Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 170

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг

улсын яллагч З.Энхжаргал

шүүгдэгч Мехсинахон Умаралива, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг /¹0189/

шүүгдэгч Ирабор Осамудимен Жорж, түүний өмгөөлөгч Э.Золбоо /№2187/

шүүгдэгч Энобахаре Зион, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /№0752/

орчуулагч Ц.Ононцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мехсинахон Умаралива, Ирабор Осамудимен Жорж, Энобахаре Зион нарт холбогдох эрүүгийн 201625032004 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр  сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Узбекстан улсын харьяат, 1997 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Узбекстан улсад төрсөн, 23 настай, эмэгтэй, коллеж төгссөн, аудитор мэргэжилтэй, ам бүл 2, ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхон 2-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/, /паспорт № АА2805689/

Шүүгдэгч: Холбооны бүгд найрамдах Нигери улсын харьяат, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нигери улсад төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, АОС байр, 18 тоотод оршин суух хаягтай, Газарчин дээд сургуульд гэрээгээр Англи хэлний цагийн багшаар ажилладаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, /паспорт № АО4606524/

Шүүгдэгч: Холбооны бүгд найрамдах Нигери улсын харьяат, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нигери улсад төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн захиргааны мэргэжилтэй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Энобахаре Зион /Enobakhare Zion /, /паспорт № А04535833/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Яллагдагч Узбекстан улсын харьяат Мөхсинахон Умаралива, Холбооны бүгд найрамдах Нигери улсын харъяат Ирабор Осамудимен Жорж, Энобахаре Зион нар шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Цогтгэрэлийн Хаан банкны 5070247858 дугаарын данснаас 9.200.000 төгрөгийг Интернэт банкны гүйлгээ ашиглаж Капитрон банкны 3003006539 дугаарын данс руу хууль бусаар шилжүүлэн олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мехсинахон Умаралива мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ирабор Осамудимен Жорж мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Энобахаре Зион мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Д.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны орой гэртээ очоод өөрийн мэйл хаягаа шалгасан чинь Хаан банк гэсэн логотой [email protected] гэсэн хаягнаас утга агуулгын хувьд алдаатай, "харилцагчийн мэдээллээ энд дарж шинэчилнэ үү" гэсэн утгатай мэйл ирсэн байсан. Тэгэхээр нь би ирсэн холбоосыг сайн анзаараагүй. Хаан банкнаас ирсэн мэйл юм байна гэж бодоод дар гэсэн хэсэгт нь дарчихсан. Гэтэл хаан банкны айпликэйшн онгойчихсон бөгөөд би өөрийн нууц үгээ оруулж шинэчилж дугаараа явуулсан чинь хариу ирээгүй. Тэгээд нээх анзаарахгүй өнгөрсөн чинь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 5070247858 гэсэн данснаас 9.200.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн мэдээллийг мэйл хаягнаасаа 14 цагийн үед олж хараад Хаан банк руу ярьсан чинь "таны мэдээлэл алдагдсан байна, нягтлаад хариу өгье" гэсэн. Би тэр өдөр Архангай аймгийн Хашаат сум руу явж байсан болохоор эхнэр Оюунруу ярьж "Хаан банкин дээр очоод уулзах хэрэгтэй байна" гэдгээ хэлсэн. Хаан банкнаас надруу яриад ирсэн мэйлээ явуулаач гэхээр нь би ярьсан хүн рүү мэйл хаягаар ирсэн холбоосыг явуулсан. ...Интернэт банкны нууц дугаарыг надаас өөр мэдэх хүн байхгүй. ...Би өөрийн мэйл хаягнаас Хаан банкны интернэт банкны айпликэйшн руу орж нууц үгээ шинэчлэх гэсэн зааврын дагуу нууц үгээ шинэчилж байсан бөгөөд энэ тохиолдолд буцаад нууц үг амжилттай өөрчлөгдлөө гэсэн хариу ирж байсан. Харин сүүлд ирсэн мэйл хаяган дээр дарахад бол ямар нэг хариу ирээгүй. ...Тэр өдөр дансанд 9.638.192 төгрөг байсан чинь 9.200.000 төгрөгийг аваад 438.192 төгрөгийг үлдээсэн байсан.Гүйлгээний утга дээр EB-goods гэсэн утга гарч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53х/,

...Миний бие мөрдөн байцаагчаас нийт 4000 ам доллар буюу 9.200.000 төгрөгийг хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 55х/

 

Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2008 оны сүүлээр БНХАУ-ын Гуанжу хотод Эммануэл Узома Икеннатай танилцсан. Эммануэл Узома Икенна нь надтай танилцах үедээ тэнд шоу менежер хийдэг байсан ба би тэнд бааранд сууж байгаад анх танилцаж байсан юм. Тэгээд 2009 онд том хүү Ричард, 2012 онд бага хүү Лаки төрсөн. Би Эммануэл Узома Икеннатай танилцснаас хойш 2 жил орчим Гуанжуд хамт амьдарч байгаад 2014 онд хамт Нигери улс руу явж 3 cap тэнд амьдрахдаа гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр 2015 оны 5-р сараас эхлэн Монгол улсад ирж очих болсон. Виз нь 1 жилийн хугацаатай, олон удаагийнх учраас 1 cap дотроо заавал буцаж хятад руу яваад эргэж орж ирдэг юм. Эммануэл Узома Икенна хамгийн сүүлд хятад руу явсан өдрийн 14 цагийн үед гэртээ хүүгээ хараад үлдсэн. Би найзтайгаа хамт ойрхон гарчихаад ирье гээд гэрээс гараад удаагүй байтал гэнэт араас нөхөр залгаад "хурдан ир, би явлаа, ингэж амьдрах хэцүү" байна гээд хачин юм яриад утсаа тасалсан. Тэгээд би гайхаад буцаад гэртээ хүрээд ирсэн чинь Эммануэл Узома Икенна нь цүнхээ барьчихсан сууж байсан. Тэгээд яасан, юу болсон бэ гэхэд маш хурдан Хятад руу явах хэрэгтэй боллоо гээд байсан, тэгсэн мөртлөө явах шалтгаанаа би ингэж гахай шиг идээд хэвтээд байж чадахгүй мөнгөгүй хэцүү байна гэхчилэн зүйл хэлээд байсан. Тэгээд шууд явлаа гээд гарахаар нь хамт хүүхдээ аваад вокзал ороход вагон явах болоогүй байсан, тэгээд Эммануэл Узома Икенна нь вагон хүлээж чадахгүй машинаар явна гээд яараад байсан. Тэгээд манай нөхөрт ердөө 60,000 төгрөг байсан учраас 40,000 төгрөгөөр нь Замын-Үүдийн машинд суугаад цаашаа 20,000 төгрөгөөр гарна гээд явсан, Эрээнд оччихвол тэнд найз нар нь байгаа учраас мөнгөөр залгуулаад Гуанжу хүрнэ гэж хэлж байсан. Бид 2 байнга холбоотой байгаа. Над руу хоолны мөнгө явуулнаа гээд 3-4 хонолоо. Цагдаа нар асууж ирсэн талаар өөрт нь хэлэхэд "надад хамаагүй учраас чи тайван бай" гэсэн. Би хэрвээ хүний мөнгийг авсан бол тэнгэр намайг ниргэг гээд хараалын үг хэлж байсан. Би тэгэхээр нь чи наад үгээ Монголд ирээд цагдаад өөрөө хэлэл дээ гэхэд Жорж над руу өдөр шөнөгүй залгаад "энд цалин мөнгө байхгүй хэцүү байна, чи надад контакт олоод өг" гээд шаналгаад байсан, надад авсан нэг ч төгрөг байхгүй, Жорж л өөрөө мэдэж байгаа, тэр яахаараа надад хамаатай гээд намайг чирээд байгаа юм гэж ярьж байсан. ...Эммануэл Узома Икенна нь хэрвээ мөнгөтэй болсон бол надад ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ шүү дээ. Явснаасаа хойш нэг төгрөг ч явуулаагүй. Би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа учраас ажил хийж чадахгүй байгаа. Одоо сарын 400,000 төгрөгөөр байр түрээслэн амьдарч байгаа ба ахаасаа мөнгө зээлж 11,12 сарын төлбөрийг өгсөн. 10 дугаар сарын түрээсийг би барилгын засал хийж төлсөн юм. Эммануэл Узома Икенна нь түр аргалаад байж бай, шинэ он гараад ирээд өр зээлээ төлнө гэж хэлсэн. Би Икеннаас утсаар Жорж гээд байгаа залуу чинь аль нь юм бэ гэхэд 3-р хорооллын эцсээс уруудаад явж байхад замын цаана нэг хар нөхөр явж байхад нь би танай нутгийн хүн байна гээд дуудаж уулзаад танилцаж байсан, тэр залуу шүү дээ гэж хэлсэн. Би Монголд нөхрөө ганцаардуулахгүй гээд гудамжинд хар хүмүүс явж байвал хааяа дуудаж нөхрөө танилцуулдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59х/

 

Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайд Оюун гэж хүн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай Хаан банкинд өөрийн биеэр ирж уулзсан бөгөөд нөхөр бид хоёрын хамтран эзэмшдэг данснаас бидний зөвшөөрөлгүйгээр 9.200.000 төгрөгний гүйлгээ гарсан байна" гэсэн гомдол гаргасан бөгөөд шалгаж үзэхэд интернэт банкны үйлчилгээнд холбогдсон 5070247858 дугаартай данснаас интернэт банк ашиглаж 9.200.000 төгрөгний зарлага гарсан байсан. Харилцагч нар анх бүртгүүлэхдээ бүртгүүлсэн албан ёсны баталгаат мэйл хаягаараа ямар нэг хүсэлт гомдол ирүүлсэн тохиолдолд манай банкнаас буцаад мэйл хаяг руу хариуг явуулдаг. Түүнээс банк өөрсдийн санаачлагаар хэрэглэгчийн мэдээллийг шинэчлэх, нууц дугаарыг өөрчлөх талаар мэдээлэл явуулдаггүй, банкны зүгээс бол ямар нэг нууцлал алдсан, санаатайгаар хэрэглэгчийн мэдээллийг задруулсан үйлдэл байхгүй. Гол нь харилцагчид өөрсдийн интернэт гүйлгээний нууц код, банкинд бүртгүүлсэн баталгаат имэйл хаягныхаа нэвтрэх кодыг алдсанаас ийм асуудал үүсч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүрс зургийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0537 дугаартай дүгнэлт:

1.Шинжилж буй d [email protected] гэсэн нэртэй цахим шууданд нэвтрэх нууц үг ирүүлээгүй тул цахим хаягт ирүүлсэн захидал илгээгчийн сүлжээний хандалт буюу IP хаягийг тогтоох боломжгүй.

2.Шинжилж буй d [email protected] гэсэн нэртэй цахим хаяг эзэмшигч гэх иргэн Д.Цогтгэрэл нь цахим гэмт хэргийн нэг төрөл болох "Phishing" үйлдэлд өртөн банкны интернэт гүйлгээ хийдэг дансны дугаар болон нууц үг алдагдсан байх боломжтой. /1хх-ийн 81х/

 

Яллагдагч Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг өдөр Жорж манай гэрт ирсэн бөгөөд манай найз залуу Зионоос "дансны дугаараа өгөөч, би мөнгө авах хэрэгтэй байна" гэсэн бөгөөд Зион "би чамд дансны дугаараа өгөхгүй ээ" гэж хэлж байсан. Зион Жоржтой ярьж байгаад өөр өрөөнд орсон бөгөөд Жорж том өрөөнд байхдаа надаас "чи надад дансны дугаараа өгөөч, би чамаас гуйж байна, миний данс болохгүй байна, надад туслаач" гээд гуйгаад байсан бөгөөд би дуугарахгүй байсан чинь Жорж "чи надад туслах юм бол би ч гэсэн чамд туслаад мөнгө өгнөө" гэхээр нь би "за би бодож үзье" гэж хэлсэн чинь Жорж гэрлүүгээ явсан. Би бодоод байсан чинь надад мөнгө их хэрэгтэй байсан. Надад мөнгө байхгүй, хувцас авах хэрэгтэй байсан. Тэгэхээр нь би Жорж руу Whats up эйпликэйшинээр "чи надад дансаа ашиглуулах юм бол хичнээн төгрөг өгөх юм бэ? гэсэн чинь Жорж "их хэмжээгээр өгч чадахгүй ээ, би 100 доллар өгье, 4000 доллар ирэх ёстой юм. Тэгээд тэр мөнгөө өөр хүнд шилжүүлэх ёстой юмаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд түүнээс хойш 3-4 хоногийн дараа байсан байх Жорж руу би өөрийнхөө дансны дугаарыг явуулах гэсэн чинь миний утас цэнэггүй болчихсон байсан тул найз залуу Зионы гар утаснаас Жорж руу Whats up эйпликэйшинээр чатаар явуулсан. Тэгээд Зионд мэдэгдэхгүйн тулд түүний гар утсан дээрээс явуулсан чатаа устгачихсан. Ингээд ямар ч байсан 1 дэх өдөр байсан юм, өглөө 08 цагийн үед надруу Жорж Whats up эйпликэйшинээр "дансанд чинь мөнгө орчихсон байна" гэж хэлсэн бөгөөд тэр өдрөө 15 цагийн үед байсан байх Жоржтой цуг таксигаар Улсын Их дэлгүүрийн хажууд байдаг Капитрон банкны гадаа ирсэн. Жорж таксинд сууж намайг хүлээгээд би ганцаараа банкруу орсон. Би теллер дээр очоод "дансны үлдэгдэлээ шалгуулах гэсэн юм" гэсэн чинь теллер "4000 доллар байна" гэсэн. Тэгэхээр нь би "бүгдийг нь авнаа" гэж хэлээд 4000 долларыг данснаасаа авсан. Мөнгийг аваад таксинд суугаад Жоржид бүх мөнгийг өгсөн. Жорж надад 100 доллар өгсөн бөгөөд таксигаа явуулаад Жорж бид хоёр салаад явцгаасан. Үүнээс хойш Жоржтой яриагүй байж байсан чинь 2 хоногийн дараа буюу 3 дахь өдөр нь миний сурч байсан Эм Ай Юу сургууль дээр цагдаа ирээд би цагдаагийн газар очсон. Цагдаа надаас "данснаасаа мөнгө авсан уу" гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед их айгаад "би данснаас мөнгө аваагүй" гээд хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл цагдаа "чи үнэнээ хэлэхгүй бол хэрэг чинь хүндэрнэ" гэж хэлсэн тул би цагдаад болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Би тэр 7 хоногийн 5 дахь өдөр Турк улс руу явах гэж байсан бөгөөд билетээ захиалан авсан байсан. Монголын уур амьсгал их хүйтэн би даараад бие чичрээд бие тааруу байсан тул явах гэж байсан юм. Би явах гэж байгаагаа сургуульдаа болон Жоржид хэлсэн байсан бөгөөд одоо бодоод байхад Жорж намайг явах гэж байгааг мэдсэн болохоор намайг явчих юм бол дараа нь ямар нэг асуудал гарахгүй гэж тооцоолсон байсан юм шиг байна. Би цагдаад Жоржоос авсан 100 доллар, гадаад паспорт зэргээ хураалгасан бөгөөд гэртээ цагдаа нартай очих үед манай найз залуу Зион энэ талаар мэдээд их гайхаж шоконд орсон. ...2015 оны эхээр Жоржтой анх сүм дээр танилцаж байсан. Ридим сүмд их олон Нигер улсын иргэд очдог юм. Жорж сүмд ажилладаг бөгөөд сүмийн санхүүг хариуцдаг. Мөн зураг авах, техник хэрэгслийг зөөх гэх мэт ажил хийгээд байдаг. Жорж надад мөнгө авч байгаа зорилгоо бол хэлээгүй, Жорж надад ирсэн мөнгөний 35 хувийг аваад , цаашаагаа үлдэгдэлийг өөр хүнд өгнө гэж хэлж байсан. Гэхдээ Жорж 35 хувийг авсан үгүйг бол мэдэхгүй. Зион Жоржид "энэ миний хувийн данс болохоор би дансаа хэн нэгэнд өгөхгүй ээ" гэж хэлж байсан. Би энэ дансаа 1-2 жилийн өмнө өвөл л нээлгэж байсан. Энэ миний долларын данс байсан юм. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би Жоржид л ганцхан дансны дугаараа өгсөн. Жорж миний дансны дугаарыг өөр хүнд явуулна, тэр хүн нь мөнгө явуулна гэж хэлж байсан. Би Жоржоос авсан 100 доллараа буцаагаад өгчихсөн. Би өөр мөнгө бол өгөх ёсгүй Жорж л энэ мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. Би дансаа ашиглуулснаас өөр зүйл байхгүй. Миний утасны дугаар 94203814, миний хамтран амьдрагч Зион Энобахаре 94337140 дугаарын утас барьдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 99-104х/

 

Яллагдагч Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ай Ки гэж залуу намайг англи хэлний сургалтын төв рүү явж байхад надруу залгаад "чи намайг таньж байна уу, би сүмд 1 жилийн өмнө очиж байсан юм" гэхээр нь би түүнээс "чи миний дугаарыг хэнээс авсан юм бэ?" гэж асуусан чинь "би хэн нэгнээс чиний дугаарыг авсан" гэж хэлээд хүний нэр зааж хэлээгүй. Тэгэхээр нь би "яасан юу болсон юм бэ" гэсэн чинь Ай Ки "чи надад туслах хэрэгтэй байна, би Монголд ирээд 4-5 хонож байна, чамд банкны данс байдаг бол надад өгч туслаач" гэхээр нь би "чи яагаад надаас дансны дугаар авах гээд байгаа юм бэ, чиний эхнэр чинь Монгол биздээ" гэсэн чинь "би энэ асуудлыг эхнэртээ мэдэгдэж болохгүй байна, манай нууц амрагаас мөнгө орж ирэх ёстой юм" би "ямар учиртайг нь мэдэхгүй байж би чамд дансаа ашиглуулахгүй , надад уг нь данс байгаа, гэхдээ чамд их хэрэгтэй байгаа юм бол би найзаасаа асууж өгч болно" гэж хэлээд найз Зион руу яриад "би чамтай уулзах хэрэгтэй байна" гээд уулзсан бөгөөд Зионд "манай нутгийн нэг залуу байдаг юмаа, тэгээд данс хэрэгтэй байна гэнээ, чи туслах уу" гэсэн чинь Зион "тэгвэл чи утсаар ярьчих, би чанга яригч дээр нь ярихыг нь сонсъё" гэхээр нь би Ай Ки руу залгаад чанга яригч дээр нь тавиад "энд манай найз ямар учраас данс хэрэгтэй юм," гэж асуугаад байна гэсэн чинь Ай Ки "болзооны мөнгө байгаа юм аа, орж ирсэн мөнгийг дансаараа аваад болоо" гэж хэлсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа Зион миний утас руу найз эмэгтэй Моникагийн дансны дугаарыг мессэжээр явуулсан. Энэ хооронд Аи Ки над руу яриад "найз чинь юу болсон бэ. Данс олж өгч чадах юм уу" гэж асууж байсан. Зионы утаснаас дансны дугаар ирэхээр нь би тэр дансыг нь Ай Ки рүү мессэжээр явуулсан. Тэгээд 10 дугаар сарын 03-ны өдөр би SOS эмнэлгийн хажууд байдаг Шинжлэх ухаан технологийн сургууль дээр байж байсан чинь Зион надруу яриад "манай найз эмэгтэй Моника банк орчихоод ирлээ, дансанд нь мөнгө орсон байна гэнээ, гэхдээ 3 хоногийн дараа мөнгийг аваарай гэсэн гэнээ," гэж хэлсэн. 3 хоногийн дараа багш нарын баяр байсан бөгөөд би сагсны тэмцээнтэй байж байгаад гараад ирсэн чинь Зион болон өөр олон дугаараас надруу дуудлага ирсэн байсан бөгөөд Зион надруу залгахаар нь би утсаа авсан чинь Зион “чамайг цагдаа хайгаад байна, манай найз охин Моника чамд мөнгө өгсөн гэнээ," гэхээр нь би гайхаад "хэзээ Моника надад мөнгө өгсөн юм бэ, ямар мөнгө өгсөн юм бэ" гэж хэлээд гэртээ харьчихсан. Маргааш нь сүмийнхээ Пасторын гэрлүү орох гээд явж байсан чинь Зион цагдаа нартай хүрч ирээд намайг цагдаа нар аваад явсан. Би анх мэдүүлэг өгөхдөө өнөөдрийн өгсөн мэдүүлгээ өгч байсан бөгөөд би анх үнэнээ хэлсэн байсан юм. Гэтэл Зион "чи манай найз охин Моникагаас мөнгийг авч Ай Кид өгсөн гээд хэлчих, тэгэх юм бол би мөнгийг нь төлөөд дуусгачихна, цагдаа нар зөвхөн мөнгө хаана байна гэж хайж байгаа юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь би байцаалтаа өөрчилсөн байсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Whats up эйпликэйшинээр мөнгө орчихсон гэдгийг Ай Ки надад хэлсэн бөгөөд би Зион руу яриад "найз эмэгтэйн дансанд чинь мөнгө орчихсон гэж байна" гэдгийг хэлсэн.

Би Эй Ай Юу сургуульд 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орсон бөгөөд тэр үед Зионтой танилцаж байсан. Зионоор дамжуулж Умаралива буюу Моникатай танилцаж байсан. Зион, Моника нарыг болзож эхэлсэн үеэс буюу 1 жил гарангийн өмнөөс Моникаг таньдаг болсон. Ай Киг би Сам гэж найзаараа дамжуулж танилцаж байсан бөгөөд миний байдаг сүмд Ай Киг ирэх үед 1 жилийн өмнө л харж байсан. Сам бол одоо нутагруугаа буцчихсан. Түүнээс хойш Ай Китай уулзаж байгаагүй. ...Ай Ки буюу Икенна Узома Иммануел надад болздог хүүхнээс нь ирэх мөнгө л гэж хэлсэн. Би ерөөсөө Моникатай биечилж уулзаагүй. Би Моникагийн дугаарыг ч мэдэхгүй. Би түүнтэй ганцаарчилж уулзаж байгаагүй. Тиймээс би түүний найз залуу Зионд л энэ талаар хэлсэн байсан. Мөн би ямар ч ямар нэг хувь авна, авахгүй гэж яриагүй. Би мөнгийг авсан, мөнгийг Приүс машинтай эмэгтэйд өгч явуулсан гэж хэлсэн нь худлаа байсан бөгөөд энэ бүхэн Зионы төлөвлөгөө байсан. Зион надад 1100 доллар өгсөн бөгөөд би түүнийг цагдаа дээр авч ирж өгсөн юм. Надад бол мөнгө байхгүй. Зион надад "чи мөнгийг авсан гээд хэлчих, мөнгийг нь төлчих юм бол ямар ч асуудалгүй гарна, би мэдэж байна" гэж хэлсэн. Тэгээд би тэгэж хэлсэн Би уг нь тэр мөнгийг ч хараагүй. Би хэн мөнгө авсныг мэдэхгүй. Надад Ай Ки мөнгө орсон гэдгийг хэлсэн. Тэгээд би мөнгө орсон гэдгийг Зионд хэлсэн. Зион орой нь надруу яриад "мөнгө орчихсон байна, банк 3 хоногийн дараа ирж аваарай гэсэн" гэж хэлсэн. Түүнээс тэр мөнгө хаачсан гэдгийг би мэдэхгүй. Мөнгө Моникагийн дансаар орсон юм бол Моникогаас сайн асуух юм бол учир нь олдох байх. Би Монголд ирсэнээсээ хойш хэзээ ч дансаараа ийм их мөнгө авч байгаагүй. Би Ай Ки Зион нарыг холбож өгсөнөөс өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-116х/

 

Яллагдагч Энобахаре Зион /Enobakhare Zion/-ны мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 9 дүгээр сард Жорж надруу залгасан, тэрээр 2 удаа уулзая гээд манайд ирсэн. Жорж ирээд надад хэлэхдээ "хэн нэгэн надруу мөнгө шилжүүлэхийг хүсэж байна" гэхээр нь би хэн бэ гэхэд тэр "миний найзууд байгаа юм, тэр бол Айки" гэж хэлсэн. Тэгээд би түүнд "би чамтай 3 жил найзлахдаа Айки гэдэг найзын чинь талаар сонсоогүй" гэж хэлсэн. Яагаад чамруу мөнгө шилжүүлж болохгүй байгаа юм бэ гэхэд Жорж "миний данс болохгүй байгаа юм, тиймээс чи надад дансаа хэрэглүүлээч, би чамд шилжүүлсэн мөнгөний 35 хувийг нь өгье" гэж хэлсэн. Би чамд зүгээр туслаад дансаа хэрэглүүлээч гэсэн бол дансаа өгөх байсан, харин дансаа хэрэглүүлсний төлөө 35 хувийг өгье гэж байгаа нь хачин байгаа учраас би өгөхгүй гэдгээ хэлсэн.

Үүнээс хойш би Жоржтой фейсбүүкээр харилцаж байсан. Хэсэг хугацаа өнгөрөхөд дансны талаар мартсан байсан. Дараа нь нэг өдөр Жорж манайд ирсэн, миний хажууд биш өөр өрөөнд Жорж, Моника 2 дансны талаар ярилцсан байж магадгүй. Харин би тэр хоёрын дансны талаар ярьж байгааг сонсоогүй. Үүнээс хойш 3 хоногийн дараа манай гэрт цагдаа ирсэн, би тухайн үед компьютер дээр тоглоод сууж байсан, Моника над дээр ирээд "намайг уучлаарай, би 100 ам. доллар авсан гэж хэлсэн. Энэ үеэс Моникагийн дансыг Жорж авч ашигласан байна гэдгийг мэдсэн. Мехсинахон Умаралива: /Mukhsinakhon Umaralieva/-r Моника гэж дууддаг. 94331740 миний утасны дугаар. Моника миний утасны кодыг мэддэг, дуртай үедээ ашигладаг. Миний утаснаас Моника Жорж руу дансны мэдээллээ явуулсан гэдгийг би энэ хэрэг гарсны дараа цагдаа нар ирж би мэдсэн. Моника нь миний утасаар Жорж руу мессеж биччихээд устгачихсан байсан учраас би энэ тухай юу ч мэдээгүй байсан. Хэрвээ явуулсан мессежээ устгээгүй байсан бол би хараад шууд Жоржруу Моникагийн дансыг ашиглахыг болиулах байсан. Моника хэлэхдээ "би нэгжгүй болсон болохоор чиний утасыг ашиглаж мессеж бичсэн" гэж хэлсэн. 94203814 дугаарыг би 2014 оноос өмнө өөрийнхөө нэр дээр Моникад авч өгч байсан, өөр дугаар байхгүй, Моника нь данснаасаа мөнгө авсан гэх өдөр 1 дэх өдөр байсан ба Моника надад өглөө 07 цагт хичээлдээ явлаа гэж хэлээд гарсан. 17 цагийн үед Моника гэртээ ирээд хамт гадагшаа гараад 13 дугаар хороолол ороод орой гэртээ ирцгээсэн. Жоржийн цагдаагийн байгууллагад өгсөн 1100 ам.долларын би өгөөгүй. Харин Жорж намайг мөнге зээлээч гэж хэлж байсан. Дараа нь Жорж манай сүмийн нэг эмэгтэйгээс мөнгө зээлэхээр болсон гэж ярьж байсан. Тэр пастор одоо нутагруугаа Нигер улсруу явчихсан. Мөнгө зээлсэн эсэхийг мэдэхгүй. Мехсинахон Умаралива/Mukhsinakhon Umaralieva/ нь цагдаагийн газарт авчирч хохиролд өгсөн 2800 ам.долларын Моникагийн аав нь Узбекистан улсаас мөнгө гуйвуулж өгсөн. Моника надад хэлэхдээ "банкнаас 4000 ам.доллар аваад Жоржид өгсөн гэж хэлсэн. Харин Жорж нь Моникагаас энэ мөнгийг аваагүй гээд худлаа хэлээд байгаа юм. Иймээс би Жоржийг цагдаагийн байгууллагад үнэнээ хэлбэл надад гэрээс ирэх мөнгөнөөс чамд өгч туслачч гэж хэлсэн. Гэвч Жорж үнэнээ хэлэхгүй худлаа хэлсээр байсан учир би түүнд туслаагүй. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Жорж надруу залгаад уулзаж төлөх хохирлын мөнгөн дээр нэмээд өгч асуудлыг хурдан дуусгахыг хүсээд 300 ам.доллар өгсөн. Тэгээд дээр нь 500 ам.доллар нэмээд 800 ам.долларыг мөрдөн байцаагчид хохиролд тооцон хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 174-176х/,

 

Яллагдагч Энобахаре Зион: /Enobakhare Zion / ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлал хүсэж байна. Моникагийн дансанд 4000 ам доллар орсон, Моника мөнгийг авсан. /1хх-ийн 178-179х/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/-c хураан авч Д.Цогтгэрэлд хүлээлгэн өгсөн /1хх-ийн 17х/,

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-c хураан авч Д.Цогтгэрэлд хүлээлгэн өгсөн /1хх-ийн 18х/,

 

-Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-c хураан авч Д.Цогтгэрэлд хүлээлгэн өгсөн /1хх-ийн 19-20, 21х/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /Энобахаре Зион /Enobakhare Zion/-c №А04535833 паспорт/ -г 1хх-ийн 22-23х/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-c /Узбекистан улсын паспорт № АА2805689/,

-Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George-c /Нигер улсын ногоон паспорт № АО4606524/

-Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva-c Капиртрон банкны хадгаламжийн дэвтэр/

-Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George-c 99321704 дугаартай, нокиа маркийн хар өнгөтэй мэдрэгчтэй гар утас 1 ширхэг/

-99321704 дугаартай, нокиа маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-26х/,

-99321704 дугаартай, нокиа маркийн гар утснаас хадгалагдаж байгаа болон устгагдсан мэдээ мэдээллийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Билгүүн сэргээж, орчуулагч Б. Мөнхсайхан монгол хэлэнд хөрвүүлснийг хэрэгт хавсаргасан баримт /1хх-ийн 34, 35, 45х/,

 

-Харилцагчийн дансны хуулга /1хх-ийн 54х/,

-Сэжигтэн Мөхсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-c байцаалтанд хавсаргахаар өгсөн баримт /хохирол нөхөн төлсөн, мөнгө гуйвуулсан/ /1хх-ийн 105-107х/,

-Капитрон банк, депозит дансны харилцагчийн монгол хуулга /Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-н, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-ийн 182-184х/,

Утасны лавлагаа /холболтууд/ /1хх-ийн 239-242х, 2хх-ийн 5, 19-24х/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199х, 220х, 234х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Узбекстан улсын харьяат Мехсинахон Умаралива, Холбооны бүгд найрамдах Нигери улсын харъяат Ирабор Осамудимен Жорж, Энобахаре Зион нар шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Цогтгэрэлийн Хаан банкны 5070247858 дугаарын данснаас 9.200.000 төгрөгийг Интернэт банкны гүйлгээ ашиглаж Капитрон банкны 3003006539 дугаарын данс руу хууль бусаар шилжүүлэн олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтад /1хх-ийн 99-104х, 114-116х, 1хх-ийн 174-176, 178-179х/ өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 52-53х/, гэрч Б.Отгонжаргал /1хх-ийн 58-59х/, Б.Баттөр /1хх-ийн 62х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүрс зургийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0537 дугаартай дүгнэлт /1хх-ийн 81х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/ нараас мөнгө хураан авч Д.Цогтгэрэлд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх-ийн 17, 18, 19-20, 21х/, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/-с 99321704 дугаартай нокиа маркийн хар өнгөтэй мэдрэгчтэй гар утас1 ширхэг/-т үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-26х/, уг гар утсанд хадгалагдаж байгаа болон устгагдсан мэдээ мэдээллийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Билгүүн сэргээж, орчуулагч Б.Мөнхсайхан монгол хэлэнд хөрвүүлснийг хэрэгт хавсаргасан баримт /1хх-ийн 34,35,45х/, харилцагчийн дансны хуулга /1хх-ийн 105-107х/, Капитрон банк, депозит дансны харилцагчийн монгол хуулга /Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-н мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-ийн 182-184х/, утасны лавлагаа /холболтууд/ /1хх-ийн 239-242х, 2 хх-ийн 5, 19-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарыг шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Компьютерийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч бусдад 9.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие мөрдөн байцаагчаас нийт 4000 ам доллар буюу 9.200.000 төгрөгийг хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, 7 сартай жирэмсэн болох хувийн байдлуудыг нь харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарыг шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Компьютерийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч бусдад 9.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-д 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар,  Энобахаре Зион /Enobakhare Zion/-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг, 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад хариуцуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрт хяналт тавихыг цагдаагийн байгууллагад хариуцуулсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Мехсинахон Умаралива /Mukhsinakhon Umaralieva/, Ирабор Осамудимен Жорж /Irabor Osamudiamen George/, Энобахаре Зион /Enobakhare Zion/ нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ