Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Б,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт О-н Г-д холбогдох эрүүгийн 2417000000124 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 20*** оны *** дүгээр сарын **-нд *** аймгийн *** суманд төрсөн, ***настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ****аймгийн *** сум, 1 дүгээр баг, **** оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо *** хот, **** хороо, **** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын *** өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Ш овогт О-ийн Г /РД:ОС/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг “Элгэн энгэр” гэх газар байрлах өвөлжөө хашаанд хашаатай байсан бог малаас хохирогч Ж.Т-гийн өмчлөлийн 1 хонь, 1 ямаа, хохирогч Ж.Б-н өмчлөлийн 5 хонь, 2 ямаа, хохирогч З.Ж өмчлөлийн 4 ямаа, 2 хонь, хохирогч Л.Э-н өмчлөлийн 7 хонь, нийт 22 тооны бог буюу олон тооны малыг Хюньдай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.Т-д 310 000 төгрөгийн, хохирогч Ж.Б-т 1 510 000 төгрөгийн, хохирогч З.Ж-д 910 000 төгрөгийн, хохирогч Л.Э-т 1 260 000 төгрөгийн, нийт 3 990 000 төгрөгийн хохирол учруулсан ,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элгэн энгэр” гэх газар бэлчиж байсан адуун сүргийг тууж, Б-н хошууны урд байрлах өвөлжөөнд хашиж, хохирогч Н.Б-н 4 морь, хохирогч Б.А-н 1 азарга, нийт 5 тооны бод буюу олон тооны малыг “Тахь” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Н.Б-д 6 000 000 төгрөгийн, хохирогч Б.А-д 3 000 000 төгрөгийн, нийт 9 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000124 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгайлсан малаа ченжид өгсөн. Багахангайд байдаг ченжид зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Малаа зарах гээд ачаад явж байхад гарал үүслийн бичиг шалгаагүй. 22 тооны бог мал нь бүгд хохирогч Ж хотонд байсан. Хохирлын тухайд малыг малаар төлсөн. 4 адууны мөнгийг нь өгсөн. Хохиролыг аавынхаа малаас өгсөн гэв.

2. Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Миний тухайд өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 130 дугаар хуудас/,

3. Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн төв дээр ажил хийж байсан. Тэгээд манай ээж хөдөөнөөс 09 дүгээр сарын эхээр орж ирээд машинаа засварт өгөөд 7 хоноод 9 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ хариад 13-ны өглөө малаа тоолоод манай хониноос 1 хонь, 1 ямаа дутсан талаар надад утсаар хэлсэн. Буруу талын чих нь хөндлөн тайрсан, зөв чих нь сам имтэй байсан. Зүсийг нь мэдэхгүй байна.

...мал хулгай хийсэн залуугийн аав О гэж хүн ирээд миний хулгайд алдсан хонь, ямаа 2-г төлж өгсөн. Надад гомдол санал байхгүй. Хулгайд алдсан хонь, ямаа хоёроо хүлээж авсан болохоор надад үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

4. Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай мал ээж Ж малтай хамт Сүмбэр сумын 6 дугаар баг, Элгэн энгэр газар байдаг. Тэгээд ээж Чойрын төв дээр байж байгаад 9 дүгээр сарын 12-ны өдөр малаа тоолчихоод над руу танайхаас эр хонь 5, эм 2 дутаж байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал байхгүй. Хулгайд алдсан малаа тоо ёсоор нь хүлээж авсан болохоор надад гомдол санал алга байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,

5. Хохирогч З.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 09 дүгээр сарын эхэн үеэр Чойрын төв ороод 7 хоноод 9 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд малаа тоолсон чинь нийт 22 мал дутаад манайхаас 4 ямаа 2 хонь алдсан байсан. Хар халзан эр ямаа, бусад ямаа нь эм ямаа байх ёстой. 2 чих хоёулаа урдаасаа ухам имтэй байсан. Тэгэхээр хохирол гомдол байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

6. Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Тэгээд манай саахалт айл 3.Ж эгчийн малтай нийлүүлээд Ж эгчийн туслах малчин Л харж байсан. Манайхан бог малаа Л ах ганцаараа үлдсэн учраас малаа хашиж байгаарай гэж захисан юм. Тэгээд мөн Ж эгч тээврийн хэрэгслээ засуулахаар Говьсүмбэр аймгийн төв орсон байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой очоод 13-нд малаа тоолсон чинь 18 хонь, 5 ямаа дутсан гэж Ж эгч над руу утсаар залгасан. Манайх хохирлоо төлүүлээд авсан болохоор цаашид гомдол байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

7. Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай нийт 5 адуу хулгайд алдсан, тэр дотор миний мэдлийн 4 тооны адуу байсан. Нэг хүрэн халзан азарга нь А гэх хүний азарга байсан. Манай адууг манай төрсөн ах Төв малладаг бөгөөд манай ахынх Хэнтий аймгийн аймгийн Дархан сумын Шилийн Худаг гэх газар намаржиж байсан. Адуу алддаг газар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг "Элгэний энгэр" гэх газраас адуугаа алдсан.. Хулгайд алдсан морьд бүгд номхон унамгай байсан. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

8. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай хүрэн халзан азарга Б-н адуунд 2 даага хураагаад явж байсан. Тэгээд Б ах над руу утсаар залгаж азарга хулгайд алдсан талаар хэлсэн. Дух хэсгээрээ нарийн халзан, зөв гуяндаа босоо зуузай тамгатай 8 настай азарга байсан. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177  дугаар хуудас/,

9. Иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би тухай өдөр 6 ямаа 2 эр хонь, 10 эм хонь худалдаж авсан. Би мөнгийг нь шилжүүлэхэд Г гэдэг хүн гарч ирж байсан. Би им зүсийг нь одоо санахгүй байна. Мал худалдаж авчихаад мөнгийг 5779485958 тоот дансанд нийт 2.400.000 төгрөгийг Г-гийн данс руу шилжүүлсэн. 6 ямааг нь тус бүр 100.000 төгрөгөөр үнэлээд 600.000 төгрөг, 2 эр хонийг тус бүр 200.000 төгрөгөөр аваад 400.000 төгрөг, 10 эм хонийг тус бүр 140.000 төгрөгөөр аваад 1 400 000 төгрөгөөр бодож өгсөн. Г надад хэлэхдээ буруу чих цуулбар, зөв чих ухам имтэй гэж хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй. Манай гэр Дархан сумын нутагт дэвсгэрт байдаг болохоор аваагүй юм гэж хэлсэн. Тэгээд би яг хаанаас ирж байгаа талаар асуухад нь Дархан сумын Хараа гэх газраас ирсэн гэж хэлсэн. Тухайн газар нь манай Дархан сумын 1 дүгээр багийн нутагт байдаг юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

10. Гэрч С.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би орой малаа хаших гээд гэрийн хойноос туугаад ирж байхад Г гэх залуу миний урдаас тосож ирээд Ж эгч хашаанд мал хашилц гэж хэлээд хашаанд мал хашилцсан. Зүүн чих нь им, буруу чих нь хөндлөн тайрсан, зөв чих нь ягаан уяагаар сүвэлсэн. Э-н хонь нь зүүн чих урдаасаа догол, буруу чих шоргоолжин имтэй 6 эм хонь алдсан байна. Ж гэх айлаас 2 хонь, 4 ямаа, Б-нхээс 5 эр хонь, 2 ямаа, Т-гийнхээс 1 хонь, 1 ямаа, Э-нхээс 6 эм хонь дутсан. Манай 4 айл бүгд малаа нийлүүлээд малладаг юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

11. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний нэр дээр 59-88 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн супер Портер маркийн тээврийн хэрэгсэл, мөн 98-81 ГСА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Налайх дүүрэгт манай гэрийн хашаанд эвдэрсэн байна. Кришекний жийрэг гадагшаа үлээгээд асахгүй байна. 2024 оны 10 дугаар сарын эхээр гэрээ ачаад Налайх дүүрэгт авчирхад эвдэрсэн. Урьд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг "Элгэний энгэр" гэх газар байсан. Манай хүү Г унаж ашиглаж байсан... /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/

12. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой Сүмбэр сумын 6 дугаар баг Малхын талын Элгэний энгэр гэх газраас 5 тооны адууг Г гэдэг залуугаас худалдаж авсан. Г гэх залуу над руу 09 дүгээр сарын 27-ны үеэс эхлэн утсаар залгаад 5 адуу зарая гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,

13.  Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Г амьдаар нь адуу 1 000 000 төгрөгөөр авах хүн байна уу гэж асууж байсан. Надад хэлэхдээ 3-4 адуу зарна гэж ярьж байснаа за за тэвшийг нь дүүргээд 5 адуу зарна гэж хэлэхээр нь би Сансарын 121 тоотод мал мах авдаг Т ахын дугаарыг өгсөн. Надтай анх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой холбогдсон байсан. Надад хэлэхдээ 300 гаран адуу, 200 гаран үхэртэй гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185-186 дугаар хуудас/,

14. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өглөө Нийслэлийн Налайхын ар жанчивлангийн ойролцоогоос Э гэх хүний хонгор халзан морь ачаад Говьсүмбэр аймагт ирж хоночихоод 10 дугаар сарын 03-ны өглөө Сүмбэр сумын Элгэн энгэр газарт ачиж явсан адуугаа буулгасан. Тухайн үед ачихдаа Налайх дүүргийн хороо хариуцсан малын эмчээс гарал үүслийн гэрчилгээг аваад хөдөлсөн. Би өөрийн эзэмшлийн 12-25 УЕО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр ачаа ачна гэсэн зарыг "Ачаа ачна" гэсэн фэйсбүүк группэд утасны дугаарын хамт байршуулан дуудлагаар явдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

15. Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай хүү Э нь 2024 оны 10 дугаар сарын эхэн үеэр байсан санаж байна, мөнгөний хэрэгцээ болоод өөрийн адуунаас хонгор зүсмийн нас гүйцсэн морь зарж борлуулсан, яг хаана хэнд зарсныг би мэдэхгүй байна. Портер машинд ачиж явсан гэж Э надад хэлсэн. Зарж борлуулсан хонгор халзан морины эцэг нь мөн хонгор халзан азрага одоо байгаа, эхийг нь би сайн мэдэхгүй байна. Эын зарж борлуулсан хонгор халзан морь нь чойндон тамгатай ташаан толгой дээрээ, 2 чинь нь цуулбар имтэй байсан. Сая зарсан хонгор халзан морийг наадмаар уяж уралдуулдаг байсан учраас манай ойрхон морь уядаг хүмүүс бүгд мэдэж байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/,

16. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 162-165 дугаар хуудас/,

17. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924-11071 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 50-55 дугаар хуудас/,

18. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924-11070 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 58-63 дугаар хуудас/,

19. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924-11072 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 66-71 дүгээр хуудас/,

20. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924-11069 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 76-79 дүгээр хуудас/,

21. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1001978 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,

22. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-924-11545 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 93-96 дугаар хуудас/,

23. Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-924-11116 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 205-209 дүгээр хуудас/,

24. Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924-11073 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 210-215 дугаар хуудас/,

25. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 220-227 дугаар хуудас/,

26. Шүүгдэгч О.Г-гийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /1 дүгээр хх-ийн 229 дүгээр хуудас/,

27. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 12-13, 20-21 дугаар хуудас/,

28. Шүүгдэгч О.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 100, 2 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 28-32 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч О.Г-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг “Элгэн энгэр” гэх газар байрлах өвөлжөө хашаанд хашаатай байсан бог малаас хохирогч Ж.Т-гийн өмчлөлийн 1 хонь, 1 ямаа, хохирогч Ж.Б-н өмчлөлийн 5 хонь, 2 ямаа, хохирогч З.Ж өмчлөлийн 4 ямаа, 2 хонь, хохирогч Л.Э-н өмчлөлийн 7 хонь, нийт 22 тооны бог буюу олон тооны малыг Хюньдай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.Т-д 310 000 төгрөгийн, хохирогч Ж.Б-т 1 510 000 төгрөгийн, хохирогч З.Ж-д 910 000 төгрөгийн, хохирогч Л.Э-т 1 260 000 төгрөгийн, нийт 3 990 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч О.Г нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элгэн энгэр” гэх газар бэлчиж байсан адуун сүргийг тууж, Б-н хошууны урд байрлах өвөлжөөнд хашиж, хохирогч Н.Б-н 4 морь, хохирогч Б.А-н 1 азарга, нийт 5 тооны бод буюу олон тооны малыг “Тахь” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Н.Б-д 6 000 000 төгрөгийн, хохирогч Б.А-д 3 000 000 төгрөгийн, нийт 9 000 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Г-гийн өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч О.Г-гийн зүгээс бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг учраас бусдад төлөх төлбөргүй байна. Харин иргэний нэхэмжлэгч Ж.Э нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа учраас прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 2 400 000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч О.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Элгэн энгэр” гэх газар байрлах өвөлжөө хашаанд хашаатай байсан бог малаас хохирогч Ж.Т-гийн өмчлөлийн 1 хонь, 1 ямаа, хохирогч Ж.Б-н өмчлөлийн 5 хонь, 2 ямаа, хохирогч З.Ж өмчлөлийн 4 ямаа, 2 хонь, хохирогч Л.Э-н өмчлөлийн 7 хонь, нийт 22 тооны бог буюу олон тооны малыг Хюньдай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.Т-д 310 000 төгрөгийн, хохирогч Ж.Б-т           1510000 төгрөгийн, хохирогч З.Ж-д 910 000 төгрөгийн, хохирогч Л.Эт 1260000 төгрөгийн, нийт 3 990 000 төгрөгийн хохирол учруулсан,

Түүнчлэн шүүгдэгч О.Г нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Элгэн энгэр” гэх газар бэлчиж байсан адуун сүргийг тууж, Б-н хошууны урд байрлах өвөлжөөнд хашиж, хохирогч Н.Б-н 4 морь, хохирогч Б.А-н 1 азарга, нийт 5 тооны бод буюу олон тооны малыг “Тахь” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Н.Б-д 6 000 000 төгрөгийн, хохирогч Б.А-д 3 000 000 төгрөгийн, нийт 9 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Олон тооны мал гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Харин машин механизм ашигласан гэдэгт эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд техник хэрэгсэл, машин механизм ашигласныг ойлгодог.

Түүнчлэн шүүгдэгч О.Г нь хохирогч Ж.Т-гийн өмчлөлийн 1 хонь, 1 ямаа, хохирогч Ж.Б-н өмчлөлийн 5 хонь, 2 ямаа, хохирогч З.Ж өмчлөлийн 4 ямаа, 2 хонь, хохирогч Л.Э-н өмчлөлийн 7 хонь, нийт 22 тооны бог буюу олон тооны малыг Хюньдай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, мөн хохирогч Н.Б-н 4 морь, хохирогч Б.А-н 1 азарга, нийт 5 тооны бод буюу олон тооны малыг “Тахь” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ашиглан хулгайлсан болох нь хохирогч Ж.Т, Ж.Б, З.Ж, Л.Э, Н.Б, Б.А, иргэний нэхэмжлэгч Ж.Э, гэрч С.Л, Б.О, Г.Т, Н.С, Д.Б, Л.Х нарын мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Г-г бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-д 310 000 төгрөгийн, хохирогч Ж.Б-т 1 510 000 төгрөгийн, хохирогч З.Ж-д 910 000 төгрөгийн, хохирогч Л.Э-т 1 260 000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 6 000 000 төгрөгийн, хохирогч Б.А-д 3 000 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч О.Г-гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б-д 7 500 000 төгрөг, хохирогч Б.Ад 3 000 000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүдээр, хохирогч Ж.Тд 1 хонь, 1 ямаа, хохирогч Ж.Бт 5 хонь, 2 ямаа, хохирогч З.Жд 4 ямаа, 2 хонь, хохирогч Л.Эт 7 хонийг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч Ж.Т, Ж.Б, З.Ж, Л.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ж.Э нь “Э надад хохирол учруулсан Г нь хохиролоо бүрэн барагдуулсан тул миний бие гомдолгүй” гэх агуулга бүхий бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Г-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Г-г гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Г-гийн өмгөөлөгч Г.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Г-гийн тухайд мөрдөн шалгах ажиллагаас эхлээд өөрийн гэм бурууг хүлээсэн. Мөн хохирогч нарт учруулсан хохиролыг нөхөн төлсөн байгаа. Түүнчлэн шүүгдэгч О.Г нь нүдний хиймэл болортой учир хөдөлмөрийн чадвар алдалтыг 30 хувиар тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Г-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч О.Г нь хохирогч нарт учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан ба шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, заалтыг хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.”, 6 дахь хэсэгт “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Г-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6 000 000 төгрөгийг, Taxь загварын улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 700 000 төгрөгийг шүүгдэгч О.Г-гээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн 2417000000124 дугаартай хэргийн 2 дугаар хавтасны 33 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр шүүгдэгч О.Г-гийн өмгөөлөгч Г.Э нь “О.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байхад энэ хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйл, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч О.Г-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Taxь загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг гэрч Б.О-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүд болохыг тогтоосон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан байхад мөрдөгч, прокурорын зүгээс шүүгдэгч О.Г-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааг хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт О-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер маркийн 59-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6000000 /зургаан сая/ төгрөгийг, Taxь загварын улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Ггээс гаргуулж улсын орлого болгосугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАНДАХ