Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.А,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Э.И нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н И-т холбогдох эрүүгийн 2417001730002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, **** гүйцэтгэгч эрхэлсэн ажилтай, ам бүл ***, эхнэр *** хамт **** тоотод оршин суух хаягтай /одоо ****тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н И /РД:ХЕ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.И нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 77-69 УАК улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.И-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001730002 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эхлээд Хөгжлийн төвийн гадаа 1 шил архи уугаад, дараа нь машинаа унаад уурхайн дэлгүүр орж 2 шил архи аваад цуг ажилладаг залуутай 1 шил архийг нь задлаад талд нь ортол ууж байхад цагдаа ирж барьсан гэв.

2. Шүүгдэгч Э.И мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 77-69 УАК улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн төвөөс Шивээ-Овоо уурхайн дэлгүүр лүү явж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Шивээговь сумын хэсэг дээр очиж согтолт шалгуулахад 2.53 хувийн согтолттой гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймаг Шивээговь сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч А.Б болон З нарын хамт 20 цагаас 02 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 77-69 УАК улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн жолоочийг цагдаагийн хэсэг дээр авчирч согтолтын зэргийг шалгахад 2.53 хувийн согтолттой гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

4. Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр их яриа дөлгөөн тайван зантай хүн байдаг. Хийж байгаа ажилдаа их хариуцлагатай хүн байдаг. 2 хүүхдэдээ маш сайн аав байж чаддаг. Хамт олонтойгоо нийтэч, хамт олон дундаа нэр хүндтэй хүн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

6. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын **-ны өдрийн **** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

7. Шүүгдэгч Э.И-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Э.И-т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.И нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 77-69 УАК улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.И гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.И нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн 77-69 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.И нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч Э.И нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Согтуурсан гэдэгт шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

Түүнчлэн шүүгдэгч Э.И нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Б.Б-гийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***дугаартай шийтгэврийн хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.И нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.И нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Э.И-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.И эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.И-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Э.И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Э-н И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-т оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Шүүгдэгч Э.И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

         6. Шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ