Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 5

 

Г.Л-эд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0367/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       Ц.Цэен-Ойдов

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжтай Г-гийн Л-эд холбогдох, 2018000000403 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Т- овогт Г-гийн Л-

Шүүгдэгч Г.Л-ийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хорооллын ** дүгээр байрны ** дугаар орцны 00 тоотод иргэн Г.Д-г зодож эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т- овогт Г-гийн Л-эд холбогдох эрүүгийн 2018000000403 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол Г.Л-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Шүүгдэгч Г.Л-, Г.Д- нар нь 2018 оноос хойш хохирогч Г.Д-гийн гэрт хамтран хамтран амьдарч байсан нь тогтоогдсон ч Г.Л- нь хохирогч Г.Д-г урьд зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогч Г.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан Н.М-оос урьд зээлсэн мөнгөө нэхэж хэрүүл маргаан үүсгэж, түүнийг доромжилсноос Г.Л- уг маргааныг салгах зорилгоор хохирогч Г.Д-г ор руу түлхэж унагааснаас хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

            Шүүгдэгч Г.Л-ийн дээрх үйлдэл нь нэг удаагийн шинжтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжийг агуулаагүй байна.

            Иймд Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 998 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна гэдэг үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  шүүгдэгч Г.Л- нь  2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хорооллын ** дүгээр байрны ** дугаар орцны 00 тоотод иргэн Г.Д-г зодож эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  үйл баримт болжээ.

            Дээрх үйл баримтыг тогтоосон хэрэгт хамаарал бүхий  нотлох баримт болох шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хохирогчийн биед учирсан хохирлыг эрх бүхий этгээд буюу Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч   гаргасан энэ талаар ямар нэг маргаан байхгүй,  хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэлийг хууль заасны дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Мөн нотлох баримтаас үзвэл тухайн үед  шүүгдэгч Г.Л- хохирогч Г.Д-, гэрч Н.М- нар хамт ууцгаасан бөгөөд эхлээд шүүгдэгч Г.Л- хохирогч Г.Д- нар маргалдсан., энэ үед Н.М-  тэдний маргааныг  зогсоох  гэж  ... та хоёр болиочээ... гэхэд нь Г.Д- ...чамд ямар хамаатай юм бэ... гээд М- луу дайрч  түүний толгойн тус газар нь цохих үед  Г.Л-  тэднийг салгаж Д-г түлхэхэд  Д-  орон дээр унасан, дараа нь   Г.Л- гадаа гарч машиндаа суух гэхэд нь Д- машины хаалганы шилнээс зууралдахад нь гараас нь татаж машинаас холдуулсан үйл  баримт болжээ.

Энэ үйл баримтын улмаас хохирогч Г.Д-гийн биед дээрх хохирол учирсан байх боломжтой бөгөөд хэрэгт  үүнээс өөр үйлдэл болсон  гэж үзэх баримт байхгүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хэргийн холбогдогч нараас хангалттай асууж тодруулсан байна.

          Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Г.Л-ийн дээрх үйлдэл нь нэг удаагийн үйлдлээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн  шинжийг агуулсан гэж үзэхээргүй байх тул шүүх хэргийг шүүгдэгчийн хувьд  прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор, яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 998 дугаар захирамжийг хүчингүй болгож,  Г-гийн Л-эд холбогдох, 2018000000403 дугаартай, 1 хавтастай  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.Л-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                             ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                  Ц.ТУЯА