| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/02159/И |
| Дугаар | 181/ШШ2017/03147 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2017/03147
| 2017 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2017/03147 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Тгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: К ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис центр 4 дүгээр давхар М ХХК -иудад холбогдох
К ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай Зээлийн гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue Sky хотхоны 44Б байрны 6 тоот болон Т07/141 тоот гэрээний зоорийн давхарт байрлах 150 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Э, хариуцагч К ХХК-ийн төлөөлөгч Х.И, түүний өмгөөлөгч Г.Ч, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Т.Т миний бие 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М ХХК-тай 180 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 44Б байрны 6 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 150 тоот авто зогсоолын хамт захиалан бариулж, төлбөр 175.000 ам долларыг 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулснаар уг байрандаа нүүн орж, амьдарч эхэлсэн.
Миний бие гэрээний төлбөрийг бүрэн төлж М ХХК-иас орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 6 тоотод байрлах 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхрын 150 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаартай захирамж гарсан.
Дээрх шийдвэрийг үндэслэн орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн, баталгаажуулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 44Б байрны 6 тоот орон сууц, зоорийн давхрын 150 тоот автомашины зогсоол нь М ХХК болон К ны хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.
Миний бие захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 256 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 44Б байрны 6 тоот орон сууц, 44Б байрны зоорийн давхрын 150 тоот автозогсоолын өмчлөгчөөр Т.Т намайг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, шийдвэрлэсэн болно.
Уг шийдвэрийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013637 дугаарт бүртгүүлж, 000436042 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан.
Гэтэл хариуцагч М ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, талуудын байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний 4.6, 5.7-д заасныг тус тус зөрчиж, орон сууц болон авто зогсоолыг захиалагч Т.Т миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийн оронд надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар К ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К ХХК-тай Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан, гэрээний хавсралт дах 44Б дүгээр байр хэсгийн 6 дахь заалтаар 44Б байрны 06 тоот орон сууцыг барьцаалсан байдаг.
Мөн хариуцагч М ХХК нь К ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар 44А,Б,В,Г дугаар байрны зоорийн давхрын 205 ширхэг автозогсоол барьцаалсны дотор миний өмчлөлийн 150 тоот авто зогсоол орсон байна.
М ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн тухай гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй гэснийг тус тус зөрчжээ.
Харин К ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ" гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ.
Иймд М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 132 м.кв талбайтай, 6 тоот Т.Т миний өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны зоорийн давхарт байрлах Т.Т миний өмчлөлийн 150 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.,56.1.8.-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, миний өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Т.Т нь 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай 180 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Blue Sky хотхоны 44Б байрны 6 тоот 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 150 тоот 1 ширхэг авто зогсоолын хамт захиалан бариулсан.
Т.Т нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж дууссан учраас тухайн орон сууцандаа нүүн орж амьдарч орон сууц болон автозогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа болно.
Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол нь иргэн Т.Т гийн өмч хөрөнгөөр бий болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн Т.Т г хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компани уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна.
Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд М ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15 тэрбум төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг.
М ХХК нь К ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.
Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.
Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 %-ийн гүйцэтгэлтэй барилга, М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2,5 га бүхий эзэмших эрхтэй газар эзэмших эрх зэргийг К ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн байдаг.
Үүний дараа буюу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 150 тоот автозогсоолыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны 6 тоот орон сууцыг К ны шаардлагаар Т.Т д мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь үнэн.
К ХХК нь зээлийн барьцаанд орон сууц авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.
Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн шалгалгүйгээр зээлийг олгосон байна.
Тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90%-ийн гүйцэтгэлтэй биш бүрэн баригдсан, иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүж орсон байсан Төвшин ч мөн адил 2010 оны 8 дугаар сараас эхлэн орон сууцандаа амьдарч ашиглалтын төлбөрөө хийж байсан.
Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдврлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч К ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
К нь М компанитай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж 1.400.000 америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.
Мөн Мфикскапитап компанитай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:
1. Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт,
2.205авто машины граж,
3. 3 өрөө орон сууц, гражын хамт
4.Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М компанийн бараа материалын үлдэгдэл.
К нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.500.000.000 төгрөгийг жилийн 19,2%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.
Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:
1.М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
2.М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
3. М ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар.
Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ байрны 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.
К ны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан тул Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
К ны хувьд Т07/208, Т07/141 тоот Барьцааны гэрээнүүдийг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг.
Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм.
Нэхэмжлэгч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг М компани нь К тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр М ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуулъд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог.
К нь дээрх Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 6 тоот орон сууц болон 150 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.
Мөн М компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар М компани, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох М ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон.
Харин Т.Т нь Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02- ны өдрийн 1682 тоот захирамжаар тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтаас харахад М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 6 тоот орон сууц болон 150 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг М ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
Харин Т.Т нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан юмаа.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 %-ийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг.
Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05- ны өдөр хүлээн авсан.
Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч М ХХК болон К ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнүүдийн иргэн Т.Т д холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч К ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл бүрдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
НЭГ: М ХХК-ийн К ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний талаар:
1.1.Хариуцагч М ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр К наас 1.400.000 ам долларыг жилийн 20,4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж №Т07/141 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ./хх-ийн 13-15-р хуудас/
Дээрх зээлийн барьцаанд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Америк сургуулийн урд байрлах 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 7000 м.кв талбайтай 205 автомашины гражийг тус тус барьцаалж 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна. /хх-ийн 16-17-р хуудас/
Дээрх зээлийн барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин байгуулж Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44а, 44б дүгээр байрны 90%-ийн гүйцэтгэлтэй 205 автомашины зогсоолуудыг барьцаалсны дотор 44б-6 тоотын автомашины зогсоол барьцаалагдсан байна. /хх-ийн 18-23-р хуудас/
1.2.Си Эм Эс Эл ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр К наас 1.500.000.000 төгрөгийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж №Т07/208 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна./хх-ийн 6-8-р хуудас/
Зээлийн барьцаанд М ХХК-ийн Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44а,44б дүгээр 55%-ийн гүйцэтгэлтэй байрнуудыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин Богд Хан уул дархан цаазат газрын Зайсангийн ам нэртэй 2,5 га газрын хамт барьцаалж 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулжээ. /хх-ийн 9-10-р хуудас/
Уг гэрээг байгуулах үед дээрх барилга нь М ХХК-ийн өмчлөлд байсан болох нь Ү-2206008713 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 85-р хуудас/
Дээрх зээлийн барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлөх зорилгоор барьцааны зүйлд 90%-ийн гүйцэтгэлтэй, М ХХК-ийн Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44б дүгээр байрыг барьцаалсны дотор 44б-6 тоот байр барьцаалагдсан байна./хх-ийн 11,12-р хуудас/
2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, зоорьтой 6 давхар 44 /а,б,в,г/ дүгээр байрыг ашиглалтад хүлээн авсан./хх-ийн 94,95-р хуудас/
ХОЁР: Т.Т гийн Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээний талаар:
Нэхэмжлэгч Т.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44б дүгээр байрны 06 тоот 132 м.кв талбайтай орон сууцыг 1м.кв-ийг 1250 ам доллараар, газар доорхи автогражийг 10.000 ам доллараар захиалж Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээг М ХХК-тай хийжээ./хх-ийн 24,25-р хуудас/
Дээрх гэрээний дагуу урьдчилгаа болох 40.000 ам долларын 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, үлдэх төлбөрийг М ХХК д цувруулан өгч дуусган 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууц болон автозогсоолын төлбөргүй болохыг баталж тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байна./хх-ийн 26-33-р хуудас/
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаартай захирамжаар 44б-06 тоот болон 150 тоот автомашины зогсоолын өмчлөгч нь Т.Т болохыг тогтоосон байна./хх-ийн 34-р хуудас/
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай шийдвэрээр Т.Т г Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44б дүгээр байрны 06 тоот 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 44А,Б,В,Г байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв бүхий 150 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгажээ. /хх-ийн 35-38-р хуудас/
Нэхэмжлэгч Т.Т нь Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44б дүгээр байрны 06 тоот 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ү-2206013637 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хх-ийн 39-р хуудас/
ГУРАВ: Зээлийн барьцааны гэрээ байгуулсан болон өмчлөгчөөр тогтоолгосон дарааллын хувьд:
3.1.К ХХК, Си Эм Эс Эл ХХК ийн хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №Т07/208 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч М ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1692 м.кв талбайтай 55%-ийн гүйцэтгэлтэй, Зайсан 44А,Б байр, 2,5 га газрыг зээлийн барьцаалж 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 6-10-р хуудас/
3.2.К ХХК нь М ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/141 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Америк сургуулийн урд байрлах 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 7000 м.кв талбайтай 205 автомашины гражийг тус тус барьцаалж 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна. /хх-ийн 16-17-р хуудас/
3.3.К ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/208, №Т07/141тоот Зээлийн барьцааны гэрээг М ХХК дахин байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 44Б байрны 90%-ийн гүйцэтгэлтэй, 22 орон сууц, 205 ширхэг автозогсоолыг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ./хх-ийн 11-12,18-23-р хуудас/
3.4.М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 44 А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын 150 тоот 18 м.кв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолын өмчлөгчөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, 44Б байрны 132 м.кв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй 6 тоотын өмчлөөгчөөр тус тус бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх-ийн 86,87-р хуудас/
3.5. Нэхэмжлэгч Т.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээг М ХХК-тай хийж, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44б дүгээр байрны 06 тоот 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Ү-2206013637 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ.
Энэ бүхнээс дүгнэхэд М ХХК-нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/208, №Т07/141тоот Зээлийн барьцааны гэрээг К тай байгуулсан, Т.Т нь М ХХК-тай нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээ хийж, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 44б-06 тоот болон 150 тоот автомашины зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгосон байна.
М ХХК болон Капитал банк ХХКний хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн №Т07/208, №Т07/141тоот зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.,156.2. дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь нэхэмжлэгч Т.Т гийн өмчлөлд шилжээгүй байх тул хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд хариуцагч К барьцааны зүйл болох уг орон сууц болон автогражийг өөр этгээдийн өмчлөлийн зүйл байх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж зааснаар М ХХК нь тухайн үед өөрийн өмчлөлд байгаа барилгаас 44Б-6 тоот орон сууц болон 150 тоот автогражийг бусдад барьцаалуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулах үед нэхэмжлэгч Т.Т нь тухайн байр болон гражны өмчлөгч болоогүй байсан байх тул хариуцагч К ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 44Б байрны 6 тоот орон сууц болон 150 тоот автогражийг барьцаалсан Зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Т.Т д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4. дэх хэсэгт зааснаар дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүсээгүй байна.
Мөн Барьцааны гэрээ байгуулах үед буюу 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Т.Т нь орон сууцны үнийг бүрэн төлж дуусаагүй байсан болох нь Т.Т болон М ХХК-ийн хооронд төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байх тул барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байсан гэж үзэх үндэсгүй.
Иймд М болон К ХХК ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/208, №Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 132 м.кв талбайтай, 6 тоотод болон уг байрны зоорийн давхарт байрлах 150 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.3.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.4. дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнүүдийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 6 тоот болон 150 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.317.250 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО