Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2022/0026

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ******* овгийн *******гийн ******* 

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хорооны дарга М.*******т холбогдох “2022 оны 07 сарын 07-ны өдрийн Завхан аймгийн ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хорооны шийдвэрийн зурхайгаар түрүүлж ороогүй Б.*******ын хар морийг 1-р /байрт орсноор/ цоллохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн ******* сумын Үндэсний их баяр наадмын 2022 оны 07 сарын 06-ны өдрийн их насны морины уралдаанд барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн хээр морийг 1-р /түрүү/ байрт орсон болохыг тогтоосон шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хорооны дарга, сумын Засаг даргын орлогч М.*******т холбогдох “ 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Завхан аймгийн ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хорооны шийдвэрийн зурхайгаар түрүүлж ороогүй Б.*******ын хар морийг 1-р /байрт орсноор/ цоллохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн ******* сумын Үндэсний их баяр наадмын 2022 оны 07 сарын 06-ны өдрийн их насны морины уралдаанд барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн хээр морийг 1-р /түрүү/ байрт орсон болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын баяр наадамд Б.******* миний бие 2022 оны 07 сарын 06-ны өдөр Хээр зүсмийн их насны морио уралдуулсан.  Их насны морины уралдаанд маргаан үүссэн ба уг маргааныг Завхан аймгийн ******* сумын Баяр наадмын комисс шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь их насны морьдыг чиглүүлэгч Э.*******г морьдыг буруу чиглүүлж чиглүүлэгчийн буруутай үйлдлээс Б.*******ын хар морийг түрүүлсэн гэж үзэж шийдвэрлээд байна. Б.******* нь олон түмний нүдэн дээр миний хар морь түрүүлж ирж байхад чиглүүлэгч Э.*******гийн буруутай үйлдлээс морьд нийтээрээ хадуурч зурхайны хажуугаар орж 5 дээр хурдалж байсан моринд давуу байдал үүссэн гэж үзээд байна гэсэн баяр наадмын комиссын шийдвэр гарсан. Чиглүүлэгч Б.*******гийн буруутай үйлдэл байхгүй. Чиглүүлэгч нь барианы зурхайгаар ороход Б.*******ын хар морины хүүхэд өөр мотоциклтой хүмүүсийг дагаад буруу тийшээ мурийхад арын 4 морины хүүхэд дагаж давхиж байснаа больж зурхай руугаа чиглэж зурхайнаас доош татсан хашлага олсны доод хэсэгт тулснаар хүмүүс олсыг буулгаж өгөхөд Б.******* миний хээр морь түрүүлж олсоор гаран барианы зурхайгаар нэгт түрүүлж орсон. Морьд зурхайгаар орох үед Б.******* миний Хээр зүсмийн морь түрүүлж зурхайгаар орсон нь 3 талын дүрс бичлэгээр нотлогдож байна. Барианы газарт Б.*******ын төрсөн ах нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргыг зодож, Б.******* нь машинаараа хар морины араас явж байсан 4 морьдын урдуур орсон. Энэ нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц байсан зэрэгт сумын баяр наадмыг зохион байгуулагч тал /Засаг даргын тамгын газар/ болон Цагдаагийн байгууллагын ажилчид нь хариуцлагагүй хандсан. Мөн Завхан аймгийн ******* сумын Баяр наадмын комиссын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн шийдвэрээр зурхайгаар ороогүй ч олон түмний нүдэн дээр барианы зурхайд хүрэхээс 100 орчим метрт эхний 5 морийг өнгөлж ирснээр Б.*******ын Хар морийг 1-рт цоллохоор, Б.*******ийн Хээр морийг 5-рт цоллохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл морины бариа 100 метрт ирснээр байтугай 10 метр, 5 метр, 2 метр, 1 метрт ч морьдын байр өөрчлөгдөх боломжтойг уяачид бид сайн мэднэ. Тэр ч бүү хэл зэрэгцэж орсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Барианд зэрэгцэж ирсэн морьдоос аль нэгний нь хошуу ил гарсан бол тэр морийг урд нь барих ба хошуу илүү гараагүй бол зөв талын морийг эхэлж барина” гэж нарийвчлан заасан байдаг. Завхан аймгийн ******* сумын Баяр наадмын комисс нь тус дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, “Уралдааны морьдыг барианы зурхайн тэмдэглэсэн зураас дээр ирсэн дарааллаар барина” гэж заасны дагуу Б.******* миний Хээр морийг 1-рт цоллож тооцохоор байхад уяач Б.*******ын хар морь зурхайгаар түрүүлж ороогүй Б.*******ын хар морийг 1-рт цоллосон нь уг дүрмийг зөрчиж байна. Мөн тус дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Түрүү, айргийн таван морьдыг морь бариач барих бөгөөд хойших морьдыг уралдаанч хүүхдэд олгосон дугаараар, дуу, дүрс, бичлэгийн техник хэрэгсэл ашиглан цуваа дуудаж барина. Баяр наадмын комисс нь морьдын барианы зурхайгаар орж байгаа дүрс бичлэгтэй тулган харж нягтлаагүй байж шууд Б.******* болон түүний ах дүүсийн нөлөөнд автан тэдний үгээр шийдвэр гаргасан нь тус дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэжээ.

3. Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаар зурхайгаар орох зохицуулалттай. Мөн наадмын өмнөхөн Үндэсний баяр наадмын тухай хууль өөрчлөгдөөд түүнтэй холбогдон гарсан журмууд мөн өөрчлөгдсөн. Гэхдээ өмнөх заалтууд нь хэвээрээ байгаа. Тэмдэглэсэн зурхайгаар орсон морийг барина гэсэн заалттай. Журмын 9.2-д уралдааны морьдыг барианы зурхайн тэмдэглэсэн зураас дээр ирсэн дарааллаар барина гэсэн заалттай. Энэ заалтаар нэхэмжлэгч Б.*******ийн хээр морийг 1-д цоллохоор байсан. Гэсэн хэдий ч сумын баяр наадам дээр Засаг даргыг цохисон Б.*******ын ах дүү нар Засаг даргыг сүрдүүлсэн байдалтай байсан учраас хэл амыг дарахын тулд ийм шийдвэр гаргасан юм байна лээ гэв. 

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баяр наадмын хурдан морины уралдаанд маргаан гарсантай холбоотой баяр наадмын комисс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж холбогдох шийдвэрийг гаргаж Б.*******өд хүргүүлсэн. Хурдан морины уралдааны дүрмийн дагуу зурхайгаар орсон морьдыг барих дүрэмтэй ч наадмын комисс буюу чиглүүлэгчийн буруутай үйлдлээс морьд нийтээрээ хадуурч зурхайны хажуугаар орж Б.*******ын хар морь 1-р хурдалсан гэж үзсэн. Тухайн баяр наадмын комисс нь одоо дахин шийдвэрээ өөрчлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би баяр наадмын комиссын даргаар ажиллаж байсан. Их насны морь зурхайд ирэх үед би зурхайд байгаагүй. Зураглаачийг аваад морь дагаж байсан. Тэгээд ирэхэд ийм маргаан дэгдсэн байсан. Ихэнх хүмүүс болон уяачид хар морь эхнээсээ өнгөлсөн хар морийг барь гэж бид нар руу дайрсан. Над руу бол халдлага ирээгүй. Засаг дарга руу Б.*******ын ах гар хүрсэн тийм зүйл болж байсан. Тэгээд бид хуралдаад уяач нартай зөвлөлдсөн. Тухайн үед 5 уяач зөвлөлдсөний 4 нь хар морийг түрүүлсэн, тэгж барь гэж хэлсэн. Тэгээд хар морийг барих шийдвэр гаргасан. Дараа нь ийм нөхцөл байдал үүссэн учраас баяр наадмын тухай хуулиа баримталъя гэдэг асуудал яригдсан гэв.

6. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батболд овогтой ******* нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ******* сумын баяр наадамд их насны Хар зүсмийн морио уралдуулж түрүүлгэсэн. Их Насны морины байрны газрыг буруу халз үүсгэн зассан байсан. Чиглүүлж явсан Э.******* нь барианы газрын буруу халзад морийг чиглүүлж явснаа хамгаалалтад байсан цагдаагийн албан хаагчид тулж цагдаагийн урдуур орсон. Эхний 5-д орсон морьд цагдаагийн хамгаалалтад зогсож байсан цагдаагийн зааснаар буруу халзад өгсөн орж, наадмын талбайд байсан хүмүүс орилон эхний 5 морийг буцааж зурхайгаар оруулсан. Дээрхээс болж Их насны морины барианы будилаан бий болсон. Харин 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* сумын Засаг дарга эхний 6-д орсон морьдын эздийг дуудан бид комиссоороо хуралдаад шийдвэрээ гаргасан. Гэхдээ та бүгдийн саналыг сонсъё гэсэн. Эхний 6 морины эзэд болох , , , , *******, ******* нар бүгд саналаа хэлсэн. Иргэн Б.*******өөс бусад нь ирсэн дарааллаар Б.*******ын хар морийг ирсэн дарааллын дагуу түрүү байранд эзлүүлэх нь зөв гэж хэлсэн. Засаг дарга энэ будилаан бол баяр наадмын комиссын алдаа, бид буруугаа хүлээж байна. Их насны морины чиглүүлэгчээр Бадрал багийн Засаг дарга ийг томилсон байсан. Харин энэ хүн дур мэдэн гудамжинд явж байсан иргэн Э.*******д тугийг шилжүүлсний улмаас ийм зүйл боллоо. Бид баяр наадмын комиссоороо хуралдаж иргэн Б.*******ын Хар зүсмийн морийг ирсэн дарааллын дагуу түрүүлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарсны дараа иргэн Б.******* нь өөрийн биеэр хуралд сууж шийдвэр сонсож гарчхаад баяр наадмын талбайд морь цоллох үеэр ******* сумын Засаг дарга ыг доромжилж морийг цоллуулахгүй 2 цаг гаран маргаан гаргаж үргэлжлүүлсэн. ******* сумын баяр наадмын комисс баяр наадмын талбай дээр иргэдэд тайлбар хийж бид гаргасан шийдвэрийнхээ дагуу иргэн Б.*******ын Хар зүсмийн морийг түрүү байранд цоллоно гэж миний морийг түрүү байранд цоллож, ирсэн морийг ирсэн дарааллын дагуу цоллосон. Уг асуудлын талаар намайг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт ирж шүүх хуралд оролц гэсэн. Шүүхээс холбогдсон хүнээс зөвлөгөө авч учир байдлыг тайлбарлан болсон явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Миний бие нь уг хуралд өөрийн биеэр очиж оролцох боломжгүй байна гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хороонд холбогдуулж 2022 оны 07 сарын 07-ны өдрийн зурхайгаар түрүүлж ороогүй Б.*******ын хар морийг түрүү байрт орсноор цоллохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, их насны морины уралдаанд барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн хээр морийг түрүү байрт орсон болохыг тогтоосон шийдвэр гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2. Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба тус хороо нь салбар хороогүйгээр сумын баяр наадмыг 2022 оны 7 дугаар сарын 6-7ны өдрүүдэд,  хурдан их насны морины уралдааныг 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, их насны морины уралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн морьд уралдаж барианы зурхайд нэхэмжлэгчийн хээр морь түрүүлж орсон ба гуравдагч этгээдийн хар морь айргийн тавд барианы зурхайд орсон байна.

4. Нэхэмжлэгч хээр морио барианы зурхайгаар түрүүлж орсон байхад Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооноос айргийн тавд орсноор шийдвэрлэсэн нь миний амжилт тооцуулах эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагчаас баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооноос Б.*******ын хар морийг түрүү байрт хурдалснаар шийдвэрлэсэн гэж, гуравдагч этгээд хар морь барианы зурхайд түрүүлж ирээд морь чиглүүлэгчийн буруутай үйлдлээс хадуурсан тул түрүү байрт орсноор шийдвэрлэсэн гэж маргаж байх боловч шүүх хуралдаанд хариуцагч нь Үндэсний их баяр наадмын тухай хуулиараа нэхэмжлэгч Б.*******ийн хээр морь түрүү байрт орсон гэж тайлбарлаж байна.

5. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 15.1.1-д “..., үндэсний хурдан морины уралдааны ... дүрмийг батлах” гэж заажээ. Тодруулбал; Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг Засгийн газар батлахаар заасан дээрх заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  6 дугаар сарын 29-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг баталсан байна.

6. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 1.1-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмийг дагаж мөрдөнө” гэж дүрмийн үйлчлэх хүрээг, 12.1-д “Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг Салбар хороо шийдвэрлэнэ”,  12.2-т “Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно” гэж маргаан шийдвэрлэх харьяаллыг журамласнаар нэхэмжлэгчээс хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороогүй баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооны шийдвэрийг хянуулахаар тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

7. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 9 дүгээр зүйлээр Барианы үеийн зохион байгуулалтыг, 9.1-д “Барианы зурхайг цагаан шугамаар тэмдэглэсэн байна”, 9.2-т “Уралдаж ирсэн эхний таван морийг морь бариач барих...”, 9.3-т “Барианд орсон морьдыг дөрвөөс доошгүй дуудагчийн цуваа болон зурхайн баруун, зүүн талаас бичсэн дүрс бичлэгийг харгалзан бүртгэлийн цувааг гаргах...”, 9.5-д “Морьд барианд нэгэн зэрэг орсон бол барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг ... барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан тогтооно”, 10 дугаар зүйлээр Морь цоллох, бай шагнал олгохыг журамласан ба 10.1-д “Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уяач, уралдаанч хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно” гэжээ.

8. Иймд их насны морио түрүүлүүлж уяачийн амжилт тооцуулах, цол алдраа дуудуулах, шагнал хүртэх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь ******* сумын баяр наадмын хурдан их насны морины уралдааны дүрс бичлэг, ******* сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны шийдвэр зэргээр тогтоогдож байх тул барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн хээр морийг айргийн тавд орсноор шийдвэрлэсэн Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, ******* сумын баяр наадмын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хурдан их насны морины уралдаанд барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн Хээр морийг түрүү байрт орсон болохыг тогтоосон шийдвэр гаргахыг ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “******* сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зурхайгаар түрүүлж ороогүй Б.*******ын Хар морийг 1 дүгээр /түрүү/ байрт орсноор цоллохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, ******* сумын баяр наадмын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн их насны морины уралдаанд барианы зурхайгаар түрүүлж орсон Б.*******ийн Хээр морийг 1 дүгээр /түрүү/ байрт орсон болохыг тогтоосон шийдвэр гаргахыг ******* сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР