| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0008/э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Р.А,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт У-н М-д холбогдох эрүүгийн 2517000000001 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны 0*** дугаар сарын ***-нд *** аймгийн *** суманд төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт У-н М /РД:СЩ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч У.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа өөрийн төрсөн ах У.Э-тай үл ялих зүйлийн улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний биед халдасны улмаас хохирогч У.Э-ын биед зүүн нүдний зовхинд урагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа өөрийн төрсөн ах У.Э-тай үл ялих зүйлийн улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний биед халдасны улмаас хохирогч У.Э-ын биед зүүн нүдний зовхинд урагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
2. Хохирогч У.Э-ын “...манай дүү М орон дээрээ хэвтээд босохгүй болохоор нь очоод баруун хөлөөрөө хоёр хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн М босоод ирэхээр нь баруун гараараа баруун талын шанаан тус газар нь 3 удаа цохисон. Тэгээд гэрийн баруун талын ширээн дээр хүрэн иштэй хутга байхаар нь аваад би үхээд өгье гээд өөрийнхөө гарыг зүсэх гэж байсан чинь М булааж аваад миний гуянд нэг удаа дүрсэн. Хутга булаацалдаж байх хугацаанд миний зүүн гар зүсэгдсэн байсан. Бусад шархнуудаа сайн мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.Э нь гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч эмнэлгийн тусламж үйлчилгээгээр 176 904 төгрөгийн үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан тусламж үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны 100900020080 гэсэн дансанд У.М 176,904 төгрөгийг тушааж хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
4. Гэрч Г.А “...гэртээ унтаж байсан чинь манай нөхөр Э дүү М-тэй утсаар яриад хэрэлдээд байсан. Би буцаад жаахан унтаад сэртэл манай нөхөр гэртээ байхгүй байсан. Тэгээд би дүү гэрт очсон байж магадгүй гээд гэрт нь яваад очтол М цагдаа эмнэлэг дуудсан холд гэхээр нь би холдоод явсан...
...гэрт нь яваад очтол М өөрийн хашааны хаалгыг онгойлгоод зогсож байсан. Би хашааны үүдэнд нь машинтайгаа зогссон чинь намайг хөөгөөд цагдаа эмнэлэг ирж байгаа, хашааны үүднээс холд гээд байхаар нь би өнгөрөөд хоёр хаалганы цаана очоод зогссон. Тэгээд түргэн ирээд нэг хүн аваад гарсан. Тухайн үед би хэн гэдгийг нь сайн мэдээгүй. Эмнэлгийн машиныг дагаад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн чинь манай нөхөр байсан. Би эмнэлэг дээр нөхрөө сахиад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 26 дугаар хуудас/,
5. Шинжээч Л.Ж “Урагдсан шарх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгддэг. Учир нь тухайн шархны 2 талын зах ирмэг болон цаана байгаа зөөлөн эдийн гэмтэл няцарч урагдаж үүсдэг учраас гараар цохих, мохоо зүйлд цохигдох зэргээс үүсэх боломжтой. Арьс зөөлөн эдийн хамт урагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтэд:
- У.Э-ын биед зүүн нүдний зовхинд урагдсан шарх, зүүн шууны дунд дотор хэсэгт, гадна дунд хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт, урд дунд хэсэгт, хажуу дунд хэсэгт, баруун гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
- зүүн нүдний зовхинд урагдсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, бусад зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Ж гэжээ /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн өнгийн модон бариултай хутга дээр цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цусны ул мөр нь хүнийх байна.
- Хүрэн өнгийн модон бариултай хутга дээр илэрсэн цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.У гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх бинт дээр цусны мөр илсэрсэн. Уг объект дээр илэрсэн цусны ул мөр нь хүнийх байна.
- Шинжилгээнд ирүүлсэн бинт дээр илэрсэн цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ш.П гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3-7, 8, 9-10 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч У.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч У.Э, иргэний нэхэмжлэгч Г.Ц, гэрч Г.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.М болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч У.М-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 176 904 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлыг шүүгдэгч У.М нь Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нөхөн төлсөн байна. Түүнчлэн хохирогч У.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч У.М-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч У.М нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч У.М-д оногдуулах 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоног буюу 3 сараас дээш хугацаагаар тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх, хугацаа заагаагүй тохиолдолд торгох ялыг биелүүлэх үндсэн хугацаа 90 хоног байхаар хуульчлан зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У.М-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, самбайнд шингээж авсан цус 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт У-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, самбайнд шингээж авсан цус 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ