Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ны Мт холбогдох эрүүгийн 2417001520142 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын ........... дугаар баг, ...... ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Х овогт Д М /РД:...................../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийтийн 11-11 тоот хашаанд байсан хохирогч Д.Бгийн эзэмшлийн 23-71 УАР улсын дугаартай Норд Бенз загварын тээврийн хэрэгсэл дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа ямар нэгэн шалтгаангүйгээр тус тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа 2 удаа цохиж санаатайгаар эвдэж хагалсаны улмаас хохирогчийн өмчлөх эрхэд 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Д.М үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 52 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/

3. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед миний Норд Бенз 23-71 УАР улсын дугаартай машиныг түрээсэлдэг Б-ийн эхнэр Д намайг хотод байхад залгаад бид нарыг байхгүй үед машин дотор архи ууж байгаад машины цонхыг хагалсан байна гэж хэлэхээр нь хэн хагалсан юм гээд асуусан чинь М нэг хүнтэй хамт ирсэн байна. Машин дотор чинь архи ууж байгаад хагалсан гэж хэлэхээр нь би цагдаа дуудаад өг намайг ямар ч байсан хохиролгүй болгож өгөөрэй гээд утсаа тасалсан. Маргааш нь 2024 оны 10 дугаар сарын 29-нд М өөрөө залгаад найз нь цонхыг чинь хагалсан байна, төлөөд өгнө би буруу юм хийсэн байна гэж хэлсэн. М миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

4. Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ орох гээд явж байхдаа түлхүүрээ ээжийндээ мартсан байсан болохоор нь гэрийнхээ үүднээс буцах гээд зогсож байтал араас нэг хүн хөөе нааш ир гэж дуудахаар нь хартал юм харагдахгүй байсан. Тэгтэл хашаан дотор байсан Бгийн унаж тээвэрт явдаг Бгийн машины хаалга онгойхоор нь яваад очтол замын баруун талд гагнуур хийдэг М машин дотор сууж байсан. Тэгээд машинд суучих гэхээр нь би наана чинь орж яах юм гэхэд ороод ир гээд байсан. Тэгэхээр нь машинд ороод голын орон дээр суутал Маас гадна өөр танихгүй эрэгтэй хүн байсан. Тэр 2 дундаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи тавьсан байсан. Би тухайн үед нээх их архи уугаагүй байсан. М надаас Бг асууж байгаад писда гэж хараагаад баруун гараараа урд талын салхины шилийг 2 удаа цохисон. Тэгтэл цонхны шил нь хагарч цууралт үүссэн. Тэгэхээр нь би яагаад цонх хагалж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм. Бд хэлвэл ална шүү гээд байсан. Тэгээд Б хаана байна гэхээр нь урд хашаанд Ж. ахынд байгаа байхаа өдөр л тэнд байсан гэж хэлэхэд чи заагаад өг гээд би танихгүй эрэгтэй хүнтэй хамт машинаас буусан. Тэгээд хашаанд очтол эхнэр Дд нь би М танай машины цонхыг хагалсан гэж хэлтэл тэр яахаараа манай хашаанд ирж цонх хагалдаг юм чи хагалчихсан юм биш үү гэхээр нь би хагалаагүй гээд тэр цагдаа дуудсан. 23-71 УАР улсын дугаартай Норд бенз маркийн машин нь Б-ийн машин байгаа юм. Б түүнийг унаж гэрээгээр тээвэрт явдаг. Би Бтай хамт уг машинаар тээвэрт туслах жолоочоор явдаг. Бид нарын хувьд маргалдсан зүйл байхгүй. М гэнэт л хараал хэлж байгаад баруун гараараа цонхыг 2 удаа цохиод хагалсан. 2 хэсэг газарт хагалсан мөр үүссэн байсан. Өөр эвдсэн зүйл байхгүй. Мөн нэмж хэлэхэд М над руу яриад намайг санаандгүй байдлаар хагалсан гээд хэлчих гээд байсан. Тэгээд би үнэнг нь хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

5. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед Мын хамт Б-ийн гэрт нь ирсэн чинь Б. гэртээ байхгүй хашаанд байсан. Норд бенз гэх машин байхаар нь М бид 2 уг машинд сууж байсан чинь М уурлаад гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд удалгүй Б. гэртээ ирээд бид 2 хамт гэр лүү нь ороод 0.75 литрийн 1 шил архи уугаад сууж байсан. Тэгсэн Б-ийн эхнэр Д машины цонх хагаллаа гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд М бид 2 бас 1 нэрийн мэдэхгүй залуутай хамт бид нар эрүүлжүүлэхэд орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

6. Ашид Билгүүн ХХК-н Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 37-39 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 53 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Мыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Мын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Бгийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Д.Мыг бусдад төлөх төлбөргүй гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ