлгэчхээд байна. А.............. нь явж байгаад хурдаа багасгахад 80 км цагийн хурдтай байсан гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгээд 80 км цагийн хурдтай явж байгаад эхлээд баруун тийшээ тэгээд зүүн тийшээ дагуулж дарж байгаад мөргөлдчихлөө гэдэг юм ярьдаг. Хоорондын зай бариад хажуугаар нь тойроод явчих боломж байсан. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж ингэж болохгүй гэж үзэж байна. Дуут дохио сигнал өгөх боломж байсан гэжээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А..............оос М..............д холбогдуулан гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ....2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13.00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг Замын толгой гэх газрын зүүн талын засмал замд Хурд маркийн 05-89 ТӨЗ улсын дугаартай мотоцикл, 35-97 УБД улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар .............гийн Шижирбаатар нь нэхэмжлэгч Амарсайханы .............ийн эзэмшлийн 35-97 УБД улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн машинд хохирол учруулсан.

Тус хэрэгтэй холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэм хорын хохирлыг .............гийн Шижирбаатар /РД:УК04311274/ /16 настай/ түүний эх Мэгээсүрэнгийн .............гээр арилгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан үндэслэл шаардлагад нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийн насыг 14-18 байхаар хуульчилсан байна.

мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэл насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг, эх асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан байх боловч .............гийн Шижирбаатар нь 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн тухайн осол гарах үед буюу 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15 настай /одоо 16 настай/ байсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00/000171 дугаар төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл И.Шижирбаатарыг иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн гэж үзэх ба иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасан 7-14 хүртэл насны... гэсэн заалтад хамаарахгүй бөгөөд тэрээр мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар бусдад учруулсан гэм хорыг өөрөө арилгах үүрэгтэй юм.

Иймд А..............оос М..............д холбогдуулан гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлон дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Мөн тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн хүсэлтээр ШУТИС-ийн МТСургуулийг шинжээчээр томилсон ба шинжээчийн зардал 200.000 төгрөгийг Хаан Банкны 5022546855 дансанд тушаахыг хариуцагч М..............д даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.5-д заасныг баримтлан А..............ийн нэхэмжлэлтэй М..............д холбогдох гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 14/32 дугаартай техникийн шинжээчийн зардал 200.000 төгрөгийг хариуцагч М..............гээс гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ

 

ШҮҮГЧИД Б.ТҮВШИНЖАРГАЛ

 

Д.ОТГОНЧУЛУУН