| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0002/э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч С.А түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бидэгүүн овогт Сгийн Аэд холбогдох эрүүгийн 2417000000140 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 05-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ........... дүгээр хороо, Булгийн ........ дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн С. сумын ....... дугаар баг, Н.... хотхон ........ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх, Бн овогт Сгийн А /РД:........../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар 3-38 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.Яийг Б.Чтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Л.Яийн толгой тус газар архины шилээр цохиж газар унагаах, нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн баруун арын зулай орчимд няцарсан шарх, баруун бугалганд урагдсан шарх, баруун зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун гарын шуу сарвуугаар зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: Хамт байсан хүнтэй хардсаны улмаас ийм хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг
2. Хохирогч Л.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би хамтран амьдрагч А болон Б, Ш бид 4 Боржигон чуулгад кино үзсэн юм. Тэгээд тэндээсээ гараад ТБ центр орж караоке орж дуулангаа ганц нэг юм уухаар болсон. Тэгээд ТБ центрээс шөнө 01 цагийн үед гараад Сүмбэр сумын ......... дугаар баг ............ тоот манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд Б бас 2 хүн дуудсан бөгөөд нэг залууг нь Ч гэдэг залуу байсан өгөөд нөгөө залуугийнх нь нэрийг мэдэхгүй танихгүй залуу байсан. Тэгээд манай гэрт бид 8-уулаа болоод өмнө нь авч тавьсан байсан Хараа нэртэй архи хувааж уугаад юм ярьцгаасан. Тэгээд шөнө 3 цагийн үед А унтаад өгсөн бөгөөд үлдсэн хэд нь архиа хувааж уугаад сууж байтал Б босоод Аийг босгож ирээд энэ Я чинь Чтай сээтэгнээд байна шүү гэж тоглоомоор хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад гараад явтал араас Б гарч ирээд уурлаад байгаа юмуу тоголсон юм гэхээр нь би буцаад гэртээ ороод сууж байхад Банди дахиад энэ Я Чтай сээтэгнээд байна гэж хэлтэл А гэнэт уурлаад уугаад сууж байсан Хараа нэртэй архиар миний толгой руу цохиод авсан. Тэгээд би тэр зуур ухаан балартсан нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн Аийг аваад гарч байсан...Надад гомдол санал байхгүй, хамтын амьдралаа цааш үргэлжлүүлнэ, надаас уучлалт гуйсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
3. Гэрч О.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Тэгээд шөнийн 03 цаг болж байхад А гэнэт уурлаж босож ирээд ууж байсан Хараа нэртэй архины шилээр Яийн толгой руу нэг удаа цохиод хагалсан. Тэгээд би нар айсандаа гараад явцгаасан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаар дүгнэлтэнд:
Л.Яийн биед толгойд баруун арын зулай орчимд няцарсан шарх, баруун бугалганд урагдсан шарх, баруун зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун гарын шуу сарвуугаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун бугалганд урагдсан шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Толгойд баруун арын зулай орчимд няцарсан шарх, баруун бугалганд урагдсан шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмынн 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт цус хуралт, баруун гарын шуу сарвуугаар зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 35-36 хуудас/
5. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 16-18 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 39 , 42-56 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар 3-38 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.Яийг Б.Чтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Л.Яийн толгой тус газар архины шилээр цохиж газар унагаах, нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн баруун арын зулай орчимд няцарсан шарх, баруун бугалганд урагдсан шарх, баруун зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун гарын шуу сарвуугаар зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч С.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аийн өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Я, гэрч О.Ш нарын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Б.Бүжинлхамаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргажээ.
Шүүгдэгч С.Аэд ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байна.
Шүүгдэгч С.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Л.Я гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа гэсэн бичиглэл бүхий архины шилний хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримтыг устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хяүгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 02 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа гэсэн бичиглэлтэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ