Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Б-ийн Мд холбогдох эрүүгийн 2417001690143 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 10-нд  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген техникч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн С. сумын ......... дугаар баг, ........... хотхоны ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Ө овогт Б-ийн М /РД:............/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.М нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 29-87 УБО улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 1,23 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гаргасан

үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

2. Гэрч Т.М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би 18 цагаас шөнийн 01 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд 29-87 УБО улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон тээврийн хэрэгсэлийн жолоочийг тандагч багажаар үлээлгэж үзтэл улайж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж гарсан. Тэр машины жолооч Б.М гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн байсан. Б.М машиндаа ганцаараа явж байсан. Б.М-ыг цагдаагийн хэлтэс дээр авчирч драйгер багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1,23 гэсэн тоон үзүүлэлт гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10 хуудас/

3. Эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, дэд ахлагч Т.Мөнгөншагайгийн рапорт /х.х-ийн 5-7, 35-36 хуудас/

4. Жолоочийн үнэмлэхний лавлагаа авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/20 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /х.х-ийн 15, 23-25 хуудас/

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Б.М нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 29-87 УБО улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 1,23 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Мө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/20 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Б.Мд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

 Улсын яллагч Б.Ануужин нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ө. овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Мд энэ хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, бүтүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгчид 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх саналыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Мд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ