| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0005/э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Э,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П-н Д-т холбогдох эрүүгийн 2417000000131 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **дунд боловсролтой, ** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, ** хамт ** аймгийн ** сумын **дугаар баг, ** тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Т овогт П-н Д /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 139 тоот хашаанд байрлах Монгол гэр дотор хамтран амьдрагч Г.О-г бусадтай хардаж, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай, баруун хацраар цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 139 тоот хашаанд байрлах Монгол гэрт хохирогч Х.М-гийн “та нар гэр бүлээрээ сайхан амьдарч байхад миний ач нар өнчрөөд байна” гэсэн үгэнд нь дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.М-гийн цээж, зүүн гар луу нь удаа дараа хөлөөрөө өшиглөж, биед нь зүүн гарын шуу ясны хугарал, цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000131 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би өөрийнхөө гаргасан үйлдлийг мэдэхгүй болтлоо согтолттой байсан. Эхнэртэйгээ маргалдсан нь хардалтын шалтгаанаас болсон. М эгчтэй маргалдсан шалтгаан нь намайг Баянталаас найзтайгаа уулзаад ирэхэд М эгч согтуу өөдөөс агсраад байсан. Та боль гэсэн боловч “та нар энд жаргаж байхад миний ач тэнд зовж байна” гээд агсраад байсан. Та яв гэсэн боловч явахгүй байхаар нь чирээд гаргасан гэв.
2. Шүүгдэгч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 139 тоотод гэртээ эхнэр О, эгч М нарын хамт пиво ууцгаасан. Тэгээд орой 18 цагийн үед манай эхнэр О хүүхдээ сургуулиас нь авах гээд гараад явсан. Тэрний дараа би дэлгүүр явж дахиад 2.5 литрийн пиво 2 савыг авчирсан. Тэрийгээ уугаад сууж байхад манай эхнэр гэртээ ирсэн бөгөөд бараг 20 цаг болж байсан. Манай эхнэр О-тэй өмнө нь хамт ажиллаж байсан нэг залуу орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/
3. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ Д болон түүний эгч М-тэй хамт байсан чинь М “пиво уух уу” гээд бид нар 2.5 литртэй 2 сав пиво уусан. Би 2 аяга пиво л уусан. Тэгээд орой 20 цагийн үед өмнө хамт ажиллаж байсан А гээд залуу орж ирээд хажуу айлын хүнийг асуугаад гараад явсан. Тэгтэл Д нэлээн согтсон байдалтай гэнэт уурлаад “А чам руу мессеж бичдэг биз дээ” гэж хэлээд намайг хардсан. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд маргалдсан чинь босож ирээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Өөрөөр намайг цохиж зодоогүй. Намайг цохих үед М эгч л байсан. Өмнө намайг зодож байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
4. Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б ахтай 1 шил архи гэрт нь уусан. Тэгээд гараад дүү Х-н хүүхэд Д-ийн гэрт нь очсон. Манай хүү Ө Д-ийн эхнэрийг хүчиндсэн гээд 425 дугаар хорих ангид хоригдож байгаа. Тэгээд би халамцуу байсан болохоор Д-т “та нар гэр бүлээрээ сайхан амьдарч байхад миний ач өнчрөөд байна” гэж хэлсэн чинь Д намайг гэрээсээ чирч гаргаад цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Мөн миний зүүн гар луу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний баруун нүдний зовхин дээр байсан хуучин шархыг хөндөөд цус гаргасан. Хажуу айлын хүн бид 2-ыг салгах гээд дийлэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
5. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Манай хүү Д төлөв даруу зантай. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Манай эгч М-тэй маргалдаад 2 удаа өшиглөсөн асуудал болсон байсан. Мөн эхнэрээ хардаад нэг удаа алгадсан гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. 2011 онд цэргийн алба хаасан. Хүнд тусархуу найз нөхөд гэр бүлдээ нэр хүнд сайтай хүн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
6. Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 26-ны орой манай эхнэр “хажуу айл шуугилдаад байна” гэхээр нь Д-ийн гэрт орсон чинь Д М-тэй зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь Д-ийг салгаад тэврээд зогсож байсан чинь М эгч гэрээс гарахдаа “муу гуйлгачид минь хашаанаас зайлаарай” гэж хэлсэн. Тэгтэл Д уурлаад М эгчийн унагааж хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би хүүхэд уйлаад байсан учир гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Д-ийг аваад явсан. М нэлээн согтуу байсан. Д-ийг хэл амаар доромжлоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай дүгнэлтэнд:
- Г.О биед духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай, баруун хацраар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд:
- Х.М-гийн биед зүүн гарын шуу ясны хугарал, цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацааанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
9. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9-11, 54, 55-56 хуудас/,
10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-60 хуудас/,
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82, 85-89 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч П.Д-т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой хамтран амьдрагч Г.О-г бусадтай хардаж, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой хохирогч Х.М-гийн “та нар гэр бүлээрээ сайхан амьдарч байхад миний ач нар өнчрөөд байна” гэсэн үгэнд нь дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.М-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Д-ийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч П.Д-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа. Гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч П.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Прокурорын зүгээс уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, шууд шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх нь аль ч талдаа цаг хугацаа хэмнэж, түргэн шуурхай шийдвэрлэдэг онцлогтой. Прокуророос цаашдаа энэ асуудлыг анхаараасай гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 139 тоот хашаанд байрлах Монгол гэр дотор хамтран амьдрагч буюу хохирогч Г.О-г бусадтай хардаж, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай, баруун хацраар цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 139 тоот хашаанд байрлах Монгол гэрт хохирогч Х.М-гийн “та нар гэр бүлээрээ сайхан амьдарч байхад миний ач нар өнчрөөд байна” гэсэн үгэнд нь дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.М-гийн цээж, зүүн гар луу нь удаа дараа хөлөөрөө өшиглөж, биед нь зүүн гарын шуу ясны хугарал, цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Г.О биед духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай, баруун хацраар цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн хохирогч Х.М-гийн биед зүүн гарын шуу ясны хугарал, цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.О, Х.М, гэрч Э.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Харин уг гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөлийн тухайд ахуйн хүрээнд архи согтууруулах ундааг зохисгүй хэрэглэснээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хардалт, үл ойлголцох харилцаанаас үүдэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Мөн түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч П.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.О эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Х.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан. Хохирогч Г.О, Х.М нар нь шүүгдэгч П.Д-ээс хохирол нэхэмжлээгүй болно.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул хохирогч Х.М-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 106 190 төгрөгийг шүүгдэгч П.Д-ээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт оногдуулах торгох ялын хэмжээг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Д-ийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна. Улсын яллагчийн зүгээс түүнд торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч П.Д-ийн хувьд торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч П.Д нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5-лаа амьдардаг, сарын дундаж орлого нь 1000 000 гаран төгрөгийн орлоготой гэж байгаа боловч энэ нь тогтмол орлого биш, торгох ял оногдуулахад цаана нь байгаа гэр бүлээ тэжээн тэтгэх асуудал хүндэрнэ гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг гарахад хохирогч Х.М-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Иймд шүүгдэгч П.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч П.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч П.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт хохирогч Х.М-гийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч П.Д-т торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5-лаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч П.Д нь сард дунджаар 1 000 000 орчим төгрөгийн орлоготой гэж байгаа боловч түүний сарын дундаж орлогыг тодорхойлсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй торгох ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ийг 6 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглов.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт П-н Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ийг 6 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О, Х.М нар нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ээс 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ