Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ургийн овогт Д.М холбогдох эрүүгийн 2......1 дугаартай, 175/2025/..../Э индекстэй  хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... суманд төрсөн төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... ....... тоотод оршин суух оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... ургийн овогт Д.М, /Регистрийн дугаар: ..../

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Хьюндай робекс 3000 ЛС загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ..сумын ... баг ... тосгоны "...." гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3354,51 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 3,853,871 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Хьюндай робекс 3000 ЛС загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ... сумын ... тосгоны "...." гэх нэршилтэй газар болох гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3354,51 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 3,853,871 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз М "*******" ХХК-ийг худалдаж аваад надаас нэг экскаватор, хоёр хово маркийн тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ байгуулж авч байсан. М бол ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж техник түрээслээгүй. М надаас 74-04 УАН, 74-06 УАК улсын дугаартай 2020 оны Хово маркийн хоёр тээврийн хэрэгсэл болон 02-38 ММА улсын дугаартай Hyundai robex 300 Іс маркийн нэг экскаватор түрээсэлж авсан. Экскаватор нь хөгшин 2009 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол улсад орж ирсэн техник байгаа надаас авахдаа засвартай хүрд, явах нь болохгүй байхад авсан. Мөнхбаатар хэлэхдээ хямд түрээслээд сэлбэг юмыг нь аваад болгоно гэхээр нь найз нөхөд болохоор эвдрэлтэй ч гэсэн түрээсээр өгсөн. Би өөрийн М түрээсэлсэн экскаваторыг 14-15 сая төгрөгөөр үнэлж байгаа. Би сүүлийн хэдэн жил бол байгаа техникүүдээ түрээсээр янз бүрийн ажилд явуулж байгаа. Би болсон үйл явдлын талаар сайн мэдээгүй миний ойлгосноор бол М надаас техник түрээслээд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ажиллана гэж байсан боловч М миний түрээсийн экскаваторыг ашиглаад өөр газар үйл ажиллагаа явуулсан юм шиг байна. М бид хоёр найз нөхөд болохоор намайг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө гэсэн байгаа. Гэхдээ өөрийн экскаватороо авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Б.Л 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн гэртэй3. байхдаа 2024 оны 10 дугаар сарын 07,08-ны өдрийн үед санагдаж байна фейсбүүк зар дээр экскаваторын оператор авна гэсэн зарын дагуу утсаар М гэх хүнтэй холбогдсон. Тэгээд .. тосгонд "*******" ХХК-д оператор өдрийн 200.000 төгрөгөөр хийхээр тохирсон. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 09- ний үед санагдаж байна "..." ХХК-ний кемп дээр очсон. Тэгээд маргааш нь Д гэх залуу уурхайн кемп дээрээс экскаватор авна гэж хэлээд доош гол уруудаж эвдэгдсэн талбайн орчимд байрлуулсан экскаватор дээр очсон. Тэгээд намайг энэ экскаваторыг асаагаад ойр зуурын юм ачиж өг гэхээр нь би хэлсэн ажлыг нь хийж дуусгаад тухайн талбай дээрээс "...." ХХК-ний кемпийн талбай руу авч яваад байрлуулсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Р.С 2024 оны 10 дугаар 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймагт гэртэй байхдаа фэйсбүүкээс гагнуурчин засварчин түр хугацаагаар ажилд авна гэсэн зарын дагуу 9910хххх гэсэн дугаартай холбогдоод Сэлэнгэ аймгийн ******* тосгонд уурхай дээр ажиллах болсон. Надад хэлэхдээ 6-7 хоногийн ажил байгаа гэж хэлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгаас гараад Дархан- Уул аймагт ирээд нэг хоноод маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдер ******* тосгонруу гараад уг газар ирсэн. Намайг ******* тосгонд Т.Ланд 80 маркийн бараан өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс тосоод уурхайн кемпрүү явсан. Замдаа бартаа ирхтэй замаар яваад нэг гэртэй кемп дээр очсон. Тэгээд сэрэхэд экскаватор, ковш, норд, хово зэрэг техникүүд байсан би сайн хараагүй нойр хүрээд байсан болохоор буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал цагдаа ирсэн. Би юу болсон талаар хэлж мэдэхгүй ажилд орох гэж шөнө ирээд өглөө нь сэрээд тэгээд буцаад унтаад өгсөн. Тэгсэн цагдаа ирчихсэн намайг сэрээсэн урд шене нь нойргүй явсан болохоор ядраад унтаад байсан юмаа. Надад нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Б.Л 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн гэртэй байхдаа 2024 оны 10 дугаар сарын 07,08-ны өдрийн үед санагдаж байна фэйсбүүк зар дээр экскаваторын оператор авна гэсэн зарын дагуу утсаар М гэх хүнтэй холбогдсон. Тэгээд ******* тосгонд "*******" ХХК-д оператор өдрийн 200.000 төгрөгөөр хийхээр тохирсон. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 09-ний үед санагдаж байна "*******" ХХК-ний кемп дээр очсон. Тэгээд маргааш нь Д гэх залуу уурхайн кемп дээрээс экскаватор авна гэж хэлээд доош гол уруудаж эвдэгдсэн талбайн орчимд байрлуулсан экскаватор дээр очсон. Тэгээд намайг энз экскаваторыг асаагаад ойр зуурын юм ачиж өг гэхээр нь би хэлсэн ажлыг нь хийж дуусгаад тухайн талбай дээрээс "*******" ХХК-ний кемпийн талбайруу авч яваад байрлуулсан. Би очоод дөнгөж хонож байсан болохоор хүмүүсийг нь танихгүй хүмүүс засвар хийгээд байгаа бололтой байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Д ах очоод техник татна гэхээр нь очсон. Би бодохдоо Д гэх хүнийг бас нэг дарга нь байх гэж бодсон юм аа. Би очиж HYUNDAI маркийн шар экскаватор эвдэгдсэн талбай Дээрээс татсан тэр үед өөр Doosan маркийн экскаватор задалчихсан байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Б. О 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би анх ******* тосгонд "*******" ХХК-д засвар хийх гээд 2024 оны 08 дугаар сарын эхээр очоод экскаваторын засвар үйлчилгээ хөлсөөр хийгээд 2024 оны 09 дүгээр сарын 04,05-ны үед буцсан. Тэгээд Улаанбаатар хотод байж байхад "*******" ХХК-аас М гэх хүн холбогдоод техникийн засвар үйлчилгээ хийх хэрэгтэй байна гэхээр нь бид хоёр хөлсөө очиж ямар засвар хийхээс шалтгаалаад цалингаа тохирох болсон. Тэгээд Улаанбаатар хотоос ******* тосгонд 2024 оны 10 дугаар сарын эхээр очсон намайг М гэх хүн тосож аваад "*******" ХХК-ний кемп дээр бид хоёр ирсэн. Тэгээд намайг очоод хэд хоног экскаватор дээр засвар хийж байхад М Улаанбаатар хот руу явлаа гээд явсан бид хэдийг Д гэх залуу хариуцаж үлдсэн. Тэгээд намайг засвар хийж байхад Д дуудаад ойр зуурын засвар хийх хэрэгтэй байна гээд кемпээс хойд зүгт байрлах эвдэгдсэн талбай дээр очсон. Тэнд надаас гадна хоёр оператор залуу байсан нэрийг нь санахгүй байна. Тэгээд би очоод Doosan маркийн улбар шар өнгийн экскаваторт засвар үйлчилгээ хийсэн. Оператор хоёр залуу HYUNDAI 3000 маркийн экскаватортой ээлжлээд ажиллаж байгаа харагдсан. Тэгээд засвар хийж байхад цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч П.О 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Би Улаанбаатар хотод байхдаа уул уурхайн оператор хийх зарын дагуу М гэх хүнтэй холбогдоод Сэлэнгэ аймгийн ....тосгонд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө очоод Камаз машинтай хүн тосоод уурхайн кемп дээр ирсэн. Эхний 3-4 хоног HYUNDAI 3000 маркийн экскаватор дээр засвар хийсэн тэгээд дуусаж байтал өдрийг нь яг санахгүй байна. М ах техникийг нь нэг шалгаад үзье гээд кемпээс хойшоо гол оо уруудаад эвдэгдсэн талбай дээр очсон тэгээд эхлээд овоолго хороо шидээд үзтэл ажиллагаа нь зүгээр байсан. Тэгсэн М ах эндээ ажиллаж бай гээд тухайн газарт ажиллаж эхэлсэн. Тэгээд надтай хамт Л гэх залуу оператор хийгээд бид хоёр тухайн талбай дээр ажиллаж эхэлсэн. Миний санаж байгаагаар ойролцоогоор 3 хоног ажиллаж шороо зөөсөн. Угаалга ер нь хийгээгүй 20-30 минут шалгасан байх овоолго шороо, эфель гааль тараагаад дараагаар нь хөрс хуулсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч С.М 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би Д.М гэх хүнийг танина миний ойрын найз байгаа юм аа. Бид хоёр 10-аад жилийн өмнөөс нөхөрлөж эхэлсэн. Д.М нь манай компанид албан ёсоор цалин авдаггүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би өөрөө Улаанбаатар хотод компани бичиг баримт хөөцөлдөх ажилтай байсан тул техникийн засвар хийж байсан ажилчдыг харах хүнгүй болоод верийн найз Д.М гуйгаад намайг эзгүй хойгуур засвар хийж байгаа ажилчдыг хараад байж байгаач гэтэл зөвшөөрөөд ******* тосгонд ирсэн. Тэгээд би тосож аваад уурхайн кемп дээр хүргэж ирээд Улаанбаатар хот руу буцсан. Найз нөхдийн хувьд цалин хөлс тохироогүй тэгж байгаад болох байх гээд яриад өнгөрсөн. Би сүүлд Д.М техник ашиглаад үйл ажиллагаа явуулаад цагдаа нарт баригдсан талаар өөрөөс нь сонсож мэдсэн. Тэгээд би гайхаад Д.М асуухад үйл ажиллагаа явуулчихсан юм аа гэж хэлсэн. Яг тодорхой шалтгаанаа хэлээгүй Би бас уулзаж байгаад больё гэж бодоод утсаар олон юм асууж шалгаагаагүй. Би үйл ажиллагаа явуулсан гэх үед Улаанбаатар хотод бичиг баримт хөөцөлдөөд явж байсан юм аа. Надад Д.М болон тухайн газар ажиллаж байсан хүмүүсээс үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Би сүүлд нь цагдаа нар ирээд явсан гэж мэдээд Д.М асууж болсон явдлын талаар мэдсэн." гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р хуудас/,

"Нуман Алтай" ХХК-ийн шинжээч А. Цэнд-Аюушийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* 3 дугаар багийн нутаг, ******* нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна. Дээрх үйл ажиллагааны улмаас нийт 3354.51м² талбай эвдрэлд өртсөн байна. Эвдэгдсэн талбайн 972.81м² хэсэг нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан эвдрэлтэй газар байсан байна Шинээр 2381 7м² талбайг ухаж эвдсэн байна. Тухайн талбайн байгаль орчинд 3,853,871 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 3,159,369 төгрөг болж байна. Тус үйл ажиллагааны улмаас эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 1,8887, газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 2,094,5047, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын хэмжээ 262,2127, ургамлын нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ 254,9817, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1,240,2867 буюу нийт байгаль орчинд 3,853,871 төгрөгийн хохирол учирсан байна.." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 49-84-р хуудас/

"Капитал зууч" ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "...Hyundai robex 300 ЛС загварын экскаватор 1 ширхэг 19,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу скубер 3,000,000 төгрөг нийт 22,000,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 90-97-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/29-01/068/34 дугаартай “...Ерөө сумын 3 дугаар баг ******* тосгоны нутаг "*******" гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулсан гэх зөрчилд БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг үндэслэн гаргасан 2024.10.16-ны өдрийн 1/76 дугаартай "Нуман-алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 2094504*2=4189008 төгрөг, газарт учруулсан хохирол 1888*3=5664 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол 262212*3=786636 тегрег, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 294981*5=1274905 төгрөг ойн санд учруулсан хохирол 1240286*3=3720858 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 9977071 төгрөг болж байна...” гэх Улсын байцаагчийн акт, /хх-ийн 101-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-08-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 09-10-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 13-14-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Д.Б томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 18-р хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/5038 дугаартай албан бичиг /хх-ийн 103-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 108-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111-р хуудас/,

Шүүгдэгчийн бусдад төлбөртэй байгаа талаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  талаарх тодорхойлолт /хх-ийн 113-р хуудас/,

Гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан Хьюндай робекс 3000 ЛС загварын экскаваторыг түрээслэсэн талаарх гэрээ /хх-ийн 115-116-р хуудас/,

Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 117-120-р хуудас/,

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 122-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 123-124-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2....1 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 130-134-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Д.Мнь 2024 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Хьюндай робекс 3000 ЛС загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн .... тосгоны "Х" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3354,51 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 3,853,871 төгрөгийн шууд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.М үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн “Нуман алтай” ХХК-ийн шинжээч  дараах байдлаар дүгнэлт гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

1.888 төгрөг

2

Газрын хэвлий

2.094.504 төгрөг

3

Хөрсөн бүрхэвч

262.212 төгрөг

4

Ургамалын нөмрөг

254.981 төгрөг

5

Усан орчин

- төгрөг

6

ойн санд учруулсан хохирол

1.240.286

7

НИЙТ ДҮН

3.853.871 төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 3.159.369 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/29-01/068/34 дугаартай “...Ерөө сумын 3 дугаар баг ******* тосгоны нутаг "*******" гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулсан гэх зөрчилд БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг үндэслэн гаргасан 2024.10.16-ны өдрийн 1/76 дугаартай "Нуман-алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 2094504*2=4189008 төгрөг, газарт учруулсан хохирол 1888*3=5664 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол 262212*3=786636 тегрег, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 294981*5=1274905 төгрөг ойн санд учруулсан хохирол 1240286*3=3720858 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 9977071 төгрөг болж байна...” гэх Улсын байцаагчийн акт авагджээ.

Шүүгдэгч Д.М нь дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардал болох нийт 13.156.440 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хх-ийн 146-148, 167 дугаар тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.М нь нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.М долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлттэй санал нэг байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.

Шүүгдэгч Д.М үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ялын хэмжээг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэхдээ Хьюндай Робекс 3000LC" маркийн 0.... улсын дугаартай шар өнгийн экскаватор, алт угаах төхөөрөмж /скрубер/ зэрэг техник тоног төхөөрөмж ашиглажээ.

Хьюндай Робекс 3000LC" маркийн .... улсын дугаартай шар өнгийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ний өмч болох нь хх-ийн 20-21 дүгээр тал иргэний нэхэмжлэгчийн Д.Б мэдүүлэг, хх-ийн 115-120 дугаар тал түрээсийн гэрээ, хх-ийн 124 дүгээр тал техникийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Хьюндай Робекс 3000LC" маркийн .... улсын дугаартай шар өнгийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот ..........оотод оршин суух хаягтай, .... овогт Д.Б /...../-д буцаан олгож, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу / скрубер/-г, эксковаторын үнэ болох үнэ болох 19.000.000 /арван ёсөн сая/ төгрөгийн хамт шүүгдэгч Д.М гаргуулж тус тус улсын орлогод шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... ургийн овогт Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М шүүхээс оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдлээ ашигласан Хьюндай Робекс 3000LC" маркийн .... улсын дугаартай шар өнгийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч ..... тоотод оршин суух хаягтай,  .... овогт Д.Б /..../-д буцаан олгож, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу /скрубер/-г, эксковаторын үнэ болох үнэ болох 19.000.000 /арван ёсөн сая/ төгрөгийн хамт тус тус шүүгдэгч Д.М гаргуулж улсын орлогод оруулахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ