Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч  У.Г,

    Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овгийн Э................н С...............т  холбогдох 2426004560338 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ........... суманд ........ оны .........дүгээр сарын .........-ны өдөр төрсөн, эрэгтэй, ............. настай, регистрийн дугаар ........., .......  боловсролтой, ................. эрхэлдэг, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .......... сумын ............. дугаар баг ............ тоотод  оршин суух,

 

 Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ........... овгийн Э.............н С..............

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Э.С нь ........... оны ............ дүгээр сарын ..........-ны өдөр  Өвөрхангай аймгийн .......... сумын ............ дугаар баг, .......... тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү, насанд хүрээгүй хохирогч С.Б.............г зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр юм байна. Манай хүүхэд хөл бөмбөг тоглодог, улс, аймаг  гээд ийш тийшээ их тэмцээнд явдаг. Би хүүхдээ байнга дэмждэг, хичээл, сургууль, бэлтгэлд нь дандаа явуулдаг, санаа тавьдаг. 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр  ээж эзгүй айлд дээл эсгэх  гээд явсан байсан. Манай хүүхэд заримдаа гэртээ ирж хонодоггүй, хичээл номдоо ч анхаарахгүй, хараа хяналтгүй байнга бөмбөг тоглоод унадаг дугуй унаад алга болчихдог. Тэгээд  би орой болохоор таксинд явахынхаа хажуугаар аймгийн бүх заалаар хайж явж байж орой үдэш олж авдаг. Хоол ундаа идэлгүй алга болчихдог, тэгээд дугуй унаад хойд талбай дээр өнхөрч ойчсон байсан. Хөл бөмбөг тоглоод дандаа бэртэл гэмтэл авдаг, толгой юм уу шагайгаа, маарлаар боочихсон, цус нь гоожсон ирдэг. Энэ нь надад эрсдэлтэй санагддаг. Бэртэл, гэмтэл их авдаг, тэмцээнгүй  үедээ голдуу спорт заал, сургуулийн талбайгаар тоглоод явж байдаг. Надад өдөр бүх хүүдийнхээ араас хөөцөлдөх, санаа зовох гэх мэт асуудал тулгардаг, тэгээд хэлж ярихаар ойлгохгүй, хичээл номондоо анхаарахгүй, сүүлдээ байрныхаа хүүхдүүдтэй тоглохоо болиод, өөрөөсөө том  хүүхдүүдтэй нийлдэг, хүүхдийнхээ араас дандаа хөөцөлддөг, заримдаа утсаа унтраагаад,  айлд очоод хоночихсон байдаг. Би хүүхдээ дарамталж шахаад байдаг юм байхгүй, хүүхдээ харж хандах нь миний үүрэг. Манай хүүхэд гэртээ ганцаараа голдуу байдаг болохоор аль болох  хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг. Хөл бөмбөг тоглох дуртай, чөлөөтөөр барилдаж тамирчин болно гээд гэртээ дандаа надтай барилдаж ноцолддог. Тэр өдөр хүүхэд айлд хоносон, өглөө нь ирээгүй, утсаа ч авахгүй байсан. Тэгээд би сэтгэл санаагаар жоохон унаад хойд талынхаа дэлгүүрээс 200-н граммтай архи аваад ганцаараа уусан. Тэгээд байж байтал ус байхгүй байхаар нь хойд худгаас ус авсан ядаж байхад гэр цоожтой гадаа сууж байтал ээж, хүүхэд 2 ирсэн. Тэгээд ядаж утсаа авчихгүй, мотоциклын түлхүүр үлдээчихгүй, гадаа баахан суулаа гээд би тэр үед жоохон бухимдалтай байсан. Тэгээд өчигдөр чамайг дуудаад байхад юун баахан танихгүй хүүхдүүдтэй явж байсан гэхэд хүүхэд зөрөөд гарах гэхээр нь би сандал дээр суулгасан чинь тэгвэл  хоёулаа чөлөөтөөр барилдах уу? та надад нөгөө мэхээ заагаад өг гэхээр нь хүүхэдтэйгээ жоохон ноцолдсон тэгээд сүүлдээ хүүхэд орилоод, тэгээд л ээж цагдаа дуудчихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Насанд хүрээгүй хохирогч С.Б...............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эмээ бид хоёр гэртээ байж байтал аав С.................. нь гэртээ согтуу орж ирээд эмээгээс архины 7 өгөхгүй бол их юм болно шүү гээд, хоол байгаа юу гэж хэлээд гэрээсээ гарч яваад буцаж гэртээ орж ирэхдээ архи аваад орж ирсэн. Эмээтэй агсан тавиад чи намайг шоронд өгнө гэсэн, чиний хүсэлт билж байгаа, хоёулаа хамт шоронд орно гээд агсан тавиад байхаар нь би эмээгийн хажууд очоод суусан намайг барьж аваад миний толгой хэсгийн баруун шанаа хэсэгт хоёр гурав удаа алгадаад зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөөд, цээж хэсэг рүү гараараа цохиод байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),

 

  Гэрч Д.Э.............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ........... сумын .......... дугаар баг ......... дугаар байрны .............тоотод гэртээ ач хүү Б..............н хамт байхад хүү С нь согтуу, нэг шил архи авсан гэртээ орж ирээд ус уугаад согтуу байхаар нь чи яагаад архи авсан гэртээ орж ирж байгаа юм бэ гэсэн чинь С нь чамд хамаагүй гээд ач хүү Б..............г аашлаад толгой хэсэг рүү хоёр, гурав удаа цохиж аваад зодоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид хэдийг авч яваад би өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нь С.............г эрүүлжүүлэх байранд саатуулах гэсэн боловч эрүүл мэндийн байдлаас болоод саатуулаагүй гэж хэлсэн. Тэгээд тус өдрийн 19 цаг өнгөрч байхад С............ нь гэртээ орж ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь би байхгүй гэсэн чинь миний зүүн гар луу хүчтэй нэг удаа цохиод, намайг үсдэж аваад татаад тавихаар нь чи болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн чинь С............. нь гэрээсээ гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 хуудас),

 

   Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №779 дугаартай “...1 .С.Б.............н  биед тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

 

 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23 хуудас)

 

            Хэрэгт шүүгдэгч Э.С..............н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг авагдсан байна.

 

            2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Г........... шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.С  нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Өвөрхангай аймгийн ......... сумын .........дугаар баг, ........... тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү, насанд хүрээгүй хохирогч С.Б............г зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч С.Б, гэрч Д.Э нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 779 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасна шүүгдэгч Э.С...................т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Э.С.....................т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 108-24 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү, насанд хүрээгүй хохирогч С.Б.................г зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

              Насанд хүрээгүй хохирогч С.Б....................н “Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эмээ бид хоёр гэртээ байж байтал аав С нь гэртээ согтуу орж ирээд эмээгээс архины 7 өгөхгүй бол их юм болно шүү гээд, хоол байгаа юу гэж хэлээд гэрээсээ гарч яваад буцаж гэртээ орж ирэхдээ архи аваад орж ирсэн. Эмээтэй агсан тавиад чи намайг шоронд өгнө гэсэн, чиний хүсэлт билж байгаа, хоёулаа хамт шоронд орно гээд агсан тавиад байхаар нь би эмээгийн хажууд очоод суусан намайг барьж аваад миний толгой хэсгийн баруун шанаа хэсэгт хоёр гурав удаа алгадаад зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөөд, цээж хэсэг рүү гараараа цохиод байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),

 

            Гэрч Д.Э.................н “2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 108 дугаар байрны 24 тоотод гэртээ ач хүү Б.............н хамт байхад хүү С............ нь согтуу, нэг шил архи авсан гэртээ орж ирээд ус уугаад согтуу байхаар нь чи яагаад архи авсан гэртээ орж ирж байгаа юм бэ гэсэн чинь С............. нь чамд хамаагүй гээд ач хүү Б.............г аашлаад толгой хэсэг рүү хоёр, гурав удаа цохиж аваад зодоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид хэдийг авч яваад би өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нь С....................г эрүүлжүүлэх байранд саатуулах гэсэн боловч эрүүл мэндийн байдлаас болоод саатуулаагүй гэж хэлсэн. Тэгээд тус өдрийн 19 цаг өнгөрч байхад С нь гэртээ орж ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь би байхгүй гэсэн чинь миний зүүн гар луу хүчтэй нэг удаа цохиод, намайг үсдэж аваад татаад тавихаар нь чи болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн чинь С нь гэрээсээ гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23, 25  хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №779 дугаартай “...1 .С.Б.........н  биед тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

 

 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23 хуудас)

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Э.С..............н үйлдсэн насанд хүрээгүй хохирогч С.Б..................н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч Э.С..............т холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

         3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Насанд хүрээгүй хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э.............н “...Шүүх хуралдаанд оролцохгүй, Гомдол санал байхгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Г шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Э.С................н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

            Шүүх шүүгдэгч Э.С.................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мал маллаж амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Э.С...............т торгох ял шийтгэх санал оруулсан боловч шүүгчдэгчийн ажил эрхлэлт болон хувийн мал ахуйн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.Сайнцагт торгох ял шийтгэх боломжгүй байгааг, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 5,4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар, 2 сарын хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг гурван зуун тавин хоёр цаг гэж тогтоолоо.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С..............г 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С.................т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

 

            Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С.................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч .............. овгийн Э............н С.................г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овгийн Э...........н С...............г 352 /гурван зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С..............т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С...............т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА