Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ04

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2417001400130 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Д** аймгийн С** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **боловсролтой, мэргэжилгүй хувиараа мал малладаг, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Г*** аймгийн С*** сумын **дугаар баг, *** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д-н Б /РД:ЕЙ***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 2024 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Найрамдал хотхоны 10 дугаар байрны 5 дугаар орцны 62 тоот орон сууцанд хамтран амьдрагч М.Э-н хүүхдүүдээ зодсон үйлдэлд дургүйцэн, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний зүүн гарын шуу бугалга хэсэгт гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн бугалгад, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 2024 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Найрамдал хотхоны 10 дугаар байрны 5 дугаар орцны 62 тоот орон сууцанд хамтран амьдрагч М.Э-н хүүхдүүдээ зодсон үйлдэлд дургүйцэн, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний зүүн гарын шуу бугалга хэсэгт гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн бугалгад, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

2. Хохирогч М.Э-н “...Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой ажлаасаа орой 21 цагт буусан. Тэгээд тухайн өдөр хамт ээлжинд гарсан М гээд ажлын газрын хүнтэй хамт Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 10 дугаар байрны гадаа ирсэн. Тэндээ машинаа байрлуулаад дэлгүүр ороод 1 шил архи би худалдаж авсан. Тэгээд машиндаа буцаж суугаад нөхөр Б-г дуудаж гаргаж ирээд бид 3 юм ярьж байгаад тухайн архийг хувааж уугаад дууссан чинь манай нөхөр Б гэрт байсан 1 шил архиа гаргаж ирээд мөн бид 3 хувааж уугаад дууссан. Тэгээд цаг бараг 12 цаг болсон байхаа М буугаад гэр лүүгээ яваад өгсөн. Нөхөр бид хоёр Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 10 дугаар байр 5-62 тоот гэртээ орж ирэхэд манай 3 хүүхэд өрөөндөө унтацгааж байсан бөгөөд намайг “чи яагаад байхгүй хойгуур хүүхдүүд зодоод байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “гэртээ байсан гахайгаа хагалаад дотроос нь мөнгө аваад хэрэглэсэн байхаар нь загнаж будаа агшаагчийн залгуураар том хүүгээ зодсон” гэж хэлээд жаахан маргаж байсан чинь “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар миний зүүн гарын шуу, бугалга хэсэг руу хэд хэдэн удаа цохисон. Тэрнээс өөрөөр гар хүрээгүй. Тэгээд бид 2 амарцгаасан. Би хүүхэд зодсон асуудлаараа шүүхээр ороод баривчилгаанд орж байгаа. Тэгээд маргааш өглөө нь босоод ирсэн чинь миний зүүн гарын бугалга шуу хэсэг хөхөрсөн байсан бөгөөд ажил дээрээ очоод байж байхад манай ажлын хүн хараад цагдаад мэдэгдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би бас тэр өдөр өөрөө архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

3. Гэрч Р.М-ийн “...2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед байхаа ажилтай хамт байж байгаад буусан юм. Тэгээд бид хоёр Э-н машиныг зогсоол дээр зогсоож байгаад дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд Э нөхөр Б-г гараад ирээч гэж дуудаад Б, Э бид гурав авсан Агар нэртэй 0,5 граммын архиа хувааж уусан. Тэр архи дуусаад Б гэрт нь байгаа гээд нэг шил архи гаргаж ирсэн бөгөөд тэр архинаас би бараг уугаагүй бөгөөд Б, Э хоёр хувааж уусан байхаа. Тэгээд цаг бараг шөнийн 00 цаг болсон байхаа Б, Э хоёр гэр лүүгээ орсон би бас гэр лүүгээ явсан. Машинд архи хуваагаад ууж байхдаа бол ямар нэгэн байдлаар муудаж зодолдсон асуудал гараагүй. Тэгээд маргааш өдөр нь над руу Э гар нь хөхөрсөн зураг явуулаад манай нөхөр Б намайг зодсон гэж хэлж байсан. Юунаас болсон юм гээд асуухад намайг хүүхдээ зодлоо гээд муудаад зодсон гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тэгээд Э-ийг ажил дээр очиход манай дарга Ц дуудлага өгсөн гэж сонссон. Маргааш орой нь Э бид хоёр цуг ээлжинд гарсан бөгөөд ил харагдах шарх гэмтэл бол харагдаагүй бөгөөд болсон асуудлын талаар бол надад юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

4. Гэрч Л.Э-н “...Д.Б нь манай том хүү байгаа юм. Эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд амьдардаг. Төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. Эхнэр хүүхэдтэй халамжтай, найз нөхөд садан төрлийнхөө дунд нэр хүнд сайтай. 2010 онд Улаанбаатар хотын 805 дугаар ангид цэргийн алба хааж байсан. Цэргээс ирснээсээ хойш мал маллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- М.Э-н биед зүүн бугалганд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтооглоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч М.Э, гэрч Р.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 263 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Д.Б-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч М.Э нь шүүгдэгч Д.Б-с эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Г.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 28 350 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Б нь нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч  Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу       450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ