| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01156/И |
| Дугаар | 181/ШШ2021/00926 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2021/00926
2021 05 12 181/ШШ2021/00926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
Түрээсийн төлбөрт төлсөн 612,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.Маралмаа, нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.А 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Х оффист 23мкв талбайтай 507 тоот өрөөг сургалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 1 м.кв-ын төлбөрийг 18000 төгрөгөөр тооцон 1 сарын 414,000 төгрөг, барьцаа төлбөрт 414,000 төгрөг, нийт 828,000 төгрөгийг төлж түрээсийн өрөөнд орсон байдаг.
Гэтэл 12 хоногийн дараа 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Засгийн газраас шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүр шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсоох шийдвэр гарч танхимын сургалт явуулах боломжгүй болсон учраас түрээсний байрыг ашиглах боломжгүй болсон.
Нөхцөл байдал ийм болсон учраас тухайн нөхцөлд яаж зохицуулах талаар гэрээнд заасны дагуу түрээслэгч талд хүсэлтээ бичгээр гаргаж тухайн нөхцөлд тохирсон нэмэлт гэрээг байгуулж, гэрээг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч надад ямар нэгэн хариу өгөхгүй байсаар та өрөөг чөлөөлж өг гэж шаардсны дагуу өрөөг чөлөөлж өгсөн.
Нэхэмжлэгчийн хувьд гэрээний 6.1.3-т заасны дагуу ашиглаж чадаагүй төлбөрөөс чөлөөлж болно гэх, гэрээний 10.4-т заасан нэмэлт гэрээ байгуулж болно гэх 2 заалтын аль нэгийг үндэслэж, цар тахлын үеийн нөхцөл байдалтай тохирсон нэмэлт гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийн үргэлжлэл 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлтийг гаргасан боловч түрээслүүлэгч талаас огт хариу өгөхгүй байсаар Өрөө чөлөөлж өг, Засгийн газраас авсан арга хэмжээний хугацаа дууссан гэж хэлсэн учраас өрөөг чөлөөлж өгсөн. Хариуцагчийн тайлбарт ч энэ талаар дурдагдсан байдаг.
Түрээслэгчийн хувьд түрээсийн гэрээг цуцлах ямар нэгэн сонирхол бодол байгаагүй. Түрээслэгч талын шахалтаар арга буюу өрөөг чөлөөлж өгсөн байдаг. Ковидын нөхцөл байдлын улмаас Монгол улсад анх удаа урт хугацаагаар хязгаарласан арга хэмжээг авч байсан. Ийм үед бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэх хугацааг 3 сараар олгосон байдаг. Энэ хугацаанд боловсролын яам болон сургалтын байгууллага онлайнаар хичээл орох, сургалтын байгууллагын бэлгэл хангах хангалттай хугацааг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд энэ хугацаанд онлайн сургалтад бэлдэх сургалтын тоног төхөөрөмж дуу дүрсний самбар, дэлгэц, программаа бэлэн болгож, цаашид түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн ажиллаж бэлдэж байсан. Гэрээгээ цуцлах сонирхол байгаагүй нь олон удаагийн бичгээр хүсэлт гаргаж байснаар нотлогдоно. Хариуцагч тал гэрээний 4.10.4-т заасан заалтыг санаатайгаар оруулж үндсэндээ луйвар хийсэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна, 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан, 202.2.13-т санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн гэж заасан гэрээний 10.4 бол мэдсээр байж санаатай тусгаж оруулсан хүчин төгөлдөр бус заалт юм.
Түрээслэгч талаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон тул түрээсийн барьцаанд өгсөн 828,000 төгрөгөөс бүрэн ашигласан 12 хоногт ногдох 216,000 төгрөгийг хасч үлдэх 612,000 төгрөгийг буцааж өгөх байтал гэрээнд заагдсан гэх нэг талыг барьсан заалтыг үндэслэн буцааж өгөөгүй тул 612,000 төгрөгийг шүүхийн тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 2020 оны 01 сарын 13-ны өдөр иргэн Д.А-тай Х оффисын 5 давхрын 23 мкв талбай бүхий 507 тоот өрөөг сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 жилийн хугацаатай түрээсийн төлбөр 414,000 төгрөг, барьцаа төлбөр 414,000 төгрөг нийт 828,000 төгрөг авч гэрээ байгуулсан нь үнэн. Үүний дараа улсаас Ковидтой холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг хориглосон. Нэхэмжлэгчийн хүсэлтийг захиралдаа танилцуулж, түрээсийн төлбөрөөс хөнгөлж өгсөн. Манайх түрээсийг хөнгөлөхдөө дулааны төлбөр, аюулгүй байдлын ажиллагаа, харуул хамгаалалтын төлбөр, цахилгааны төлбөр гэх мэт урсгал зардлуудыг хасаад үлдсэн төлбөрийг хөнгөлөх ёстой байсан. Уг нь 50 хувь хөнгөлөх байсан ч манайд ороод удаагүй байхад нь ковидтой холбоотой үйл ажиллагаа зогссон болохоор 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс 100 хувь хөнгөлсөн.
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах боломжтой учраас нэхэмжлэгчтэй Та түрээсээ төлнө үү гэж утсаар ярихад Ү йл ажиллагаагаа явуулахгүйудсан, дөнгөж шинээр эхэлж байгаа учраас хүүхдүүд тогтворгүй байгаа учир жаахан хүлээгээд өгөөч гэсэн. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 13-нд ирээд Эгч нь түрээсээ төлөх боломжгүй болчихоод байна, өмнө төлсөн түрээсийн төлбөр, барьцааны төлбөрт хэдэн төгрөг ашигласан хоногийн төлбөрийн хэд нь таарах вэ гээд тооцоогоо нийлсэн.
Төлбөр хөнгөлж өг гэхэд нь би захиралд хэлэхэд үгүй гэсэн. Үүнийг нэхэмжлэгчид хэлэхэд За тэгвэл өрөөгөө хүлээлгэж өгье гээд гарсан. Тооцоо нийлээд таны үндсэн төлсөн төлбөр ашигласан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 13 хоногийн төлбөрт таарч байна гэж хэлсэн.
Гэрээний 4.10.4-т Түрээслэгч тал гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө түрээсийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцаа төлбөрийг буцааж олгохгүй заасны дагуу барьцаа төлбөрийг өгөхгүй гэдгийг тайлбарлаж түрээсийн ашиглаагүй өдрийн төлбөрийг суутгаснаар өглөг авлага хааж байгаа талаар хэлсэн. Өөрөө хүлээн зөвшөөрөөд өрөө хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан. Тухайн үед барьцаа төлбөр, үлдэгдэл төлбөр авъя гэсэн хүсэлт өгөөгүй нь гэрээгээ дуусгахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт гэрээ гэж их ярьлаа. Нэмэлт гэрээ хийх заалтыг унших юм бол Талууд нэмэлт гэрээг зах зээлийн нөхцөл байдал, эрх бүхий байгууллагаас гаргасан хууль дүрэм журам, тогтоол, шийдвэр давагдашгүй хүчин зүйл талуудын ашиг сонирхол зэргээс шалтгаалан гэрээ байгуулж болно гэсэн. Тэгвэл энэ гэрээг яагаад хийгээгүй вэ гэхээр өөрийнх нь хүсэлтийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлбөрөөс нь хөнгөлөөд өгсөн учраас нэмэлт гэрээ хийх шаардлагагүй гэж үзсэн учраас хийгээгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 198,000 төгрөг, барьцаа төлбөр 414,000 төгрөг, нийт 612,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан гэрээний 6.1.3-д зааснаар төлбөрөөс чөлөөлөгдөх, 10.4-т зааснаар нэмэлт гэрээ байгуулах тухай хүсэлтийг түрээслүүлэгчид удаа дараа гаргасан боловч хариу өгөхгүй байсаар өрөө чөлөөлж өг гэх шаардлагын дагуу гэрээ цуцлагдаж өрөөг хүлээлгэн өгсөн тул ашиглаж чадаагүй өдрийн төлбөр болон барьцаа төлбөрийг буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тооцоо нийлж, түрээсийн өрөөг хүлээж авсан тул барьцаа төлбөрийг олгох үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Талууд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №Х031 тоот Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Х ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай Х барилгын 23 метр квадрат талбай бүхий 5 давхрын 507 тоот түрээсийн байрыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 414,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч Д.А нь түрээсийн төлбөрийг Х ХХК-ийн Голомт банкны 2205117970 тоот харилцах дансанд сар бүрийн 7-ны өдөр бэлэн болон бэлэн бусаар төлөх, түрээсийн төлбөрт хөрөнгийн менежментийн төлбөр, цахилгаан, ус, дулааны төлбөр орсон байхаар тус тус харилцан тохиролцжээ./хх4-6/
Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч тал түрээсийн 1 сарын төлбөрт 414,000 төгрөг, барьцаа төлбөрт 414,000 төгрөг, нийт 828,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй. /хх-7/
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 28, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд түрээслүүлэгч Х ХХК-д нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас түрээсийн байрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон тул төлбөрөөс зохих хувиар хөнгөлүүлэх, нэмэлт гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээний 4.5-д Түрээслүүлэгч нь албан ёсны и-мейл хаяг руу түрээсийн нэхэмжлэлийг сар бүрийн 3-ны дотор цахим хэлбэрээр явуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтүүдийн дагуу түрээслүүлэгч Х ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар Шинэкоронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоосон хугацааг Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30 хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ...Монгол улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол, шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан сургалтын үйл ажиллагааг 2020.01.27-2020.04.30 хүртэл явуулах боломжгүй боллоо. Иймд гэрээний 6.3.1-д заасны дагуу нийгэмд хүлээх хариуцлагынхаа хүрээнд ашиглаж чадаагүй өдрийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг түрээслүүлэгчид өгсөн гэх боловч хүлээлгэн өгсөн баримтгүй байна.
Талууд нэхэмжлэгч Д.А түрээсийн байрыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн байрыг чөлөөж, хүлээлгэн өгсөн үйл баримтад маргадаггүй боловч гэрээ цуцлах болсон үндэслэлийг нэхэмжлэгч тал Түрээслэгчийн байр чөлөөлж өг гэсэн шаардлагын дагуу чөлөөлсөн гэж, хариуцагч тал Нэхэмжлэгч өөрийн хүсэлтийн дагуу байрыг чөлөөлж, тооцоо нийлж, тооцоог дуусгавар болгосон гэж харилцан адилгүй тайлбарладаг.
Нэхэмжлэгч Д.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...Дэлхийн хэмжээнд цар тахал үүссэний улмаас Монгол улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан түрээслэгчийн хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа билээ. Хорио цээрийн дэглэм тодорхойгүй хугацаагаар үргэлжлэн түрээсийн гэрээний үүрэг зөрчигдөхөд хүрч байгаа тул дээрх асуудлыг яаравчлан шийдвэрлэхийг хүсье гэх хүсэлт нь Түрээсийн гэрээнд заасны нэмэлт гэрээ байгуулах, гэрээг цааш үргэлжүүлэх тухай агуулаагүй байх бөгөөд хүсэлт гаргасан өдрөө түрээсийн байрыг чөлөөлснөөс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Талууд гэрээг цуцлах талаар албан ёсоор нэг сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан бөгөөд түрээслүүлэгч талаас гэрээг цуцлах талаар түрээслэгч талд бичгээр мэдэгдэж талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал түрээслүүлэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч хариуцагчийн эд хөрөнгө буюу түрээсийн өрөөг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр чөлөөлж өгсөн байх тул түүний төлсөн 1 сарын түрээсийн төлбөр 414,000 төгрөгийн үлдэх хэсэгт болох 198,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт тооцсон нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрээний 10.4 дэх хэсэгт заасан Талууд нэмэлт гэрээг зах зээлийн нөхцөл байдал, эрх бүхий байгууллагаас гаргасан хууль, дүрэм журам, тогтоол, шийдвэр, давагдашгүй хүчин зүйлс, талуудын ашиг сонирхлоос шалтгаалан байгуулж болно гэх заалт нь түрээслэгчийн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан, 202.2.13-т санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд түрээслүүлэгч Х ХХК-ийг түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Д.А-ын хүсэлтээр түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчийн 612,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Х ХХК-иас 612,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ